Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00990

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00990

 

А-,

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00565 дугаар шийдвэртэй,

 

А-, “Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт нийт 21,582,072.66 ам.доллар буюу 74,002,121,476 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг тус тус гаргуулах, барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: прокурор Ш.Одонсүрэн, нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал, Д.Оргил, хариуцагч “Б” ХХК, гуравдагч этгээд “аг” ХХК, “ха” ХХК-уудын төлөөлөгч Л.Г-, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Банк” ХХК нь “Б” ХХК-тай байгуулсан дараах зээлийн гэрээнүүдийн дагуу зээл олгосон.

 

а. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн З-МДМ-З 2017-09 дугаартай зээлийн гэрээний дагуу 4,000,000 ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр З-МДМ-3 2017/09/1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн З-МДМ 2017-206 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗБ-МДМ 2017-206/1 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, зээлийн гэрээний зарим нөхцөл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.

б. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр З-МДМ-ЗҮ 2017-27 дугаартай зээлийн гэрээний дагуу 3,404,000 ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ-МДМ 2017-206 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗБ-МДМ2017-206/1 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүдээр зээлийн гэрээний зарим нөхцөл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.

в. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр З-МДМ-3 2017-203 дугаартай зээл гэрээгээр 7,560,970 ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн З-МДМ-З 2017-203/1 дугаартай нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний зарим нөхцөл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан.

1.2. Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

а. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн З-МДМ-Б2017-10 дугаарын барьцааны гэрээгээр “Ж” ХХК-ийн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, - хаягт байрлах, - талбайтай, үйлчилгээний зориулалттай, - дугаартай, - дугаарын гэрчилгээтэй, 9,761,575,148 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, - дугаартай, -, - дугаарын гэрчилгээтэй, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 тоот шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалттай, 963,600,000 төгрөгийн үнэлгээтэй, эзэмших эрхтэй газар,

б. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-МДМ-ИХ 2017-28 дугаартай барьцааны гэрээгээр “А” ХХК-ийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, - талбай бүхий, 417,922,748 төгрөгийн үнэлгээтэй, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, савлагааны үйлдвэр байгуулах үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, - талбай бүхий, 494,832,800 төгрөгийн үнэлгээтэй, газар эзэмших эрх, ирээдүйд бий болох эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оуулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлого,

в. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б-МДМ-ИХ 2017-29 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗБ-МДМ 2017-206 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 16,145,180,800 төгрөгийн үнэлгээтэй, “Б” ХХК-ийн төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж, /үүнд тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессор, ялтсан хөргүүр, халаагч, лабораторийн төхөөрөмж/,

г. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-МДМ-ТЗ 2017-205 дугаартай барьцааны гэрээгээр, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн - дугаар бүхий, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээтэй, Дорнод аймаг, Баянтүмэн сум, Хашаатын цам нэртэй газар орших, - талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт,

д. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/04 тоот барьцааны гэрээгээр, “аг” ХХК-ийн - дугаартай, - гэрчилгээний дугаартай, 54,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Гүн бүрдийн ам хаягт байрлалтай, - талбай бүхий газар эзэмших эрх,

е. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/05 тоот барьцааны гэрээгээр, “ха” ХХК-ийн - дугаартай, 538,200,000 төгрөгийн үнэлгээтэй, Улаанбаатар хот Налайх дүүргийн Шаварт нэртэй газарт орших, тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

ж. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2/15 тоот барьцааны гэрээгээр, “Ан” ХХК-ийн - бүртгэлийн дугаартай, - дугаарын гэрчилгээтэй, 117,332,550 төгрөгийн үнэлгээтэй, Улаанбаатар хот Налайх дүүргийн 02 дугаар хороонд байрлах, - талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан.

1.3. “М” ХХК нь “Б” ХХК-ийн нийт зээлийн төлбөрөөс 58,419,101,674 төгрөгийг төлөхөөр тус банктай 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ТБГ-МДМ-3 2022-20 дугаартай зээлийн төлбөр барагдуулах тухай гурван талт гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТБГ-МДМ-3 2022-20/1 дугаартай зээлийн төлбөр барагдуулах тухай гурван талт гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд эдгээр гэрээний дагуу төлбөр төлөөгүй байгаа болно.

1.4. Зээлдэгч “Б” ХХК нь З-МДМ-ЗҮ 2017-27 дугаартай зээлийн гэрээний зээлийн төлбөрт 994,519.46 ам доллар, хүүгийн төлбөрт 11,359.52 ам.доллар, нийт 1,005,878.98 ам долларын төлөлт хийсэн.

Харин З-МДМ-З 2017-09, З-МДМ-З 2017-203 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу олгосон зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр төлөөгүй ба 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,636.54 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөр 7,308,600.92 ам.доллар /1558 хоногийн зөрчил/, үндсэн зээлийн төлбөрт 2,707,480.54 ам доллар /189 хоногийн зөрчил/ нийт 10,042,718 ам.долларын төлбөрийн зөрчил үүсгэсэн байна.

1.5. “Банк” ХХК нь шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдахгүй, харин шүүхийн шийдвэр гарснаар цуцлагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд хандах хугацаанд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэлээ тодорхойлж байгаа.

Гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа үндэслэлийн тухайд 58,0 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байхад бид 47,0 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж ярьж байгаа нь өөрөө хариуцагч тал хийж байгаа үйлдлээсээ өөр тайлбарыг гаргаж байна гэж харж байна. Хэрэв хариуцагч тал 58 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм хэмжээний өр байхгүй гэж үзэж байгаа бол энэ талаараа шүүхэд тайлбараа гаргаж өгөх ёстой байсан ба энэ талаар тайлбар гаргаагүй.

Сүүлд байгуулагдсан 3 барьцааны гэрээ нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэл болно гэж үзэж байна. Учир нь тухай барьцааны гэрээний 1.2-т “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор энэ барьцааны гэрээ байгуулсан гэсэн байдаг. Гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь Л.Г- байдаг бөгөөд тэрээр одоо хариуцагч “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж оролцож байгаа учраас мэдээгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй.

1.6. Иймд “Б” ХХК-тай байгуулсан З-МДМ-ЗҮ 2017-27 дугаартай, З-МДМ-З 2017-09 дугаартай, З-МДМ-З 2017-203 зээлийн гэрээг тус тус шүүхийн журмаар цуцалж, эдгээр зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 13,970,450.54 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 7,584,985.57 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,636.54 ам.доллар, нийт 21,582,072.66 ам.доллар буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны хаалтын ханш /1 ам.доллар=3,428.87 төгрөг/-аар төгрөгт хөрвүүлэн тооцож, нийт 74,002,121,476 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, нийт 74,002,181,476 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж, “Банк” ХХК-д олгож,

“Б” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, мөнгөн хөрөнгөөр төлөхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж,

нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А-рын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох зээлийн гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт 17,856,345.15 ам.доллар буюу 47,712,154,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 26,290,057,235 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрсөн 47,0 тэрбум төгрөгөөс төлсөн 2,335,000,000 төгрөг хасагдана. 

2.2. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б-МДМ-ИХ 2017-28, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б-МДМ-ИХ 2017-29, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3-МДМ-Б 2017-10, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б-МДМ-ТЗ 2017-205 дугаар барьцааны гэрээгээр барьцаалсан зүйлийг Иргэний хуулийн 174, 175, 177 дугаар зүйлд заасны дагуу зах зээлийн ханшаар албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

2.3. 55,029,755,267 төгрөгийн үнэ бүхий 6 барьцааны хөрөнгө буюу “Ан” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэгт байрлах 417,922,748 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгө, 494,832,800 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгө, “Ан” ХХК-ийн өмчийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжинд байрлах, 761,575,146 төгрөгийн эд хөрөнгө, “Ж” ХХК-ийн 963,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн Чингэлтэй дүүргийн дугаар хороонд байрлах, өмчийн үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 8,753,953,670 төгрөгийн үнэ бүхий 30 тоног төхөөрөмж, Дорнод аймагт орших 34,632,870,900 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагад маргахгүй.

2.4. Харин “Хт” ХХК, “аг” ХХК, “Ан” ХХК-уудтай байгуулсан 3 барьцааны гэрээг “Б” ХХК-ийн зүгээс дээрх хөрөнгүүдийг “Банк” ХХК-д барьцаалах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, уг барьцааны гэрээнүүд зээлийн гэрээг цуцалснаас хойш байгуулсан бөгөөд Иргэний хуульд заасан хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар хийсэн учир хүлээн зөвшөөрөхгүй.

Тодруулбал, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4,0 сая ам.долларын гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3,404,000 ам.долларын гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2017206 дугаартай 7,560,970 ам.долларын гэрээ, нийт 14,964,970 ам.долларын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулж, 2 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцалж, 74 тэрбум төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

“Банк” нь “М” ХХК-тай 58,4 тэрбум төгрөгөөр манай өрийг шилжүүлэх асуудал дээр шүүхээр эвлэрлийн захирамж гаргуулах, эвлэрлийн гэрээ байгуулах үүднээс хамтран нэхэмжлэгчээр орж байсан.

Хамтран нэхэмжлэгч нь өөрөө анхнаасаа хүсэлт зоригоо илэрхийлж А-той хамт оролцсон уу эсхүл “М” ХХК-тай байгуулсан 58,4 тэрбум төгрөгийн төлбөр барагдуулах гэрээтэй холбоотой эрх зүйн статусаар оролцсон уу гэдэг нь өмнөх болон одоогийн шүүх хуралдаануудын явц, 3 талт гэрээгээр нотлогдоно.

2.5. Нэхэмжлэгч тал 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг үндэслэж байгаа бол 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын их хурлаас батлагдаад, мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэх тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлаад, гэрээг дуусгавар болгоод шүүхэд нэхэмжлэл гаргах үед энэ хууль байхгүй байсан. Учир нь тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээ, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл түүний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх хэсгийг 2006 онд Улсын дээд шүүх тайлбарласан байгаа. Иймд шинээр баталсан хуулийн 20.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй юм.

Анхны нэхэмжилсэн 47,0 тэрбум төгрөг дээр хүүг ямар үндэслэлээр нэмэгдүүлж байгаа талаар тоон баримт байхгүй. Улсын дээд шүүхийн зөвлөмжид гэрээ цуцлагдсанаар цаашид хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх асуудал үүсэхгүй.

2.6. Нийт 29,0 сая ам долларын зээл батлагдсан. Тухайн үед зээлээ хэсэгчлэн өгөхөөр болсон ба үйлдвэрүүдээ захиалж оруулж ирэх үед санхүүжилт нь орж ирэхгүй байсан учраас бусад эх үүсвэрүүдээс бид санхүүжилтээ төлж байсан. Ирээдүйд бий болох 30 үйлдвэрээс 23 үйлдвэр нь “Ан” ХХК-ийн агуулахад бэлэн байгаа. 7 үйлдвэр нь 5 аймагт угсрагдаад бэлэн болсон. 2019 онд зээлийн гэрээг А-оос цуцлаад, 11 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгээд, “Банк” ХХК-аас иргэний маргаан үүссэн байгаа учраас Авлигатай тэмцэх газар, прокурорын тогтоолоор бүх барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн. Мөн компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг, мөн компанийн бүх үйл ажиллагааг 2019 оны 8, 9 дүгээр сараас эхлээд зогсоосон.

Үүнээс гадна ковидоос болоод Монгол Улс 2 жил гаруй хугацаанд тэг зогсолтод орсон учраас бид санхүүгийн хүндрэлтэй байсан. Барьцаалуулагч Х.Бэ 2,9 тэрбум төгрөгийг төлсөн. Дахин 30 үйлдвэр нь Эрээн хотод гааль дээр бэлэн байгаа.

2.7. Нэхэмжлэлийн шаардлага, гэрээ цуцлах асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цуцална гэх ойлголт байхгүй. Мөн цуцлагдсан гэрээний хувьд дахин нэхэмжлэл гаргах боломжгүй.

2.8. Иргэний хуулийн тайлбарт ханшийг үүрэг үүсэх үеэр тооцох ёстой талаар заасан бөгөөд үүрэг нь гэрээ байгуулагдсанаас үүсдэг. Энэ агуулгыг дээд шүүх практикаар тогтоосоор байгаад нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, нэмэгдүүлж байгаа бол нэмэгдүүлсэн хэмжээ нь ам.доллароор төлөгдөх гэж байгаа бол тухайн үеийн ханшаар нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойлох ёстой.

2.9. Үндсэн зээлээс бид 994,519.46 ам.долларыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүү 11,359.52 ам.долларыг, нийт 1,005,878.98 ам.долларыг төлсөн. Үүнийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны ханш 2,672 төгрөгөөр бодохоор 2,687,708,659.20 болж байгаа. Одоо үлдэгдэл зээл 13,970,450.54 ам.доллар, хүү 2,880,015.63 ам.доллар, нийт 16,850,466.16 ам.доллар, үүнийг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ханш 2,672 төгрөгөөр тооцохоор 45,024,445,581 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хойших ханшийн зөрүү, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт шаардлага 74 тэрбум төгрөгийг ам.доллароор тооцохоор 21,582,072.66 ам.доллароос өөрсдийн тооцсон дүнг хасахаар 4,731,606.50 ам.доллар болж байгаа, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Гуравдагч этгээд “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 2017 онд “Банк” ХХК-аас зээл авахдаа манай компанийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, -од байрлах, - талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын - дугаартай, - талбайтай үйлчилгээний зорилгоор эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Уг газар нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 тоот шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон газар юм. Манай компани 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3-МДМ-Б 2017-10 дугаар барьцааны гэрээг байгуулсан тул энэхүү үүргээ бүрэн биелүүлж, өөрийн өмчлөлийн, дээрх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй.

 

4. Гуравдагч этгээд “ха” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах, МУ-019330 тусгай зөвшөөрлийн дугаартай Шаварт нэртэй газарт орших тусгай зөвшөөрөл эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар, нэг талын санаачилгаар, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эрүүгийн хэргийг далимдуулан, “аг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.Бэтэй “Банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тулган шаардаж уг гэрээг хийсэн.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг манай барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

 

5. Гуравдагч этгээд “аг” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Банк ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг манай барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Гүн бүрдийн ам хаягт байрлалтай, - хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаар -, гэрчилгээний дугаар -, нэгж талбарын дугаар -, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалт бүхий эзэмших эрхтэй газрыг хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар, нэг талын санаачилгаар, Авилгатай тэмцх газрын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эрүүгийн хэргийг далимдуулан, “аг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.Бэтэй “Банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тулган шаардаж хийсэн.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг манай барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

 

6. Гуравдагч этгээд “Ан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны барьцааны гэрээний барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Харин хоёр дахь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

7. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Баясгалан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ зөвшөөрсөн хэмжээ болон эд хөрөнгийг барьцаанд авсан нь хууль ёсны байгаа эсэх дээр шүүх дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна.

58,0 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага өмнө нь ойлгомжгүй асуудал гарсан. Энэ хүрээнд хийсэн гэрээ болон бусад зүйлсийн талаар өөрчлөлт оруулах саналтай байна гэх зүйлийг “Банк” ХХК-ийн удирдлагууд илэрхийлсэн. Гэхдээ ямар хэлбэрээр яаж өөрчлөлт оруулах талаар тодорхой уулзалт хийгдээгүй. 58,0 тэрбум төгрөгийг асуудал нь энэ шүүхийн маргааны хүрээнд яригдах асуудал биш, шүүхээс гадуур тусдаа яригдаж байгаа асуудал юм. Шүүхээс 58,0 тэрбум төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гээд үүнийг зөвшөөрч байгаа явдал биш. Тухайн үед яригдаж байсан хэлцлийн асуудал. Тиймээс манай байр суурь өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Гуравдагч этгээдийн хувьд талуудын маргаж байгаа хэмжээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Зориулалтыг нь ашигт малтмалын тухай хуулиар зааж өгсөн. Анхны барьцаалсан зүйл нь одоо уурхай болсон. Оны өмнө 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 218 дугаар зүйлийн 218.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримлан хариуцагч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,037,420.98 ам.доллар буюу 58,419,101,674 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 60,000 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож,

нэхэмжлэгч А-, “Банк” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,544,651.68 ам.доллар буюу 15,583,019,801 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн гуравдагч этгээд “М” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Б-МДМ-ТЗ 2017-205 дугаартай барьцааны гэрээ /Дорнод аймгийн Баянтүмэн сум, Хашаатын цам нэртэй газар орших, - талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын - дугаарын гэрчилгээтэй, 2047 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зөвшөөрөлтэй, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээ бүхий тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт/,

гуравдагч этгээд “ха” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 2/05 дугаартай “Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ”-г тус тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Ан” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 417,922,748 төгрөгийн үнэлгээ бүхий, Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, - талбай бүхий бэлэн агуулахын зориулалттай, бүтээгдэхүүн хадгалах, савалгааны үйлдвэр байгуулах үл хөдлөх хөрөнгө,

гуравдагч этгээд “Ан” ХХК-ийн 494,832,800 төгрөгийн үнэлгээ бүхий, Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, - дугаарын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 16066 м.кв талбай бүхий газар, нийт 912,755,548 төгрөгийн үнэлгээтэй болон ирээдүйд бий болох эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

хариуцагч “Б” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу ирээдүйд бий болох, 8,758,953,670 төгрөгийн үнэлгээ бүхий, төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж /цагт 80 литр шингэн сүү боловсруулж, 10 кг хуурай сүү боловсруулах хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмж/ Үүнд тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессоо, ялтсан хөргүүр, халаагч лабораторийн төхөөрөмж, тэдгээрийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хамт,

хариуцагч “Б” ХХК, гуравдагч этгээд “Ж” ХХК нарын Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, - хаягт байршилтай, - талбайтай үйлчилгээний зориулалттай, - улсын бүртгэлийн дугаартай, - гэрчилгээний дугаартай, 9,761,575,148 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А-26 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын - - дугаар бүхий, -, үйлчилгээний зорилгоор 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 963,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

гуравдагч этгээд “аг” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Гүн бүрдийн ам хаягт байрлах, нэгж талбарын - дугаартай, - талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмших эрхтэй, - дугаартай гэрчилгээтэй, 54,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар,

гуравдагч этгээд “Ан” ХХК-ийн Налайх дүүргийн 02 дугаар хороонд байрлах, - талбайтай, - дугаарын гэрчилгээтэй, нэгж талбарын - дугаар бүхий, - дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, 117,332,550 төгрөгийн үнэлгээ бүхий газар зэрэг хөрөнгөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцааны гэрээнүүдэд дурьдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээд “М” ХХК-ийн Дорнод аймгийн Баянтүмэн сум, Хашаатын цам нэртэй газар орших, - талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын - дугаарын гэрчилгээтэй, 2047 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зөвшөөрөлтэй, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээ бүхий тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт,

гуравдагч этгээд “ха” ХХК-ийн Налайх дүүргийн Шаварт гэх газар орших, тусгай зөвшөөрлийн - дугаар бүхий, - тоот гэрчилгээтэй, - талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг болон нэхэмжлэгч нарын дурьдсан барьцааны хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангахаас татгалзан, хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,253,758 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

9. Нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

9.1. Нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүд болон талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн дагуу Гэрээний чөлөөт байдлын зарчим үндэслэн байгуулагдсан Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3, 7.5, 10 дугаар зүйлийн 10.6, 12 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус үндэслэн шаардах эрхээ тодорхойлсон.

Ийнхүү шаардах эрхээ тодорхойлж түүнийгээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үндэслэлүүдийг шаардах эрхийн үндэслэл хэмээн тайлбарлаж байсан. Үүнд:

9.1.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзах шаардлагаа шүүхэд илэрхийлснээс хойш буюу 2019 онд шүүхэд хандсанаас хойш хариуцагчийн дараах идэвхтэй үйлдлүүд нь гэрээг хүчин төгөлдөр байгааг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна. Үүнд:

a. Шүүхэд хандсанаас хойш хариуцагч нь төлбөрийг төлж байсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө тооцож ЗМДМ-ЗҮ2017-27 тоот 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс суутгаж тооцсонтой хариуцагч маргадаггүй.

б. Зээлийн гэрээний бүх төлбөрийг буцаан нэхэмжилснээс хойш хариуцагч нь дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хамгийн сүүлд барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудлаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хүч хэрэглэж байгуулсан гэж маргаж байгаа нь уг гэрээг байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байх бөгөөд зөвхөн байгуулах үеийн нөхцөл байдлын талаар маргаж байна.

в. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 1,005,878.98 ам.доллар төлсөн. Тухайлбал, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн төлөлтөд 1 тэрбум төгрөгийг хариуцагчийн “Банк” ХХК дахь төгрөгийн дансанд шилжүүлж, мөн өдрөө “Банк” ХХК-тай нэг ам.долларыг 2,862 төгрөгөөр худалдан авах валют арилжааны хэлцлийг байгуулсан. Уг арилжааны дагуу 349,406.01 ам.долларыг мөн өдрөөр “Б” ХХК-тэй 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗҮ2017-27 тоот гэрээний үндсэн төлбөрөөс хассан. Эдгээрээс үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу ам.доллароор төлбөр төлөх үүрэг хүлээж байгаагаа валют арилжаа хийх өдрийн байдлаар мэдэж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй валют арилжааны хэлцэл хийж байсан байна. энэ нь гэрээний 7.6-д заасны дагуу зээл авсан валютаар төлбөр төлөх үүрэгтэй мэдэж гэрээний тухайн заалтыг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байна гэж хүлээн зөвшөөрч байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. Гэрээний аль нэг заалтыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

д. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гуравдагч этгээд “М” ХХК-тай байгуулсан “төлбөр барагдуулах гэрээ” нь талуудын хооронд үүрэг байгааг хүлээн зөвшөөрсөн шинжтэй бөгөөд энэ гэрээг хариуцагч хүлээн зөвшөөрч “тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага буурна гэж ойлгож байна” хэмээн хүсэл зориг байр сууриа илэрхийлснээр зээлийн гэрээний үүрэг “төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдах цаг мөчид байгаа болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

9.1.2. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах саналаа илэрхийлж шүүхэд хандсанаас хойш санал гаргаагүй тал болох хариуцагч нь иргэний хуулийн 204.2, 225.6-д заасан гэрээг цуцлагдсан тооцох, гэрээнээс татгалзсанд тооцох хугацааг тогтоох эрхээ эдлээгүй, гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн шинжтэй дээр дурдсан үйлдлүүдийг хийж байгаа нь гэрээнээс татгалзах хугацааг нэхэмжлэгч тогтоох эрхийг үүсгэж байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцлагдсанд тооцох хугацааг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлж байна.

Гэтэл хариуцагч нь дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайдаа хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг хийгээгүй бөгөөд зөвхөн “нэхэмжлэгч нь шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсанд тооцогдоно” гэх агуулгаар маргаж тайлбар татгалзлаа нотлох байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандсанаас хойш ам.доллароор төлбөр төлж байгаа, барьцааны гэрээнүүд байгуулж байгаа, гуравдагч этгээдтэй байгуулж байгаа гэрээг хүлээн зөвшөөрч шүүхэд бичиг ирүүлсэн зэрэг үйлдлүүд нь ямар учиртай болохыг тайлбарладаггүй, энэ талаар нотлох баримтуудыг шүүхэд ирүүлдэггүй, яагаад гэрээг цуцлагдсан гэж үзээд байгаа юм бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан үндэслэлээ огтхон дурддаггүй болно.

Харин гуравдагч этгээдүүд болох “М” ХХК нь нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн маргаагүй бөгөөд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болохоо удаа дараа мэдэгдэж байсан. Харин нөгөө гуравдагч этгээд болох “Хт” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэл болох барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаг боловч зөвхөн гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал нь “хүч хэрэглэж хийсэн нөхцөл” байдалд хамаарах тул хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчийн тус гэрээг хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрсөн үйлдлүүдэд дүгнэлт хийлгүй зөвхөн шүүхэд хандсан цаг хугацаа, үйл баримтыг үндэслэл болгон гэрээг хугацаанаас нь өмнө цуцлагдсан гэж үзсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үндэслэлүүдийг хүлээж аваагүй талаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ дурдаагүй байна.

Ингэснээр шүүхийн шийдвэр нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэгдээгүй зөвхөн нэг талын тайлбар, татгалзалд үндэслэсэн шинжтэй болсон нь хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхэд хүргэж улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна.

Түүнчлэн гуравдагч этгээд болох “М” болон “ха” ХХК нь барьцааны гэрээг байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч, харин ч “М ХХК нь барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй гэсэн тайлбараа ирүүлсэн байхад хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн нь мөн л иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны чухал зарчим болох “талуудын идэвх санаачилгад” үндэслээгүй шүүх өөрийн дураар тогтоосон шинжтэй шийдвэр болсон.

9.2. “Банк” ХХК болон “Б” ХХК нар З-МДМ-З 2017-09 болон З-МДМ-ЗҮ 2017-27, З-МДМ-З 2017-203 дугаар зээлийн гэрээнүүдийг дараах нөхцөлөөр харилцан тохиролцон байгуулсан. Гэрээнүүдийн 3.1.2, 3.1.10, 4.1, 4.2, 7.5, 10.6, 12.1-д тус тус зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар талууд гэрээнд харилцан тохиролцсон боловч анхан шатны шүүх дээрх гэрээний заалтуудад дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар тооцсон зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр хассан байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Улсын дээд шүүхийн 53 дугаар албан ёсны тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, мөн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлсэн шаардлага гаргаснаас хойш тооцоогүй нь “Банк” ХХК-ийн эрх ашигт ноцтой хохирол учруулж байна.

9.3. Анхан шатны шүүх нь ам.долларын валютын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон Монголбанкны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хаалтын ханш болох 2,672 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг зөрчсөн байна.

Гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Иймд, анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад бодитой дүгнэлт өгөөгүй байх тул “Банк” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=3,428.87 төгрөгөөр тооцох нь хуульд нийцэхээр байна.

9.4. Нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх талууд энэ талаар гэрээгээр тохироогүй учир хангахаас татгалзсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн 8.4.4-т “Барьцааны зүйл нь зээлийн болон бусад төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад эд хөрөнгөөр төлөх” үүргийг зээлдэгчид хүлээлгэсэн байх бөгөөд энэ талаар хариуцагчаас ямар нэгэн тайлбар хэлж татгалзаагүй байхад шүүхээс гэрээний зүйл заалтыг үл хэрэгсэхээс гадна хариуцагчийн татгалзаагүй хэсгийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “М” ХХК, “ха” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон хэсгийг хүчингүй болгож тус барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

10. Нэхэмжлэгч А-раас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээг хэлбэрийн шаардлага хангасан гэсэн атлаа барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа үндэслэл нь давхар эрх бүхий байгууллагын шийдвэрийг хууль зөрчсөн гэж талуудын маргаагүй төрийн захиргааны шийдвэр болох захиргааны актад дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчжээ.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь тусгай зөвшөөрөл барьцаалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь хариуцагч “Б” ХХК нь өөрийн хөрөнгөгүй учир нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үнийн дүнгээр шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдахааргүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон заалтыг хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг дээрх гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

11. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Б” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар “Банк” ХХК-тай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаан буюу татгалзал гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байсан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний үүргийг А-раас нэхэмжлэл гаргасан өдрийн ам.долларын ханшаар тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

12. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдүүдийн зүгээс барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Анхан шатны шүүх “М” ХХК-ийн барьцааны гэрээтэй холбоотой хэсгийг үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А-рын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2. Нэхэмжлэгч А-, “Банк” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт нийт 21,582,072.66 ам.доллар буюу 74,002,121,476 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг тус тус гаргуулах, барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны хөрөнгүүд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 17,856,345.15 ам.доллар буюу 47,712,154,240 төгрөгийг төлөхийг, гуравдагч этгээд “Ж” ХХК барьцааны зүйлээр, “Ан” ХХК барьцааны зарим зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. “Банк” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан

а. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3-МДМ-3 2017-09 дугаар зээлийн гэрээгээр 4,000,000 ам.долларыг “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй Монгол хуурай сүү төслийн хүрээнд, эхний ээлжинд байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 9.75 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай зээлдүүлэх, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээл 4,000,000 ам.долларыг төлөх,  

б. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн З-МДМ-ЗҮ 2017-27 дугаар зээлийн гэрээгээр 3,404,000 ам.долларыг мөн төслийн хүрээнд байгуулагдах хуурай сүү, аарцны 14 цехийг санхүүжүүлэх зорилгоор, жилийн 9.75 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай зээлдүүлэх, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээл 3,404,000 ам.долларыг төлөх,  

в. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн З-МДМ-З 2017-203 дугаар зээлийн гэрээгээр 7,560,970 ам.долларыг мөн төслийн хүрээнд байгуулагдах хуурай сүүний 30 цехийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 9.75 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай зээлдүүлэх, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлээс 3,780,485 ам.долларыг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд хүү төлж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт үлдэх 3,780,485 ам.долларыг тус тус төлөх,

г. дээрх гурван гэрээний зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр харилцан тохиролцсон. 

 

3.2. Гэрээний талууд

а. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ-МДМ 2017-206 дугаартай гэрээгээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3-МДМ-3 2017-09, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн З-МДМ-ЗҮ 2017-27 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-МДС-ИХ 2017-29 дугаар барьцааны гэрээнд тус тус өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2 жилээр сунгаж,

б. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн З-МДМ-З 2017/09/1 дугаар гэрээгээр 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн З-МДМ-ЗҮ 2017-27 дугаар зээлийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн З-МДМ-З 2017-206/1 дугаар гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн З-МДМ-З 2017-206 дугаар гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн З-МДМ-З 2017-203/1 дугаар гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн З-МДМ-З 2017-203 дугаар гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус тус сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна.

 

3.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

3.4.Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу 14,964,970 ам.долларыг хариуцагч “Б” ХХК-д шилжүүлж, үүргээ гүйцэтгэжээ.

 

5.1. Нэхэмжлэгч “Банк” ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү тооцоолол гэх баримтад зээлдэгч “Б” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар З-МДМ-ЗҮ 2017-27 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,404,000 ам.доллар төлөхөөс 994,519.46 ам.доллар, зээлийн хүү 1,737,106.01 ам.доллар төлөхөөс 11,359.52 ам.доллар, нийт 1,005,878.98 ам.доллар төлсөн, харин 3-МДМ-3 2017-09, З-МДМ-З 2017-203 дугаар зээлийн гэрээнүүдийн хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй байна.

 

5.2. Зээлдүүлэгч нь зөрчлийг арилгах талаар удаа дараа сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

 

5.3. Зээлийн гэрээ нь урт хугацаатай гэрээнд хамаарах тул гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх энэ маргаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах зохицуулалтыг тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэлээ.   

 

5.4. Түүнээс гадна гэрээний нэг талын үүргийн зөрчилд хамаарахгүйгээр гэрээний нөгөө тал хүсэл зоригийг илэрхийлж, гэрээнээс татгалзах санал гаргах, уг саналыг хүлээн авах журам тогтоосон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлах үндэслэлийг зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбож тайлбарласан болно. Иймд нэхэмжлэгч талын гаргасан зөрчилтэй тайлбар, холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5.5. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч тал гэрээг цуцлахын тулд гэрээний зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

5.6. А- 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Б” ХХК-д холбогдуулан “Банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн байна. Гэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй болно. 

Иймд А- 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж дүгнэж уг хугацаанаас хойшхи зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсныг залруулах нь зүйтэй байна.

 

5.7. Иймд хариуцагч нь З-МДМ-ЗҮ 2017-27 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 2,409,480.54 ам.доллар, хүү 1,725,746.49 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7,189.97 ам.доллар, 3-МДМ-3 2017-09 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 4,000,000 ам.доллар, хүү 2,179,325.34 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 19,446.58 ам.доллар, З-МДМ-З 2017-203  дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 7,560,970 ам.доллар, хүү 3,679,913.74 ам.доллар, нийт 21,582,072.66 ам.долларыг төлөх үүрэгтэй байна.

 

6. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг ам.доллароор байгуулсан тул буцаан төлөх үүрэг нь ам.доллараар тооцогдоно. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш гэх ойлголтод үндэсний болон гадаад валютын өөр өөсдийнх нь үнэ цэнэд өөрчлөлт орсныг ойлгох бөгөөд харин тэдгээрийн харьцааг тодорхойлохгүй болно. Мөнгөний ханш нь өөрийнх нь үнэ цэнэ тул төлбөр төлөх үеийн үнээр тооцох учиртай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацааг хариуцагч үүргээ гүйцэтгэх үе гэж тодорхойлохгүй юм. Хариуцагчийн үүрэг үүсэх үе нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үе юм. Энэ үед ам.долларын ханш буюу үнэ цэнэд хэрхэн өөрчлөлт орсон талаар талууд маргаагүй, баримт гаргаж өгөөгүй. Харин 1 ам.долларын төгрөгтэй харьцах харьцаанд өөрчлөлт орсон нь түүний үнэ цэнэд өөрчлөлт орсон гэж дүгнэхгүй, харин төгрөгийн үнэ цэнэ буурсан гэж дүгнэнэ. Талууд гэрээг төгрөгөөр тодорхойлоогүй тул төгрөгийн үнэ цэнэ буурсан байдал гэрээний үүрэгт нөлөөлөхгүй болно.   

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг  нэмэгдүүлэх үеийн буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ам.долларыг 3,428.87 төгрөгийн үнэтэй байсныг тооцож 74,002,121,476 /21,582,072.66 ам.доллар*3,428.87 төгрөг/ төгрөгийг хариуцагч “Б” ХХК зээлийн гэрээний үүрэгт төлөх тул уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. 

 

7. Нотариатын зардал 60,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар зохигч гомдол гаргаагүй байх тул хариуцагчаас гаргуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ 74,002,181,476 төгрөг болж байна. 

 

8.1. “Банк” ХХК болон “Б”, “Ж” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн З-МДМ-Б 2017-10 дугаарын барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ж” ХХК-ийн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, - хаягт байрлах, - талбайтай, үйлчилгээний зориулалттай, - дугаартай, - дугаарын гэрчилгээтэй, 9,761,575,148 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, - дугаартай, -, - дугаарын гэрчилгээтэй, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 тоот шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалттай, 963,600,000 төгрөгийн үнэлгээтэй, газар эзэмших эрхийг барьцаалсан, гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

“Ж” ХХК нь дээрх барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд газар эзэмших эрхийн эзэмшигч байх тул гэрээний барьцаалуулагч тал болно. Энэ гэрээнд “Б” ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зурсан боловч уг компанийн өөрийн хөрөнгө барьцаалагдаагүй байх тул барьцаалуулагч гэж тооцогдохгүй юм.

Гуравдагч этгээд “Ж” ХХК нь уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Иймд анхан шатны шүүх уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн, энэ шийдэлд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

8.2. “Банк” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б-МДМ-ИХ 2017-28 дугаартай барьцааны гэрээгээр “А” ХХК-ийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, - талбай бүхий, 417,922,748 төгрөгийн үнэлгээтэй, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, савлагааны үйлдвэр байгуулах эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, - талбай бүхий, 494,832,800 төгрөгийн үнэлгээтэй, газар эзэмших эрх, ирээдүйд бий болох эд хөрөнгө, эд хөрөнгийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор /сэлбэг, нэмэлт оруулга/ оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогыг барьцаалсан, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Гэрээний зүйлийг “Б” ХХК болон “Ан” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээний дагуу “Б” ХХК шилжүүлэн авахаар болсныг тэмдэглэжээ.

Энэ зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахад гуравдагч этгээд “Ан” ХХК татгалзахгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд зохигч, гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй.  

 

8.3. “Банк” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б-МДМ-ИХ 2017-29 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗБ-МДМ 2017-206 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 16,145,180,800 төгрөгийн үнэлгээтэй, “Б” ХХК-ийн төслийн хүрээнд ирээдүйд бий болох 30 ширхэг хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж, /цагт 80 литр шингэн сүү боловсруулж, 10 кг хуурай сүү боловсруулах хүчин чадал бүхий иж бүрэн тоног төхөөрөмж/, үүнд: тоосруулан хатаагч, өтгөрүүлэгч, хөргөгч танк, сүү чанах танк, сүү жигнэх танк, аарцны контейнер, эйр компрессор, ялтсан хөргүүр, халаагч, лабораторийн төхөөрөмж, тэдгээрийн бүрдэл хэсэг, засан сайжруулах зорилгоор   оруулсан нэмэлт, өөрчлөлт, үр шим, тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогыг  барьцаалжээ. Гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-МДМ-ИХ 2017-29 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗБ-МДМ 2017-206 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 16,145,180,800 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг барьцаалсан талаар дүгнэсэн атлаа үүргийн гүйцэтгэлийг 8,758,953,670 төгрөгийн хэмжээгээр хангуулахаар дүгнэж шийдвэрлэсэн хэсэгт хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

8.4. “Банк” ХХК болон “аг” ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2/04 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “аг” ХХК-ийн, - дугаартай, - гэрчилгээний дугаартай, 54,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Гүн бүрдийн ам хаягт байрлалтай, - талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалжээ. Гэрээ нь бичгээр байгуулагдсан тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гуравдагч этгээд “аг” ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзахдаа барьцааны гэрээг хуурч мэхэлж, хүч хэрэглэж хийсэн гэрээ гэж маргах боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт гуравдагч этгээд “аг” ХХК давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

8.5. “Банк” ХХК болон “Ан” ХХК 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2/15 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр “Ан” ХХК-ийн - бүртгэлийн дугаартай, - дугаарын гэрчилгээтэй, 117,332,550 төгрөгийн үнэлгээтэй, Улаанбаатар хот Налайх дүүргийн 02 дугаар хороонд байрлах, - талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гуравдагч этгээд “Ан” ХХК нь барьцааны гэрээг хуурч мэхэлж, хүч хэрэглэж хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гуравдагч этгээд “Ан” ХХК давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

9.1. “Банк” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б-МДМ-ТЗ 2017-205 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн - дугаар бүхий, 34,632,870,900 төгрөгийн үнэлгээтэй, Дорнод аймаг, Баянтүмэн сум, Хашаатын цам нэртэй газар орших, - талбай бүхий, уурхайн талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох бичиг баримтын хамт,

“Банк” ХХК болон “ха” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/05 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр “ха” ХХК-ийн - дугаартай, 538,200,000 төгрөгийн үнэлгээтэй, Улаанбаатар хот, Налайх дүүргийн Шаварт нэртэй газарт орших тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт тус тус барьцаалжээ.

 

9.2. Дээрх 2 барьцааны гэрээний зүйл нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд уг зөвшөөрлийг барьцаалахтай холбоотой хязгаарлалтыг зохицуулсан байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар нарийвчилан зохицуулсан хуулийг буюу Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх учиртай. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт: “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад ... барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж заасан байх бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гагцхүү уг зөвшөөрлийн дагуу явуулах үйл ажиллагаанд санхүүжилт олох, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал шийдвэрлэх тохиолдолд барьцаалахаар хязгаартайгаар зохицуулсан байна.

 

9.3. Маргаан бүхий дээр дурдсан 2 барьцааны гэрээний зориулалт нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах бөгөөд уг зээлийн гэрээ нь ашигт малтмалын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх, уг үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зориулалтгүй байгаа нь уг 2 барьцааны гэрээг талууд байгуулахдаа хууль зөрчсөн байна. Иймд энэ хоёр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар анхнаасаа буюу байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна.

Барьцаагаар хангагдах шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд барьцааны гэрээ хуульд нийцсэн байх ёстой. Барьцааны гэрээнд хуульд хэлбэрийн шаардлага тавьсан тохиолдолд талууд маргаагүй байсан ч шүүх уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгана. Гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх барьцааны дээрх 2 гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгаж хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцсэн байх боловч энэ нь шүүх санаачилгаараа шаардлага болгон томъёолох, эсхүл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах ёсгүй юм. Иймд шийдвэрийн 2 дахь заалт буюу дээрх хоёр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

9.4. Хууль зөрчиж байгуулсан дээрх 2 барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхгүй тул холбогдох шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8.4.4-т “Барьцааны зүйл нь зээлийн болон бусад төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад эд хөрөнгөөр төлөх”-өөр талууд тохиролцсон боловч барьцааны зүйл нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар тодорхой байх учиртай. Талуудын тохиролцоон дахь “бусад эд хөрөнгө” гэж заасан зүйл тодорхой бус, ойлгомжгүй байх тул энэ талаар талуудыг барьцааны гэрээ байгуулсан гэж дүгнэхээргүй байна. Барьцааны гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь барьцааны зүйл шаардах эрхгүй юм. Энэ талаар хариуцагч тайлбар гаргах эсэхээс үл шалтгаалж шүүх дүгнэлт өгөх учиртай. Иймд холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв, хариуцагч маргаагүй байхад барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.  

 

11. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон тул 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж дугаарласан өөрчлөлтийг оруулна.

 

12. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байхаар тодорхойлох учир иргэний гүйлгээнд байхгүй мөнгөний нэгжийг шийдвэрийн тогтоох хэсэгт заах шаардлагагүй болно.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00565 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-аас 74,002,181,476 /далан дөрвөн тэрбум хоёр сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөг гаргуулж “Банк” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж, уг заалтаас “56 дугаар зүйлийн 56.5” гэснийг хасч,

4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, “292,253,758,37 төгрөг /хоёр зуун ерэн хоёр сая хоёр зуун тавин гурван мянга долоон зуун тавин найман төгрөг гучин долоон мөнгө/” гэснийг “370,168,857 төгрөг” гэж өөрчилж,

5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, 41.1.16-д тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА