Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01238

 

 

 

“Э-” ХХК, “Э-” ХХК,

Д.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/01829 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э-” ХХК, “Э-” ХХК,  Д.Д- нарын хариуцагч С.Т-, Б.М- нарт холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үүрэгт 84,785,310 төгрөг, нийт 100,285,310 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Д- миний бие “Э-” ХХК болон “Э-” ХХК-г байгуулан, БНСУ-аас керби тоос сорогч оруулж ирэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт худалдан борлуулдаг байсан. Тухайн үед С.Т-, Б.М- нар нь манай компанид Эрдэнэтийн салбарын борлуулалтын ажлыг хариуцан ажилладаг байсан. С.Т-,  М- нар нь манай компанитай худалдах, худалдан авах гэрээ хийсэн иргэдээс үлдэгдэл төлбөрийг авч компанид шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл С.Т-, М- нар нь өөрсдийн хувийн данс болон бэлнээр манай компаниас керби авсан иргэдийн үлдэгдэл төлбөрийг авч нэлээн их хэмжээний мөнгө өр төлбөрийг шамшигдуулсан талаар мэдэж цагдаад хандах гэтэл удахгүй төлнө гэж гуйгаад байсан тул 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл”-г С.Т-тай байгуулсан. Уг хэлцэлд Д.Д- нь С.Т-гаас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Эгшилэнт солонго” ХХК болон “Э-” ХХК-ний мөнгөн орлогоос дур мэдэн бэлнээр суутган авч өөрийн ахуй амьдрал, үйл ажиллагаандаа ашиглан шамшигдуулсан 15,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар болж, мөн өнгөрсөн хугацаанд дур мэдэн ашигласан 15,500,000 төгрөгт нэг сард 2 хувийн хүү бодож гэрээ хийснээс хойш хүүг үргэлжлүүлэн тооцож, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өнгөрсөн хугацааны хүүнээс 1,020,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлөх, нийт төлбөрийг талууд харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж дуусгасан байхаар гэрээг байгуулсан байдаг. Уг мөнгөө төлөөгүй тул дахин 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.Д- болон Б.М- бид хоорондоо тохиролцож хэлцэл хийсэн бөгөөд 15,500,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сараас хойш төлж дуусах хугацаа хүртэл сарын 2 хувийн хүү бодон эргэж төлөх, 2018 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл 22 сарын хүү, нийт 22,300.000 төгрөг болсоны 2,320,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны дотор өгөхөөр, 15,500,000 төгрөгийн үндсэн төлбөрт сарын 2 хувийн хүү бодохоор, мөн үлдсэн 4,500,000 төгрөгийн хүү болох төлбөрийг 8 сар дотроо багтааж төлж дуусгахаар тус тус харилцан тохиролцсон хэлцэл хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Уг төлбөр барагдуулах хэлцлийн дагуу мөнгөө төлж чадахгүй байсан тул хариуцагч нартай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дэлгэннаран нь БНСУ-аас Бидэ оруулж ирэх мөнгийг гаргаж, С.Т-, Б.М- нар нь уг Бидэг оруулж ирэх, борлуулах ажлыг гүйцэтгэж, борлуулсан ашгаасаа төлбөр барагдуулах хэлцлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээний дагуу С.Т-, Б.М- нар нь ашгаа ч өгөөгүй, төлбөр барагдуулах хэлцлийн дагуу төлбөрөө ч төлөөгүй. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн салшгүй хэсэг бөгөөд уг гэрээнээс үүдэлтэй байгуулагдсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээг талууд сунгаж явсаар хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сунгасан үйл баримтад хариуцагч маргадаггүй. Хэдийгээр сунгасан талаарх гэрээг хэрэгт баримтаар өгөөгүй боловч хариуцагч маргахгүй байгаа болно. Иймд төлбөр барагдуулах хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул С.Т-, Б.М- нараас 15,500,000 төгрөгийг гаргуулж “Эгшилэнт Солонго” ХХК болон “Э-” ХХК-д тус тус өгнө үү.  

С.Т-, Б.М- нартай 2018 оны 07 дугаар сароын 18-ны өдөр "Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Д- миний бие С.Т-, Б.М- нарын худалдан борлуулдаг бүтээгдэхүүнийг БНСУ-аас оруулж ирэхэд шаардагдах 21,600,000 төгрөгийг шилжүүлэх, С.Т-, Б.М- нар нь Apple бидэ-г оруулж ирэн зарагдах ашгийг 100 хувь гэж үзвэл Д.Д- нь цэвэр ашгаас 80 хувь, С.Т-, Б.М- нар нь 20 хувь авахаар тус тус тохиролцсон байдаг. Б.М- нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 60 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660,000 төгрөгөөр худалдаж Бидэ тус бүрээс 110,000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550,000 төгрөгөөр 60 Бидэ худалдаж 33,000,000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 21,600,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 11,400,000 төгрөг цэвэр ашиг олж 80 хувийн ашиг 9,120,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Ингээд нийт 30,720,000 төгрөгийг төлөх ёстой байснаас 31,073,175 төгрөгийг төлж 353,175 төгрөгний илүү төлсөн тул уг төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөрөнгө оруулсан үнийн дүнгээс хасаж тооцсон.  Улмаар дахин 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээг байгуулж, Б.М-ын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 14,400,000 төгрөгийг Б.М-ын данс руу шилжүүлж, БНСУ-аас оруулж ирэх, Apple бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүү тооцохоор, мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Дэлгэрнаран нь 40 хувь, Б.М- 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцэлийг байгуулсан. Б.М- нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 40 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660,000 төгрөгөөр худалдаж, Бидэ тус бүрээс 110,000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550,000 төгрөгөөр 40 Бидэ худалдаж 22,000,000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 14,400,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 7,600,000 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашиг 3,040,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Сарын хүү 4 хувиар тооцсон. Нэг сарын хүү 576,000 төгрөг 3 сараар тооцож 1,728,000 төгрөг болсон. Ингээд нийт 19,168,000 төгрөгийг авах ёстой байсан. Үүнээс 21,160,085 төгрөгийг хийж 1,992,085 төгрөгийг илүү төлсөн. Уг төлөлтийг доорх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан хөрөнгө оруулалтаас хасаж тооцсон.  Дахин 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ”-г дахин байгуулсан байдаг, Б.М-ын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 18,400,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Б.М-ын данс руу шилжүүлж, БНСУ-аас оруулж ирэх, Apple Бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүү тооцохоор, мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Д.Д- нь 40 хувь, Б.М- 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцэлийг байгуулсан. Б.М- нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 50 ширхэг Бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660,000 төгрөгөөр худалдаж, Бидэ тус бүрээс 110,000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550,000 төгрөгөөр 50 Бидэ худалдаж 27,500,000 төгрөг болсон. Үунээс оруулсан 18,400,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9,100,000 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашгинд 3,640,000 төгрөгийг төлөх 3 сарын хүүнд 4 хувиар тооцож 2,208,000 төгрөг төлөх, нийт 24,248,000 төгрөгийг төлөх ёстой байснаас 27,992,085 төгрөгийг төлж 3,744,085 төгрөгний илүү төлөлт хийсэн. Уг үнийн дүнг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны хөрөнгө оруулалтаас хасаж тооцсон болно. Улмаар дахин 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ"-г дахин байгуулсан байдаг, Б.М-ын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 18,600,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.М-ын данс руу шилжүүлж, БНСУ-аас оруулж ирэх, Apple Бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 2 хувийн хүү тооцохоор, мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Д.Д- нь 40 хувь, Б.М- 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцэлийг байгуулсан. Б.М- нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 50 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660,000 төгрөгөөр худалдаж, Бидэ тус бүрээс 110,000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550,000 төгрөгөөр 50 Бидэ худалдаж 27,500,000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 18,600,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8,900,000 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашгинд 3,560,000 төгрөгийг төлөх, 3 сарын хүүг 2 хувиар тооцож 1,116,000 нийт 23,276,000 төлөх ёстой байсан. Үүнээс 26,935,139 төгрөгийг төлж 3,659,139 төгрөгний илүү төлөлттэй байсан. Уг үнийн дүнг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулалтаас хасаж тооцсон.  2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ”-г дахин байгуулсан байдаг, Б.М-ын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22,560,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 24,340,680 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 24,232,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 23,296,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 31,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15,108,720 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 32,900,000 төгрөг буюу нийт 94,428,680 төгрөгийг Б.М- данс руу тус тус шилжүүлж, БНСУ-аас оруулж ирэх, Аpple бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүү тооцохоор мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Д.Д- нь 40 хувь, Б.М- 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилж авахаар тус тус тохиролцож хэлцлийг байгуулсан. Дээрх шилжүүлсэн 94,428,680 төгрөгөөр 255 ширхэг Бидэ Б.М-, С.Т- нар нь захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660,000 төгрөгөөр худалдаж, бидэ тус бүрээс 110,000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550,000 төгрөгөөр 255 Бидэ худалдаж 140,250,000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 94,428,680 төгрөгийг хасаад үлдэгдэл 45,821,320 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашигт 18,328,528 төгрөгийг төлөх, 3 сарын хүүг 3 хувиар тооцож 8,498,581 төгрөг нийт 121,255,789 төлөх ёстой байсан. Үүнээс 23,739,139 төгрөгийг төлж 97,516,650 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улмаар дахин 2019 оны 09  дүгээр сарын 13-ны өдөр 31,500,000 төгрөг, 2019 оны 10  дугаар сарын 30-ны өдөр 15,108,720 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны 32,900,000 төгрөг нийт 79,508,720 төгрөгийг Б.М-руу шилжүүлсэн. Энэ үнийн дүнгээс хүү болон ашиг огт тооцоогүй шилжүүлсэн болно. Б.М- нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл нийт 92,440,060 төгрөгийг буцаан төлж, 12,931,340 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Улмаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хийсэн хэлцлийн дагуу Б.М-, Түвшинзаяа нар нь надад 97,516,650 төгрөгийг төлөх ёстой байсан бөгөөд үүнээс 12,931,340 төгрөгийг хасан тооцоход 84,785,310 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд Б.М-, С.Т- нараас нийт 84,785,310 төгрөгийг гаргуулж Д.Д-д олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар татгалзлын агуулга: С.Т-гийн хувьд “Э-” ХХК-д менежерээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүн борлуултын мөнгийг бэлэн эсвэл өөрийн дансаар авдаг байсан. Жи тайм гээд сүлжээ гарч ирээд богино хугацаанд мөнгө өсгөдөг гэхээр борсуулсан барааны үнэ миний дансанд төвлөрч компанитай тооцоо нийлээгүй байсан тул 15,500,000 төгрөгийг богино хугацаанд эргэлдүүлж, тооцоо нийлэхээс өмнө тухайн мөнгийг байгууллагад хүлээлгэж өгнө гэж хөнгөмсөгөөр найдаж, борлуулалтын мөнгийг хувьдаа ашигласан билээ. Жи таймд залилуулсанаа мэдээд Д.Д- захиралд үнэн учрыг хэлсэн. Захирал 15,500,000 төгрөгний олох ёстой ашгийг тооцоолж үзээд хэлье гэсэн. Захирал 2018 оны 03 дугаар сарын 23-нд нийт 22,000,000 төгрөг болсон байна гэж хэлсэн. Надтай иргэн Д.Д-гаар хөрөнгө оруулалт, ашиг хувиарлалтын гэрээ гэж хийгээд олох ёстой байсан ашгийг хүү гэж үзээд гэрээ хий. Ийм байдлаар гэрээ хийхгүй бол байгууллагын мөнгө завшсан хэрэгээр цагдаад өгнө гэсэн. Тэр үед найз залуутай болоод одоогийн нөхөр Б.М-д Жи таймд залилуулж захиралд хэлсэн чинь захирал намайг гэрээ хийхгүй бол цагдаад өгнө гэсэн гэж хэлэхэд захиралтайгаа гэрээ хийх хэрэгтэй байх гээд зөвлөлдөөд захиралтай гэрээ хийхээр болсон. Б.М- та 2 хамт амьдарлаг гэр бүл болж байгаа тул хамтад нь гэрээ хийнэ гээд нөхөр бид 2 төлбөр төлөгчөөр гэрээ хийсэн. Надад 1,020,000 төгрөг байснаа захиралд өгөөд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 21,300,000 төгрөгний хөрөнгө оруулалтын гэрээ гэж хийсэн, 2023 оны 03 дугаар сарын 26-нд 1,300,000 төгрөг төлсөн. 7 сар хүртэл мөнгө төлөөгүй. Захирал дуудсан та хоёр төлбөрөө төл гэсэн. Бид хоёрт үнэхээр мөнгө алга түрээсийн байраар явж байна гэж хэлэхэд за тэгвэл би та нарт мөнгө өгье та хоёр борлуултаа хариуц тэгээд тэр ашгаасаа энэ мөнгөө төл гэсэн. Тухайн үед бид хоёр баярлаад хүлээн авсан. 2018 оны 07 дугаар сарын 18-нд 21,600,000 төгрөг өгсөн. 80 хувийн ашгийг захирал 20 хувийн ашгийг бид 2 авахаар гэрээлж төлбөр тооцоог хийж явсан. Гэрээний хугацаанд ашиг болон үндсэн мөнгийг хүү тооцож аваад хоёрыг ажиллуулсан. Эхний гэрээний мөнгийг авч дуусгаад дахиад гэрээ байгуулдаг дахиад л өндөр хүү, өндөр ашиг захирал авдаг. Дээрхи мөнгө бүгд хуримтлагдаад явдаггүй байсан эхний гэрээний мөнгөө авсны дараа дараагийн гэрээг хөрөнгө оруулалт, ашиг хувиарлалт гэдэг нэрийн дор мөнгө хүүлдэг байсан. Үнэхээр байгууллагаас 15,500,000 төгрөг дур мэдэн авсан буруутай гэж бодоод чимээгүй хий гэснийг нь хийдэг байсан. Гэтэл байгууллагын мөнгө шамшигдуулсан гэж шүүхэд өгсөнд үнэхээр их харамсалтай байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгийг тус хуулийн этгээдийн захирал Д.Д- авсан. С.Т-гийн хувьд Д.Д- захиралд өгөх мөнгийг өгсөн болно. “Э-” ХХК-тай хэрхэн яаж холбогдоод байгааг сайн ойлгохгүй байна. Миний хувьд тус хуулийн этгээдтэй хамааралгүй болно. Б.Махбал нь тус 15,500,000 төгрөгийн хэрэгт ямарч хамааралгүй болно. Б.М- нь нэхэмжлэгч компаниудад ажиллаж байгаагүй. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийн үргэлжлэл нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Бидэ борлуулаад олсон ашгаараа төлбөр барагдуулах хэлцлийн дагуу төлбөрөө бүрэн барагдуулаад дууссан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-, С.Т- нарт холбогдох 100,285,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Э-" ХХК, "Э-" ХХК, Д.Д- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны шиг, сонирхлыг илэрхий хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. “... 5622441386 тоот данс нь хариуцагч нарын эзэмшлийн данс биш байх ба гүйлгээний утга нь “өөртөө” гэж шилжүүлсэн байгаагаас үзэхэд хариуцагч нарт 79,508,720 төгрөгийн мөнгөн хөрөнгийг олгосон гэж шүүх дүгнэсэн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 31,500,000 төгрөгийг 5622441386 тоот дансанд “Дамдин Дэлгэрнаран” гэх гүйлгээний утгаар шилжүүлж, вон болгоод буцаагаад Б.М-ын эзэмшлийн Хаан банкны 5920332949 тоот воны дансруу 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөө 14,000,000 воныг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15,108,720 төгрөгийг 5622441386 тоот дансанд “өөртөө” гэх гүйлгээний утгаар шилжүүлж вон болгоод буцаагаад Б.М-ын эзэмшлийн Хаан банкны 5920332949 тоот воны дансруу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөө 6,400,000 воныг шилжүүлсэн.  2019 оны 11 дүгээр 25-ны өдөр 32,900,000 төгрөгийг 5622441386 тоот дансанд “өөртөө” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлж буцаагаад вон болгоод Б.М-ын эзэмшлийн Хаан банкны 5920332949 тоот воны дансруу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөө 14,000,000 воныг тус тус шилжүүлсэн болно. Эдгээр воны шилжүүлгийн материалууд нь Б.М-ын дансны хуулгаар нотлогддог болно. /хавтас хэргийн материалын 151 дэх талд/ Уг өдрөөс хойшхи хугацааны воны дансуудыг шүүж үзэлгүйгээр зөвхөн Д.Д-гийн өөрлүүгээ шилжүүлсэн Хаан банкны төгрөгийн дансны хуулгуудад үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй болно. Иймд нотлох баримтанд тулгуурлаагүй, баримтыг зөвөөр үнэлээгүй учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлын дагуу 79,508,720 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Мөн нэхэмжлэгч тухайн 79,508,720 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ашиг, хүү тооцохгүйгээр хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх нэхэмжлэлийг үндэслэлдээ тайлбарлаж шаардсан ба шүүх хуралдаанд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ анхнаасаа тайлбарлаж байгаагүй гэжээ. Гэтэл воноор шилжүүлсэн төлбөрүүдийн гүйлгээний утга нь барааны төлбөрт гэж бичсэн нэхэмжлэлийн шаардлага хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгө авъя гэж шаардсан нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй болно. Шүүхээс баримтыг бүрэн үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай атал хамааралгүй зээлийн гэрээний үүрэг шаардсан мэтээр ойлгож хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

 

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Э- ХХК, Э- ХХК нь хариуцагч С.Т-, Б.М- нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч С.Т-, Б.М- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 84,785,310 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан” гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч С.Т- нь нэхэмжлэгч Э- ХХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа компанийн орлогоос бэлнээр 15,500,000 төгрөгийг авч хувьдаа ашигласан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Хариуцагч С.Т- нь дээрх 15,500,000 төгрөгийг барагдуулах зорилгоор нэхэмжлэгч Э- ХХК, Э- ХХК-ийн захирал Д.Д-тай 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “төлбөр барагдуулах” нэртэй хэлцэл байгуулж, 15,500,000 төгрөгт сарын 2 хувийн хүү бодож, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /үндсэн хэргийн 1xx-ийн 9-р тал/

4.а.Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч С.Т-, түүний нөхөр буюу хариуцагч Б.М- нар нь дахин бичгийн баримт үйлдэж, дээрх 15,500,000 төгрөгт сарын 2 хувийн хүү бодож төлөхөөр тохиролцжээ. /үндсэн хэргийн 1xx-ийн 10-р тал/

4.б.Хариуцагч С.Т-, Б.М- нар нь Д.Д-тай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаа хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нар нь Д.Д-гаас хөрөнгө оруулалт авч БНСУ-аас бидэ суултуур оруулж ирж Монгол Улсад худалдан борлуулах, борлуулалтын орлогоос ашиг хүртэж, дээрх 15,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /нэгтгэсэн хэргийн 1хх-6-12-р тал/  

4.в.Дээрх гэрээ тус бүрт Д.Д-гийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ болон хариуцагч нарын ашиг хүртэх хувь хэмжээг өөр өөрөөр тогтоосон ба зохигчид тус гэрээний дагуу тодорхой хугацаанд хамтран ажилласан үйл баримт тогтоогджээ.

4.г.Гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.д.Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч С.Т-, Б.М- нарт нийт 234,167,789 төгрөгийн үүрэг үүссэнээс хариуцагч нар нь нийт 281,905,500 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх энэ талаар дүгнэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга, цахим хаяг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх ба шийдвэрийн энэ хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй.

5.Харин анхан шатны шүүхийн 79,508,720 төгрөгийн талаарх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд нэхэмжлэгч тал шийдвэрийн зөвхөн энэ хэсэгт гомдол гаргасан. Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Б.М-д 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 14,000,000 вон, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6,400,000 вон, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 воныг тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. /нэгтгэсэн хэргийн 1хх-30, 33, 35-р тал/

5.а.Хэдийгээр нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Б.М-д 3 удаагийн гүйлгээгээр дээрх мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч “нэхэмжлэгч талд төлвөл зохих төлбөрийг бүрэн төлсөн” гэх хариуцагч нарын татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагч С.Т-, Б.М- нар нь нэхэмжлэгч талд илүү төлөлттэй байгаа үйл баримт тогтоогдсон буюу дээрх 3 удаагийн гүйлгээ хариуцагч нарын төлсөн нийт төлбөрт багтсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/01829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

                         ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

  Г.ДАВААДОРЖ