Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01339

 

 

М.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/01586 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.А-ын хариуцагч Ц.А-т холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах, үндсэн нэхэмжлэлтэй, үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах, гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

М.А- нь Ц.А-тэй харилцан тохиролцож зочны өрөөний ханын тавилга хийлгүүлэхээр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 31-ний өдөр ХААН банк ХХК дахь Ц.А-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл Ц.А- харилцан тохиролцсон өнгөөр хийгээгүй. М.А- ажил гүйцэтгэх явцад ажлаа зогсоож, чанартай, өнгө сонголтын хувьд харилцан тохиролцсон материалаар хийе гэхэд Ц.А- Хийж дууссаны дараа хараарай, гоё болно гэж хэлсэн. Тавилга хийж дуусгахад доголдол арилаагүй, гэгээлэг цагаан саарал өнгөтэй бус хар бараан өнгөөр тавилгыг хийсэн нь гал тогооны тавилгатай өнгөнөөс зөрсөн. Үүнээс улмаас маргаан үүсэж гэрээг цуцъя гэхэд Ц.А- гэрээг цуцлахыг зөвшөөрч тавилгыг авч явсан. М.А- Нексен Фурнитур ХХК-аар ханын тавилгыг дахин хийлгэсэн. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:

М.А- өөрийн фэйсбүүк хаягаар Ц.А-ийн хаяг руу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр холбогдож зочны өрөөний ханын тавилга хийлгэх хүсэлтээ илэрхийлж 3,800,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. М.А- 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Maidar Tuvshin фэйсбүүк хаягаар холбогдож ажлын явцыг ярилцсан. Анх тавилга хийхээс өмнө арын хавтанг саарал өнгөөр хийхээр тохиролцсон. Ажлыг гүйцэтгэх явцад М.А-ын эх хажууд байсан. Ханын тавилгыг хийж хүлээлгэн өгсөн. Гэтэл ажил дууссаны дараа түүний эх Б.Балзан М.А-т өнгө нь бараан болчихлоо гэхэд тэрээр ...зүгээр, дахиад цаана нь ижил өнгөтэй тавилга хийлгэнэ гэсэн. М.А- маргааш нь холбогдож манай ээжид өнгө нь таалагдахгүй байна, яг энэ загвараар өнгийг нь өөрчлүүлээд зөвхөн материалын үнийг төлөх, ажлын хөлсийг өгөхгүйгээр тохирсон боловч материалын үнийг ч өгөхөө болилоо, танайх өөрсдөө бүгдийг нь хийж өг гэснээр маргаан үүссэн. М.А- болон Б.Балзан нар нь тавилгаа буцааж ав гэсний дагуу очиж авах гэсэн боловч тэр үед дуудлагаар ирсэн цагдаа болиулсан. Ажлаа бүрэн дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн агуулга:

М.А-тай тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтсэн тул үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.А- М.А-ын өмчлөлд ямар нэгэн доголдолгүй тавилга хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Тавилгыг хүлээлгэн өгсөн акт байхгүй. Тавилгаа авч явсан атлаа үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 353 дугаар зүйлийн 353.2, 353.3, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч М.А-ын үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.А-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1,800,000 төгрөг гаргуулан хариуцагч Ц.А-т олгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.А-аас 43,950 төгрөг гаргуулан хариуцагч Ц.А-т олгож,

5.3. Хариуцагч Ц.А- нь Н.Баяртогтохыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.А- Ц.А-тэй зочны өрөөний ханын тавилга хийлгэхээр тохиролцож урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Гэвч Ц.А- тохиролцсон материалаар гүйцэтгээгүй тул захиалагч хүлээн авахаас татгалзаж доголдлыг арилгуулах гэсэн боловч гүйцэтгэгчтэй тохиролцож чадаагүйгээс тэрээр хийсэн тавилгаа буцаан авч явсан. М.А- Нексен фурнитур ХХК-аар зочны өрөөний ханын тавилгыг дахин хийлгэсэн. Гэтэл шүүх ... хариуцагч нь ажлын үр болох тавилгыг нэхэмжлэгчийн зочны өрөөнд суурилуулсан болох нь талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэж үзэж угсраагүй тавилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу доголдолтой байсан нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн тухайн орон сууцад байгаа эсэхийг тогтоолгох гэсэн боловч шүүх үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Ц.А- гүйцэтгэсэн ажлын үр дүнг М.А-т хүлээлгэн өгөөгүй.

М.А- Нексен Фурнитур ХХК-аар ханын тавилгыг дахин хийлгэсэн тул өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан. Хариуцагч тухайн тавилгыг зохих чанарын материалаар гүйцэтгээгүй, угсарч суурилуулж өгөөгүй бөгөөд суурилуулсан тавилга, камин зуухыг буцаан авч явсан.... одоо манай ажлын байранд байгаа ... тухайн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар акт үйлдээгүй гэж гэрч н.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн Си Ди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон гэрч С.Дандар, Б.Балзан нарын мэдүүлгээр гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдсон.

Шүүх ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг ... гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авагч зохих журмын дагуу төлнө гэж ажлын үр дүнг хүлээн авсан баримтгүй байхад хүлээн авсанд тооцсон гэж шийдвэр гаргаж нотлох баримтыг буруу үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдол гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Зочны өрөөний ханын тавилгыг доголдолтой материалаар хийсэн гэж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан Си Ди бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс тавилгыг хананд суурилуулсан нь харагдана. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч тухайн тавилгыг байхгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүхээс үзлэг хийхэд тухайн тавилгыг хураалттай байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч М.А- хариуцагч Ц.А-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсний үлдэгдэл 1,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. М.А- Ц.А-ээр зочны өрөөний ханын тавилгыг хийлгэж ажлын хөлсөнд 3,800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3. М.А- нь ажлын хөлсөнд урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн болон гүйцэтгэгч уг тавилгыг гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй байна. Харин талуудын хооронд зочны өрөөний ханын тавилгын өнгийг өөрчилсөн нь доголдол мөн эсэх, улмаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

М.А- нь зочны өрөөний ханын тавилга хийлгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардахад гүйцэтгэгч Ц.А- гэрээний үүргээ зөрчсөн буюу захиалагчийн даалгасан өнгөнөөс өөр өнгөөр тавилгыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон байх учиртай.

 

Гэтэл, нэхэмжлэгч М.А- нь хариуцагч Ц.А-тэй зочны өрөөний ханын тавилгын өнгийг цагаан саарал өнгөөр хийхээр тохиролцсон гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь үүнтэй холбоотой тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд ... чи тэгээд ямар өнгөөр хийвэл аятайхан гоё харагдах уу, чи өөрөө шийдээд, бодоод төсөөлөөд нэг хийгээд өгөхгүй юу за юу гэсэн М.А-ын яриа бүхий дуу бичлэгээс дүгнэхэд талууд тавилгын өнгөний талаар харилцан тохиролцоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан тул нэхэмжлэгч М.А- нь зочны өрөөний ханын тавилгын өнгийн цагаан саарал өнгөөр хийх талаар тухайлан тохиролцоогүй тул хариуцагч Ц.А-ийн гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзнэ.

 

1.4. Гэрч С.Дандар ... тэр байранд очиход тавилга нь байсан уу, ямархуу тавилга байсан бэ гэсэн асуултад... тэрийг сайн хэлж мэдэхгүй байна гэж, гэрч Б.Балзан ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... энэ тавилга байгаа юу гэсэн асуултад ... байхгүй гэж, хариуцагчийн ... үзлэг хийхээр очиход тавилга танайд байсан уу гэх асуултад ... буулгасан байсан гэж мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч Ц.А- тавилгыг авч явсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч М.А- нь зочны ханын тавилгын өнгийг өөр өнгөөр гүйцэтгэсэн нь доголдол гэж үзэхгүй тул тэрээр энэ үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилаа төлбөр 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.

 

2. Нэхэмжлэгч М.А- хариуцагч Ц.А-т урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А- нэхэмжлэгч М.А-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөгийг гаргуулах шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар нарийвчлан зохицуулсан байхад анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг баримталсныг зөвтгөх нь зүйтэй.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Хариуцагч Ц.А- нь Н.Баяртогтохыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул уг заалтаас хасах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/01586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А-ээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.А-аас 1,800,000 төгрөг гаргуулж хариуцагч Ц.А-т олгосугай гэж,

3 дахь заалтын Хариуцагч Ц.А- нь Н.Баяртогтохыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай гэснийг хасаж, 4 гэж дугаарласныг 3 гэж дугаарлан тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ