Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01322

 

 

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01322

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

Гуравдагч этгээд: В ХХК,

орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А ХХК нь С ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын гүйцэтгэлд бартераар Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот бүхий 27.94 м.кв 1 өрөө орон сууцыг 52,555,140 төгрөгөөр тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Гэрээт ажлын хөлсөнд ирсэн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлэхээр тохиролцсоны дагуу ажилтан Б-тэй 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын нэмэлт гэрээг байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний хамтаар хүчин төгөлдөр байхаар тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч Б-ийн нэр дээр гаргахад шаардлагатай материал бүрдүүлэх зорилгоор В ХХК нь Б-тэй орон сууц захиалгын гэрээг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Энэ гэрээ нь зөвхөн эд хөрөнгийн улсын бүртгэлд зориулагдаж хийсэн.

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б- болон В ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь гэрээ дангаараа хэрэгжихгүй бөгөөд А ХХК анх орон сууц өмчлөх эрхийг олж авсан.

Б- нь өөрийн хүсэл зоригоор В ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй, харин В ХХК болон Эй жи зет ХХК-ийн ажил хэргийн холбоо харилцаа, гэрээний төлбөр тооцооны үндсэн дээр байгуулсан. Б-ийн гэрээгээр халхавчлагдаж байгаа дээрх хэдэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь бартераар ирсэн орон сууцны шаардах эрхийг тухайн үед А ХХК-д гагнуурчин хийж байсан Б-т шилжүүлэн өгөхөөр тохиролцож, орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээг байгуулсан. Гэрээний 1.4-т заасны дагуу ажилтан Б- нэхэмжлэгч байгууллагад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн ч тодорхой шалтгаангүйгээр гэрээний үүргээ зөрчиж, үүрэгт ажлаа орхин явсан.

Ийнхүү орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээний үүргээ зөрчиж, байгууллагын үйл ажиллагааны орлогын дагуу ирсэн орон сууцны эрхийг хариуцагч шууд өөртөө шилжүүлэн авсан тул нэгэнт уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа хариуцагчид тогтоох шаардлагагүй бөгөөд гэрээг цуцлагдсаныг хариуцагч ч хүлээн зөвшөөрдөг.

Иймд В ХХК-ийн Б-тэй 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК нь Б-ийг 2015 оны 05 дугаар сараас эхлэн сайн ажилласан гэж 15,766,542 төгрөгөөр шагнаснаа мэдэгдэж орон сууцны төсөлд хамтран ажилласан С ХХК-аас орон сууц зээлээр худалдан авах боломж олгосон. Б- нь Сонгинохайрхан дүүрэг 37-р хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот бүхий 27.94 м.кв 1 өрөө орон сууцыг хувиасаа болон банкнаас зээл авч өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Энэ орон сууц нийт 52,555,140 төгрөгийн үнэтэй бөгөөд А ХХК-аас 15,766,542 төгрөгийг төлж, үлдэх 36,388,598 төгрөгийг Б- хувиасаа болон банкнаас зээл авч төлж дуусгасан тул зохих журмын дагуу Улсын бүртгэлийг газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Өөр хэлцлүүдийг халхавчлах зорилгоор хийсэн гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж буй хэлцлүүд нь хөдөлмөрийн харилцааг тодотгосон, хоорондоо шалтгаант холбоотой харилцаа байна. Тиймээс нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд В ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А ХХК нь С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. С ХХК болон В ХХК нь ТЭСО группийн харьяа компаниуд бөгөөд энэ гэрээний төлбөрт В ХХК-ийн барьсан 114 дүгээр байрны 2 дугаар орц *** тоот 1 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон тул 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр В ХХК болон А ХХК-ийн хооронд 1 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан.

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр А ХХК нь захиалагчийн эрх үүргийг ажилтан Б- гэх хүний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг тавьж орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт гэрээг байгуулан Б-т захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А ХХК нь урьдчилгаа төлбөрт 15,759,750 төгрөгийг төлсөн.

2022 оны 05 дугаар сард орон сууцны үлдэгдэл 36,000,000 төгрөгийн төлбөрийг Б- бүрэн төлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг манай байгууллагад гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эрх шилжсэн гэрээ нь Б-тэй байгуулсан учраас А ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг Б-ийн нэр дээр шилжүүлэн байгуулсан ба орон сууцны өмчлөх эрх Б-т шилжсэн.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдох нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан Сонгинохайрхан дүүрэг 37-р хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот хаяг байрлах 27.94 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас 657,550 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 236,825 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Б-, В ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

В ХХК-ийн хувьд дээрх гэрээг улсын бүртгэлд зориулж хийсэн, уг гэрээг хэрэгжүүлэх эсэх асуудлыг зөвхөн А ХХК хэрэгжүүлэх боломжтой гэж тайлбарладаг. Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-г анх А ХХК болон В ХХК байгуулсан, энэ гэрээний огноо дугаараар яг ижилхэн гэрээг хариуцагчтай байгуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан. Иймд уг орон сууцыг хүлээн авах, шаардах эрх зэргийг анх нэхэмжлэгч компанид үүссэн.

Тухайн 1 өрөө орон сууцыг 52,555,140 төгрөгийн үнэтэй байсан ба хариуцагч Б- энэ төлбөрийг төлөөгүй. Нөгөө талаар А ХХК анх уг байрны эрхийг анх олж авсан учир шаардлага гаргах эрхтэй этгээд тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгө тул гэрээний хувьд гуравдагч этгээд шаардлага гаргах эрхтэй байх эрхийн зөрчилтэй эд хөрөнгө болно. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл-ийн шинжийг хангаж байгаа.

Энэ гэрээ нь дангаараа хэрэгжих боломжгүй, өмнө нь дурдсан В ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ болон Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох гэрээ зэрэг гэрээний үндсэн дээр байгуулагдсан халхавч хэлцэл болно.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийн шинжтэй холбоотой дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагч болон гуравдагч нарын хооронд байгуулсан хэлцэл нь улсын бүртгэлд гэрчилгээ гаргуулахад зорилго бүхий хэлцэл юм.

Б- нь өөрийн хүсэл зоригоор, В ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй. Харин В ХХК болон А ХХК нарын өмнөх ажил хэргийн холбоо харилцаа, болон түүнд дагуу гэрээний төлбөр тооцооны үндсэн дээр байгуулагдсан. Б-ийн гэрээгээр халхавчлагдаж байгаа дээрх хэд хэдэн хэлцэл байгаа нь тодорхой байна. Иймд энэ шинжээрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэж үзэх үндэслэлтэй байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.2. Мөн анхан шатны шүүх Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-г цуцалж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хариуцагчийг өнгөрсөн хугацаанд ажилласан байдлыг нь үнэлж урамшуулал олгохоор шийдвэрлэсэн гэж үзсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ нь ирээдүйд тухайн компанид тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой буюу тодорхой хугацаа зааж байгуулсан гэрээ байсан юм.

Талуудын байгуулсан гэрээний 1.4-д заасны дагуу Б- нь нэхэмжлэгч байгууллагад 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 10 жил хүртэл хугацаагаар тогтвор, суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн. Б-ийн хувьд тодорхой шалтгаангүйгээр дээрх гэрээний үүргээ шууд зөрчиж, үүрэгт ажлаа орхиж явсан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч компани компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа хариуцагчид тогтоох шаардлагагүй бөгөөд гэрээг цуцлагдсаныг хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг.

Хариуцагч нь гэрээний үүрэг зөрчсөн тул гэрээний дагуу шилжүүлсэн байсан орон сууц худалдаж авах, хүлээн авах эрхийг буцаан шилжүүлж авах ёстой.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт орон сууцыг буцаан шилжүүлж авах боломжгүй талаар илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх нэг талдаа талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт хийгээд байгаа боловч үр дагаврын асуудлыг орхигдуулсан. Нэхэмжлэгч нь 15% бус 30%-ийн урьдчилгааг хариуцахаар тохиролцсон бөгөөд ингэхдээ ажилтанд ирээдүйд тогтвортой ажиллах үүрэг хүлээлгэхээр болсон. Хэрэв ажилтан ажил олгогчийн хооронд тохиролцсон гэрээний үүргийг зөрчсөн бол ажил олгогч олгохоор тохиролцсон урамшууллыг буцаан шаардах эрхтэй болно. Гэвч шүүх энэ талаар дүгнээгүй. Шүүх Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-ий зөрчил бий болсон эсэх, нэхэмжлэгч уг урамшууллыг буцаан шаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа болон нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан В ХХК болон Б- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан В ХХК болон Б- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А ХХК болон С ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг ажил гүйцэтгэх гэрээний зарим төлбөрийг Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Содон хорооллын байрнаас орон сууц худалдан авах гэрээний үнийн дүнд тооцохоор талууд тохиролцсон /174-179/.

Үүний дагуу А ХХК болон В ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, А ХХК нь Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот, 27.94 м.кв орон сууцыг захиалж, орон сууцны төлбөрийн 30 хувь 15,766,542 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 70 хувь 36,788,598 төгрөгийг орон сууцыг ашиглалтад хүлээн авсны дараа буюу улсын комиссын акт гарсны дараа 21 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон /хх 23-25/.

Дээрх орон сууц захиалгын гэрээнд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, тус орон сууцны өмчлөлийг Б-ийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байна /хх 20/.

3.2. Б- нь 2015 оны 05 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч А ХХК-д байнгын ажлын байранд, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.

А ХХК нь Б-тэй 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох гэрээг байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг 37-р хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот, 27.94 м.кв талбай бүхий, 52,555,140 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцны төлбөрийн 30 хувь болох 15,776,542 төгрөгийг компаниас төлж, орон сууцны өмчлөх эрхийг Б-т шилжүүлэх, Б- нь компанид цаашид 10 жил тогтвор суурьшилтай ажиллахаар тохиролцсон /хх 21-22/.

3.3. Мөн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Б- болон В ХХК нь орон сууц захиалгын гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот, 27.94 м.кв орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, Б- нь орон сууцны үнэ 52,555,140 төгрөг төлөхөөр тохиролцсон /хх 73-78/.

Орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн тул Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот хаягт байршилтай, 27.94 м.кв, нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Б-ийн нэр дээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан /хх 88/.

 

4. Хариуцагч Б- нь маргааны зүйл болж буй Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж 114 байр *** тоот хаягт байршилтай, 27.94 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг гагцхүү тухайн хөрөнгийн өмчлөгч шаардах эрхтэй.

 

4.1. Нэхэмжлэгч нь В ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагч талын эрх, үүргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б-т Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн байна.

Ийнхүү шилжүүлэн авсан эрх, үүргийн дагуу Б- нь В ХХК-нд орон сууцны үлдэгдэл төлбөр 36,388,598 төгрөгийг төлж барагдуулж Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, нь В ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээнд үндэслэж өмчлөгчийн шаардах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх эрхгүй.

 

4.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь В ХХК болон Б- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний эрх, үүргийг хариуцагчид шилжүүлсэн тул үүнд үндэслэж В ХХК болон Б- нарын хооронд хүчин төгөлдөр орон сууц захиалгын гэрээний харилцаа үүссэн. Иймд анхан шатны шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.3. Харин анхан шатны шүүх өмчлөгчийн шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлаагүйг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.4. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх, үүргийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон тул А ХХК болон Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох гэрээний харилцаанд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох гэрээг цуцалж, түүний үр дагаварт орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөгч болсон Б-ийн өмчлөх эрхийг үгүйсгэхгүй.

Тухайн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох гэрээг цуцалсан, татгалзсны үр дагаврын талаар зохигч маргахад энэ шийдвэр, магадлал саад болохгүй болохыг дурдвал зохино.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 112 дугаар зүйлийн 112.1, 183 дугаар зүйлийн 183.1 гэснийг 100 дугаар зүйлийн 100.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ