Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 05 210/МА2023/01105

 

 

Ч.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/01680 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.*******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 90,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах 16 га газар, хувийн сууц болон фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц, гүний худгийг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар Г.*******тай тохиролцож 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн.

1.2. Гэтэл газрын хил хязгаарын асуудал шийдэгдээгүй гэдэг шалтгаанаас болж газрын гэрчилгээний нэр шилжихгүй байсан учир 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.******* нь Г.*******тай худалдах, худалдан авах гэрээг хийж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэрчилгээ гарахгүй бол урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээний нэр шилжээгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаа 85,000,000 төгрөг, 13 хоногийн алданги 5,525,000 төгрөг, нийт 90,525,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах хувийн сууц, фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц, гүний худаг, газрыг Ч.*******т 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, эдгээрийг хүлээлгэн өгсөн.

2.2. Ч.******* нь урьдчилгаа 85,000,000 төгрөгийг төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөхөөр тохирсон.

2.3. Бид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр ******* аймгийн ******* сумын газрын албанд хандахад газар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон учир Сонгинохайрхан дүүргийн газрын албанд шийдвэрлүүл гэсэн. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дугаар шийдвэрийг үндэслэн миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан. Гэтэл Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/158 дугаар захирамжаар газар нь харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.4. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20/2150 дугаар албан бичгээр 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн.

Г.******* ямар нэгэн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, түүнээс шалтгаалахгүй газрын хилийн цэсийн асуудал шийдвэрлэгдэхгүй гацаад байгаа бөгөөд 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад газрын гэрчилгээ гарахаар Ч.*******ын нэр дээр шилжүүлж өгнө.

2.5. Ч.*******т 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газраа хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн газрыг ашиглаж төмс хүнсний ногоо, улаанбуудай, сонгино тарьж, мөн үхрийн ферм ажиллуулж ашиг орлого олж, үр шимийг нь хүртсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******, Б.*******, хариуцагч Г.******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2222 дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1826 дугаар худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, хариуцагч Г.*******аас 90,525,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 610,575 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.*******аас 610,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Ч.*******, Б.******* нар нь газар худалдан авах гэрээ хийх үед тухайн газрыг хилийн цэсийн асуудалтай, асуудал нь шийдэгдээд гэрчилгээ гарахаар нэр шилжүүлнэ гэдгийг анхнаасаа мэдэж байсан, сайн дураараа худалдах, худалдан авах гэрээг хийсэн.

4.2. Г.******* гэрээ хийсэн даруйдаа газар болон бусад эд хөрөнгийг Ч.*******, Б.******* нарт хүлээлгэн өгсөн бөгөөд тэд 2 жил шахам хугацаанд тухайн газрыг ашиглаж, ашиг орлого, үр шим олж авсан ба тэднийг хохирол төлбөрт унагаасан зүйл байхгүй. Газрын гэрчилгээ гарахгүй хугацаа алдаад байгаад би буруугүй байхад алданги тооцож 5,525,000 төгрөг гаргуулах болсонд гомдолтой. Энэ тухай нотлох баримт шүүхэд өгсөн байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөн, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нар нь хариуцагч Г.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 85,000,000 төгрөг, алданги 5,525,000 төгрөг, нийт 90,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ялгаж зөв тодорхойлоогүйг анхан шатны шүүх анхаараагүй байна. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын шийдвэрлэх асуудал бөгөөд түүний үр дагаврыг нь шүүх шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэсэн нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахаар байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж үзсэн нь буруу байх тул уг алдааг залруулах нь зүйтэй.

 

3.1. Ч.*******, Г.******* нар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Г.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах хувийн сууц болон ферм, хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ч.******* нь 110,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

3.2. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******, Г.******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Г.******* нь дээрх хаягт байрлах 16 га газар, хувийн сууц болон фермерийн аж ахуй, цахилгаан станц, гүний худгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.******* нь 110,000,000 төгрөг төлөх, урьдчилгаа 85,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлснийг дурдаж, үлдэгдэл төлбөрийг газрын гэрчилгээ гарсны дараа төлөх, гэрчилгээ гарахгүй бол 85,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буцаан төлөх, хугацаа хэтэрвэл төлөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

3.3. Хэрэгт Г.*******ын нэр дээр 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах 16 га газрыг 15 жилийн хугацаатай, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэх тухай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн Ч.*******аас 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 35,000,000 төгрөг тус тус Г.*******т шилжүүлсэн талаарх дансны хуулга авагдсан байна.

 

4. Дээрх баримтуудыг харьцуулж үзэхэд, нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Г.******* нарын хүсэл зориг бодитой илэрхийлэгдэж, тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Харин нэхэмжлэгч Б.*******ийн хувьд, хариуцагчтай түүний хийсэн гэрээгээр эрх, үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Г.*******аас урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг хүлээн авч, гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн байна. Түүнчлэн газар болон түүн дээрх хөрөнгийг нэхэмжлэгч Б.******* өмчлөх эрхтэй, эсхүл тухайн гэрээг байгуулах эрх олгогдсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч хариуцагчийн газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр бус болсон болох нь зохигчдын тайлбар, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20/2150 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

Иймээс гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг доголдолтой гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт нийцжээ. Түүнчлэн хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй талаарх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийг шүүх зөв тайлбарласан байна. Харин гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.******* нь гэрээний дагуу шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******аас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Нэхэмжлэгч нар нь гэрээ хийх үед тухайн газрыг хилийн цэсийн асуудалтай, асуудал нь шийдэгдээд гэрчилгээ гарахаар нэр шилжүүлнэ гэдгийг мэдэж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

6. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хариуцагчаас 85,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор буцаан төлөөгүй хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги 5,525,000 төгрөг шаардсан ба анхан шатны шүүх уг шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.1. Дээр дүгнэсэнчлэн, Б.*******, Г.******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр талуудад эрх, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч Б.******* нь гэрээтэй холбоотой аливаа шаардлага гаргах, алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхгүй. Иймээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.2. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Г.******* нарын байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тусгасан байх боловч худалдагчийн үүрэгт алданги тооцох талаар тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийснээр шаардах эрх үүсэх бөгөөд талууд алдангийн талаар гэрээнд тохиролцоогүй тул нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагчаас алданги төлөхийг шаардах эрхгүй.

Алдангитай холбоотой шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.*******аас 85,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болон алданги 5,525,000 төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/01680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 85,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,525,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Г.*******аас 610,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******, Б.******* нарт олгосугай гэснийг хариуцагч Г.*******аас 582,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА