Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00902

 

Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал  нарын

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00093 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2017/00008 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ч.Билэгжамц,

Нэхэмжлэгч : Б.Түвшинжаргал,

Хариуцагч : Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр зам,

Нэхэмжлэлийн шаардлага:  Багажны сарайн  өмчлөгчөөр тогтоолгох тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Билэгжамц  1970-2010 он хүртэл Замын 4 дүгээр ангид засварын газрын даргаар 40 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Замын-Үүдэд байгаа том тэрэгний граш 1 ширхэг, 3 хаалгатай багажны сарай 1 ширхэг, 1 хаалгатай бензин тос агуулдаг сарайг 1995 онд Замын 4-р ангиас худалдаж авсан. Тухайн үед төлбөрийг нь  төлсөн.  2000-2001 оны үед Ганболд гэдэг даргатай, нягтлан бодогчоор Энхтөр нар ажиллаж байхад Түвшинжаргал, Энхтуяа нар ­­“... худалдаж авсан, Замын 4-р ангийн блансаас хасагдсан,  тооцоо байхгүй..”  гэсэн албан тоот хийлгүүлж авсан. Миний худалдаж авсан багажны сарайг 1975 онд замчдын хүчээр бетонноор цутгаж тал тоосго, чулуугаар барьсан юм. Манай бэр Д.Энхтуяа нь 2013 онд газрын гэрчилгээг гаргуулах гээд Засаг даргад хандтал зөвшөөрөл олгоогүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. УБТЗ-ын харъяа Сайншанд суман дахь Төмөр замын 4 дүгээр анги нь  гаражийг  ангийн дансанд бүртгэлгүй байгаа  гээд маргаагүй. Харин багажны сарайнуудыг . ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байна гээд маргасан. Үнэн хэрэгтээ бол би  засварын даргаар ажиллаж байхдаа 100 000 төгрөгөөр худалдан авч цалингаасаа суутгуулж төлсөн. 2014 он  нэг ч удаа багажны сарайнуудын эзэмших, ашиглах эрхийн талаар болон газар чөлөөлүүлэх талаар шаардлага тавьж байгаагүй мөртлөө одоо  маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Анх 1956 онд Замын-Үүд суманд төмөр зам тавигдаж барилга байгууламж баригдаж эхэлсэн ба анх баригдаж байсан сарайнуудыг модоор  барьж байсан. Тэр үед баригдаж байсан банзан модон сарайтай андуураад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Миний хувьд үнэхээр өөрөө удирдаж 1975 онд замчдын хүчээр бетонноор цутгаж тал тоосго, чулуугаар бариулж байсан бөгөөд  дүрэм журмынх нь дагуу худалдаж аваад төлбөрийг суутгуулж, барагдуулсан. Иймд  багажны сарайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч гараж, багажны сарайнуудыг  худалдан авч, 1995 оноос хойш тасралтгүй ашиглаж байна гэж байна. Гэтэл уг хөрөнгө нь дурдсан хугацаанаас өнөөдрийг хүртэл Замын 4-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байдаг.  1998 он хүртэл Замын 11-р хэсгийн ажилтнууд тус сарайнд багаж, хэрэгслээ хадгалдаг, өглөө бүр ажилтнууд зааварчилгаа авч ажилдаа гардаг байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй.  УБТЗ-ын эд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлэх тохиолдолд салбар байгууллага тухайн хөрөнгийн талаарх саналаа гаргаж, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн д-д заасны дагуу УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлдэг. Уг хурлаас зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасагддаг. 1968 онд батлагдсан Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 17-р зүйлд Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд  17-р зүйлийн д-д зааснаар хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана, мөн дүрмийн 22-р зүйлийн в-д ...тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн Ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гаргасны дараа сая гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Гэтэл энэхүү маргаан бүхий хөрөнгийг акталсан протокол болон Замын даргын тушаал, шийдвэр гараагүй. 1998 оныг хүртэл уг багажны сарайг Замын 11-р хэсгийн замын багаж техникийг хадгалахад болон Замчид, бусад ажилтнууд зааварчилгаа авах зориулалтаар ашиглаж байгаад 1998 онд шинээр  байр баригдсанаар ашиглахаа больсон.Иймд  Ч.Билэгжамц  уг барилгыг 1995 онд худалдан авч ашиглаж байгаа гэдэг нь үндэслэлгүй.  Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний 52/158 тоот албан бичигт  УБТЗ-ын 11-р ангийн үндсэн хөрөнгөөс хасагдсан  талаар тодорхойлсон байна. Замын-Үүд өртөө, замын 4-р анги нь УБТЗ-ын бие даасан салбар байгууллага  бөгөөд  маргаан бүхий хөрөнгө нь  Замын 4-р ангийн үндсэн хөрөнгө юм. “Замын 11-р анги” гэдэг байгууллага УБТЗ-д байхгүй. Тодрхойлолт хийсэн хүнээс энэ талаар тодруулахад  “...Замын-Үүд өртөөний жолооч Б.Түвшинжаргал  гуйж авсан.. ямар нэг баримт бүртгэлд үндэслэж уг бичгийг бичээгүй..”  гэж тайлбарласан.  2001.03.08-ны 40/15 тоот албан бичигт: Багажны сарай, гражийг Ч.Билэгжамцад шилжүүлсэн тухай албан бичигт зурсан гэх гарын үсэг нь тухайн үеийн  дарга  ерөнхий нягтлан бодогч нарынх биш ба хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй. Нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийн бүртгэлийн алдаа, буруутай бүртгэгдсэн талаарх мэдээллүүд нь маргаан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолгүй. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 1-н 50, 66/  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00093 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох багажны сарайнуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нарын нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2017/00008 дугаартай магадлал гаргаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нарыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах, багажны сарайны өмчлөгчөөр тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 2001.3.08-ны өдрийн 40/13 тоот албан бичгийг /хх-6/ нотлох баримтын хувьд үнэлэхэд  дутагдалтай тал байна. Уг албан тоотод зурсан гарын үсэг нь Замын 4 дүгээр ангийн дарга Ганболдын  гарын үсэг биш,орлогч дарга Оргодол нь Ганболдын нэр бүхий бичвэр дээр өөрөө гарын үсгийг зурсан байдаг. Хавтаст хэрэгт мөн гарын үсгийн тайллыг /хх-97-98/ нотлох баримтаар гаргаж өгсөн.  Хэрэв тухайн үед Оргодол даргаа орлож ажиллаж байсан бол албан тушаалын нэрээ өөрийн гарын үсгийн хамт зурах ёстой байсан. Цаг хугацааны хувьд 2001.3.08-ны өдөр  буюу  баярын өдөр үйлдэгдсэн байдаг.  Үүнийг шүүх  үнэлэхгүйгээр  шийдвэр гаргасан.  Маргаан бүхий эд хөрөнгө нь 1956 онд ашиглалтанд орсон,15 жил ашиглагдах хугацаа дууссан, одоо Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд 00 үлдэгдэлтэй бүртгэлтэй болох нь тус байгууллагын 1988 /хх-21,171/, 2002 /хх-170/, 2003 /хх-136/, 2015 /хх-141/, 2016 /хх-135/ оны үндсэн хөрөнгийн бүртгэл баримтаар тус тус тогтоогдсон... гэж шийдвэрт дурдсан атлаа хариуцагч нь ашиглалтын хугацаа дууссан эд хөрөнгийн хувьд худалдах, шилжүүлэх, актлах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын хувьд эд хөрөнгийг үндсэн хөрөнгийн данснаас хасахдаа "УБТЗ" нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлж, хурлын шийдвэрийн үндсэн дээр Замын дарга шийдвэр гаргадаг дүрэм, журмын дагуу явагддаг. Гэтэл дээрх журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад үнэлэхгүйгээр .... ашиглалтын хугацаа дууссан эд хөрөнгийн хувьд худалдах, шилжүүлэх, актлах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь ИХШХШтХ-ийн 40.1-г зөрчсөн. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий багажны сарайг хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг Иргэний хуулийн 83.1, 89.1-р  тодорхойлсон боловч дээрх хуулийн заалтууд нь хуулиар хориглоогүй, хууль ёсны байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэгддэг. Гэтэл уг багажны сарай нь "УБТЗ" нийгэмлэгийн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй өмч гэдгийг нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх шийдвэртээ тусгасан мөртлөө нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч эсэх нь тогтоогдохгүй байхад өмчлөгч буюу эзэмшигч гэж үзэж дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Нөгөө талаар маргааны гол зүйлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн. 4. Иргэний хуулийн 105.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон. Иргэний хуулийн дээрх заалтыг хэрэглэхэд хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан этгээд худалдан авах давуу эрхийг олдогоороо онцлог бөгөөд 10 буюу түүнээс дээш жил тухайн эд хөрөнгийн шууд эзэмшигч нь байх ёстой урьдчилсан нөхцлийг шаарддаг. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг тогтоохгүйгээр зөвхөн 19 жил тасралтгүй эзэмшиж байгаа ... хэмээн үзэж шийдвэр гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Энхтуяа гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Билэгжамцын гаргаж өгсөн УБТЗ-ын харъяа Замын 4-р ангийн 2001.3.08-ны өдрийн 40/13 тоот "Барилга байгууламж худалдсан тухай" албан бичгийг \хх-6\ тухайн үед орлогч даргаар ажиллаж байсан Оргодол үйлдсэн байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэг \хх-190\, хариуцагч талын баримт, тайлбарласнаар орлогч даргын ажлын байрны тодорхойлолтонд заасан эрх үүргийнхээ дагуу гарын үсэг зурсан байдаг. Мөн ерөнхий нягтлан тооцоог нь шалгаж гарын үсэг зурсан байдаг \хх-20\ мөн өөрсдөө үнэн зөв хүчин төгөлдөр эсэхийг хариуцах үүрэгтэй. 40/13 албан бичиг үйлдэн граш болон багажны сарайнуудыг хүлээлгэн өгсөн байдаг ба нэхэмжлэгч нар нь одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтаас багажны сарайнуудыг чөлөөлүүлэх талаар шаардаж байгаагүйг дурьдах нь зүйтэй байхаа. 2. Хариуцагч талын эд хөрөнгийг данснаас хасахдаа ...дүрэм журмын дагуу явагддаг гээд дүрэм журмаа хэрэгт нотлох баримтаар   гаргаж өгсөн байдаг ч нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШТХ-ийн 38.6-т заасны дагуу "Санхүү алба"-ны даргын гаргасан шийдвэр, тус ангийн граш, багажны сарайнуудыг үндсэн хөрөнгөнөөс хасаж худалдан борлуулах  зөвшөөрөл   хүссэн   актыг нотлох баримтаар хэрэгт авахуулах хүсэлт гаргаж, 314 шүүгчийн захирамжаар \хх-60\ хариуцагч талаас гаргуулахаар даалгасан боловч хариуцагч тал архивт хадгалах хугацаа дуусч устгагдсан гээд гаргаж өгөөгүй. Тухайн үед граш болон багажны сарайнуудыг ямар дүрэм, журмаар яаж худалдсан, яагаад үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасагдаагүй, чөлөөлүүлэх талаар шаардлага тавьж байгаагүй. Харин Засаг даргын тамгын газрын дэргэдэх Газрын албанаас газраас шаардлага тавьдаг байсан. Нэхэмжлэгчид нь 40/13 тоотыг үндэслэн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсанг үндэслээд шүүх ИХШХШТХ-ийн 40.1-т заасны дагуу зөрчилгүй шийдвэр гаргасан. 3. Хариуцагч тал Иргэний хуулийн 83.1, 89.1-д заасан заалтууд хуулиар хориглоогүй, хууль ёсны байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэгддэг гэж байгаа боловч нэхэмжлэгчдийн хувьд хэрэгт авагдсан   нотлох  баримтууд   болох  УБТЗ-ын   харъяа   Замын   4-р   ангийн   "Барилга байгууламж худалдсан тухай" 2001.3.08-ны өдрийн 40/13 тоот\хх-6\, нэхэмжлэгч Билэгжамц \хх-156-157\, гэрч Г.Энхтөр \хх-20\, гэрч Б.Эрдэнэ \хх-115\, гэрч Цэвээндорж \хх-84\, гэрч Оргодол \хх-190\ нарын мэдүүлгүүдээр  эд хөрөнгө болох багажны сарайнуудыг олж авахдаа хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй, бодитойгоор эрх мэдэлдээ авах замаар эзэмшиж, ашиглаж ирсэн ба өөрөөр хэлбэл  40/13 тоот үйлдэн граш болон багажны сарайнуудыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нар нь хүсэл зоригийн дагуу граш болон багажны сарайнуудыг эзэмшилдээ авсан байдаг ба энэхүү субъектив урьдчилсан нөхцөлийн утга санаа нь зөвхөн эд юмст биеэр нөлөөлөх боломжтой болсон этгээд мөн уг үйлдлийг хийх жинхэнэ бодит хүсэл зоригтой байх үед хэрэгждэг бөгөөд нэхэмжлэгчдийн зүгээс нууцаар хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй. 4. Нэхэмжлэгчдийн зүгээс багажны сарайнуудыг 40/13 худалдан авсан бөгөөд Иргэний хуулийн 243.1-т зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан "Барилга байгууламж худалдсан тухай" албан тоотоор нотлогддог. Мөн хуулийн 84.3-т Газар, түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж хуулинд заасан боловч худалдан борлуулагдсан багажны сарайнуудын хувьд үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж үзэхэд эргэлзээтэй. Газрын тухай хуулийн 44.5-т зааснаар газар ашиглах эрхтэй байх ба газрыг нь ашиглаж байх үедээ багажны сарайнуудыг түр зуурын хэрэгцээгээ хангах зорилгоор барьсан буюу хариуцагч талын мэдүүлснээр багаж хадгалдаг байсан гэдэг. ИХ-ийн 85.2-т газартай салшгүй бэхлэгдсэн ч түр зуурын хэрэгцээгээ хангах зорилгоор баригдсан багажны сарайны хувьд газартай салшгүй холбогдсон боловч газрын бүрдэл хэсэг болж чадахгүй юм. Энэ тохиолдолд багажны сарайны хувьд бүрдэл хэсэг бус харин биеэ даасан хөдлөх эд хөрөнгө болно. Түр зуурын хэрэгцээгээ хангах зорилгоор ийнхүү холбох нь уг зүйлийг газраас хожим ямар нэг хугацааны дараа салгах үүднээс хийгдсэн байдаг. Талуудын хооронд тэртээ 22 жилийн өмнө ИХ-ийн 243.1-т зааснаар гэрээ байгуулагдаж, өмчлөх эрх нь мөн хуулийн 111-р зүйлд зааснаар шилжсэн. Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжийн тухайд хөдлөх эд хөрөнгийн хувьд тусгайлсан зохицуулалт байхгүй, мөн хуулийн 75 дугаар зүйлд зааснаар ерөнхий болон тусгай хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Иймд, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нар нэхэмжлэл гаргаж, Дорноговь аймаг, Замын-Үүд суманд байрлах  багажны сарайны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байна.  /хх 1-ийнн 2-5, 79, хх 2-ын 39-41, 152/. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нарыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах, багажны сарайны өмчлөгчөөр тогтоосон байна.

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 2001 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 дугаар албан бичгийг /хх 1-ийн 6/ үндэслэсэн байх боловч уг баримтад дурдагдсан хөрөнгийг Ч.Билэгжамцад худалдсан талаар мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн, маргааны зүйл болсон эд хөрөнгө нь одоо Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд 00 үлдэгдэлтэй болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. Иймд энэ талаарх магадлалд заасан дүгнэлт үндэслэлгүй байна.

Гэрч А.Тунгалаг, Г.Гансүрэн, Ц.Цэвээндорж, М.Санжаажав, Б.Эрдэнэ нар нэхэмжлэгч багажны сарайг 1999 оноос өмнө болон одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа талаар мэдүүлж буй нь Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нар өмчлөгч гэдгийг бус, харин тухайн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсныг нотлох тул энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцээгүй гэж үзлээ.  

Өмчлөх эрх хуульд зааснаар эсхүл гэрээгээр үүснэ. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон эд хөрөнгийг хариуцагчаас худалдаж авсан үйл баримт тогтоогдоогүйгээс гадна уг эд хөрөнгө нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын өмч болох нь нотлогдсон тул Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нарт хуульд зааснаар өмчлөх эрх үүсэх үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 83, 89, 96, 105, 106 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нар маргааны зүйл болсон багажны сарайны өмчлөгч болох нь нотлогдоогүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2017/00008 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замд захирамжаар буцааж олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАX