Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01373

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01373

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

158,049,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

602,567,997 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдорж, О.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 17 ширхэг генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж, урсгал засвар болон их засварыг хариуцан ажиллах үүрэг хүлээн 10 хүний бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн Хатанбулаг суманд уурхайд очиж байрлан ажилласан бөгөөд гэрээгээр ажлын хөлсийг нэг сард тогтмол 50,000,000 төгрөг байхаар тохирсон.

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б ХХК-аас гэрээг цуцлах тухай мэдэгдэлгүй шууд цаашид хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдэж, ажилчдыг хөөн гаргасан.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох сар бүр дутуу төлсөн төлбөрт нийт 158,049,800 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагаанаас яаж генератор эвдэрч, ямар сэлбэг хэрэгсэл авч хохирол учирсан талаар баримтгүй.

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Гэрээний үүрэгт нийт 230,950,200 төгрөгийг А ХХК-д шилжүүлсэн. Гэрээний хугацаанд А ХХК нь мэргэжлийн бус хүмүүсийг авчирч, чанарын шаардлага хангахгүй засвар үйлчилгээг хийсэн, гэрээний дагуу бид шаардлага тавихад хүлээн аваагүй. Засварласан генератор нь 1-2 хоноод эвдэрдэг. Буруу захиалга өгч уурхайн үйл ажиллагааг байнга доголдуулж байсан. Гэхдээ бид ажлын үр дүн гараагүй байхад 230,000,000 төгрөг төлсөн. А ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр багаж тоног төхөөрөмжөө татах тухай и-мэйл явуулснаар гэрээ цуцалж байна гэж ойлгосон ба харилцан тохиролцож гэрээ цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А ХХК нь 17 ширхэг генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах ёстойгоос 6 ширхэг дизель генератор ажиллагаагүй үлдсэн. Хөрөнгийн үнэлгээний компаниар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээ хийлгээд 3 ширхэг дизель генераторын үнэ 284,253,997 төгрөг нэхэмжилж байна.

Харин хөрөнгийн үнэлгээгээр үлдэх 3 ширхэг дизель генераторыг засварлах боломжтой гэсэн тул үүнийг 29,000,000 төгрөгөөр бусдаар засварлуулсан. Маргаан бүхий гэрээний хугацаанд А ХХК нь уурхай дээр засварлаж байгаа ажиллахгүй болсон 3 ширхэг дизель генераторуудыг засварлана гэж авч яваад буцаан өгөөгүй. Манай компани өөрсдийн зардлаар буцаан авахдаа тээврийн зардалд 4,600,000 төгрөг төлсөн. Дээрх 3 ширхэг дизель генераторуудыг Хятад улсаас худалдан авах үнийн саналд үндэслэн элэгдэл, хорогдлыг тооцож 288,854,000 төгрөг нэхэмжилж байна.

Нийтдээ сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаас 602,567,997 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 158,049,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгч А ХХК-аас 4,600,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 597,967,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974,700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,978,243 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 948,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 88,550 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэт нэг талын нотлох баримтыг үнэлсэн.

Шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэн. Гэрээнд ажлын үр дүнг хүлээн авах, үр дүнг хүлээн авах талаар тодорхой заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

Мөн шүүх ямар нотлох баримтыг үндэслэж, гэрээний төлбөр 158,049,900 төгрөг гаргуулан Б ХХК-аас олгож, А ХХК-д олгож буй нь тодорхой бус, дүгнэлт хийгээгүй байна.

Захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаар хөлс төлөх ёстой атал байнгын дизель генераторууд ажиллаагүй, иймд өөр хүнээр гүйцэтгүүлсэн ба шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг хасуулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, яаж шийдвэрлэсэн талаар хүсэлт гаргагчид хариу өгөөгүй.

4.2. 2021 оны 10 дугаар 05-нд гэрээнээс үүдэлтэй хохиролд ачааны машины түрээсийн 4,600,000 төгрөг, засварт байсан дизель генераторуудаас 6 ширхэг дизель генераторуудын үнэлгээ тайлангийн дүн 683,997 төгрөг /үүнийг үнийн дүнг андуурч бичсэнээ анхан шатны шүүхэд хуралдаанд тайлбарласан./

2021 оны 12 дугаар 07-нд гэрээнээс үүдэлтэй хохиролд Улаанбаатар хотод засварт байсан 3 дизель генераторууд нь засагдаагүй буцаан ирсэн ба дахин ашиглах боломжгүй болсон тул 283,570,003 төгрөгийг нэхэмжилсэн.

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээнээс үүдэлтэй хохирол 29,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, нийт нэхэмжлэгчээс 317,854,000 төгрөгийг нэхэмжилсэн ба улсын тэмдэгтийн хураамжид 1,747,220 төгрөгийг тушаасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа нэлээн удсан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэхэд буруу тооцоолол хийсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Б ХХК нь 6 ширхэг дизель генераторын тоног төхөөрөмж, засварын хөлсөнд 573,107,997 төгрөг гаргуулахаар шаардсан гэж шүүх буруу ойлгож дүгнэлт хийсэн. Манай компанийн зүгээс 3 дизель генераторыг тухайн үедээ засварлуулсан, бусдыг нь одоо хүртэл засварлуулж чадаагүй гэсэн болно.

Шүүх 6 ширхэг дизель генераторыг тоног төхөөрөмж, засварын хөлсийг Атен ХХК-ийн үнэлгээгээр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Атен ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б ХХК-ний хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, 3 ширхэг дизель генераторын үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх 2 талын хооронд хийсэн гэрээг буруу тодорхойлон өөрчилсөн, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй, төлбөр болон тооцооллыг буруу бодож шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-нд холбогдуулан 158,049,800 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 602,567,997 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр А ХХК нь захиалагчийн өмчлөл, эзэмшлийн 17 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж, их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх, Б ХХК нь 1 сарын ажлын хөлсөнд 50,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээг ойролцоо төрлийн гэрээний харилцаанаас ялган зүйлчилж, тухайн гэрээний үндсэн шинж, зүйл, талуудын тохиролцооны агуулгыг зөв тодорхойлж хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.1. А ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Б ХХК-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэйн уурхайд гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Дээрх хугацааны ажлын хөлсийг гэрээнд заасан нөхцөлөөр тооцоход 350,000,000 төгрөг болжээ.

3.2. Анхан шатны шүүх Б ХХК-аас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүрэгт 191,950,100 төгрөгийг А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнбатын Хаан банк дахь данс руу шилжүүлж төлсөн болохыг хэрэгт авагдсан холбогдох дансны хуулгад үндэслэн зөв тогтоосон /1хх 74-92/.

Хариуцагч Б ХХК нь Ц.Эрдэнэбатын Хаан банк дахь данс руу шилжүүлсэн мөнгөний хэмжээг үгүйсгэж 230,950,200 төгрөг төлсөн гэж маргасан боловч уг байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний хөлсний үлдэгдэл 158,049,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.3. Гэрээ цуцлагдсан шалтгааны талаар зохигч харилцан адилгүй тайлбарлаж байгаа боловч ийнхүү гэрээ цуцлагдсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдох баримтгүй учир А ХХК нь хөлс шаардах эрхээ алдаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь нотлох баримт хасуулахаар гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан ч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул гомдол үндэслэлгүй /1хх 220-224/.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэн 3 ширхэг дизель генераторын үнэ 284,253,997 төгрөг, 3 ширхэг дизель генераторын засварын хөлс 29,000,000 төгрөг, 3 ширхэг дизель генераторыг Хятад улсаас худалдан авах үнэ, мөн тухайн генераторыг нэхэмжлэгчээс хүлээн авч уурхайд тээвэрлэн авчирсан зардалд 289,314,000 төгрөг, нийт 602,567,997 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ /2хх 149-150/.

 

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох эрхийг гагцхүү хариуцагч эдлэнэ.

2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагч нь 602,567,997 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна /2хх 193-196/.

Харин Улаанбаатар хотод засварлахаар авч ирсэн 3 ширхэг дизель генераторыг буцаан тээвэрлэсэн хөлс 4,600,000 төгрөг гаргуулах шаардлага нь 3 ширхэг дизель генераторыг Хятад улсаас худалдан авах үнэ, мөн тухайн генераторыг нэхэмжлэгчээс хүлээн авч уурхайд тээвэрлэн авчирсан зардалд 289,314,000 төгрөг гаргуулах шаардлагад багтсан байгааг анхан шатны шүүх анхаараагүйг залруулан дүгнэж байна.

 

4.2. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Атен ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б ХХК-ийн эзэмшлийн Cummins нэрийн КТА 50 маркын 3 ширхэг, КТА 38 маркын 3 ширхэг, бүгд 6 ширхэг дизель хөдөлгүүрийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 683,997,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцэх акт, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн комиссын акт, гэрч Б.Баярсайхан, М.Цэрэнбат нарын мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г.Шүрэнбаатартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр З.Тайвантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ зэргийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн /1хх 32-59, 193-194, 202-206, 2хх 14-17, 34-36, 44-45, 76-78/.

Эдгээр баримт нь гэрээ хэрэгжих явцад болон гэрээг цуцлах үед нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчийн дизель генератор эвдэрсэн, доголдол илэрсэн, үүнээс шалтгаалж дизель генераторыг засварлуулах, шинээр авах шаардлагатай болсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлоогүй байна.

Хариуцагч нь шүүх сөрөг нэхэмжлэлийг тодруулж чадаагүй, буруу тооцоолол хийсэн, засварлуулах болон үнийг гаргуулахаар шаардаж буй дизель генераторын тоо хэмжээг тодорхойлж чадаагүй гэх агуулгаар гомдол гаргаж байх боловч түүний бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тодруулгад үндэслэн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг 602,567,997 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэнд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Өмнө дурдсанчлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, тодруулах нь хариуцагчийн эрх юм.

 

4.3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангасанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 4,600,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 597,967,997 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Дээрх гэрээний үүргийн зөрчлийн улмаас үүссэн хохирол нэхэмжилсэн хариуцагчийн шаардлагыг шийдвэрлэхэд хамаарах хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж өөрчлөлт оруулна.

 

4.4. Хариуцагч нь 602,567,997 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3,170,789 төгрөг төлөх ёстой байхад 1,978,243 төгрөг төлжээ. Үүнийг анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэлгүй алдаа гаргасныг залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,192,546 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01135 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1-т гэснийг 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 974,700 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,978,243 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,192,546 төгрөгийг гаргуулан улсын төсөвт, 948,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 88,550 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,700,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ