Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0148/З |
Дугаар | 221/МА2019/0148 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0148
2019 оны 3 сарын 13 өдөр Дугаар 221/МА2019/0148 Улаанбаатар хот
Я.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Д.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Я.Б-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хууль /1995 оны/-ний 13 дугаар зүйлийн 13.3, 13.4, 13.5, Усны тухай хууль /2004 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.4, Усны тухай хууль /2012 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-н гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анх энэхүү маргаж байгаа газрыг 2004 онд иргэнд эзэмшүүлэх үед Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжаар дотоод, гадаад мужийг тогтоож баталсан байсан гэж дүгнэсэн байх боловч одоо нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь 2003 онд баталсан тэжээлийн дотоод болон гадаад мужид үнэхээр хамаарсан байсан эсэхийг нотолсон баримтгүйгээр дүгнэсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн зүгээс уг мужуудад орсон эсэхэд ач холбогдол өгч маргаагүй байхад нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар иргэн С.Х-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж байхад яагаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлаагүй, энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль үндэслэлд хамаарч байгаа болоод газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийнхээ нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газрын эрхийг Нийслэлийн Засаг дарга цуцлах эрх хэмжээтэй эсэх талаар нэхэмжлэгчийн үгээс маргаж, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн байхад анхан шатны шүүх энэ талаас нь харж, илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг дүгнээгүй байна.
Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх захирамжтай холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дүгнэсэн тогтоол хүчин төгөлдөр байхад илт хүчин төгөлдөр бусад тооцуулах үр дагавар байсан гэж үзэхээргүй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ одоо үйлчилж байгаа Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох заалтууд болон 2015, 2016 онуудад батлагдсан журмуудыг маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон байхад тэр нь өмнөх хуульд ч байсан гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл, дээрх хууль журмуудаар хориглохоос өмнө нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн байсан нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн хэн аль нь урд нь үйлчилж байсан хуулийн талаар маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнээс хэтрүүлэн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч Я.Б-ыг газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үед үйлчилж байсан хууль тогтоомж, дүрэм журмуудаар газар эзэмшихийг хориглоогүй байхад түүнээс хойш гаргасан дүрэм, журам, хууль тогтоомжийг үндэслэж, шууд газар эзэмших эрхийг цуцлах, тэр тусмаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад цуцлах нь хуульд нийцэхгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Я.Б-аас “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар Р.Д-ийн эзэмшиж байсан 23028 м.кв газрын эзэмших эрх, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжаар Р.Д-ийн эзэмшиж байсан 25100 м.кв газрын эзэмших эрхийг С.Х-д тус тус шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар баталсан Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа” газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар С.Х-ийн эзэмшиж байсан 23028 м.кв, 25100 м.кв газруудын эзэмших эрхийг нэхэмжлэгч Я.Б-т шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн одоо Я.Б миний эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол ... түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заажээ.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамж, 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжууд нь Усны тухай хуульд заасан Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарч, ундны усны эх үүсвэрийн дотоод, гадаад мужид иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан байхад Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсэд С.Х-д эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар С.Х-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар С.Х-ийн эзэмшиж байсан 23028 м.кв, 25100 м.кв газруудын эзэмших эрхийг нэхэмжлэгч Я.Б-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” заасантай нийцээгүй, хүчин төгөлдөр бус газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байна.
Энэ талаар анхан шатны шүүх “хуулиар болон журмаар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчин газар эзэмших эрх олгосон хэмээн эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн байхад ийнхүү хүчингүй болсон газар эзэмших эрхийг дахин шилжүүлсэн ... хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж байсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.
С.Х-д Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээд Нийслэлийн Засаг даргаас тогтоосон хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид шилжүүлснийг Газрын тухай хуульд заасны дагуу хүчингүй болгосон нь үндэслэлтэй болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ