Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0112

 

2019 оны 02 сарын 27 өдөр           Дугаар 221/МА2019/0112                          Улаанбаатар хот

Х.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Х.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б-ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 4,162,200 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад хэсэг болох “өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Ө.Э миний бие Х.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “... хохирол болох өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх нь тухайн захиргааны акттай шууд хамаарлаар холбогдохгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь сайн дурын асуудал бөгөөд уг захиргааны актаас үүссэн шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б/29 тоот хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн төдийгүй бодит хохирол учирсан тул хуульд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэгч Х.Б нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлагаар өмгөөллийн “Мон Ло” ХНН-тэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж тус нөхөрлөлийн гишүүн өмгөөлөгч Ө.Э миний бие Х.Б-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд Х.Б нь тус нөхөрлөлд өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөг нь түүнд учирсан бодит хохирол юм.

Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон сөрөг үр дагавар бөгөөд гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил, үр дагаврын шалтгаант холбоо байх, нөхөн төлөгдөх шинжтэй байдаг. Өмгөөллийн хөлс нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлтэй шууд хамааралтай буюу тэрхүү үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохын тулд гарсан зардал тул өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй бол дээрх хохирол гарахгүй байсан гэдгийг мөн анхаарч үзэх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 14/ “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ..., ... хууль зүйн туслалцаа авах” гэж заасан.

Нэхэмжлэгч Х.Б-д учирсан хохирол болох өмгөөллийн зардал нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын “илт хууль бус” шийдвэрийн улмаас учруулсан хохирол мөн бөгөөд тус хохирлыг нөхөн төлүүлэх эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэний хувьд хөдөлбөргүй эдлэх ёстой.

Шүүхийн шийдвэр үндэслэлээ “өмгөөлөгч авах эсэх нь сайн дурын асуудал” гэж гаргасан байна. Тухайн маргаан нь өөрийн онцлогоос хамаарч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нөгөө талаар “илт хууль бус” захиргааны акт болохыг тогтоолгож эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж нь мэргэжлийн өмгөөлөгчтэй оролцсоны үндсэн дээр хэрэгжих боломжтой.

Мөн хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргыг тус маргаан мэргэжлийн баг бүхий хууль зүйн хэлтэс төлөөлөн оролцож байгаа бөгөөд түүнтэй маргаж буй нөхцөлд өмгөөлөгч авсны үндсэн дээр талуудын тэгш байдал хангагдах мэтгэлцэх боломжтой юм.

Иймд өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн хувьд сонголт гэхээсээ илүү шаардлага гэж үзвэл илүү зүйд нийцнэ.

Иймд гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б/29 тоот илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол тул ийнхүү шаардах эрхтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д шууд болон шууд бус гэж ангилан ялгамжлаагүй зөвхөн хохирол гэж нэг мөр зохицуулсан байхад “шууд хохирол биш” байна гэж үзэж тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч актыг хууль ёсны гэж үзэж хамгаалах үндэслэлээр хохирлыг хүлээн зөвшөөрөөгүй тайлбар өгсөн бөгөөд хохирол учирсан эсэх талаар болон хэмжээний талаар маргаагүй.

Гэтэл шүүх актыг илт хууль бус гэж үзсэн атлаа түүний улмаас үүссэн хохирлыг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримтгүйгээр үгүйсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох зарчимтай харшилна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дугаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүхээс Х.Б-ын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б-ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 4,162,200 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад хэсэг болох “өмгөөллийн зардал 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

“Хохирол” гэх ойлголт нь захиргааны эрх зүйд уг эрх зүйн харилцаанд оролцогч нэг этгээдийн хууль зөрчсөн үйлдлээр нөгөөдөө учруулсан мөнгөн болон бусад хэлбэрээр илэрхийлэгдэх алдагдлыг[1] илэрхийлдэг. Тодруулбал, мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх хохирол нь захиргааны эрх зүйн харилцаанд оролцогч этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гарсан зардал юм. Энэ нь захиргаанаас нийтийн эрх зүйн хүрээнд хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан хийсвэр биш бодитой хохирол[2] байх ёстой.

Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад уг харилцаанд оролцогчид хохирол бий болсон байх бөгөөд түүний хувьд учирсан хохирол, эсхүл нөхөх олговрыг шаардах эрх дээрх хуулиар олгогдсон байна. Үүнийг дагаж хохирол арилгах үүрэг захиргааны байгууллагад үүснэ. Хохирол гаргуулж шийдвэрлэхийн тулд дараах урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай байна. Үүнд:

Захиргааны байгууллага, албан тушаалтны нийтийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй буюу үйл ажиллагаа байх, уг захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирол буюу шууд шалтгаант холбоотой бодит, хэмжигдэхүйц байх ёстой. Шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хохирсон этгээд байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны ажиллагаанаас учирсан хохирлыг арилгах үндэслэл нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл эсхүл эс үйлдэхүй нь хууль бус гэж шүүх тогтоох явдал[3] юм.

Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудаас үзвэл иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс буюу энэ тохиолдолд илт хууль бус болох нь тогтоогдсон захиргааны актын улмаас өөрт учирсан хохирлыг, тухайн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтатган нэхэмжлэх эрхтэй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй бол дээрх хохирол гарахгүй байсан, ... хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргыг тус маргаанд мэргэжлийн баг бүхий хууль зүйн хэлтэс төлөөлөн оролцож байгаа бөгөөд түүнтэй маргаж буй нөхцөлд өмгөөлөгч авсны үндсэн дээр талуудын тэгш байдал хангагдах, мэтгэлцэх боломжтой. Иймд өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн хувьд сонголт гэхээсээ илүү шаардлага” гэх гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх нь тухайн захиргааны акттай шууд хамаарлаар холбогдохгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь сайн дурын асуудал бөгөөд уг захиргааны актаас үүссэн шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь зохицуулалтуудаас үзвэл гагцхүү захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны /үйлдэл, эс үйлдэхүй/ улмаас учирсан байх нөхцөлийг хуульчилсан байна.

Хууль бус захиргааны актын улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгож буйтай адил уг хууль бус захиргааны актыг шийдвэрлүүлэхийн тулд хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөллийн хөлс[4] нь уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акт болон хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байх нөхцөлийг хангажээ. Гэтэл анхан шатны шүүх шууд бус хохирол гэж дүгнэсэн нь буруу байна.

Зайлшгүй учирсан хохирол мөн эсэх: Нэхэмжлэгч нь мэргэжлийн хуульчид бүхий хариуцагчийн эсрэг актын хууль зүйн үндэслэлийн талаар мэтгэлцэх, хууль бус болохыг нь тогтоолгохоор шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох зайлшгүй шаардлага гэж үзэх үндэслэлтэй юм. Энэ тохиолдолд захиргааны байгууллагатай маргаж буй нөхцөлд өмгөөлөгч авахгүйгээр эрхээ хамгаалуулах боломжгүй байна. Учир нь уг захиргааны хэрэгт хариуцагчийг тухайн захиргааны байгууллагын хууль зүйн мэргэжилтнүүд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Хохирлын хэмжээний тухайд: Хохирлын хэмжээний хувьд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хоорондын тохиролцоогоор (дурын) тогтоож болох мэт боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн өөрт учирсан хэмээн шаардаж буй хохирлын хэмжээг тодорхойлох журмыг шүүх тогтоох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол үндэслэлтэй байна. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд хохирлын хэмжээний тухай тусгайлан маргаагүй байна.

Иймд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, кассын орлогын баримтуудаар[5] нотлогдож буй хохирол болох өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б-ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,162,200 төгрөг, өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

 


[1] С.Нарангэрэл, Монголын эрх зүйн эх толь бичиг, 2015 он, 510-р тал.

[2] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар (судалгаа, хэрэглээний) 2017 он, 395-р тал.

[3] Д.Ганзориг, Захиргааны эрх зүй: тайлбар толь, 2002 он, 124-р тал.

[4] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-ийг нөхөн төлөхөөр зохицуулжээ. (Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь заалт).

Н.Норовсамбуу, “Өмгөөллийн хөлсийг эсрэг талаар төлүүлэх зардал болгон хуульчлах нь зохистой эсэх”, Эрх зүй сэтгүүл, 2017 он, №2, 175-р тал.

[5] Хэргийн 15, 16-р тал.