Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 02 210/МА2023/01102

 

 

Б.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/01457 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

Эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2014002750301 дугаар тогтоолоор Б.Өсөхбаярыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бавцагийн хошуу гэх 3,659 м.кв буюу 0,37 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,175,365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/990 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар тогтоолоор яллагдагч Б.Өсөхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.2. Б.Өсөхбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж 1 жил 4 сарын хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээр шалгасны эцэст цагаатгасан. Энэ хугацаанд Б.Өсөхбаяр нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж чадаагүй, дээрээс нь эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амссан.

1.3. Б.Өсөхбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг дансаар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг дансаар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг бэлнээр төлж, нийт 3,000,000 төгрөг төлсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцохоор зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 3,000,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын тайлбарын агуулга:

2.1. Б.Өсөхбаярыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бавцагийн хошуу гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,175,365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Баянхонгор аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

2.2. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 ны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Өсөхбаярт холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч Б.Өсөхбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авсан 3,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Б.Өсөхбаярын наашаа цаашаа явсан зардлыг олгох болов уу, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйл үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өсөхбаярт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээд болон үйлчлүүлэгч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр төлбөрөө бэлнээр авч болох бөгөөд үүнийг хориглосон зүйл байдаггүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрүүгийн 2014002750301 тоот хэрэгт иргэн Б.Өсөхбаярын өмгөөлөгчөөр оролцсон, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг авч, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан талаар мэдүүлсэн боловч огт харгалзаж үзээгүй.

5.2. Хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй этгээд нь олсон орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх, төлсөн баримт нь байгаа эсэх нь татвар төлөгч /өмгөөлөгч/ болон харьяа дүүргийн татварын хэлтсийн хоорондын асуудал болохоос Б.Өсөхбаярын нэхэмжлэлтэй хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс өмгөөлөгч Г.Батболдыг хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр энэхүү орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

5.3. Шүүх хууль зүйн туслалцаа авахдаа төлөх төлбөрийг холбогдогч нь /сэжигтэн, яллагдагч/ өөрийн данснаас шилжүүлэх ёстой, тус шилжүүлсэн дансаа өөрийнх нь гэдгээ бас нотлох үүргээ биелүүлээгүй гэх мөртлөө, нөгөө талаас хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх үүргээ үл биелүүлсэн.

Хаан банкин дахь Ц.Гансүхийн 5041075563 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5034511556 тоот данснаас шилжүүлсэн 500,000 төгрөгийн хувьд, нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь тодорхой шалтгааны улмаас өөрийн данснаас бус, өөрийн хамаарал бүхий хүний данснаас шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь Өсөхбаяраас гэж бичсэн. Өмгөөлөгч Ц.Гансүх тус 500,000 төгрөгийг үйлчлүүлэгч Б.Өсөхбаяраас өмгөөллийн хөлсөнд төлсөн гэж хуулгаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн, гэрээний талууд өгсөн авсан талаараа маргадаггүй болно.

5.4. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 1 жил 4 сарын хугацаанд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалуулсан, мөн хөлсөнд бэлнээр болон дансаар нийт 3,000,000 төгрөг төлсөн болох нь хангалттай тогтоогдсон.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх тайлбар гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд яллагдагчаар татагдан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагджээ.

Улмаар прокуророос Б.Өсөхбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг анхан шатны шүүх Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 301 дүгээр тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр яллах дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолд үндэслэн зөв тогтоосон байна.

 

4. Хууль бусаар яллагдагчаар татагдсан этгээдэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар төр хариуцан арилгах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нартай 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцохоор заасан.

Иймээс нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлсийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар төрөөс шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг дансаар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг дансаар тус тус төлсөн гэж тайлбарлаж, Хаан банк ХХК дахь Б.Өсөхбаярын эзэмшлийн 5040022861 тоот, Ц.Гансүхийн эзэмшлийн 5041075563 тоот дансуудын хуулга, Монголын өмгөөлөгчдийн холбооны 15 дугаартай тасалбарыг шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

6.1. Монголын өмгөөлөгчдийн холбооны 15 дугаартай тасалбарт өмгөөлөгч Г.Батболд нь иргэн Б.Өсөхбаярт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 2,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан талаар тусгасан байх ба хүлээлгэн өгсөн этгээдийн болон хүлээн авсан өмгөөлөгчийн гарын үсэг зурагдсан, өмгөөлөгчийн 152106 дугаар бүхий хувийн тэмдэг дарагдсан эх хувь баримт байна.

Тус баримт дахь төлбөр төлсөн болон хүлээн авсан этгээдийн мэдээлэл, төлбөрийн утга, төлбөр хийгдсэн огноог хэрэгт авагдсан бусад нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хамааралтай баримт гэж үнэлэх үндэстэй.

6.2. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч тус орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчээс гарсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн ба нэхэмжлэгчийн төлбөрт хамааралгүй асуудлаар хийсэн уг дүгнэлт үндэслэлгүй.

6.3. Үүнээс гадна анхан шатны шүүх төлбөр хийсэн хэлбэр (бэлэн, бэлэн бус)-ээс нь хамааруулж нотлох баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзэх журамд нийцээгүй.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.4. Харин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн 5034511556 тоот дансны эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд гэх боловч энэ талаарх баримтгүй, гүйлгээний утгад Өсөхбаяраас гэснийг хууль зүйн туслалцаа авсны хөлс гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Иргэдийн төлөөлөгч Л.Наранцэцэгийн ... Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйл үндэслэлтэй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.

 

8. Дээрх үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас 2,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өсөхбаярт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримталсан хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/01457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 гэж, ... 500,000 /таван зуун мянга/ ... гэснийг, 2,500,000 гэж, ... 2,500,000 ... гэснийг 500,000 тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА