Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00941

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 210/МА2023/00941

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/00847 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдох

******* ******* хэлтсийн ******* мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь ******* ******* ******* ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* ******* *******т ******* мэргэжилтнээр ажиллахаар харилцан тохиролцон. Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/1181 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй, энэ талаар холбогдох нэгжид урьдчилан мэдэгдээгүй, нотлох баримтыг ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

1.2. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж явсан, тасалсан үйлдэл байхгүй. Харин хувийн чөлөөтэй, өвчтэй байсан тухайгаа мэдэгдэж, ажил олгогч хүлээн зөвшөөрсөн. Эмчилгээний хугацаа урт байсан тул ажил олгогчийн зүгээс сургуульд сурах 1 жил 3 сарын хугацаатай чөлөө өгнө гэж хэлж хүсэлт авсан. Хүсэлтээ өгсний дараа чөлөө олгож байгаа учраас ажлын байрыг хэвээр хадгална гэж ойлгосон.

Иймээс Б.*******г ******* ******* ******* ХК-ийн ******* ******* хэлтсийн ******* мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,680,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.******* нь ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/472 дугаар тушаалаар ******* мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

2.2. Б.*******гаас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх, 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх эмчийн магадлагааг тус тус ирүүлсэн бөгөөд үүнээс хойш ажилдаа ирээгүй, ажилдаа ирэх боломжгүй талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон ямар нэгэн баримт ирүүлээгүй.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах тул холбогдох тайлбар, баримтыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг ажилтны мэйл хаягаар мэдэгдэхэд ямар нэгэн тайлбар ирүүлээгүй.

Иймд Б.*******гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 4-д заасан үндэслэлээр цуцалсан. Дээрх тушаал нь хууль ёсны шийдвэр гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* ******* ******* ХК-д холбогдох ******* ******* хэлтсийн ******* мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,680,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос 41,830 төгрөгийг буцаан гаргуулж Б.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид илгээсэн хариуцагчийн цахим захидлыг гаргуулах, үзлэгээр баталгаажуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шийдвэрлэхдээ цахим захидалд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Цахим мэйл бүхий баримт нь бичмэл нотлох баримт биш буюу цахим баримт тул үзлэг хийж баталгаажуулснаар нотлох баримтын шаардлагыг бүрэн хангадаг. Энэ агуулгаар тухайн баримтад үзлэг хийлгэх, тухайн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжгүй тул хариуцагчийн дотоод сүлжээнд нэвтэрч баримтыг гаргуулах талаар хүссэнийг шийдвэрлээгүйд гомдолтой.

Хариуцагч нь бичмэл бус цахим шууданг зураг хэлбэрээр хэвлэн баримтад хуулбар үнэн тэмдэг дарж, нотариат тус баримтыг үнэн зөв гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тус нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангахгүй байгаа талаар шаардаж байсан боловч хүлээн аваагүй юм. Иймээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлж цуглуулаагүй гэж үзэж байна.

4.2. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр (хх75)-ийн 476 дугаартай хэсэгт 2022 оны 09 дүгээр сарын 26, Б.*******, Борлуулалтын албаны мэргэжилтэн, урт хугацааны чөлөө хүсэх тухай, 1 хуудас гэж тэмдэглэгдсэн. Гэтэл шүүх дээрх баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүргэж өгсөн гэдгээ нотлоогүй, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүсэлтээ өгсөн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

Ажил олгогч компанийн гүйцэтгэх захирлын зүгээс 09 дүгээр сарын эхээр урт хугацааны чөлөө авах талаар утсаар санал тавьсан. Энэхүү саналыг хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлтээ бичгээр өгч, хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хүлээж байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн.

4.3. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэдгийг актаар тодорхойлж, листийн мөнгийг 2022 оны 10 дугаар сард олгосон нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан ажилтан нь ажилдаа биечлэн очиж ажиллах боломжгүй гэдгийг мэдэж байсан бөгөөд урт хугацааны чөлөө авах саналыг тавьсан атал тус хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Иймээс ажил олгогч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргахын өмнө 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор ажилдаа ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шаардсан нь үндэслэлгүй байсан. Энэхүү үйл баримт, нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Ажил олгогчоос нэхэмжлэгчид 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх талаар цахим шуудан хүргүүлсэн байдал нь татгалзлын үндэслэл болж байсан тул холбогдох баримтыг хуулбар үнэн даруулж нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн.

5.2. Б.******* нь манай байгууллагын бичиг хэргийн ажилтантай найз нөхдийн холбоотой ба өргөдөлд хэрхэн гарын үсэг зурсан гэдгийг мэдэх боломжгүй. 10 дугаар сарын 17-ны өдрийн и-мэйлийг бичиг хэргийн ажилтан татаж аваад 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж гүйцэтгэх захирлаар цохуулж хүний нөөцийн ажилтанд ирсэн. Урт хугацааны чөлөө авах тухай саналыг гүйцэтгэх захирлын зүгээс утсаар холбогдож тавьсан гэх тайлбар нь үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тэтгэмж 10 дугаар сард олгосон нь хариуцагч байгууллагатай хамааралгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2023/02473 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан цахим шууданд үзлэг хийлгэх тухай хүсэлтийн зарим хэсгийг хангахаас татгалзсан ба үндэслэлийг хариуцагч талаас дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн гэжээ. (хэргийн 81-83 дахь тал)

Гэвч хариуцагч нь хүсэлтэд дурдсан 2022 оны 08 дугаар сарын 08, 25, 09 дүгээр сарын 30-ны өдрийн цахим шуудан нийт 4 хуудас баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэлбэрээр, үүнээс гадна 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эмнэлгийн магадлагааг хуулбараар шүүхэд гаргасныг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэх боломжгүй. (хэргийн 68-71 дэх тал)

Учир нь, цахим баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад хамаарахгүй ба шүүх цахим баримтад хуульд заасан журмын дагуу үзлэг хийж илэрсэн нөхцөл байдлыг тэмдэглэлд тусгаснаар нотлох баримтаар үнэлэх боломжтой. Харин бичмэл нотлох баримтыг мөн хуулийн 44.2 дахь хэсэгт зааснаар эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/00847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ

 

Д.ЗОЛЗАЯА