Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01331

 

0/МА2023/01331

Ц.О-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00858 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.О-гийн хариуцагч Б П ХХК, ХБ- ХХК-д тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 000 тоот 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.О-гийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтөгс, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, хариуцагч ХБ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ц.О-Б П ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орц 5 давхрын 000 тоот 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан. Уг гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээт ажлын үнэнд барилга угсралтын болон холбогдох татвар, хураамж, НӨАТ бусад зардал тооцоологдсон бөгөөд Өндөр буянт Холдинг ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15/126 тоот албан бичигт зааснаарБ П ХХК-ийн барьж буй Хаппи таун хотхоны орон сууцны НРТ13А11 дугаартай орон сууц захиалгын гэрээтэй холбоотой төлбөрийг бүрэн төлсөн. У И Й П ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнэж, орон сууц хүлээлцэх акт үйлдэн Ц.О-д шилжүүлэн өгсөн. Б П ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 дугаартай албан бичгээр орон сууц ашиглалтад ороход үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхөө илэрхийлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэртБ П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт НРТ13А11, НРТ13А12, НРТ13А13, НРТ13А14, НРТ13А15, НРТ13А16, НРТ13А17 тоот гэрээг Бэгдү констракшн ХХК-тай бус Ц.О- болон Ю нартай байгуулсан. Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь Өндөр буянт холдинг ХХК-д өгөх өглөгийн хүрээнд Бэгдү констракшн ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж бүрдээгүй гэж тайлбарласан. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолд Бэгдү констракшн ХХК нь Өндөр буянт холдинг ХХК-д уг 40:70 хувийн барилгуудыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж Өндөр буянт холдинг ХХК нь үлдэгдэл төлбөртөө тооцож өөрийн охин компани болохБ П ХХК-ийн барьж байсан Хаппи таун хотхоны орон сууцны ХД-73 байрнаас 46,4 м.кв талбай бүхий 2 өрөө 4 ширхэг байр, мөн 56,64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 61,91 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, 62,56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 1 ширхэг, нийт 7 орон сууц оруулан тооцсонд Ц.О-гийн орон сууц багтсан юм. ГэтэлБ П ХХК нь гэрээний үүргээ зөрчиж Ц.О-д мэдэгдэхгүйгээр ХБ- ХХК-ийн зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орц 5 давхарт 000 тоот 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.О-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.О-гийн нэр дээр шилжүүлэхийг ХБ- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.  

2. ХариуцагчБ П ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Юу Би Эйч проперти ХХК нь Ц.О-той 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр НРТ13А11 дүгээр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр аливаа этгээдийн эрх, үүргийг харилцан шилжүүлэх, тэдгээрийн үүргийг хариуцан гүйцэтгэхээр тохиролцоогүй, гагцхүү 2 тал харилцан үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр өр шилжсэн, орон сууцны төлбөр төлсөн гэж маргасан. Хэрэв Өндөр буянт холдинг ХХК нь Бэгдү констракшн ХХК-д төлөх төлбөрөөБ П ХХК-д шилжүүлсэн бол манай компани Өндөр буянт холдинг ХХК-аас маргаан бүхий 7 ширхэг орон сууцны төлбөрийг хүлээн авах авлага үүсэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан хоёр компанийн хоорондын өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаас үзвэл ийм авлага үүсээгүй. ГэтэлБ П ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний төлбөрийг Ц.О- болон Өндөр буянт холдинг ХХК, Бэгдү констракшн ХХК-аас аваагүй тул гэрээний 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан төлбөрийн үүрэг биелэгдээгүй. Шүүхийн шийдвэрээр өр шилжсэн гэж тогтоосон гэх боловч тухайн шүүхийн шийдвэр гарахаас өмнө, хойно хэзээ өр шилжсэн болохыг тодорхой дүгнээгүй, бодит байдалд бичгээр гэрээ хэлцэл байгуулагдаагүй гэдгийг тодорхойлж дүгнэсэн атлаа санхүүгийн тайлан бүртгэлээр албан ёсоор өр шилжсэн эсэхийг шүүх тогтоогоогүй, тогтоогдсон гэх нөхцөл байдал нь бодит байдлаас зөрүүтэй.Б П ХХК нь орон сууцны төлбөрийг Өндөр буянт холдинг ХХ-аас шаардах эрхийг олж аваагүй, санхүүгийн тайлан бүртгэлд авлага үүсээгүй байна.

Түүнчлэн,Б П ХХК нь Бэгдү констракшн ХХК-ийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаартай шийдвэр, магадлал, тогтоолоор өмчлөлтэй холбоотой нөхцөл байдлыг дүгнээгүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахад гэрээ хэлцэл нь хуулийн шаардлага хангаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой ч өмчлөх эрх олж авах урьдчилсан нөхцөл хангагдаагүй, төлбөрийн үүрэг бодитоор биелэгдээгүй буюу нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

ХБ- ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг Ц.О-гийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах шаардлага үндэслэлгүй. ХБ- ХХК болон Б П ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/СС160506007-5 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБ/СС160506007-5-12 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан. Банкны зээлийн төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 236.1.2-т заасны дагуу гэрээнүүдийн үүрэг биелэгдэж, ХБ- ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн эцсийн шударга өмчлөгч болсон.Б П ХХК орон сууцны хорооллыг зээлийн санхүүжилтээр барьсан бөгөөд Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд байгуулсан ч орон сууцны төлбөр төлөгдөхгүй байснаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 5.2-т заасан нөхцөл бүрдэж гэрээг цуцлагдсанд тооцсон. Орон сууцны төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар санхүүжилтээ нөхөж чадахгүйд хүрсэн нөхцөл байдлын улмаас банкны зээлийн өр төлбөрт орон сууц хураагдсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх анх 2016 онд гуравдагч талд хууль ёсоор шилжсэн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0065 дугаар шийдвэрээр тогтоосон.

Бэгдү констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэйБ П ХХК болон Өндөр буянт холдинг ХХК-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр нэхэмжлэгч Ц.О-д хамааралгүй. Ц.О- орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаагүй. Ц.О- өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэний хэрэгт оролцож байгаагүй тул шүүхийн энэ шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Хариуцагч ХБ- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

ХБ- ХХК маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг зээлийн гэрээний өр төлбөрт тооцож хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд ийнхүү хэлцэл хийх үед өмчлөх эрх шилжүүлж буй этгээд нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Тодруулбал, Юу Эйч проперти ХХК нь ХБ- ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/СС160506007-5 тоот Зээлийн гэрээг, ЗБ/СС160506007-5-15 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 48,725,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь ЗГ/СС160506007-5 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ЗБ/СС160506007-5-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, 72, 73 тоот орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Юу Эйч проперти ХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, ХД-72, ХД-73 дугаар байранд байрлах орон сууцны барилгуудын өмчлөх эрх ХБ- ХХК-д шилжсэн. ХБ- ХХК нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг О.Өрнөхбаяраас шилжүүлэн авсан шударга өмчлөгч юм. Өөрөөр хэлбэл, банк болон О.Өрнөхбаярын хооронд хийгдсэн хэлцэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй буюу түүний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн аваагүй. Юу Эйч проперти ХХК болон Ц.О- нарын хоорондох байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний талаар ХБ- ХХК мэдэх боломжгүй байсан.

Ц.О- болон Юу Эйч проперти ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээгээрЮу Эйч проперти ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг барьж, захиалагчид шилжүүлэх, Ц.О- нь хэлэлцэн тохирсон төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь Юу Эйч проперти ХХК-ийн орон сууцны захиалгын гэрээний дагуу хүлээсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргийг баталгаажуулах, өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс маргаан бүхий орон сууцны эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авч байгаа талаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргах бүрэн эрхтэй байсан ч ийнхүү хүсэлт гаргаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, цаашлаад эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй нь тус банкны өмчийн хэлцлийн үндсэн дээр хууль ёсоор олж авсан өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Өндөр буянт холдинг ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.О- нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Өндөр буянт холдинг ХХК төлбөртөө тооцож Юу Эйч проперти ХХК-ийн барьж байсан Хаппи таун хотхоны нийт 7 орон сууцыг БНСУ-ын иргэн Ю болон Ц.О-той гэрээ байгуулж шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ц.О-гийн хүсэлт ойлгомжгүй байна. Бэгдү констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэйБ П ХХК-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр Ц.О-д хамааралгүй. Ц.О- нь дээрх 3 шатны шүүхээр тогтоогдсон иргэний хэрэгт хэрэгт оролцож байгаагүй учир тус шүүхийн шийдвэр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.О-гийн нэр дээр гаргахыг Улсын бүртгэлийн газарт даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй тулБ П ХХК, ХБ- ХХК нарт холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 000 тоот 46,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХБ- ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078421 дугаарт бүртгэгдсэн 000 тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.О-гийн нэр дээр шилжүүлэхийг ХБ- ХХК-д даалгуулах тухай Ц.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх ...Юу Би Эйч проперти ХХК болон Ц.О- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан НРМ13А11 дугаар орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээрБ П ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 73 дугаар байрны 000 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болох ч өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дүгээр сарын 05-ны өдрийн 1766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаартай тогтоолоор уг маргаан бүхий орон сууцны төлбөр тооцооны талаар дүгнэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт ....Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй гэж дүгнэсэн. Төлбөрийн үлдэгдлийг талууд баталгаажуулж 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 98/2013 тоот төлбөр тооцооны баримтыг үйлдэж "Өндөр буянт холдинг ХХК-ийн хүсэлт, Бэгдү констракшн ХХК-ийн зөвшөөрлийн дагууБ П ХХК нь 689,414,800 төгрөгийн үнэ бүхий 7 орон сууцыг Өндөр буянт холдинг ХХК-ийн төлбөрт тооцуулан шилжүүлэх үүрэг хүлээж, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиагаар бариулах тухай НРТ13А11, НРТ13А12, НРТ13А13, НРТ13А14, НРТ13А15, НРТ13А16, НРТ13А17 тоот гэрээг Бэгдү констракшн ХХК-ийн захирал Ю болон Ц.О- нартай байгуулсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагууБ П ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 73 дугаар байрны 000 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Ц.О-д хүлээлгэн өгсөн. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад анхан шатны шүүх гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Юу Би Эйч проперти ХХК анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:...энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани Өндөр буянт холдинг ХХК-д өгөх өглөгийн хүрээнд Бэгдү констракшн" ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна гэх тайлбарыг гаргасан баБ П ХХК-ийн захирал Г.Ганзориг 7 ширхэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн атлаа тухайн хугацаанд цаг хугацаанд Ц.О-д мэдэгдэхгүй, 2016 онд Т.Өрнөхбаяртэй орон сууц захиалах гэрээг байгуулж Хаппи таун хотхоны ХД-71, 72, 73 орон сууцыг хууль зөрчиж ХБ- ХХК-д барьцаалж 48 тэрбум төгрөгийн зээл авсан. Ц.О- 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тус орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа ба өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байна.

Өндөрбуянт холдинг ХХК нь Бэгдү констракшн ХХК-д 2010 оны худалдах, худалдан авах гэрээний 530.916 ам.долларын үлдэгдлийг төлөхгүй хохироосон ба 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэсээр сүүлдээ "Өндөрбуянт холдинг ХХК-ийн хүсэлт, Бэгдү констракшн ХХК-ий зөвшөөрлийн дагууБ П ХХК нь өөрийн өмчлөлийн 689,414,800 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг орон сууцыг Өндөр буянт холдинг ХХК-д өгөх өглөгийн хүрээнд төлбөр тооцуулан шилжүүлэх үүрэг хүлээж Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өрийг шилжүүлэн авсан. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай НРТ12А13 тоот гэрээ нь зөвхөнБ П ХХК нь Ц.О-гийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн ямар нэгэн байдлаар эд хөрөнгө, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй учраас заавал нотариатаар баталгаажуулахыг шаардахгүй юм. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооБ П ХХК-ийн захиалгатай Хаппи таун орон сууцны хорооллын 640 айлын орон барилга нь барьж дуусаагүй, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт үйлдэгдэж байсан ба 2013 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай НРТ12А13 тоот гэрээ байгуулсан, Ц.О-д барьж дуусаагүй барилгын эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх мэдээллийг өгөөгүй бөгөөд урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргах заалттай ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль нь тухайн үед батлагдаагүй хэрэгжиж эхлээгүй байсан учраас урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжгүй байсан. ХБ- ХХК нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч орон сууцыг хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ХБ- ХХК-ийн тайлбарын агуулга:

Өндөр буянт холдинг ХХК, Бэгдү констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Бэгдү констракшн ХХК нь Өндөр буянт холдинг ХХК-аас төлбөр шаардах эрхтэй эсэх талаарх маргааныг гурван шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрээрБ П ХХК, Ц.О- нарын хооронд байгуулагдсан гэрээг дүгнээгүй. Өндөр буянт холдинг ХХК Бэгдү констракшн ХХК-д өр төлбөрийн оронд орон сууц шилжүүлэх үүргийг буюу өрийгБ П ХХК шилжүүлж авсан гэх баримт, Бэгдү констракшн ХХК-ийн шаардах эрхийг Ц.О- шилжүүлж авсан гэх баримт, Ц.О- орон сууц захиалан бариулах гэрээний дагууБ П ХХК-д төлбөр төлсөн гэх баримтууд хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэлцэл нь тодорхой хуулийн шаардлага хангасан байхаар хуульчилсан.Б П ХХК-ийн Өндөр буянт холдинг ХХК-аас өр төлбөр шилжүүлсэн авсан тухай гэрээ, Бэгдү констракшн ХХК Ц.О-д шаардах эрхээ шилжүүлсэн тухай гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой бөгөөд хэрэгт энэ талаар баримт байхгүй. 2013 онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсанаас хойшБ П ХХК-аас иргэн О.Өрнөхбаярт шилжих хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь гэрээний үүргийг баталгаажуулах буюу худалдагч нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус биелүүлэх, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан. ХБ- ХХК О.Өрнөхбаяраас хуульд заасны дагуу гэрээ хэлцэл байгуулж, барьцаанд бүртгүүлсний дараа Ц.О- өмчлөх эрхийн маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Ц.О- орон сууцны төлбөрийг төлсөн бол шаардах эрх үүсэх байсан гэж үзэж байна. Гэвч төлбөр төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. ХБ- ХХК 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш Ц.О-д мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

1. Нэхэмжлэгч Ц.О- хариуцагчБ П ХХК, ХБ- ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 000 тоот 46,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХБ- ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийг гэрчилгээг Ц.О-гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч нар эс зөвшөөрч маргажээ.  

2.Б П ХХК болон Ц.О- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгчБ П ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч Ц.О- нь орон сууцны хөлсөнд 87,232,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

3.Б П ХХК болон ХБ- ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх ХБ- ХХК-д шилжжээ. (1хх-ийн 151-156)

4.Б П ХХК болон О.Өрнөхбаяр нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэх боловч уг гэрээ хэрэгт авагдаагүй тохиолдолд ...Юу Би Эйч проперти ХХК нь гэрээний үүргээ зөрчиж Ц.О-д мэдэгдэхгүйгээр ХБ- ХХК-ийн зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй.

 

5. Мөн О.Өрнөхбаяр нь маргааны зүйл болох орон сууцыг ХБ- ХХК-д шилжүүлснээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх бөгөөд маргааны зүйл болж байгаа орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцлүүдэд дүгнэлт хийхэд хэлцэл хийхэд оролцсон этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцоогүй байхад маргааныг шийдвэрлэхэд учир дутагдалтай болно.  

Маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх хэрхэн шилжсэн талаарх баримт бүрэн тогтоогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.О-гийн төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ