Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01337

 

 

ЕН ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/01377 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЕН ХХК-ийн хариуцагч НШШГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01705 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож ЕН ХХК, Ж.Мөнх-Од, Л.Аюур нар 235,800,485 төгрөгийг Хас банк ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, хэрэв уг хугацаанд төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 дугаар гудамж 000 тоот хаягт байршилтай 1,080 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 дугаар гудамж 000 тоот хаягт байршилтай 160 м.кв, хувийн орон сууц, фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 дугаар гудамж, 000 тоот хаягт байршилтай 4,298 м.кв үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2020, 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газрын тогтоолоор хэсэгчлэн хөл хорио тогтоож агаарын болон замын улс хоорондын хил хаасантай холбоотой үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй болж төлбөрийг төлж чадаагүй. Хас банк ХХК төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. ЕН ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 1,300,000,000 төгрөг гэж өгсөн. Гэтэл шинжээч барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 880,540,534 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, харьцуулсан байдлаар үнэлгээг тодорхойлж гаргахдаа ойролцоо төрлийн ямар үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж нийг тодорхойлсон болох нь ойлгомжгүй байна. иймд барьцаа хөрөнгийг 880,540,534 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1705 дугаар захирамжаар ЕН ХХК, Ж.Мөнх-Од, Л.Аюур нараас 235,800,485 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 703,576 төгрөг тус тус гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 гудамж, 000 тоот хаягт байрлах 1080 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 160 м.кв талбайтай сууц, 200 м.кв талбайтай үнээний ферм, тус хаягт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай 4,295 м.кв талбайтай газрыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21270548/169 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21270548 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад 1,300,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 1,080 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 160 м.кв талбайтай сууц, 200 м.кв талбайтай үнээний ферм, тус хаягт байрлах нэгж талбарын ШШ-501194 дугаартай 4,295 м.кв талбайтай газрыг 880,540,534 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЕН ХХК-ийн НШШГ-т холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0001053512 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 1080 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-0001016319 дугаарт бүртгэлтэй,160 м.кв талбайтай хувийн сууц, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай, нэгж талбарын 18626308858090 дугаартай, 4295 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөр шүүхэд шүүх хуралдаантай оролцох боломжгүй талаарх баримтаа хүргүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн цахим шуудангаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим шууданд тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Мөн шүүгчийн туслахын утсанд зурвас илгээсэн. Гэвч анхан шатны шүүх Хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсантай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх байсан боловч шүүх хуралдаанд оролцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.      Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ЕН ХХК нь хариуцагч НШШГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/011705 дугаар захирамжаар ЕН ХХК, Ж.Мөнх-Од, Л.Аюур нараас зээлийн гэрээний үүрэгт 235,800,485 төгрөг гаргуулан Хас банк ХХК-д олгож, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэр болон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12744 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 1334 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч ЕН ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан 10 дугаар гудамж, 000 тоот хаягт байршилтай 1080 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 160 м.кв талбай бүхий хувийн сууц, 200 м.кв талбай бүхий үнээний ферм, нэгж талбарын 000000000 дугаартай 4295 м.кв талбай бүхий газрын хамт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21270548/169 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21270548 дугаар тогтоолоор хураан авчээ. /хх 49,56/

 

4. Төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч НШШГ- 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 880,540,534 төгрөгөөр тогтоосон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна. /хх 67-81/

 

Мөн Төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн ... шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд цахимаар хүргүүлсэн боловч шүүх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй.

 

5.2.Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр товлогдсон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулагдсан анхан шатны шүүхийн шийдвэрт огноог 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэж тусгагдсан байх боловч шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр явагдсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн хувь зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгч талд гардуулсан шүүхийн шийдвэрт тусгагдсан огноо техникийн алдаатай боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

6. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж төлбөр төлөгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасныг баримталсан нь буруу болсон тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/01377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, дахь хэсгүүдэд заасныг тус тус гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЕН ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ