Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00747

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж,

           Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 69-01 тоотод оршин суух, Монголмууд овогт  Мангаагийн Батдоржийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 2-р баг, Хужирын 26-р хэсгийн 2-6 тоотод оршин суух, Боржигон овогт Баньдбалжирын Өлзийбаярт холбогдох

“2.500.000 төгрөг гаргуулах, Б.Өлзийбаярын сөрөг нэхэмжлэлтэй М.Батдоржид холбогдох 5.500.000 төгрөг гаргуулах тухай 132/2014/00654/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Батдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Өлзийбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гочоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сард би торх зарах гээд явж байхад Өлзийбаяр таараад надаас торх авах болж бид 8 сая төгрөгөөр тохирч урьдчилгаа 4 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Дараа нь 500.000 төгрөгийг мөн дансанд шилжүүлсэн. 2014 оны 4 сард Өлзийбаярын ах нь 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг торхоо өрж дуусгаад ав гэсэн боловч торх бэлэн болгоод үлдэгдэл 2.500.000 төгрөгөө авах гэтэл одоо болтол өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Тухайн үед би өөрийн ажилчидаараа торхыг өрүүлсэн. Би олон жил торхны наймаа хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Би Өлзийбаярт чи голж байгаа бол манай хашаанд очоод үзэж байгаад өөр торхоор солиод ав гэхэд Өлзийбаяр хэрэггүй энэ торхоо л авъя гэсэн. Түүнээс хойш Өлзийбаяраас үлдэгдэл мөнгөө авахаар утсаар залгахад утасаа авахгүй, сүүлдээ утасны дугаараа сольсон байсан. Би өөрөө ажил дээр нь очиж утасны дугаарыг нь авч залгаад мөнгөө өгөхгүй бол шүүхэд өгнө шүү гэхэд битгий өгөөрэй, би удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байхаар нь шүүхэд хандсан. Одоо үлдэгдэл 2.500.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Өлзийбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Батдоржтой анх амаар тохирч 8х10 хэмжээтэй торхыг 8.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. Гэтэл Батдорж уг байшингийн торхыг 2013 оны 9 дүгээр сард барьж дуусгасан гэх боловч уг байшин хэрэгцээний шаардлага хангаагүй, чанарын хувьд тэнцээгүй, гологдол ихтэй байсан. Тэр үед би Батдоржид өрлөг муу явагдаж байна шүү, хэлсэн үнэ хөлсөндөө тохирохгүй байна шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Батдорж торхонд дахин засвар үйлчилгээ хийгээд торхоо хүлээлгэж өгнө гэсэн. Тиймээс урьдчилгаанаас гадна дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь 2013 оны 10 сард 500.000 төгрөг өгсөн. Мөн 2014 онд ахаасаа 1.000.000 төгрөг авч өгсөн. Торхоо барьж өгсний дараа үлдэгдэл мөнгөө авна гэсэн. Одоо байгаа торхыг засаж янзлаад өгвөл эвлэрэх боломжтой байна. Надаас нэхэмжилж байгаа 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 7 дугаар сард Батдоржтой амаар тохирч 8х10 хэмжээтэй торх бариулахаар 8.000.000 төгрөгөөр тохирч байшингийн үнэ, хөлсөнд тухайн үед Батдоржид дансаар 4.500.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Гэтэл уг байшингийн торх нь чанаргүй хийгдсэн, байшингийн материал дутуу байдлаар хийж хэрэгцээг хангахуйц болоогүй байсан. Батдорж нь байшингийн модыг гүйцээж хийнэ, мөн чанартай барьж хүлээлгэж өгнө гэх зэргээр намайг хуурч 5.500.000 төгрөг авч намайг хохироож байна. Одоо торхыг нь буцааж өгөөд өөрийн өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Иймд Батдоржоос 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Батдорж нь  хариуцагч Б.Өлзийбаяраас ажил гүйцэтгэх гэрээний дагуу байшингийн  торх өрсөн хөлсний дутуу 2.500.000 төгрөг гаргуулах, Б.Өлзийбаяр нь гэрээг цуцлах  нэхэмжлэгчид төлсөн 5.500.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

            Нэхэмжлэгч  М.Батдорж нь 2013 оны 7 сард  хариуцагч Б.Өлзийбаяртай харилцан тохиролцож  8х10 хэмжээтэй дүнзэн байшингийн торх өрөх, байшингийн торхыг нэхэмжлэгч өөрөөсөө гаргах, торхны үнэ, торх өрөх ажлыг оролцуулан хариуцагч нийт ажлын хөлс 8.000.000 төгрөг төлөхөөр ажил гүйцэтгэх гэрээг өгөхөөр амаар байгуулсан болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

            Хариуцагч дээрх амаар байгуулсан гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сард урьдчилгаа 4.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сард 500,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг нийт 5.500.000 төгрөг төлсөн байна.

            Нэхэмжлэгч нь торхыг 2013 оны 9-р сард барьж дуусган хүлээлгэн өгсөн гэж байгаа бол хариуцагч байшин хэрэгцээ шаардлага хангаагүй, чанарын доголдолтой байсан учраас хүлээж аваагүй, М.Батдорж дахин засвар үйлчилгээ хийгээд торхоо хүлээлгэж өгнө гэхээр нь 2013 оны 10 сард 500.000 төгрөг, мөн 2014 онд 1.000.000 төгрөг өгсөн, торхоо барьж дууссаны дараа үлдсэн мөнгөө авна гэсэн гэж тайлбарлаж талууд энэ тал дээр маргаантай байна. Хэрэгт авагдсан баримтаар  хариуцагч нь нэхэмжлэгчид 2013 оны 10 сард 500.000 төгрөг, мөн 2014 онд 1.000.000 төгрөг өгсөн байна. Энэ нь хариуцагч торхыг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд чанарын шаардлага хангаагүй байсан тул засвар үйлчилгээ хийхэд нь зориулж дээрх мөнгийг шилжүүлсэн гэж байгаа хариуцагчийн тайлбар үндэстэй байна. 

             Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар эд зүйл болох торхыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагч нь торх  чанарын шаардлага хангахгүй байсны улмаас  хүлээж аваагүй гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн өрсөн торхны шинж байдал, чанарыг тодорхойлуулахаар шүүгчийн 2015-01-28-ны өдрийн 212 дугаар захирамжаар шинжээчээр булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон байх бөгөөд Газрын харилцаа, барилга, хот байгууллатын газрын барилга, хот байгуулалтын мэргэжилтэн тухайн байшинд үзлэг хийсэн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Уг тайлбарт “ ...модны 2 үзүүрийн диаметрийн зөрүү, бэлтгэсэн гуалангийн дундаж диаметрийн жигд байдал, модны тахир зэрэгт анхаарал сул тавьсан гэж үзэхээр байна. Дүнзэн байшинг өрөхдөө мод тахир байсан ч түүнд нийцүүлж 2 дүнзний хооронд зайгүй байхаар бодож өрлөгийг гүйцэтгэх ёстой ба тахир хэсгийг дээрээс нь даралт авч тэгшрэхээр хийсэн байх хэрэгтэй. Энэ шаардлага тухайн барилгад зарим тэнхлэгүүдэд зөрчигдсөн байна. Хамгийн дээд талын өрлөгийн дүнзнүүдийн байдлаас харахад углуурга байгаа эсэх нь тодорхойгүй байсан ба дүнзнүүдиг чигжээсгүйгээр өрсөн нь Модон хийц БНбД-54-02-05”-ын 2.7,2.11,2.15-г тус тус зөрчиж байна гэжээ.

 Түүнчлэн Булган аймгийн Газрын харилцаа,барилга,хот байгуулалтын газрын 2015-10-29-ний өдрийн № 01/715 тоотоор ирүүлсэн шинжээчийн 2015-06-28-ны өдрийн дүгнэлтэнд  “Уг барилгад ашигласан дүнз нь хаягдал мод биш боловч мод бэлтгэлийн явцад материалын сонголт болон тэдгээрийн нийцлэлд онцлон анхаараагүй байна. Үзлэгийн явцад илэрсэн хөндийрсөн болон мушгирсан байгаа байдал нь өрлөгийн чанараас гадна дээр нь ачаалал өгөөгүй удаасантай холбоотой байна” гэжээ.

            Шинжээч хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ны Орхон салбарын 2016-03-23-ны өдрийн №Ш/16/7 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр 8х10 харьцаатай дүнзэн торхны зах зээлийн үнийг 2.500.000 төгрөг гэж тогтоосон байна. Мөн дээр дүгнэлтэнд хувиараа торх өрдөг хүмүүсийг газар дээр нь аваачиж үзүүлэхэд тэд бүгдээрээ дахин буулган засаж өрөх шаардлагатай, нурах магадлалтай, дээвэр тавиагүйн улмаас даралтыг зөв өгөөгүй гэсэн хариулт өгч байсан. Ерөнхийдөө дээвэр тавиагүйн улмаас үүсэх гажилт нь дээд талын 3-4 үе л мушгиран хатдаг бөгөөд тухайн торхны байдал нь гадагшаагаа цүлхийсэн байдлаас нь дүгнэлт хийвэл уг торхыг өрөхдөө том жижгээр нь хамаагүй өрсөнөөс үүссэн гэж үзлэг хийсэн хүмүүс үзэж байлаа гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн өрсөн торхны тухайд  а/  Байшингийн таазыг намхан хийсэн, модыг дутаасан. Тухайлбал тойргоор 4 ширхэг дүнз дутуу хийгдсэн б/  Байшингийн торх зай завсар ихтэй, хайш, яайш мурий хийгдсэн  в/ Торх тэгш байрлалтай болж хазайсан  г/ ханад хийгдсэн мод жинхэнэ  дүнз модоор хийгдээгүй, өрлөг чанаргүй болсон. Зарим мод нь дүнз биш хаягдал модоор зүсэж нэр хаасан зэргээр чанаргүй гологдолтой болсон. Ийм учир байшингийн торх хийлгэхээс татгалзаж өгсөн мөнгөө эргүүлж авахаар шаардлага тавьж байна гэж байна.

            Дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар торх өрөх ажлыг гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй  торх өрсөний улмаас хариуцагч Өлзийбаяр гэрээнээс татгалзсан байна. Үүний хариуд нэхэмжлэгч нь дахин засаж засварлахаар болж, хариуцагч хугацаа тогтоож өгсөн боловч энэ хугацаанд үр дүн гараагүй тул хариуцагч гэрээнээс татгалзсан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1,349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Батдоржийн  хариуцагч Б.Өлзийбаяраас 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,355 дугаар зүйлийн 355.1,225 дугаар зүйлийн 225.1,205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Батдоржоос 5.500.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Өлзийбаярт олгож, хариуцагч Б.Өлзийбаяраас 8х10 харьцаатай дүнзэн торх гаргуулан нэхэмжлэгч М.Батдоржид олгож харилцан буцаалт хийсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Батдоржоос 102.950 төгрөг гаргуулан Б.Өлзийбаярт олгосугай.

4. Энэхүү шийдэрийг зохигч,гуравдагч этгээд,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН