Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2016/01547/и |
Дугаар | 001/ХТ2017/00865 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2017/00865
Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00045 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 847 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Ө.Наранцэцэг,
Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,
Нэхэмжлэлийн шаардлага : Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны 29Б байрны 3 тоот 44,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлсэн боловч 81 510 800 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямд үнэлсэн. Үүнийг би зөвшөөрөхгүй байна. Албадан дуудлага худалдааны санал болгох доод үнээс 70 хувь, 50 хувиар буурч тогтоогдож байгаа тул би 2 өрөө байраа 40 000 000 төгрөгөөр худалдахад хүрээд байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 1/
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.08-ны өдрийн 102/ШШ2016/00427 дугаар захирамжаар Ө.Наранцэцэгээс 48.679.418 төгрөг гаргуулж Транс Трейд Би Би Эс Би ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2016.3.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Ө.Наранцэцэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Тогтоосон хугацаанд төлбөр барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 29/Б байрны 3 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ө.Наранцэцэг, хамтран өмчлөгч Б.Даваачулуун нар 250 сая төгрөгөөр үнэлсэн. Үүнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээч 81.510.800 төгрөгөөр үнэ тогтоосон. Үүнийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2016.5.19-ний өдрийн 3/19119 тоотоор мэдэгдсэн. Үнийн 70 хувь буюу 57.057.560 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016.6.10-ны өдрийн 10 цагт дуудлага оруулахаар нийтэд мэдээллэсэн ч үнийн санал ирээгүй. Санал болгох доод үнийг тогтоон 2016.7.08-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдэгдэхэд шүүгчийн 2016.6.28-ны өдрийн 181/ШЗ2016/01147 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийг шүүх 2016.9.21-ний өдөр 181/ШЗ2016/04304 дугаар захирамжаар буцааж байсан учраас үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнээс санал болгох доод үнийг тогтоон дахин 2016.11.25-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ. /хх 21/
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00045 дугаартай шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2016.5.17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 847 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Транс трейд би би эс би ББСБ-аас би 55 сая төгрөгийг зээл авч 30 сая төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл хүү, алданги тооцож надаас 47 сая төгрөг авахаар болоод байна. Мөн намайг дарамталж байрыг хураан, бүх зүйлийг гаргана гэж намайг дарамталж байна. Барьцааны байшинг 100-120 сая төгрөгийг хооронд үнэлэхээр байхад маш багаар үнэлж байгаа тул дахин үнэлгээ хийлгэх боломж олгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
“...анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох...” нэхэмжлэлийг Ө.Наранцэцэг шүүхэд гаргасан /хх 64/ боловч анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу төлбөр төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш явагдсан /хх 53-56/ байна.
Анхны албадан дуудлага худалдаа явагдсанаас хойш Ө.Наранцэцэг шаардлагаа өөрчлөөгүй хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлээ “...байраа төлбөрт өгөхгүй...” /хх 80/ гэснээс үзвэл тэрээр анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг бус, харин хүчин төгөлдөр захирамжийн дагуу явуулсан албадан гүйцэтгэх ажиллагааг эс зөвшөөрчээ.
Төлбөр төлөгч үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан гэх боловч анхны албадан дуудлага худалдаа явагдсан байгааг шүүх анхаараагүй, энэ талаар тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.
Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/00427 дугаар захирамжийн дагуу явуулсан гүйцэтгэх ажиллагаатай холбоотой тайлбар, нотлох баримтыг хариуцагч гаргаж, зохигчид мэтгэлцсэн байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжтой гэж үзлээ.
Ө.Наранцэцэг нь Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжийн дагуу явуулсан албадан гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна .
2. Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 102/ШШ2016/00427 дугаар захирамж гаргаж, “...“Транс трейд би би эс би ББСБ” ХХК Ө.Наранцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 48.479.200 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч уг мөнгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон...” байв. /хх 24-25/
Шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид барьцааны гэрээтэй холбоотой заалт байхгүй буюу 48.479.200 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулах байтал хариуцагч төлбөрийг шууд 2 өрөө орон сууцнаас гаргуулахаар болсон нь мөн хуулийн 4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, 53-56, 34-50 дугаар зүйлийг зөрчжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 29б байр, 3 тоот 2 өрөө орон сууц нь хоёр хүний буюу Ө.Наранцэцэг, Б.Даваачулуун нарын өмч байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид Б.Даваачулуунаас төлбөр гаргуулах заалт байхгүй байна.
4. Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхдээ хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх бөгөөд төлбөр төлөгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохигчид эвлэрсэн заалт Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах үндэслэл юм.
Дээр дурдсан үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш явуулсан бүх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид заасан төлбөрийг Ө.Наранцэцэгээс албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулахад энэ тогтоол саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 847 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 53 дугаар зүйлд заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш явуулсан бүх ажиллагааг хүчингүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00427 дугаар захирамжид заасан төлбөрийг Ө.Наранцэцэгээс албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдсугай.
3. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Ө.Наранцэцэгт захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ