Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0105

 

 

 

 

 

 

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол,

шинжлэх ухааны сайд, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол,

шинжлэх ухаан яамны дэргэдэх салбар

 зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн, шүүгч:  Ч.Тунгалаг

 Шүүгчид:                              Д.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                        Х.Батсүрэн

Нарийн бичгийн даргаар:   Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3100 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалын 1, 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухаан яамны сайдад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0632 дугаар шийдвэр,

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 640 дүгээр магадлалтай,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, К.Жнарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0632 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-аас Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3100 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 20 дугаар албан бичиг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалын 1 болон 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 640 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:     

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар; Сул орон тоо гараагүй, салбар зөвлөлийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн талаарх баримтуудыг үнэлээгүй. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар албан бичиг болон түүний хавсралт нь огт эрх зүйн үндэслэлгүй, хууль бус захиргааны акт юм. Давж заалдах шатны шүүх үзлэгээр тогтоосон баримтууд, хариуцагчийн төрийн албаны салбар зөвлөл хуралдаагүй гэх тайлбарыг огт үнэлээгүй, хэрэглэвэл зохих хууль болох “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 5.2, 5.4, 5.7 дахь хэсгийг үндэслэлгүйгээр хэрэглээгүй.

        4. Н.О  лаборатори сургуулийн захирлын албан тушаалын шаардлагыг бүрэн хангаж байгаа нотлох баримтуудыг үнэлээгүй талаар; Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан Бакалавр зэрэгтэй, боловсролын болон төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх, ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалтанд ажилласан туршлагатай байх шаардлагыг Н.О г бүрэн хангаж байгааг хариуцагчийн төлөөлөгчид бүрэн хүлээн зөвшөөрдөг.

          5. Н.О-ийн мэргэжил, мэргэшил, ажилласан байдлын талаар; Дуу хөгжмийн багш мэргэжлээр соёлын дээд сургууль, Оросын Холбооны Улсын Кызылийн урлагийн сургуулийн хөгжмийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр төгссөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Боловсрол судлалын ухааны магистр зэрэгтэйгээр төгссөн, Тэргүүлэх зэргийн багш зэрэгтэй, Боловсрол, шинжлэх ухааны яамны хөгжмийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт болон захирлын мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан, Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалтанд ажилласан туршлагатай байх    2003 онд багш, 2004 онд хичээлийн эрхлэгч, 2005-2016 онд багшаар, 2016 оноос өнөөдрийг хүртэл сургуулийн захирлаар ажилласан ба нийт 12 жил багш, 1 жил хичээлийн эрхлэгч, 4 жил сургуулийн захирлаар ажилласан. Хэрэгт авагдсан шаардлага хангаж байгааг нотлох баримтууд болох бакалаврын диплом, магистрын диплом, батламж, сертификат, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд томилогдсон тушаалуудыг шүүх үнэлээгүй. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаар шүүгчийн захирамж болон хуралдааны тэмдэглэлд “нэхэмжлэгч ажлын байрны шаардлагыг 100 хувь хангаж байгаа, дэмжлэг үзүүлэх боломжтой” гэх хариуцагчийн нэхэмжлэлийн үндэслэлийг зөвшөөрсөн тайлбар болон ажлын байрны шаардлагыг хангаж байгааг нотлох баримтуудыг огт үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан тухайн шаардлагыг хангасан гэж шууд дүгнэх боломжгүй” гэх тодорхой бус дүгнэлт хийсэн нь Захиргааны захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил юм.

6. Жирэмсэн эхийн эрхийг хамгаалахтай холбоотой баримтуудыг огт үнэлээгүй талаар; Н.О  нь анх нэхэмжлэл гаргахдаа жирэмсэн байсан, түүний дараа хүүгээ төрүүлсэн ба Н.О  нь 3 хүртэлх насны хүүхэдтэй Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь тусгай зөвшөөрлийг нэмж авч, зөвхөн нэрээ өөрчлөгдсөн ба тухайн сургуульд ажиллаж байгаа бүх албан хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байгаа зэргээс үзвэл аж ахуйн нэгж, байгууллага татан буугдаагүй тул Н.О г захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байх, сул орон тоо гарсан гэж үзэж захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Лаборатори сургуулийн захирлыг шинээр томилох харилцаанд жирэмсэн эхийг ажлаас халахгүй байх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт үйлчлэхгүй" гэж нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг үндэслэлгүйгээр буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ерөнхий боловсролын сургууль байхдаа явуулж байсан сургалт нь хэвээр байгаа нь тусгай зөвшөөрлийн нөхцөлөөр нотлогдоно. Тус яамны төрийн бичгийн дарга байсан хариуцагч сайд Л.Ц-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 2/412 дугаар албан бичгээр өгсөн Н.О  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул сонгон шалгаруулалт зарлаагүй, ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа болно гэх тайлбар хэрэгт авагдсан бөгөөд энэ нь хариуцагч “Н.О-г Лаборатори сургуулийн захирал мөн болохыг зөвшөөрсөн, түүний ажлын байр хадгалагдаж байгаа зөвшөөрсөн тайлбар байхад огт үнэлээгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд өгсөн тайлбар юм. Хууль ёсны итгэл хамгаалах зарчим уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд үйлчлэх эсэхэд ч огт дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар; Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрх залгамжлагчаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдыг томилсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өөрчлөн байгуулагдаж тус яамны зарим бүрэн эрх Соёлын яамд шилжсэн. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөл гэж байгууллага татан буугдаж, шинээр Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл байгуулагдсан баримт байхгүй байхад төлөөлөгчөөр Д.Наранзулыг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгч У.Бадамсүрэн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхгүй гэж хэлж, энэ талаар тайлбар хэлж, мэтгэлцэх эрхийг хязгаарласан бөгөөд шүүх үүсгэсэн хэргээ хянан шийдвэрлэхээс шууд татгалзсан. Энэ нь шүүхийн шийдвэрт заасан үндэслэл болон хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Гэтэл илэрхий зөрчил байхад давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаагаагүй бөгөөд энэ нь анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэвээр үлдээсэн гэж үзэх үндэслэл болж байна. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг харьяалал зөрчсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой бөгөөд захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхигдуулах эрхгүй. Нэхэмжлэгч Н.О  нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалын 1, 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх “Баян-өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлээгүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасныг ноцтой зөрчсөн. Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх огт авч хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргах үүргээ зөрчсөн. Давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүхийн захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид шууд хаяглагдаагүй, үр дагавар үүсгээгүй шинжээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй” гэж дүгнэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг огт арилгуулаагүй.

8. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар; энэ хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1,5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж тус тус заасныг хэрэглэх бөгөөд эдгээр зохицуулалтуудыг үндэслэлгүйгээр хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 01/1558 дугаар бичгээр өгсөн “сонгон шалгуурлалт явуулах асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэх тайлбар нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбар юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургууль татан буугдаагүй, үйл ажиллагааны чиглэл хэвээрээ, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, зөвхөн харьяалал, тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөнийг нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр хэрэглэх ёсгүй хууль болох Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг хэрэглэсэн. Шинээр байгуулагдсан сургууль биш бөгөөд тусгай зөвшөөрөл, нэр өөрчлөгдсөнөөр түүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохгүй. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл лаборатори сургуулийн захирлаар ажиллаж ирсэн үйл баримт нь тус сургуулийн захирал гэж үзэх үндэслэлтэй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим заавал үйлчилнэ. Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох гэж заасан зохицуулалтуудыг энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэхгүй бөгөөд зөвхөн шинээр сургууль байгуулагдаж байгаа эсхүл захирлыг албан тушаалаас нь хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөж сул орон тоо гарсан тохиолдолд хэрэглэнэ. Н.О-г ажилд үргэлжлүүлэн ажиллуулахтай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4, 100.1-т зааснаар тусгайлан зохицуулсан ба уг тусгай зохицуулалтыг үндэслэлгүйгээр хэрэглээгүй. Иймээс хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасныг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Дээрх үндэслэлээр хэрэглэх ёсгүй хууль болох Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дэх заалтыг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.4, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дэх заалтыг үндэслэлгүйгээр хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

       9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0632 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 640 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10.  Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

11. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “... ерөнхий боловсролын лаборатори сургууль, ... байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 28.1.12-т “..., төрийн өмчийн .... ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж тус тус заажээ.

12. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас 2018 оны А/830 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн захирлаар ажиллаж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийг “лаборатори” сургууль болгон өөрчилж, лаборатори сургуулийн захирлын албан тушаалыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар шилжүүлэн авч, сонгон шалгаруулалтыг холбогдох журамд нийцүүлэн 2019 оны 06 дугаар сард зохион байгуулсан ч уг шалгаруулалтад хүмүүс оролцоогүй учир дахин сонгон шалгаруулалт зарлуулахаар салбар зөвлөлдөө саналаа хүргүүлэн ажиллаж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актуудыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, зөв байна.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч Н.О нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийг “лаборатори” болгон өөрчлөх үед жирэмсэн байсан хэдий ч түүнийг ажлаас халсан, ажлаас нь чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хуулийг хэрэгжүүлж сонгон шалгаруулалт явуулах үүднээс нэхэмжлэгчийг тус лаборатори сургуулийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсныг ажлаас халсан, хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, жирэмсэн эхийн эрхийг хамгаалаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

14. Учир нь, нэхэмжлэгч шүүхэд хэрэг маргаан үүсэхээс өмнө тус лаборатори сургуулийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүүхэд асрах чөлөөгөө авсан ч үргэлжлүүлэн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй энэ нөхцөлд хариуцагчийг захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хэрэгжүүлэн ажлаагүй гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

15. Харин лаборатори сургуулийн захирлыг томилох эрх бүхий этгээд өөрчлөгдснөөр сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн захирлыг хэрхэн томилох асуудал нь хуулиар олгосон эрхийн асуудал учир шүүхээс сонгон шалгаруулалт зарлагдаж үр дагавар үүсээгүй тохиолдолд урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиг үүрэгтэй нь холбоотой маргаангүй асуудалд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хянах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгууд ижил, давхардсан, уг дурдсан үндэслэл тус бүрт анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангалттай дүгнэлт хийсэн байх тул хяналтын шатны шүүхээс дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

17. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0632 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 640 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.О-ийн өмгөөлөгч К. Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                        Д.МӨНХТУЯА

                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                               Ц.ЦОГТ

   Х.БАТСҮРЭН