Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 10

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Г.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш-т холбогдох эрүүгийн 1818002600170 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Ш- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Г.Ш- нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчинд 1 122 900 төгрөгийн хохирол,

2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчинд 2 242 367 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

   Шүүгдэгч Г.Ш-ын өгсөн: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэхэр цөөрөм гэх газарт алт ихээр гарч байгаа талаар би хүмүүсээс сонссон. Ингээд хувиараа алт олборлоё гэж бодоод өөрт байсан мөнгөөр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр "ББЭ транс" ХХК-ын захирал Б- гэх хүнтэй уулзаж Doosan 2900 экскаваторыг операторчны хамт түрээслэн авахаар тохиролцож гэрээ хийж бэлнээр 6 000 000 төгрөг өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Б---Т" ХХК-ны захирал Б- гэх хүнтэй мөн түрээсийн гэрээ хийн Dооsan 5000 маркийн экскаваторыг операторчны хамт түрээслэхээр болоод бэлнээр 10 000 000 төгрөг өгсөн. Тэгэхдээ мөн манай найз А-ээр яриулж найз А-ка гэх залуугийн хашаанд нь байсан экскупер буюу усан бууг 60 000 000 төгрөгөөр авахаар тохирч мөнгийг нь үйл ажиллагаа явуулж байгаад өгөхөөр болсон. Ингээд уг 2 экскаваторыг, усан бууны хамт Улаанбаатар хотоос 2018 оны 4 дүгээр сарын 01-ны өглөө 3 траллерыг тус бүрийг нь 1 500 000 төгрөгөөр түрээслэн ачуулж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Бугатын даваа хүртэл тээвэрлүүлсэн. Бугатын даваанд ирэхэд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний орой болсон байсан. Үүнээс цааш 2 экскаваторыг хөлөөр нь, усан бууг чирүүлээд 24 цаг явуулж Цэхэр цөөрөм дээр аваачсан. Би Улаанбаатар хот явахын өмнө Цэхэр цөөрөм дээр 2 гэр бариад туслах ажилчнаар 5 хүн ажиллуулахаар авч очсон байсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нь ойр зуурын засвар үйлчилгээ хийх, байрлах гэр орноо янзалж өнгөрүүлээд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шууд алт олборлох ажилдаа орсон. Миний буусан газар өмнө нь хүмүүс хөрсийг нь хуулаад олборлолт явуулсан талбай байсан. Намайг Шарын гол сум руу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр явсан хойгуур Цагдаагийн байгууллагаас шалгалтын хүмүүс ирээд манай үйл ажиллагааг зогсоосон байсан. Ингээд би үйл ажиллагаагаа явуулахгүй хэд хоносон бөгөөд намайг цагдаагаар явж байх хугацаанд техникүүдийн түрээс болон ажилчдын цалин өгөх хугацаа болж эхэлсэн болохоор мөнгө олохоор ахиад 2018 оны 4 дүгээр сарын 19-нд ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ анх ажиллаж байсан яг тэр газартаа ажилласан бөгөөд ямар нэгэн байдлаар байрлал өөрчлөөгүй. Ингээд анх ухаж байсан газраа томруулаад эргэн тойронд нь ус тогтоох зорилгоор 4 газарт нуур үүсгэсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Цагдаагийн газраас ирсэн шалгалтын хүмүүст баригдсан. Би байгаль орчинд учруулсан 12 363 100 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

   Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч, Хонгор сумын засаг дарга Х.А-ийн өгсөн: 2018 оны 8 дугаар сараас хойш манай Хонгор сумын 2-р баг Цэхэр цөөрөм гэх газар иргэд том оврын техник төхөөрөмж ашиглаж хууль бусаар газрын  хэвлийд халдаж байгаа асуудлыг мэдэж байгаа. Би өөрийн биеэр 2 удаа шалгалт хийсэн. Тухайн үед ажиллаж байсан иргэдийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллаж байсан. Би Г.Ш- гэх хүнийг танихгүй Хонгор суманд ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй. Г.Ш- гэх хүнээс эрүүгийн 1818002600170 дугаартай хэрэгт байгаль орчинд учруулсан хохирол 1 122 900 төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3 290 647 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр нөхөн сэргээлтийн төлбөр 925 841 төгрөгийг нэмж нийт 4 216 489 төгрөгийг, эрүүгийн 1818003320214 дугаартай хэрэгт нийт 2 242 637 төгрөгийн хохирол учруулсан үүнийг Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн тооцох журмын дагуу нэмэгдэн бодогдсон 6 182 835 төгрөгөөр тооцож нэхэмжлэх бөгөөд үүн дээр  нөхөн сэргээлтийн зардал болох 1 963 687 төгрөгийг нэмж нийт 12 273 012 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 23-24/,  

   Гэрч М.М-гийн өгсөн: Дархан-Уул аймагт гэртээ байж байтал телевизийн зараар Шарын голд туслах ажилчин авна гэсэн зар байхаар нь залгаж асуухад Шарын голд сар хүрэхгүй ажиллана тэгээд 500 000 төгрөг өгнө өөр хүмүүс байна уу гэхээр нь найз болох Д-, О-, М-, У- нарыг дуудаад ажиллахаар болсон. 2018  оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум Цэхэр цөөрөм гэх газар ирсэн. Уг газарт ирээд хоёр хоног ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын газрын дарга гэсэн хувцастай нэг махлаг ах ирсэн. Тэгээд усан бууг лацдаад үйл ажиллагааг зогсоогоод явсан. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уг амны урд хүмүүс ухчихсан газарт усан буугаа байрлуулаад манай экскаватор нэг хэсэг газар ухаж байгаад орой болохоор 21 цагийн орчим зогссон. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө уг газарт ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг /хх 27/,

            Гэрч Б.Д-ийн өгсөн: Дархан-Уул аймагт гэртээ байж байтал манай найз М- ажилд хамт явах уу цалин нь сар хүрэхгүй хугацаанд 500 000 төгрөг өгнө гэнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цэхэр цөөрөм гэх газарт найз М-, М-, У-, О- нарын  хамт ирсэн. Уг газарт ирээд эхний нэг хоногт усан бууг нь холбоод ойр зуурын экскаватор ажиллаж байхад хэрэгтэй зүйлүүдийг нь дөхүүлж өгөөд хоёр дахь  хоногт нь усан буу нь ажиллаад 6-7 цаг ажилласан. Тэгээд ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын газрын дарга гэсэн хувцастай нэг махлаг ах ирсэн тэгээд усан бууг лацдаад үйл ажиллагааг зогсоогоод явсан. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уг амны урд хүмүүс ухчихсан газарт усан буугаа байрлуулаад манай экскаватороор хэсэг газар ухаж байгаад орой болохоор 21 цагийн орчим зогссон. 2018  оны 4 дүгээр сарын 06-ны өглөө уг газарт ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг /хх 28/,

            Гэрч П.Ц-ын өгсөн: Би "Б---Т" ХХК-нд ажилладаг. 2018  оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн захирал Б- намайг Дархан-уул аймгийн Хонгор суманд Ш- гэх хүнтэй хамтраад ажиллаж бай гэсэн. Тэгээд уг газарт ирээд ажиллаж байхад Мэргэжлийн хяналтын дарга Бат-Эрдэнэ гэх хүн ирээд үйл ажиллагааг зогсоогоод манай усан бууг лацдаад явсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаж эхлээд өнөөдөр өглөө дахин ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон. Би "Б---Т" ХХК-д экскаваторын операторчин ажилтай. Ш- гэх хүнтэй түрээсээр ажиллаж байгаа. Би компаниасаа цалин авдаг. Намайг уг газарт 2 метр ухаад шороог нь хажууд нь гаргаад тавиад бай гэхээр нь хэлснээр нь ухаад байсан. Ш- гэх хүн үндсэндээ 2 хоногийн өмнөөс ирж бид нарыг удирдан ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх 29, 133/,

            Гэрч Б.Б-ийн өгсөн: "Б---Т" ХХК-ны захирал ажилтай. Манай компани уул уурхайн хөрс хуулалт хийдэг операторын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ш- гэх залуу хувиараа Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, Цэхэр цөөрөм гэх газар хувиараа алт олборлох чиглэлээр уурхай ажиллуулж байгаа Dooson-5000 загварын экскаваторыг нэг сарын 40 сая төгрөгөөр түрээсэлж авахаар болсон. Тэгээд би өөрийн компанийн 2 операторчин, 1 туслах операторчинд цалинг нь би өөрөө өгөхөөр болоод явуулсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай операторчин Ц- над руу залгаад уг газарт ажиллаж байхад цагдаагаас ирээд үйл ажиллагааг зогсоосон бичиг баримтгүй газар байна гэхээр нь би түрээсийн мөнгөө авах гээд Ш-тай ярилцахад хэд хоног ажиллаад мөнгийг чинь өгнө гээд одоо болтол 25 сая төгрөгөө өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /хх 30-31, 125-126/,

            Гэрч Т.Б-ын өгсөн: Би "ББЭ транс" ХХК-ний захирал ажилтай. Манай байгууллага хүнд машин механизмын худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагаас иргэн Г.Ш- нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2900 LC маркийн 3602 УБ улсын дугаартай экскаваторыг 3 сарын хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ хийсэн. Гэрээ ёсоор төлбөрөө хийх ёстой болоход Ш- цагдаад баригдаад манай экскаваторыг журамлуулсан байсан. Өөртэй нь уулзахад экскаваторыг чинь авч өгнө, удахгүй гэж хэлээд 2 сар шахам хугацаа өнгөрч байгаа. Ингээд аргаа бараад өөрсдөө экскаватороо авахаар ирсэн юм гэх мэдүүлэг / хх  32/,

            Гэрч Д.З-ын мэдүүлэг /хх 127/, С.Ууганбаяр /хх 128/, П.Мэндбаяр /хх 125/, Э.Буяндэлгэр /хх 130/, Г.Гансүх /хх 131/, М.Алтанхүү /хх 132/, иргэний нэхэмжлэгч П.Э- /хх 241/, гэрч Н.А-- /хх 242/, Б.Зам /хх 243/ нарын мэдүүлэг,

"Монслов" ХХК-ний Байгаль орчинд учруулсан эдийн засгийн үнэлгээний тайлан /хх 49-57, 135-144/, "Капитал зууч" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 247/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9, 113-120/, шүүгдэгчийн эзэмшлийн усан буу 1 ширхэг, усны насос 1 ширхэг, 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018.6.23-ны өдрийн тогтоол /хх 13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ш- нь хоёр удаагийн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд хууль бусаар халдаж ашигт малтмал олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хА-цлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2018. 3.26-ны өдрөөс 2018.4.06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчин, түүний баялагт 1 122 900 төгрөгийн хохирол,

2018.4.06-25-ны хооронд 2 дахь удаагийн үйлдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчин, түүний баялагт 2 242 367 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх 53, 140/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчин түүний баялагт учруулсан нийт хохирлыг 3 365 537 төгрөг гэж үзлээ.  

Дээрх хохирлыг Байгаль орныг хамгаалах тухай 49-р зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар БОАЖ-ын сайдын 2010.5.27-ны А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож, хохирлын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 122 900 төгрөгийг 3 290 647 төгрөг, 3 365 537 төгрөгийг 6 182 835 төгрөгөөр тооцсон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх хохирлоос гадна 684.98 мкв талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал гэх 925 841 төгрөг, 1487.54 мкв талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал 1 963 687 төгрөгийг нэмж, шүүгдэгчээс нийт 12 363 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ш- нь гэмт хэргийн улмаас учруулсан 12 363 100 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 1-р хх-ийн 197, 205-р хуудсанд авагдсан Төрийн банкны кассын орлогын баримт, Төрийн сангийн орлогын зарлагын хуулга зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Ш-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хА-цлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хА-цлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Ш- нь эрүүгийн хА-цлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хА-цах чадвартай байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 70-р  хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.  

            Шүүгдэгч Г.Ш- нь гэмт хэрэг үйлдэхдээ "Б---Т" ХХК-ний захирал Б.Б-ийн эзэмшлийн Dooson 480LCA маркийн 2454 УБ улсын дугаартай экскаватор, "ББЭ транс" ХХК-ний захирал Т.Б-ын эзэмшлийн Hyundai Robex 2900LC-3 маркийн 3602 УБ улсын дугаартай экскаватор буюу 2 төрлийн тээврийн хэрэгсэл, өөрийн эзэмшлийн 12 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, 220 000 төгрөгийн үнэлгээ бүхий усны насос 1 ширхэг, 450 000 төгрөгийн үнэлгээ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг ашигласан болох нь гэрч Т.Б- /хх 32/, Б.Б- /хх30-31/, М.А---- /хх 35/, П.Ц- /хх 29, 133/, Б.Зам /хх 243/, шүүгдэгч Г.Ш- /хх 245/ нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн.   

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн." гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй байтал шүүгдэгч Г.Ш- нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагын хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг үл биелүүлж хоёр удаагийн үйлдлээр газрын хэвлийд хууль бусаар халдаж алт олборлосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон,   

шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг"-ийн эрүүгийн хА-цлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзсэн тул шүүгдэгчийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тоног төхөөрөмжийг хурааж улсын орлого болгох мөн хоёр төрлийн экскаватор нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторуудын хууль ёсны өмчлөгч нар нь өөрийн техник хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгаа болохыг мэдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018.4.30-ны өдрийн №1-А/34 дугаартай Зардал гаргах тухай тушаалаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг тус аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд зөөвөрлөж авчрахад шаардагдах зардал 6 сая төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Зарим арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалтын зардлаас гаргахаар тушаал гаргаж, иргэний нэхэмжлэгчээр
П.Э-г томилжээ. /хх 41, 43-45/, Тус тушаалын дагуу Аймгийн Засаг даргын тамгын газар "Ачаа тээвэрлэлтийн гэрээ"-г "Х-" ХХкомпанитай байгуулсан байна.  Аймгийн Засаг даргын тамгын газар ямар нэг төлбөр нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч П.Э- мөрдөн шалгах ажиллагаанд "манай талаас нэхэмжлэх зүйлгүй" гэж мэдүүлсэн /хх 241/, мөн 1 500 000 төгрөгийг хүлээн авсан тэмдэглэл хэрэгт авагдсан. /хх 94/

 Хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлгээс дүгнэвэл: Б.Замын 2018.6.20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "Х- ХХкомпаниар Dooson 5000, Hyundai 2900 маркийн хоёр экскаваторыг тээвэрлүүлж, Dooson 5000 маркийн экскаваторыг тээвэрлэсэн зардлыг тухайн үед жолоочид нь гаргуулж өгсөн. Hyundai 2900 маркийн экскаваторын тээвэрлэсэн зардлыг одоо өгөх ёстой." /хх 33/, Б.Замын 2018.12.10-ны өдөр гэрчээр өгсөн: "Г.Ш- нь эхний удаа шалгалтаар очиход 1 ширхэг Dooson 5000 маркийн экскаватортой олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. Дараагийн удаа шалгалтаар очиход урьд байсан Dooson 5000 маркийн экскаватор дээр нэмж Hyundai 2900 маркийн экскаваторыг авчирчихсан олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Ш-ын ашиглаж байсан Dooson 5000 маркийн экскаватор нь Б- гэх хүнийх болох нь тогтоогдож Б- нь өөрийнхөө зардал буюу жолооч нь бэлнээр 1 020 000 төгрөгийг төлж байсан. Б- А--тай тохиролцож тээвэрлэлтээ хийлгэсэн. Харин Б-ын эзэмшлийн Hyundai 2900 маркийн экскаваторыг журмын хашаанд байрлуулаад гаргах үед тээвэрлэлт хА-цаж байсан А-- гэх хүнд 1 500 000 төгрөгийг төлж барагдуулсан." /хх 243/, "Х-" ХХкомпаний захирал Н.А--ын мөрдөн байцаалтад өгсөн: "Манайх гэрээ ёсоор хоёр удаагийн тээвэрлэлт явуулсан. Нэг удаагийн тээвэрлэлтийн зардлыг гаргуулж авсан. Одоо аймгийн захиргаанаас нэг удаагийн тээвэрлэлтийн зардал болох 1 500 000 төгрөгийг авна. Иргэн Г.Ш-ын 2 экскаваторыг буулгасан." /хх 34/, Н.А--ын 2018.12.12-ны өдөр өгсөн: "Тухайн үед манай компани Г.Ш-ын Dooson 5000, Hyundai 2900 маркийн хоёр экскаваторын тээвэрлэлтийг хийсэн. Dooson 5000 маркийн экскаваторын мөнгийг манай жолооч А---- нөгөө талтай тохиролцож 1 020 000 төгрөгөөр тээвэрлэлтийг хийсэн байсан. Сүүлд журмын хашаанд байсан Hyundai маркийн экскаваторыг тээвэрлэлтийн зардал болох 1 500 000 төгрөгийг би өөрөө авсан. Одоо ямар нэг төлбөр мөнгөний асуудал байхгүй." /хх 242/, "Х-" ХХкомпаний траллерын жолооч М.А----ын өгсөн: "2018.5.01-ний өдөр Хонгор сумын 2-р баг Цэхэр цөөрөм гэх газраас Dooson 5000 маркийн экскаватор ачаад Шарын гол суманд авчрах талаар Б- гэх хүн надтай уулзсан. Тэгээд ярилцаж байгаад 1 020 000 төгрөгөөр тохиролцож 2018.5.03-ны өдөр Шарын гол суманд буулгаж төлбөр тооцоогоо дуусгасан." /хх 35/, шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: "Нийтдээ тээвэрлэлтийн 3 сая төгрөг болсон. Үүнээс эхний ээлжинд Dooson экскаваторын жолооч нь бэлэн 1 020 000 төгрөгийг А---- гэх трайллерын жолоочид нь өгсөн. Сүүлд Шарын гол сумын Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл хадгалах байранд байрлуулсан Б-ын Hyundei LS3 маркийн экскаваторыг гаргах үед Б- тээвэрлэлтийн хөлсний зардлыг А-- гэх хүн 1.5 сая төгрөгийг өгсөн. Одоо би үлдэгдэл 480 000 төгрөгийг төлж барагдуулах ёстой байгаа." гэх зөрүүтэй мэдүүлгүүдээс тээврийн хэрэгслийн өмчлөгч, шүүгдэгч, тээвэрлэлтийн компаниуд нь хоорондоо тээвэрлэлтийн хөлсөө харилцан тохиролцож төлбөр тооцоогоо барагдуулсан болох нь харагдаж байх бөгөөд тээвэрлэлттэй холбоотой зардлаа нэхэмжлэх шаардлагатай гэж үзвэл дээрх оролцогч нар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч Г.Ш-т холбогдох эрүүгийн 1818003320214 дугаартай хэргийг эрүүгийн 1818002600170 дугаартай хэрэгт нэгтгэсэн хяналтын прокурорын 2018.6.14-ний өдрийн 23 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Эрүүгийн 1818002600170 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчин түүний баялагт 3 365 537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг тэнссэн гурван жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ш- нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн 12 000 000 төгрөгийн үнэ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг,  220 000 төгрөгийн үнэ бүхий усны насос 1 ширхэг, 450 000 төгрөгийн үнэ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dooson 480LCA маркийн экскаваторын үнэ 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөг, Hyundei Robex 2900LC-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18 000 000 /арван найман сая/ төгрөг нийт 168 000 000 /нэг зуун жаран найман сая/ төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

6.Эрүүгийн 1818002600170  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч 100 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ