Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00901

 

С.Түвшинбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00939 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : С.Түвшинбаяр,

Хариуцагч : О.Наран,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд : Н.Энх-Амгалан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : Эко капитал ББСБ ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : Орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага : Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Гэгээнтэн Зайсан гудамж 101 дүгээр байрн 42 тоотод орших 136 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны 000411670 гэрчилгээтэй, Ү-2206041552 эрхийн улсын бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Н.Энх-Амгалан миний биеийг тус байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2013.11.19-ний өдөр Жигүүр гранд ХХК-тай 131119 тоот "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ" байгуулж, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээнтэн хотхоны орон сууцны зориулалттай барилгын 101 байрны 1-12Б блок буюу 42 тоотод байрлах 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцанд хөрөнгө оруулалт хийж захиалсан ба Н.Энх-Амгалан нь 2015.7.07-ны өдөр надтай харилцан тохиролцож Гэгээнтэн цогцолборын 131119 тоот "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний эрхийг иргэн С.Түвшинбаяр миний нэр дээр шилжүүлж худалдсан ба 190 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Мөн Н.Энх-Амгалан нь орон сууцны гэрээг миний нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг ч Жигүүр гранд ХХК-д зохих журмын дагуу гаргаж өг гэсний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Уг орон сууцыг өнөөдрийн байдлаар иргэн Н.Энх-Амгалан, О.Нарангийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иймд тус орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээ байгуулж, эд хөрөнгийн үнийг төлснөөр эд хөрөнгө шилжсэн. С.Түвшинбаяр нь бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд биш бөгөөд бие даасан шаардлагыг шүүх хүлээж авах ёсгүй байсан. Учир нь, Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулиар зохицуулагддаг. Төрийн байгууллагын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр хянадаг. Иймд шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн тухайд зохигчид өөрсдөө нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Н.Энх-Амгалан уг орон сууцны өмчлөгч гэдгийг нотлох нэг баримт өгөөгүй байгаа. Хэрэгт зөвхөн Н.Энх-Амгалангийн анхны барилга захиалгын гэрээ л байгаа. Энэ нь Н.Энх-Амгалан уг орон сууцны өмчлөгч гэдгийг нотлохгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хэний нэр дээр байгаагаар нотлогдоно гэж үзэж байна. Мөн барилга захиалгын гэрээгээ чөлөөт хэлцлээр С.Түвшинбаярт худалдсан байдаг. С.Түвшинбаяр, Н.Энх-Амгалан нарын хэлцэл өөрөө хүчин төгөлдөр байхад Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэлгүй болгох гээд байгаа нь өөрөө үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа нь тодорхой байна. О.Наран нь өөрийн хүү Н.Эрдэний өмчлөлийн Гурван оргил хотхоны 64 дүгээр байрны 33 тоот орон сууцыг тус барьцаалж 90 сая төгрөгийн зээл авсан. 2015.7.07-ны хүү Н.Энх-Амгалангийн өмчлөлийн Гэгээнтэн хотхонын 101 дүгээр байрны 1-12Б -н 42 тоот орон сууцыг барьцаалж зээл авах хүсэлт гаргасан. Тухайн цаг хугацаанд Н.Энх-Амгалангийн нэр 42 тоот 4 өрөө орон сууц нь Улсын бүртгэлгүй, зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан, захиалагч Н.Энх-Амгалан нь орон сууцны төлбөр 409 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байсан. "Эко капитал" ББСБ-аас иргэн О.Наранд "Барилгад хөрөнгө оруулах гэрээ"-г барьцаалж зээл олгох боломжгүй, харин дээрхи гэрээний эрхээ манай компанид шилжүүлвэл зээл олгоно гэснээр уг гэрээний эрхээ "Эко Капитал" ББСБ-ийн даргын дүү С.Түвшинбаярын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Дээрхи үйл баримтаас С.Түвшинбаярт анхнаасаа 4 өрөө орон сууц худалдах хүсэл сонирхолгүй байсан. ББСБ-наас дахин 190 сая төгрөгийн зээл авч Хаан банкин дахь дансаар дамжуулан авч 90 сая төгрөгийн зээлийн төлбөрт 35 сая төгрөг шилжүүлсэн зэрэг нь талуудын хооронд явагдсан зээлийн гэрээний биелэлт юм. С.Түвшинбаяр хэлцлийг үгүйсгэж, гэрээний эрхийг түүнд шилжүүлснээр орон сууцыг 190 сая төгрөгөөр худалдан авсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль бус болох нь тодорхой байна. Н.Энх-Амгалан, .Наран нар 4 өрөө орон сууцаа барьцаалан зээл авах зорилгоор "Эко Капитал" ББСБ-д хандсан болохоос иргэн С.Түвшинбаяртай барьцаалах, худалдан борлуулах талаар хэлэлцэж тохиролцсон ямар ч зүйл байхгүй. ББСБ нь зээл авсан. Харин ББСБ нь иргэн Н.Энх-Амгалан, О.Наран нарын эрх зүйн мэдлэггүй байдал, барьцааны зүйлийн эрхийн чадварыг үндэслэж өөрийн үйл ажиллагааны үндсэн төрлөөс гажиж иргэн С.Түвшинбаярт гэрээний эрхийг шилжүүлэх замаар зээл олгосон явдал нь орон сууцны өмчлөгч байх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмчлөгчийн эрх үүргийг хуулийн өмнө хэрэгжүүлэх боломжгүй байна. Нөгөө талаас маргаан бүхий өрөө орон сууц нь хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц бус Иргэний хуулийн 153, 154 зүйлүүдэд заасан үндэслэлээр "Эко Капитал" ББСБ-д шилжүүлсэн зээлийн гэрээний барьцаа болж байх тул зээл олгогч нь тухай орон сууцыг бус зээлийн үндсэн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжлэх нь зүйтэй юм гэжээ.

Гуравдагч этгээд Н.Энх-Амгалан шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний аав О.Наран 2015.7.07-ны өдөр надад хандаж байрыг "Эко Капитал" ББСБ-гаас 190 сая төгрөгийн зээл авахаар болсон. Гэвч "Эко Капитал" ББСБ нь ордер гараагүй шинэ орон сууцыг маань "...шууд манай компаний нэр дээр шилжүүлээд зээлээ авчих..." гэж надад тайлбарласны дагуу миний бие цаашид гарах учир холбогдлыг нарийн сайн ойлголгүйгээр байраа тус ББСБ-ийн нэр дээр шилжүүлхийг зөвшөөрсөн. Харин улсын бүртгэлд бүртгүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний эрхийг "Жигүүр Гранд Групп" ХХК-наас шилжүүлэх болоход "Эко Капитал" ББСБ бус тус байгууллагын захирлын дүү С.Түвшинбаяр гэх хүний нэр дээр шилжүүлэх болсон. Дээрхи байдлыг нь ч миний бие хүлээн зөвшөөрч аав О.Нарандаа туслах зорилгоор "Эко Капитал" ББСБ-ын саналуудыг хүлээн авч хөрөнгөө иргэн С.Түвшинбаярын нэр дээр шилжүүлж 190 сая төгрөг гаргуулан авсан. Гэтэл зээлийг төлж чадаагүй, хүү өссөөр байгаа. "Эко Капитал" ББСБ-гаас авсан зээл нь миний аав О.Наран эргүүлэн төлөх үүрэгтэй зээлийн асуудал байсаар байтал иргэн Н.Энх- Амгалан миний өмчлөх эрхийг зөрчиж байна. 409.897.000 төгрөгөөр худалдаж авсан орон сууцыг 190 сая төгрөгөөр буюу үндсэн төлбөрийн 50 хувьд ч хүрэхгүй үнээр худалдан авсан мэт тайлбарлаж байгаа нь хууль бус. Иймд Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Гэгээнтэн Зайсан гудамж 101 дүгээр байрны 42 тоотод орших 136 мкв талбайтай 4 өрөө орон сууцны улсын бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Н.Энх-Амгалан намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эко Капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн О.Наран нь тус Эко капитал ББСБ-аас 2015 онд 15-157 тоот зээлийн гэрээ байгуулан 90 сая төгрөгийн зээл авч, 2016 оны 5 сард бүрэн барагдуулж зээлийн гэрээний үүргийг хангаж дууссан. О.Наран нь Эко капитал ББСБ-тай 190 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00939 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар О.Наранг Хан-Уул дүүргийн 15 хороо, Гэгээнтэн зайсан гудамж 101 байр 42 тоот орон сууцнаас нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хуулийн 106.1, 106.3, 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Энх-Амгалангийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөг, Н.Энх-Амгалангаас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, илүү төлсөн 1.037.750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар О.Наранд холбогдох Хан-Уул дүүргийн 15 хороо, Гэгээнтэн зайсан гудамж, 101 дүгээр байрны 42 тоот орон сууцнаас нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх С.Түвшинбаярын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчид буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.Наран 2016.11.08-ны өдөр шийдвэр гарснаас хойш 1 сарын дараа Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, 2016.11.27-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. О.Наран шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэний дараа цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан ба ИХШХШТХ-ийн 65.1.8-д заасан үндэслэл хэрэг хянаж шийдвэрлэх үед байгаагүй нь нотлогдоно. Хариуцагч болон гуравдагч этгээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шүүхэд 2017.01.02-ны өдөр гаргасныг хангахаас татгалзаж 2017.01.27-ний өдөр 183/ШТ2017/00063 тогтоол гаргасан. О.Нарангийн давж заалдах гомдолд дурдсан асуудал хэргийг хэлэлцэх үед тогтоогдоогүй тул шийдвэр хуульд нийцсэн. О.Нарангийн гомдлыг анхан шатны шүүх 2017.4.03-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь ИХШХШтухай хуулийн 163.3-г зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад бараг 10 сарын хугацаа шаардагдсан боловч давж заалдах шатны шүүх нь ердөө 10-хан хоногт хэргийг хянаж шийдвэрлэсэн нь магадлал үнэн зөв, хуульд нийцэж гарсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. О.Наран нь давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан ч бодит байдал дээр О.Наран 183/ШШ2016/00939 тоот шийдвэр гарснаас хойш нэг сарын дараа гомдлыг ХУД-ийн Цагдаагийн хэлтэст гаргасан, О.Нарангийн хүү Н.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мөн О.Нарангийн өмгөөлөгч Г.Мягмардорж нь "Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах" тухай хүсэлтийг ХУД-ийн иргэний шүүхэд гаргаж байжээ. Дээрх нөхцөл байдал, цаг хугацаанаас харахад О.Нарангийн дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан болох "гэр бүлийн хүнийг асарсан" гэх байдал нь давж заалдах гомдол гаргахад саад болохооргүй байна. ИХШХШтухай хуулийн 161.4-т давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан байна. О.Наран нарын залилуулсан гэх асуудал анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдээгүй. шүүхийн шийдвэр гарах үед огт яригдаж байгаагүй, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сарын дараа гарсан байдаг. Иймд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:     

Нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь хариуцагч О.Наранд холбогдуулан "...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Гэгээнтэн Зайсан гудамж" 101 дүгээр байрны 42 тоотод байрлах 136 м.кв 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх..." тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна. Хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд С.Түвшинбаярын төлөөлөгч Б.Баяраа 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. 

Тодруулбал, С.Түвшинбаярын төлөөлөгч Б.Баяраа 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтэдээ "...Иргэн С.Түвшинбаяр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 916 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргасан. Иргэний хэрэг маргааныг үндэс болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн Зайсан гудамж 101 дүгээр байрны 42 тоотод байрлах 136 м.кв 4 өрөө орон сууцыг хариуцагч О.Наран, Н.Энх-Амгалан нартай харилцан тохиролцсоны дагуу бусдад худалдан борлуулж, төлбөр тооцоог хийн, хэрэг маргаан дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гээд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн С.Түвшинбаяраас Б.Баяраад олгосон итгэмжлэл, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулах тухай хэлцэл, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-2206041552 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 129 дүгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 454 дүгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хавсаргасан байна.

Хариуцагч О.Наран болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: "...Тус иргэний хэргийг 183/ШШ2016/00939 шийдвэр, 916 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2017.4.27-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нь 2017.6.21-ний өдөр шүүхэд "...Нэхэмжлэлээсээ татгалзах тухай" үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлээ татан авах, эвлэрэх бүрэн эрхтэй хэргийн оролцогч юм. Нэгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай үндэслэл бүхий хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд хүргүүлж бусад оролцогч нарт танилцуулсан байх тул хяналтын шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж хэрэг хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул С.Түвшинбаярыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, О.Наранд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :                                                                     

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00939 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 916 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, "...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн Зайсан гудамж 101 дүгээр байрны 42 тоотод байрлах 136 м.кв 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх..." тухай нэхэмжлэлээсээ С.Түвшинбаярын татгалзсаныг баталж, О.Наранд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                            Б.УНДРАХ