Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2023/00026

 

                                              

 

Н, М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2023/00310 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Н,

 

Нэхэмжлэгч: М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ад холбогдох,

 

1,940,000 төгрөг, 1,050,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагчаас гаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н /зайнаас цахимаар/, хариуцагч А /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Миний бие 2022 оны 5 дугаар сарын 27-нд “***” ХХК-ийн захирал Атай хийсэн аман гэрээний дагуу 1,400,000 төгрөгийн цалинтай тогоочоор ажилд орсон. 05 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 27-ыг хүртэл ажилласан 07 дугаар 09-нд “***” ХХК компаниас 800,000 төгрөг авсан, иймээс цалингийн үлдэгдэл болох 1,940,000 төгрөгийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Мийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Миний бие Атай аман гэрээ хийсний дагуу 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 41 хоног ажилласан. Ажлын хөлс 2,050,000 төгрөг авах байснаас 1,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 01-ний өдөр Ааас авсан, одоо үлдэгдэл 1,050,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “...Одоо үлдэгдэл 1,540,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

4. Хариуцагч Аын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга:

4.1. “...ах Мын Хаан банкны 5105026253 дансны хуулгаас харвал 2022 оны 05 дугаар сарын 25 өдөр А, Н нар 400,000 төгрөгийн урьдчилгаа цалин авсан байна мөн ахынх нь гаргаж өгсөн баримтад энэ талаар Н тогооч 200,000 төгрөг урьдчилгаа гэж бичсэн байна. Миний бие 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 860,000 төгрөг шилжүүлсэн байна. Н манай компанид ажилласан хугацаа 2022 оны 06 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 5, 07 дугаар сарын 9-нөөс 7 дугаар сарын 15 хүртэл нийт 16 хоног ажилласан. Ажилласан хоногийн хөлсийг А Н 2 надруу мессежээр *** дугаарын утаснаас 2022 оны 08 дугаар сарын 14-нд намайг осолд ороод УБ-т эмнэлэгт хэвтэж байх үед 16 хоногийн цалин 746,000 төгрөг нэхсэн, баримт байгаа учир Нт өр төлбөргүй,

4.2. “...миний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 01 өдөр 1,000,000 төгрөгийг Мийн Хаан банкны *** дугаартай дансанд шилжүүлсэн. Энэ цалин нь түүний ажилласан хугацааны хөлс бөгөөд жолоочийн ажил өмнөх ажлаас хөнгөн гэж үзэж урьдах хөлснөөс бууруулж 1 сая төгрөг олгохоор тохиролцож байсан. М 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажилласан учир түүнд өр төлбөргүй гэж үзэж байна” гэжээ.  

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ааас 1,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нт, 1,050,000 төгрөг гаргуулж Мд тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нээс 45,990 төгрөг, Мөөс 29,750 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ааас төгрөг 16,850 гаргуулан нэхэмжлэгч Нт, 29,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Аын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 6.1. “... Нийн өдрийн цалинг 1,400,000/30-46666.6 төгрөг бөгөөд 6 дугаар сард хамрын хийд рүү 3 өдрийн чөлөө авч явсан бөгөөд иймд 3 өдрийн цалин 140,000 төгрөгийг хасч эхний сарын цалин 1,260,000 төгрөг шилжүүлсэн. Н, нөхөр н.Атай хамт ажиллаж байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 14 өдөр миний дугаарт мессеж бичиж өөрийн ажилласан 16 хоног ажилласан цалин 746,000 төгрөг, нөхрийн цалин 1,400,000 төгрөг  нийт 2,146,000 төгрөг авна гэж, өөрийн болон нөхрийнхөө дансны дугаарыг бичсэн мессеж бичсэн. Анхан шатны шүүхэд мессежний хуулбарыг гаргаж өгсөн, эх сурвалжийг магадлах үүднээс гар утсандаа үзлэг хийлгэсэн. Гэвч анхан шатны шүүх мессежний агуулгыг тал бүрээс нь, бусад нотлох баримттай харьцуулж, хэрэгт хамааралтай, шалтгаант холбоотой талаас нь үнэлээгүй, ... нэхэмжлэгчийн 16 хоног ажилласан 746,000 төгрөг, нэг хоногийн цалинг мөн өдрөөр үржүүлсэнтэй бараг адил хэмжээтэй гардаг  (46666x16=746656), нэхэмжлэгч болон нөхрийнх нь банкны дансны дугаар уг мессежэд байдаг, нөхрийн дансанд нь түүний мессежэд бичсэний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,400,000 төгрөг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байдаг /хх 65/. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг 07 дугаар сарын 27 өдөр хүртэл ажилласан, нэхэмжлэгч цалинг  үндэслэлгүй тооцсон нь өөрийнх нь бичсэн мессежээр няцаагдаж байна, миний хийсэн тооцоогоор нэхэмжлэгчид 746,000 төгрөг олгохоор байна.

6.2. “...Анхан шатны шүүхээс ажилласан хоногийг 41 хоног гэж тогтоосон нь үндэслэлгүй, М нэхэмжлэлдээ 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил эхэлсэн гэж дурддаг боловч баримтаар нотолсон зүйлгүй түүний хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч С.Мөнхбатын мэдүүлэгт түүний ажилласан хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 25 өдрөөс 11 дүгээр сарын 01 хооронд гэж мэдүүлдэг. Мөн хариуцагч миний шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг дээрх мэдүүлэг давхар нотолж, 09 дүгээр сарын 20-нд ажил эхэлснийг няцаадаг. Иймд анхан шатны шүүхээс ... 5 хоногийн илүү цалинг бодсон байна. Хоногийн цалинг 50,000 төгрөг гэж үзвэл 250,000 төгрөгийн илүү цалин болж байна. Тиймээс Нт 746,000 төгрөг, Мд 800,000 төгрөг олгоно гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би ...1,260,000 төгрөг авсан, үлдэгдэл 1,545,000 төгрөгийг авах ёстой. Намайг 07 дугаар сарын 16-ны өдөр явсан гэж байна. Би 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан, ... манай ах 1,050,000 төгрөг л авах ёстой. ... 746,000 төгрөгийг гаргуулж авъя, гэхдээ аль болох богино хурдан хугацаанд авмаар байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Аын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэлээ.  

1. Хэдийгээр анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан “Хөлсөөр ажиллах” гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцсэн, тухайн харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн боловч талуудын тохирсон хөлс, ажилласан хоног болон хугацаатай холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Учир нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судалж, үзлэг хийсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. 

Гэхдээ энэ нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан, хэлэлцэгдсэн боловч үнэлээгүй орхисон нотлох баримтыг үнэлж улмаар уг баримтад  үндэслэн дүгнэлт хийж, шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбар татгалзлын тухайд тодруулбал:

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ааас ажлын хөлс гаргуулах буюу нэхэмжлэгч Н “...*** ХХК-ны захирал Атай 2022 оны 5 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 27 хүртэл, 1 сарын хөлс 1,400,000 төгрөгөөр тохирсон, нийт 860,000 төгрөг авсан одоо үлдэх 1,940,000 төгрөг гаргуулах” гэж,

нэхэмжлэгч М “...  би 2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-н хүртэл 41 хоног, ажлын хөлс өдрийн 50,000 төгрөгөөр тохирч, жолоочоор ажилласан, 1,000,000 сая төгрөгийг авсан, үлдэх 1,050,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн,

анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа “...400,000 төгрөгийг мөн хүлээж авснаа зөвшөөрнө, одоо үлдэгдэл 1,540,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж багасгасныг,

хариуцагч А эс зөвшөөрч, “Н манай компанид 16 хоног ажилласан, миний бие Нт өр төлбөргүй, ... Мийн хувьд 1 сая төгрөг олгохоор тохиролцож байсан, Мд өр төлбөргүй гэж үзэж байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан байна.

3. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ааас 1,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нт, 1,050,000 төгрөг гаргуулж Мд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Ааас “...Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлээгүй, Нт 746,000 төгрөг, Мд 800,000 төгрөг олгоно гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

5. Анхан шатны шүүхэд гаргасан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, үзлэг хийж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үзэхэд:

Маргааны үйл баримтаар тодорхойлогдож буй харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тодорхойлсон учир ажиллагч буюу нэхэмжлэгч нар тохирсон ажлыг гүйцэтгэх үүрэгтэй, ажиллуулагч буюу хариуцагч хөлс төлөх үүрэгтэй байна.

            Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Н тогоочоор, нэхэмжлэгч М жолоочоор ажиллахаар хариуцагч Атай тус тус тохирсон, талууд маргаагүй.

6. Харин талууд ажилласан хоног, авах хөлсний хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Н 1,260,000/400,000+860,000/ төгрөгийг ажлын хөлсөнд авсан, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, *** утасны дугаараас 2 удаа хариуцагч Аын *** утасны дугаар луу 2 удаа залгаж, “...Нгийнх 6.28-7-5.7-9.7.15 хүртэл ажилласан 16 хоног 746000 авна” гэж message /шуурхай зурвас/ илгээсэн,

нэхэмжлэгч М өдрийн хөлс 50,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хүлээн авснаа тус тус зөвшөөрчээ.

            Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас “...нэхэмжлэгч Нийн илгээсэн зурвас”-нд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ханган хариуцагчийн гар утсанд үзлэг хийсэн байх ба уг утсанд ирсэн дуудлага, зурвастай холбогдуулж, хэргийн оролцогч нараас “...тайлбар байхгүй” гэжээ. 

            6.1. Анхан шатны шүүх шийдвэртээ үзлэг хийж, тогтоосон нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчоос бүрэн гүйцэд тодруулалгүй, хянаж, үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүрэн хангаж, шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ. 

6.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын хүсэлтээр, гэрч Маас мэдүүлэг авсан байх ба “...нэхэмжлэгч Нт ажлын хөлс урьдчилгаа 400,000 өгч байсан, М 2022.9.25-ны өдрөөс 1 сарын 1,500,000 төгрөгөөр, 2022.11.01-ний өдөр хүртэл ажилласан” талаар мэдүүлсэн байна.  

            Гэрчээс мэдүүлэг авахдаа түүнд эрх үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзвал Эрүүгийн хуульд зааснаар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учрыг сануулж, мэдүүлгийг авсан байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзнэ.

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч /нэхэмжлэгч, хариуцагч нар/ “шүүхэд хэргийн талаар үнэн зөв, тайлбар гаргах” үүрэгтэй учир нэхэмжлэгч Н, М, хариуцагч А нарын тайлбар, гаргасан нотлох баримтууд,  хариуцагчийн гар утсанд ирсэн дуудлага болон зурвас-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  гэж үзэх үндэслэлтэй.  

Тиймээс дурдсан нотлох баримт болон хариуцагч Ааас нэхэмжлэгч Н нь 2022 оны 07 дугаар сарын 09-нд 860,000 төгрөг /хх 5/, гэрч Маас 400,000 төгрөг /хх 5, 55/, нэхэмжлэгч М нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг /хх 44/-ийг хүлээн авсан баримт, гэрчийн мэдүүлэгт /хх 54-56/ тус тус үндэслэн үзэхэд нэхэмжлэгч Н  ажилласан 16 хоног, авах хөлс 1 сарын 1,400,000 төгрөгөөр тооцоход, 746,000 /1 өдрийн 46,666/ төгрөгийг,

нэхэмжлэгч М 1 сарын ажлын хөлс 1,500,000 төгрөг, өдрийн хөлс 50,000 төгрөг, нийт ажилласан 36 хоног, ажлын хөлс 1,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж хасаж, тооцоход 800,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож,

хариуцагч Ааас гаргуулахаар  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  мөн эдгээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах гомдлыг хангасан учир хариуцагчаас гомдол гаргахад урьдчилан төлсөн, улсын тэмдэгтийн хураамж болох 56,390 төгрөгийг түүнд буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт нийцнэ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2023/00310 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ааас 746,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нт, 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мд тус тус олгож, Нийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794,000 төгрөг, Мийн нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дугаар заалтын “... 16,850...” гэснийг “22,450” гэж, “...29,750...” гэснийг “23,750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Аын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА