Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 916

 

С.Түвшинбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00939 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Түвшинбаяр,

Хариуцагч О.Наранд холбогдох,

 

Орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Энх-Амгалангийн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагч О.Нарангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Хариуцагч О.Наран,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Энх-Амгалангийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энх-Амгалан нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Жигүүр гранд” ХХК-тай “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ" байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэгээнтэн" хотхоны орон сууцны зориулалттай барилгын 101 дүгээр байрны 1-12Б блок буюу 42 тоотод байрлах 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцанд хөрөнгө оруулалт хийж захиалсан ба Н.Энх-Амгалан нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр надтай харилцан тохиролцож “Гэгээнтэн" цогцолборын 131119 тоот "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний эрхийг С.Түвшинбаяр миний нэр дээр шилжүүлж худалдсан юм.

Миний бие 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Н.Энх-Амгаланд орон сууцны үнэ болох 190 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Мөн Н.Энх-Амгалан нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Гэгээнтэн” хотхоны орон сууцны зориулалттай барилгын 101 дүгээр байрны 1-12Б блок буюу 42 тоотод байрлах 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны гэрээг миний нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг ч “Жигүүр гранд” ХХК-д зохих журмын дагуу гаргаж өгсөн байдаг. "Жигүүр гранд" ХХК-ийн зүгээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр С.Түвшинбаяр намайг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт тодорхойлолт гаргаж өгсөнөөр 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр надад өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Уг орон сууцыг өнөөдрийн байдлаар Н.Энх-Амгалан өөрийн аав О.Нарангийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа төдийгүй миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу О.Наранг орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийн үнийг төлснөөр эд хөрөнгө шилжсэн бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр тогтоогдсон байгаа. С.Түвшинбаяр нь Улсын бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд биш бөгөөд энэ тухай бие даасан шаардлагыг шүүх хүлээж авах ёсгүй байсан. Учир нь, Улсын бүртгэлийн газар түүнээс гарах эрх зүйн баримт нь тусгай хуулиар зохицуулагддаг. Төрийн байгууллагын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр хянадаг. Гэтэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгүүлсэн нь хэлцлийн үндсэн дээрээс олж авч байгаа этгээд уг бүртгэлийг буруу ташаа гэдгийг мэдэж байсан тохиолдолд үнэн зөв гэдэг дээр маргаан гаргаагүй байгаа. Тийм болохоор С.Түвшинбаяр нь бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн тухайд зохигчид өөрсдөө нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн байдаг. Одоогийн байдлаар Н.Энх-Амгалан уг орон сууцны өмчлөгч гэдгийг нотлох нэг ч хөдлөшгүй нотлох баримт өгөөгүй байгаа. Хэрэгт зөвхөн Н.Энх-Амгалангийн анхны барилга захиалгын гэрээ л байгаа. Энэ нь Н.Энх-Амгалан уг орон сууцны өмчлөгч гэдгийг нотлохгүй юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хэний нэр дээр байгаагаар нотлогдоно гэж үзэж байна. Мөн барилга захиалгын гэрээгээ чөлөөт хэлцлээр С.Түвшинбаярт худалдсан байдаг. С.Түвшинбаяр, Н.Энх-Амгалан нарын хэлцэл өөрөө хүчин төгөлдөр байхад Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэлгүй болгох гээд байгаа нь өөрөө үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч О.Наран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч С.Түвшинбаяр болон хариуцагч Н.Энх-Амгалан нарын дунд 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасныг үндэслэж Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасан "Худалдах худалдан авах гэрээ" байгуулагдсан гэж үзэхээр байна. Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд хийгдсэн үйлдэл нь эрх шилжүүлэх буюу худалдах, худалдан авах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл бус харин Иргэний хуулийн 281, 286, 452 дугаар зүйлүүдэд зааснаар зохицуулагдах зээлийн гэрээтэй холбогдон үүсэх харилцаа болох нь тодорхой байна.

О.Наран нь 2015 оны 7 дугаар сарын эхээр өөрийн том хүү Н.Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван оргил хотхоны 64 дүгээр байрны 33 тоотод орших 3 өрөө орон сууцыг тус ББСБ-д барьцаалж 90 000 000 төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд дахин 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бага хүү Н.Энх-Амгалангийн нэр дээрх орон сууцыг барьцаалж зээл авах хүсэлтээ "Эко Капитал" ББСБ-д гаргасан байдаг. Тухайн цаг хугацаанд Н.Энх-Амгалангийн нэр дээрх орон сууц нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй, гэрчилгээ аваагүй, зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан, захиалагч Н.Энх-Амгалан нь орон сууцны төлбөр 409 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байсан тул "Эко капитал" ББСБ-аас О.Наранд "Барилгад хөрөнгө оруулах гэрээ"-г барьцаалж зээл олгох боломжгүй, харин та дээрх гэрээний эрхээ манай компанид шилжүүлвэл зээл олгоно гэснээр уг гэрээний эрхээ "Эко Капитал" ББСБ-ын даргын дүү С.Түвшинбаярын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Харин нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь дээрх хэлцлийг үгүйсгэж, гэрээний эрхийг түүнд шилжүүлснээр орон сууцыг 190 000 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр тайлбарлаж Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь илтэд хууль бус шаардлага болох нь тодорхой байна.

"Эко Капитал" ББСБ нь тухайн зээлийг олгохдоо Н.Энх-Амгалан түүний аав О.Наран нарын эрх зүйн мэдлэггүй байдал, барьцааны зүйлийн эрхийн чадварыг үндэслэж өөрийн үйл ажиллагааны үндсэн төрлөөс гажиж С.Түвшинбаярт гэрээний эрхийг шилжүүлэх замаар зээл олгосон явдал нь нэхэмжлэгч С.Түвшинбаярт гэрээний эрх шилжүүлсэн хэлцэл нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой харагдаж байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9 дэх хэсгүүд болон 281, 286, 452 дугаар зүйлүүдэд зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 100, 101 дүгээр зүйлүүдэд заасан өмчлөгчийн эрх үүргийг хуулийн өмнө хэрэгжүүлэх боломжгүй байна. Нөгөө талаас маргаан бүхий өрөө орон сууц нь хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц бус Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр "Эко Капитал" ББСБ-д шилжүүлсэн зээлийн гэрээний барьцаа болж байх тул зээл олгогч нь тухай орон сууцыг бус зээлийн үндсэн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжлэх нь зүйтэй юм. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 190 000 000 төгрөгийг авсан. Сарын хүү 4.5 хувийн хүү төлнө шүү гээд надад хэлсэн. Би хэрэгт баримтаар "Эко капитал" ББСБ-аас өгсөн зээлийн тооцооллыг гаргаж өгч байна. Энэ нь зээлтэй гэдгийг нотлоно. Мнө энэ талаар ярилцаж байсан бичлэг байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Энх-Амгалан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Н.Энх-Амгалан миний бие тухайн орон сууцны төлбөрт төлсөн 409 897 000 төгрөгийр буюу өөрийн захиран зарцуулах бүрэн эрхтэй өмч хөрөнгөөрөө орон сууц худалдаж авсан. Гэтэл миний аав О.Наран нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр надад хандаж Гэгээнтэн хотхоны 4 өрөө байраа түр барьцаанд тавиад мөнгө гаргаад өгчих гэсний дагуу миний бие тухайн өдөр нь "Эко Капитал" ББСБ-тай очиж уулзаад 190 000 000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авахаар болсон. Гэвч "Эко Капитал" ББСБ нь ордер гараагүй шинэ орон сууцыг "...шууд манай компанийн нэр дээр шилжүүлээд зээлээ авчих..." гэж надад тайлбарласны дагуу миний бие цаашид гарах учир холбогдлыг нарийн сайн ойлголгүйгээр байраа тус ББСБ-ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. Харин улсын бүртгэлд бүртгүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний эрхийг "Жигүүр Гранд Групп" ХХК-иас шилжүүлэх болоход "Эко Капитал" ББСБ бус тус байгууллагын захирлын дүү С.Түвшинбаяр гэх хүний нэр дээр шилжүүлэх болсон.

Дээрх байдлыг нь ч миний бие хүлээн зөвшөөрч аав О.Нарандаа туслах зорилгоор "Эко Капитал" ББСБ-ын саналуудыг хүлээн авч орон сууц, үл хөдлөх эд хөрөнгөө иргэн С.Түвшинбаярын нэр дээр шилжүүлж 190 000 000 төгрөг гаргуулан авсан. Харин миний аав О.Наран нь тус 190 000 000 төгрөгийн зээлийг цаг тухай бүрт нь төлж барагдуулж чадахгүй байсаар "Эко Капитал" ББСБ-тай маргаан үүссэн. Харин тус ББСБ нь бидний нүүрэн дээр зээлээ төл, үндсэн зээлийн төлбөрөөс гадна хүү алданги нь өсөөд байна гэж хэлж тайлбарладаг атлаа шүүхэд илтэд үндэслэлгүйгээр байр албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. "Эко Капитал" ББСБ-аас авсан 190 000 000 төгрөгийн зээл нь миний аав О.Наран эргүүлэн төлөх үүрэгтэй зээлийн асуудал байсаар байтал Н.Энх-Амгалан миний хууль ёсоор эзэмшиж, өмчилвөл зохих үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан болон хувирч эцэстээ миний өмчлөх эрхийг ноцтой зөрчихөд хүргэж байгаад харамсаж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүдийг үндэслэж орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Н.Энх-Амгалан миний биеийг тогтоож, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсгүүдийг үндэслэн нэхэмжлэгч С.Түвшинбаярын нэр дээрх Ү-2206041552 дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү..." гэж шаардлагаа тодруулж байна.

490 000 000 төгрөгийн эд хөрөнгөө 190 000 000 төгрөгөөр зарна гэж байхгүй. Зээлийн гэрээтэй холбоотой асуудал байхгүй гээд нэхэмжлэгч тайлбарладаг. Харин хариуцагч маргаан бүхий байрнаас гадна хүүгийнхээ өөр байрыг барьцаалж зээл авч байсан гэдэг. Нэхэмжлэгч этгээдээс зээлийн харилцаа байхгүй гэж тайлбарыг өгдөг атлаа хэргийн 80 дахь талд зээлийн тооцоолол гэсэн баримтыг хариуцагчид өгсөн байдаг. Үүнээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүсээд явж байсан байна гэдэг нь нотлогдоно. Мөн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн баримтаар 190 000 000 төгрөгийг Ундармаа гэж хүн шилжүүлж байсан ба энэ хүн бол "Эко капитал" ББСБ-ын ажилтан буюу нягтлан юм. Нэхэмжлэгч шүүхийн танхимаас гарахаараа мөнгөө төлчих л дөө гээд хэлдэг, харин шүүх дээр өөр зүйл яриад байдаг. Иймд бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Эко-Капитал" ББСБ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Наран нь тус “Эко капитал” ББСБ-аас 2015 онд 15-157 тоот зээлийн гэрээ байгуулан 90 000 000 төгрөгийн зээл авч, 2016 оны 5 дугаар сард бүрэн барагдуулж зээлийн гэрээний үүргийг хангаж дууссан. О.Наран нь Эко капитал ББСБ-тай 190 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Наранг Хан-Уул дүүргийн 15 хороо, Гэгээнтэн зайсан гудамж 101 байр 42 тоот орон сууцнаас нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хуулийн 106.1, 106.3, 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Энх-Амгалангийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн Зайсан гудамж" 101 байрны 42 тоотод байрлах 136 м.кв 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 037 750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч О.Наран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, хуулийг өөрөөр тайлбарлаж, жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй байдлаар хэрэглэн хариуцагч О.Наран миний хууль ёсны эрх, эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнэж чадаагүй. Нэхэмжлэгч нь "... Талуудын дунд орон сууц худалдах, худалдан авах талаар хэлцэл ..." хийгдсэн гэж тайлбарлах боловч дээрх үйл баримтыг нотолсон ямар нэгэн бичгийн баримт байхгүй байхад шүүх зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж хариуцагчийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа нь илтэд хууль бус дүгнэлт болсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үйл баримтууд нь үндэслэлгүй талуудын дунд орон сууц худалдах, худалдан авах талаар ямар ч хэлцэл хийгдэж байгаагүй гэдгийг өөрт байгаа нотлох баримтын хүрээнд хангалттай нотолсоор байхад дээрх бичгийн болон бусад баримтуудад дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байгаа нь талуудын эрх, тэгш байдал, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд "... Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарснаас үүсэх үр дагавар..."-ын талаар тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь хэсгүүдэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй байна гэж тус тус заасан байна.

Хэргийн оролцогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гарган давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хянан үзэж байгаа процесс нь бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бөгөөд дээрх хугацаанд тогтоогдож буй нөхцөл байдлыг аль ч шатны шүүх тухайн хэрэг маргаантай холбогдуулан авч үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийх хууль зүйн боломжтой юм.

Энэ байдлаараа хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид тайлбарлаж, маргасаар ирсэн "...нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь “Эко Капитал” ББСБ-тай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар залилан мэхэлж авах үйлдэл гаргаж байна..." гэх нөхцөл байдлыг үндэслэж Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Түвшинбаяр болон "Эко Капитал" ББСБ-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201626031634 дугаартай хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Зөвхөн дээрх байдлаас дүгнэж үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь илтэд хууль зүйн үндэслэлгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлаж, буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь тодорхой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь хариуцагч О.Наранд холбогдуулан өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн Зайсан гудамж” 101 дүгээр байрны 42 тоотод байрлах 136 м.кв 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Н.Энх-Амгалангийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэсэн гэжээ.

            Хариуцагч О.Наран болон гуравдагч этгээд Н.Энх-Амгалан нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган,  нэхэмжлэгч талаас зээл авахдаа барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг барьцаалан зээл авсан байхад  190 000 000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр тайлбарлаж, 407 600 000 төгрөг төлж худалдан авсан миний байрыг  залилан мэхлэх замаар өөрийн нэр дээр шилжүүлснийг зөвшөөрөхгүй гэжээ.

            С.Түвшинбаярын гаргасан нэхэмжлэлийн дээрх үндэслэлтэй холбоотойгоор “Эко капитал ББСБ” болон С.Түвшинбаяр нарт залилуулсан гэх хариуцагч О.Нарангийн мэдээллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /хх-212, 213/-аар тогтоогдож байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хариуцагч О.Наранд холбогдох Хан-Уул дүүргийн 15 хороо, Гэгээнтэн зайсан гудамж, 101 дүгээр байрны 42 тоот орон сууцнаас нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх С.Түвшинбаярын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ