Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01311

 

 

 

Д.А-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01214 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-н хариуцагч Б.Ц-, Д.М- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,319,445 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагч Б.Ц-, Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Б.Ц-, Д.М- нарт 11,500 долларыг хүүгүй, 2020 оны 05 дугаар сард буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Хариуцагч Б.Ц- нь дээрх зээлийг өөрийн хүү Д.М-ад байр худалдан авахад зориулж, бэлнээр авсан болохоо 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин баталгаажуулж, гар баримт үйлдэн түүнийгээ нотариатаар баталгаажуулсан. Өнгөрсөн хугацаанд хариуцагчийн хүү Д.М- нь нийт 18,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 өвчний нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдал, хувийн харилцаа зэргийг харгалзан үзэж дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардахаа хойшлуулж байсан ба 2021 оноос эхлэн зээлийн төлбөрийг удаа дараа утсаар болон фэйсбүүк чатаар шаардсан боловч хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Монгол банк”-аас зарласан албан ёсны ханшаар 1 ам.доллар нь 3,425.32 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 5,056.3 доллар нь 17,319,445 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас 17,319,445 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Цэрэнбямбын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч доллар, мөнгө өгсөн гэж худал бичсэн байна. Энэ гүтгэлэг нь илэрч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа тул шалгалт, мөрдөн байцаалтын асуудал дуустал шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. Нэхэмжлэгч Д.А- гэгч Монгол улсад байхгүй Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа нь тогтоогдсон гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-, Д.М- нараас 12,117,810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.А-д олгож, үлдэх 5,201,635 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-, Д.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 208,835 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            4.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль зөрчиж гарсан байна. Иргэн Б.Ц- надаас 12,117,810 төгрөг гаргуулахаар шийдсэн. Бодит байдал дээр нэхэмжлэгч Д.А- гэгч надад мөнгө өгөх гэж байгаа сэтгэгдэл төрүүлж гарын үсэг зуруулан авчихаад нэг ч мөнгө валют өгөөгүй гэдгийг тайлбарласан боловч шүүх бэлнээр мөнгө авсан эсэхийг тогтоолгүй, нэхэмжлэгч дансаар юм уу бэлнээр өгснийг тогтоолгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч Д.М- миний 2021 оны 09 дүгээр сарын 06-нд 50854303714 тоот дансаар төлсөн 2,500,000 төгрөг, мөн энэ дансаар 2021 оны 04 дүгээр сарын 01-нд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг төлсөн байдлыг үнэлэлгүй орхигдуулсан байна. Энэ талаар шүүгчийн туслахад сануулж байсан.

 

4.а.Шүүх хурал болох өдөр хариуцагч Б.Ц- миний даралт ихсэж хөдөлж болохгүй гэж эмч хэлсэн тул шүүх хуралд оролцож чадаагүй, 10 минутын өмнө шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч энэ байдлыг нягталж шалгаагүйд гомдолтой байна. Иргэн Д.Цэрэнбямба намайг хариуцагч болгож, миний эрх чөлөөнд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Бодит байдлыг дахин үнэлж өгөхийг хүсэж байна. Иргэн Д.М- миний төлөх 12,117,810 төгрөгөөс дансаар төлсөн 4,500,000 төгрөгийг хасаж тооцож өгөх магадлал гаргаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. Иймд 4,500,000 төгрөг хасуулах тухай гомдол үндэслэлгүй. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч хариу тайлбар гаргаж татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд эрх, үүрэгтэйгээ танилцсан байдаг. Хариуцагч нар энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан. Харин 4 дэх удаагийн шүүх хуралдаанд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гараагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Ц-, Д.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,319,445 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

3.а.Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Ц-, Д.М- нарт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11,500 ам.доллар буюу 30,117,810 төгрөгийг хүүгүй, байр авах зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч нар нь дээрх төлбөрийг 2020 оны 05 дугаар сард буцаан төлөхөөр харилцан тохиролцсон бичгийн баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 8-9-р тал/

3.б.Дээрх баримтуудад зээлдүүлэх мөнгөн дүнгийн хэмжээ, буцаан төлөх хугацаа зэргийг тодорхой зааж зохигчийн хэн аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан ба нэхэмжлэгч Д.А- нь тус баримтуудыг үндэслэн хариуцагч Б.Ц-, Д.М- нараас нийт 17,319,445 төгрөг нэхэмжилсэн, эдгээр баримтууд нотолгооны ач холбогдолтой. Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

            3.в.Мөн анхан шатны шүүх хариуцагч нарт нэхэмжлэлийг хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийг танилцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 22, 23, 31-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

3.г.Хэдийгээр хариуцагч Б.Ц-, Д.М- нар нь зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг төлсөн талаарх баримт авагдаагүй хэдий ч тус мөнгийг хүлээн авсан болохоо нэхэмжлэгч тал зөвшөөрч тайлбар гаргасан. Иймд зээлийн үүрэг 30,117,810 төгрөгөөс дээрх 18,000,000 төгрөгийг хасаж, хариуцагч Б.Ц-, Д.М- нараас 12,117,810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлээс 5,201,635 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.д.Хариуцагч нар давж заалдах гомдолдоо Д.М- нь хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4,500,000 төгрөг төлснийг нэхэмжлэлээс хасаж тооцоогүй, шүүх хурал болох өдөр хариуцагч Д.Цэрэнбямбын даралт ихсэж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдсэн гэх үндэслэлийг зааж, гомдолдоо “Хаан банк”-ны депозит дансны хуулгыг хавсаргажээ.

 

3.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлэх эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул гомдолд хавсаргасан дансны хуулгыг үндэслэн, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 4,500,000 төгрөгийг хасаж тооцох боломжгүй.

 

4.Түүнчлэн, хариуцагч Д.Цэрэнбямба нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай түүний хүсэлтэд хавсаргасан прокурорын мэдэгдэх хуудас нь энэхүү иргэний хэрэгтэй хамааралтай болохыг нотолсон баримт биш байна. Иймд хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.М-аас төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                    ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                                       Г.ДАВААДОРЖ