Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 14

 

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2016/00014

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 102 дугаар байр, 185 тоотод байрлах, “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 дүгээр байр, 12 тоотод оршин суух, Боржигон овогт Одхүүгийн Цолмонбаатар /КЮ 77061574/, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 дүгээр байр, 12 тоотод оршин суух, Элит овогт Нацагдоржийн Гэрэлцэцэг /ЧЖ 79081606/ нарт холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт 205 584 657 төгрөг гаргуулах Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 2 дугаар гудамж, 328 тоот хаягт байршилтай 88 м.кв хувийн сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Тунгалагтамир, хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг,  нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ананд Инвестмент партнер ББСБ нь  2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2014/05 тоот Барьцаат зээлийн гэрээ, 2014/05-01 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, 11-292054 тоот барьцаалбарыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэн, 120 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үндсэн зээлдэгч болох О.Цолмонбаатар хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Гэрэлцэцэг нарт зээлдүүлсэн. Зээлдэгч О.Цолмонбаатарын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу тус зээлийн гэрээг 2014/05 зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Дээр дурдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч О.Цолмонбаатар хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Гэрэлцэцэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч гэрээний дагуу зээлийн эргэн  төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл, зээлийн хүүгийн төлөгдөх өдрийн дараах өдрөөс эхлэн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. Иймд төлөгдөөгүй байгаа зээлийн үндсэн төлбөр болох 120 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр болох 44 160 000 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 41 424 657 төгрөгийн хамт нийт 205 584 657 төгрөгийг хариуцагч  нараас гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-д өөрсдийн амьдарч байгаа 284 050 000 төгрөгийн үнэ бүхий байрыг  барьцаалж, 2014 оны 10 сарын 10-ны өдөр 4 хувийн хүүтэй  120 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд эргэн төлөлтийн хугацаанд зээлийн хүүг төлсөөр мөн нэг удаа зээлийн хугацааг сунгуулан, нийт зээлийн хүү 43 680 000 төгрөг, зээлийн шимтгэл 1 920 000 төгрөг төлсөн юм. Үүнээс хойшхи хугацаанд бололцоо муу болж эргэн төлөлт, хүүгээ төлөхөд хүндрэл гарсан учир зээлдүүлэгчид 2015 оны 10 дугаар сард зээлийг гэрээг цуцалж, шүүхэд хандахыг хүсэлт тавьсан боловч шүүхэд хандалгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар өсгөж барьцааны зүйл орон сууцны үнэнд зохиомлоор хүргэх байрыг хүчээр хураах гэсэн зорилго агуулж, 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 4 сар хүртэл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хэт өсгөн бодож зээлдэгч биднийг хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.10 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч гэрээг цуцалж шүүхэд хандан хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох бүрэн боломжтой байсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 тушаалаар баталсан банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4 дүгээр зүйлийг  ноцтойгоор зөрчиж, нэмэгдүүлсэн хүүг 507.76 хувиар хэт өсгөн бодсон байна. Дээрх журмын 1.3.9-д Иргэний хууль, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах  тухай монгол улсын дээд шүүхийн тогтоолын 21, 22 дугаар зүйлд заасныг зөрчиж, үндсэн зээлийн төлөх хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү бодсон. Нэхэмжлэгч байгууллага нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хуулийн дагуу үнэн зөв бодуулан, бидэнд зээлээ төлөх боломжийг олгоно уу гэв.

 

          Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК нь хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 205 584 657 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчид 2014 оны 10 сарын 10-ны өдөр 2014/05 тоот, 2014/05-01 тоот дугаартай Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээг байгуулж, үүгээр банк бус санхүүгийн байгууллага нь 120 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зээл зориулалтаар сарын 4.0 хувийн хүүтэйгээр, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай зээлүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 4-5, 8/

 

Талууд 2014 оны 4 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 2014/05 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 2015 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан гэрээг байгуулсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Оранж хотхон /17041/, Туул голын гудамж 59 байр, 12 тоот хаягт байрлалтай 123,53 м.кв талбайтай Ү-2206028165 дугаар бүртгэлтэй 4 /дөрөв/ өрөө орон сууц болох  хоёр иргэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 6-7,9-10/

 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар 120 000 000 төгрөгийг хүлээн авч, 2014 оны 11 сарын 10-ны өдрөөс 2015 оны 7 сарын 17-ны өдрийг хүртэл уг зээлийн хүүнд нийт 43 680 000 төгрөгийг төлсөн байх ба үүнээс хойш уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэгт зохигчид маргаагүй байна.

 

Харин хариуцагч нар нь “...зээлийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.10 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч гэрээг цуцалж шүүхэд хандан хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох бүрэн боломжтой байсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр өсгөж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбараас хариуцагч нар нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөөгүй болох нь тогтоогдож байна. Талуудын байгуулсан гэрээний 5.1.1-т “...хавсралтад заасан зээл, хүүгийн төлбөр, хэрэв бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлсөнөөр гэрээ дуусгавар болно” гэж, мөн гэрээний 2.2.5 “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хүү төлөгдөх өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү зээлийн гэрээний 2.1-д заасан зээлийн хүүн төлөхөөс гадна, уг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүдсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл төлнө” гэж тохиролцсон байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453-р зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснээр зээлдэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ч тооцооны хувьд алдаатай, хэт өндөр дүнгээр нэхэмжилснийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4 дүгээр зүйлд заасан журмын дагуу тооцож, нэмэгдүүлсэн хүүг 7 732 602 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүх хариуцагч нарыг үндсэн зээлийн 120 000 000  төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 44 160 000 төгрөг/276x160 000/, нэмэгдүүлсэн хүү 7 732 602 төгрөг /120 000 000x0.48x0.2x245/365/, нийт 171 892 602 төгрөг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн 33 692 055 төгрөг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нараас 171 892 602 /нэг зуун далан нэгэн сая найман зуун ерөн хоёр мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 33 692 055 /гучин гурван сая зургаан зуун ерөн хоёр мянга тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 185 875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1 017 413 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ананд Инвестмент партнер ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ