Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00975

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 10 210/МА2023/00975

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01192 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У.*******, Ц.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13,660,281.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч У.*******, Ц.******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

1.2. Зээлдэгч нар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 7,318,610.5 төгрөг, зээлийн хүүнд 2,577,640.5 төгрөг, нийт 9,896,251 төгрөг төлсөн. Улмаар зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд зээлдэгч У.*******, Ц.******* нараас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 6,681,389.5 төгрөг, зээлийн хүү 6,477,366.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 501,525.3 төгрөг, нийт 13,660,281.1 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.*******, Ц.******* нараас 13,660,281.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч У.*******, Ц.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 226,251.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226,251.41 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй байгаа тухайгаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргад утсаар мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, ******* хэдэн төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги нэхэмжилснийг тооцож үзэлгүй нэхэмжлэлийн үнийн дүнгээр шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан.

4.3. Цар тахал гарсны улмаас байгууллага ажиллаагүй, цалингүй байсан учир зээл төлөх боломжгүй болж зээлийн хуваарь зөрчигдсөн. ******* ******* ХХК цар тахлын хуулийг зөрчиж нэмэгдүүлсэн хүү, алдангийг зогсоогоогүй, гэрээний хугацаанаас хойш хүү тооцсон, 6,384,000 төгрөгийн хүү төлөхөөс 2,671,006 төгрөгийг төлсөн байхад төлсөн хүүг хасч тооцоогүй байгаа тул шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан эвлэрэх хугацаа олгуулах, хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус хангасан, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй, мөн хариу тайлбар ирүүлээгүй, эвлэрэх санал гаргаагүй.

5.2. Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулж байсан, хуулиар зээлийн төлбөр хөнгөлөх талаар зохицуулаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч У.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 6,681,389.5 төгрөг, зээлийн хүү 6,477,366.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 501,525.3 төгрөг, нийт 13,660,281.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ХХК нь 14,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч У.*******, Ц.******* нар тохиролцсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч нь 14,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 9,896,251 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.1. Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй.

5.2. Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүхэд тайлбараа ирүүлээгүй.

Улмаар хариуцагч нар нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

5.2.а. Талуудын зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусахад зээлийн үлдэгдэл 8,035,189.5 төгрөг, хуримтлагдсан хүү 1,925,192.7 төгрөг төлөгдөөгүй байсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт баримтуудаар тогтоогдсон байна.

Зээлийн гэрээний 7.1-д зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг *******инд төлнө, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн тооцоололд хүү, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тооцсон нь үндэслэлтэй.

5.2.б. Үүнээс гадна нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 1,353,800 төгрөгийг үндсэн зээлд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан эхний ээлжинд үндсэн үүргийг төлүүлэх дараалалд нийцсэн байна.

5.2.в. Мөн Ковид-19 цар тахал зээлдэгч нарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй, зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах талаар зээлдүүлэгчид хүсэлт гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Иймээс *******ны тооцооллыг нягталж үзэлгүй нэхэмжлэлийн үнийн дүнгээр шийдвэр гаргасан, гэрээний хугацаанаас хойш хүү тооцсон, ******* цар тахлын хуулийг зөрчиж нэмэгдүүлсэн хүү, алдангийг зогсоогоогүй, хүүг хасч тооцоогүй гэх хариуцагчийн талын гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 6,681,389.5 төгрөг, хуримтлагдсан хүү 6,477,366.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 501,525.3 төгрөг, нийт 13,660,281.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА