Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01313

 

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/01654 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Д-гийн хариуцагч Э.У-, Н.Б- нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 21,788,260 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.У-гийн сөрөг нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд О.Д-ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Э.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Э.У-тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 хороолол, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 52 тоот хаягт байрлах орон сууцаа 80,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Тухайн үед миний бие их хэмжээний хөрөнгөө бусдад залилуулж, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлөх нөхцөл байдал үүсээд байсан, мөн миний өмчлөлийн тус орон сууц нь банкны барьцаанд бүртгэлтэй байсан ба банкны зээлийг ч цаг тухайд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Би орон сууцаа алдахгүйн тулд бизнесийн хамтрагч Э.У-гийн нөхөр П.Б-тай тохиролцож, түүнээс 38,000,000 төгрөгийг зээлж, барьцаанд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Сар бүр зээлийн хүү төлөх, бодит байдлаар өөрөө орон сууцаа эзэмшиж, ашиглах, дараа нь мөнгөтэй болохоороо 38,000,000 төгрөгийг буцаан өгөөд орон сууцныхаа төлбөрийг төлөхөөр тохиролцсон юм. Гэрээ байгуулахдаа 80,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж тэмдэглүүлсэн хэдий ч бодит байдал дээр ийм хэмжээний мөнгийг бэлнээр аваагүй. Мөн тус орон сууцанд дүү Б.Тэнгисболд нь гэр бүлийн хамт 2016 оноос хойш амьдарч байсан учир хариуцагч Э.У- болон түүний нөхөр П.Б-тай тохиролцож 38,000,000 төгрөгийн хүүгээ төлөх зорилгоор тухайн орон сууцаа хариуцагч Э.У-гаас хөлслөн амьдарч байгаа гэх агуулга бүхий орон сууц хөлслөх гэрээг байгуулан гэрээнд заасны дагуу хөлс төлөх болсон. Орон сууц хөлслөх гэрээнд зааснаар төлөгдөж байгаа төлбөрүүд нь тухайн гэрээнд орон сууц хөлсөлсний төлбөр гэж байгаа боловч бодит байдал дээр нэхэмжлэгч О.Д- миний хариуцагч Э.У- болон нөхөр П.Б- нараас зээлсэн 38,000,000 төгрөгийн хүүнд төлж буй төлбөр байсан юм. Хариуцагч Н.Б- нь худалдан авах орон сууцандаа нэг ч удаа очиж үзэлгүйгээр,

орон сууцны доторх байдалтай нь танилцаагүй байж орон сууцыг худалдан авсан гэдэгт хувьд итгэхгүй байна. Маргаан бүхий орон сууц нь 2021 оны байдлаар 130,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө юм. Тиймээс хариуцагч Н.Б-, хариуцагч Э.У- нарын хооронд энэхүү орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой нэг ч төгрөг шилжээгүй гэж үзэж байна. Иймд О.Д-, Э.У- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон Э.У-, Н.Б- нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, О.Д-г Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 34 дүгээр байр, 52 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Э.У-гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч О.Д- нь манай хадам ээж С.Н-гийн үйлчлүүлэгч байсан ба манай нөхөр П.Б- нь 2007 оноос “Барс” зах дээр хүнсний нарийн ногоо, жимс бөөнөөр худалдан борлуулж эхэлсэн. Тэр үеэс нэхэмжлэгч О.Д- нь нөхрөөс маань хүнсний нарийн ногоо, жимс зээлээр худалдан авдаг байсан. Тухайн үед нэхэмжлэгч нь зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг найдвартай өгдөг байсан боловч 2014 оноос хойш мөнгөө цаг тухайд нь өгөхөө больж 36,000,000 төгрөгийн өр авлага үүссэн. Ингээд удаа дараа мөнгөө нэхсэн боловч төлөхгүй явсаар 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч О.Д- нь манай хадам ээж С.Н- руу утсаар яриад өөрийнхөө байрыг 80,000,000.00 төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан. Тэрээр уг саналыг тавихдаа байр худалдан авах 80,000,000 төгрөгөөс танайхаас зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 36,000,000 төгрөгийг та нар өрөндөө суутгаж хасаад, зөрүү 44,000,000 төгрөгийг надад бэлнээр өгөөд нийт 80,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Энэ саналыг нь манай хадам ээж болон нөхөр П.Б- бид нар хүлээн зөвшөөрч 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч О.Д-гийн данс руу 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд уг орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр банкны барьцаанаас чөлөөлж авсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.Хариуцагч Н.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Э.У-тай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгууж, хоёр өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан ба 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бэлнээр төлсөн. Ийнхүү гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн ба 2021 оны 08 дугаар сарын 31-ний улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Мөн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгнө гэж тусгасан боловч Э.У- нь олон шалтаг тоочсоор байр чөлөөлөхгүй байсан тул арга буюу миний бие харьяаллын дагуу шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан. Тухайн гэрээнд заасан хугацаандаа байрыг маань чөлөөлж өгөөгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан гаргуулсан боловч байрыг минь битүүмжлүүлж өнөөдрийг хүртэл намайг маш их хохироож байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            4.Хариуцагч Э.У-гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч О.Д-гээс түрээсийн гэрээний үүрэгт 2019 оны төлбөрөөс 4,988,260 төгрөг, 2020 оны төлбөрөөс 7,200,000 төгрөг, 2021 оны төлбөрөөс 7,200,000 төгрөг, 2022 оны төлбөрөөс 2,400,000 төгрөг, нийт 21,788,260 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт нийт 21,511,740 төгрөг төлсөн. Талууд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээнд 4 сарын хөлсийг 2,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд хөлсийг сарын 500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд сарын 600,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 600,000 төгрөгөөр тус тус тохиролцсон болно гэжээ.

5.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч О.Д-гийн тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн тухайд өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдан борлуулчихаад дараа нь түүнийгээ түрээслээд байгаа асуудал огт байхгүй бөгөөд бусдаас зээл аваад авсан зээлийнхээ барьцаанд нь орон сууцныхаа өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгснөөс хойш зээлийнхээ хүүг төлөх гэхээр бичгээр хийгдсэн зээлийн гэрээ байхгүй гэдэг асуудал үүссэн тул хариуцагч Э.У-гийн энэхүү сөрөг нэхэмжлэлд дурдагдсан байгаа түрээсийн гэрээ гэх гэрээнүүдийг хийж байсан нь үнэн боловч орон сууцыг хөлслөхтэй холбоотой харилцаа бидний хооронд огт үүсээгүй, хариуцагч Э.У-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 27, 2018 оны 09 дүгээр сарын 28, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнүүд хуульд заасан хэм хэмжээнд харшилсан мөн хүчин төгөлдөр бус дүр үзүүлж, халхавчлах зорилгоор хийсэн хууль бус худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            6.Гуравдагч этгээд О.Д-ын бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга: О.Д- миний бие 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Д-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027609 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж, 34 дүгээр байрны 52 тоот хаягт байрлах 48.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд би худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 4 хувааж буюу 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хас банк ХХК дахь 5000257483 тоот данснаас 39,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк ХХК дахь 5036055395 данснаас 15,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 20,000,000 төгрөгийг тус тус хувааж төлсөн. Мөн гэрээгээр гэрээний үнийн дүнгийн 50 хувийг төлсний дараа орон сууцанд нүүн орох ба гэрээний үнийн дүнгийг 100 хувь төлснөөр худалдагч тал үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талд гаргаж өгч, өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж тохирсон боловч дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх өмчлөх эрхийг миний нэр шилжүүлж өгөхгүй өдий хүрсэн. Миний бие 2014 оны 08 дугаар сарын сүүлээр дээрх орон сууцанд нүүн орж одоо хүртэл миний хүү эхнэр хүүхдүүдийн амьдарч байгаа билээ. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн миний худалдаж авсан орон сууцыг О.Д- нь Э.У-д зээл авч, барьцааны гэрээ байгуулахгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхээ шилжүүлсэн нь хууль бус бөгөөд мөн Э.У- нь цааш нь Н.Б- гэх этгээдэд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан нь бас хууль бус, хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээнүүд юм. Иймд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 34 дүгээр байр 52 тоот хаягт байрлах 48.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

            7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч О.Д-гийн гаргасан хариуцагч Э.У-, хариуцагч Н.Б- нарт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан болон 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 52 тоот хаягт байрлах Ү-2203027609 тоот улсын бүртгэлийн дугаартай 48.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О.Д-ын гаргасан нэхэмжлэгч О.Д-, хариуцагч Э.У-, хариуцагч Н.Б- нарт холбогдох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 52 тоот хаягт байрлах Ү-2203027609 тоот улсын бүртгэлийн дугаартай 48.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч О.Д-гээс 15,088,260 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.У-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 266,900 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 557,950.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 233,391 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

            8.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний хувьд өөрийн 52 тоот орон сууцыг өөрийн төрсөн эгч О.Д-ад 2014-2015 онд худалдаж, төлбөрийг нь 100 хувь хүлээн авсан. Төрсөн эгч, дүүс учраас нэг нэгэндээ итгээд өмчлөх эрхийг нь шилжүүлээгүй байсан. Бизнес хийх гээд боломжтой байдлаар зээл авахдаа өөрийн нэр дээр байсан орон сууцыг банкны барьцаанд бүртгүүлж зээл авсан байсан юм. Тухайн байранд О.Д- эгчийн төрсөн хүү Б.Тэнгисболд 2022 оныг хүртэл амьдарч байсан учраас надаас байрны гэрчилгээг нэхэж байгаагүй юм. Байраа банкнаас чөлөөлөхийн тулд 44,000,000 төгрөгийг П.Б-аас зээлж, эхнэр Э.У-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Орон сууцыг худалдан авсан гэх хариуцагч Э.У- нь нэг ч удаа өөрийн эзэмшилд хүлээн авч байгаагүй, орон сууцыг ашиглаж амьдарч байгаагүй. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хариуцагч Э.У- нь нийт 44,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн баримт авагдсан байх ба үлдэгдэл 36,000,000 төгрөгийг өгсөн гэх баримт байхгүй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн гэх баримтууд нь тухайн гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас өмнө талууд бараа материал худалдах, худалдан авах харилцаанд оролцож байсан үйл баримтыг нотолж байгаа болохоос өртэй байсныг нотлоогүй. Гэтэл анхан шатны О.Д- намайг 36,000,000 төгрөгийн өртэй байсан гэж шударга бусаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Кинг говь” ХХК нь иргэн П.Б-аас ногоо худалдан авч байсан нь үнэн, гэхдээ бүх төлбөр тооцоо нь тухайн үедээ дууссан байдаг. Гэтэл компанийн үйл ажиллагааг О.Д- миний нэхэмжлэлтэй хэрэгтэй шууд хамааруулж, компаниараа үйл ажиллагаа явуулж байх үедээ П.Б-, Э.У-, С.Н- нарт өртэй болсон байна гэж үзээд байгааг зөвшөөрөхгүй байна.

8.а.Бодитоор орон сууцыг өмчлөлд шилжүүлэх хүсэл зорилгогүй, өөрөө тухайн орон сууцаа эзэмшиж, ашиглах эрхийг үлдээх, нөгөө талаар орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэн авч байгаа этгээдээс мөнгө хүлээн авч, мөнгийг ашиглах, эргүүлэн төлөх, мөнгийг төлснөөр орон сууцаа буцаан нэр дээрээ шилжүүлэн авахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байгаа юм. Мөн О.Д- миний бие бусдаас зээлсэн мөнгөний хүүг тухай бүрт нь төлөх, өөрийн өмчлөлийн орон сууцны эзэмших, ашиглах эрхийг өөртөө хадгалж үлдэх зорилгоор тухай бүрд нь зээлийн хүүний хэмжээгээр тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулж, зээлийнхээ хүүг төлж байсан тул эдгээр гэрээнүүд нь ч мөн анхнаасаа хууль бус байх хэлцэл гэж үзэхээр байгаа юм. Иймд О.Д- надад тус гэрээнүүдийн дагуу орон сууц хөлслөсний төлбөр төлөх үүрэг үүссэн нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            9.Гуравдагч этгээд О.Д-ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах гомдлыг гаргаж байна. О.Д- болон Э.У- нарын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг бэлэн өгөв гэсэн бөгөөд өмнө үүссэн төлбөрөөс суутгах талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй, мөн талуудын хооронд хэзээ, ямар хэмжээний өр авлага үүссэн, тооцоо яаж нийлсэн эсэх, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй нь тодорхойгүй байхад шүүхээс төлбөр суутган авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд гэрчээр оролцсон гэрчүүд шүүхэд мэдүүлэг өгөхдөө өр авлага, түүнийг яаж хэзээ үүссэн, хэзээнээс үүсээд, хэзээ хэдэн төгрөг төлөгдсөн нарийн санхүүгийн тооцоололгүй, мөн гэрчүүдийн өгсөн өр авлага авах үлдэгдэл нь зөрүүтэй хэлж байхад шүүхээс нотлох баримтгүйгээр таамгаар шийдвэр гаргасан байна. Орон сууцыг хууль ёсоор гэрээ хийж, үнийг төлж, хүлээн авч амьдарч байсан О.Д-ад мэдэгдэлгүй, хулгайгаар худалдан борлуулжээ. Шүүхээс Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дараагийн өмчлөгчийн эрхийг бүртгэхтэй холбоотой харилцаанд тавьсан шаардлага, О.Д- нь гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, О.Д- нь хариуцагч Э.У-тай байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул өмчлөгч биш болно гэжээ. О.Д- нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулан, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрхээ шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч, шилжүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлагагыг хангаж өгнө үү гэжээ.

            10.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд О.Д-, Э.У-, П.Б- нар бизнесийн харилцаатай байсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нотариатын газар гэрээ байхад байгуулагдахад О.Д- ...одоо асуудлаа шийдэж дуусаж байгаа болохоор өрийн дэвтрээ өгчих гэж хэлээд авсан гэж хариуцагч тайлбарладаг. Ингээд өрийн дэвтэр байхгүй болсон. О.Д- нь 36,000,000 төгрөгийн өрөндөө тооцуулж орон сууцаа 80,000,000 төгрөгөөр худалдахдаа 44,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед өвлийн улирал байсан ба О.Д- ...байраа зарж байгаа талаар гэрийнхэндээ хэлээгүй, манай ээж амьдарч байгаа тул хэсэг хүлээгээч гэж хүссэний дагуу орон сууцанд очилгүй хүлээсэн. Мөн П.Б-, Э.У- нар өөрсдийн орон сууцтай байсан тул тухайн орон сууцанд амьдрах шаардлагагүй байсан тул О.Д-гийн орон сууцыг түрээслэх хүсэлтийг хүлээн авч түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэдэг нь О.Д-гийн түрээсийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдоно. Түрээсийн төлбөр түрээсийн төлбөр, түрээсийн төлбөрийг төлөв гэх утгаар шилжүүлсэн байдаг. О.Д- гэрээ байгуулагдах үед өрийн дэвтрийг авсан тул 36,000,000 төгрөгийн өртэй байсан нь баримтаар тогтоогдоогүй гэх гомдол үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд мөнгөө төлсөн атлаа орон сууцаа авч чадаагүй гэж байгаа бол энэ талаар О.Д-д холбогдуулан гомдол гаргах эрх нээлттэй. Одоо тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б- юм. Иймд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            11.Хариуцагч Н.Б- давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг ханхгахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            2.Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Э.У-, Н.Б- нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Э.У- нь нэхэмжлэгч О.Д-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 21,788,260 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Мөн гуравдагч этгээд О.Д- нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан.

 

            4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Э.У-тай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.Д- нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 34-р байр, 52 тоот хаягт байрлах, 48.19 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Э.У-гийн нэр дээр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-ийн 7, 14-р тал/.

5.а.Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

5.б.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд маргасан. Нэхэмжлэгч О.Д- нь “банкны барьцаан дахь орон сууцаа чөлөөлүүлэх зорилгоор хариуцагч Э.У-гаас 38,000,000 төгрөг зээлж, маргаан бүхий орон сууцыг барьцаалсан буюу барьцааны хэлцлийг халхавчлах зорилгоор орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч Э.У- нь эс зөвшөөрч “О.Д-тэй 2007 оноос эхлэн бизнесийн хүрээнд хамтран ажилласан, тэрээр О.Д- нь Барс зах дахь манай хүнсний ногоо, жимсний бөөний төвд 36,000,000 төгрөгийн өглөгтэй байсан ба уг өрийг хааж, үлдэх 44,000,000 төгрөгийг бэлнээр өгч, орон сууцны өмчлөх эрх хуулийн дагуу шилжсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

            5.в.Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагчийн татгалзалд дурдсан бизнесийн хүрээнд хамтран ажиллаж өглөг, авлагын асуудалтай байсан үйл баримтыг үгүйсгээгүй, мөн дээрх нөхцөл байдлыг нотолсон зарлагын баримтууд хэрэгт авагдсанаас гадна хууль сануулж авсан гэрч С.Н-, П.Б- нарын мэдүүлэгт 36,000,000 төгрөгийн өр төлбөр байсан талаар тусгагдсан байна. /2хх-ийн 146-153-р тал/

 

            5.г.Түүнчлэн, нэхэмжлэгч О.Д-, хариуцагч Э.У-гийн нөхөр буюу гэрч П.Б- нарын бичсэн цахим зурвасаар “... байраа зарсан, чи бид хоёрын тооцоо дууссан, 6 жил суулгалаа, одоо болсон” гэхэд нэхэмжлэгч О.Д-гээс “ок, гомдолгүй ээ 11/1-нд гаръя, үнэхээр өөр боломж алга” гэх зэргээр хариу өгч харилцаж байсан болох нь цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан бичгийн баримтаар  тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нотолгооны ач холбогдолтой. 1хх-ийн 210-221, 2хх-135-136-р тал/

 

5.д.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг, цахим баримт, үзлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг, нэхэмжлэгчийн хувьд дээрх баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, маргааны үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

5.е.Мөн талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 7-т “тооцоо дуусгавар болсон” гэж заасан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгын хувьд төлбөр тооцоо дуусгавар болсон эсэх асуудал гэрээнд тодорхой тусгагдсан, энэ тохиолдолд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд зааснаас өөр агуулгаар тайлбарлах эрх шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

 

 5.ё.Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Э.У- нь нэхэмжлэгч О.Д-тэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлж, маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, улмаар төлбөр тооцоо дуусгавар болсон талаар гэрээнд тусгасан байх тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, нэхэмжлэгчид 36,000,000 төгрөгийн өр төлбөрийн асуудал байгаагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. 

           

            6.Хариуцагч Э.У- нь дээрх байдлаар маргаан бүхий 52 тоот орон сууцны өмчлөгч болж, улмаар хариуцагч Н.Б-тэй 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 52 тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /1хх-ийн 50-52-р тал/. Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

            7.Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 21,788,260 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Э.У-тай 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаа орон сууц хөлслөх гэрээ байгуулж, маргаан бүхий 52 тоот орон сууцыг хөлсөлсөн болох нь хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогджээ. /1хх-ийн 99-105-р тал/

 

            7.а.Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч О.Д-гийн төлбөл зохих үүргээс түүний төлсөн төлбөрийг хасаж сөрөг нэхэмжлэлийг 15,088,260 төгрөгийн хэмжээнд хангасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ, төлбөрийн баримтууд, дансны хуулга зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

           

            7.б.Нөгөө талаар, нэхэмжлэгч О.Д- нь сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            7.в.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэхдээ “... төлвөл зохих 36,000,000 төгрөгөөс түүний төлсөн 21,511,740 төгрөгийг хасч тооцвол хариуцагч нь 15,088,260 төгрөгийг төлөх үүрэгтэй байна” гэж тооцооллын алдаа гаргасан байх боловч талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний нийт үүргийг тооцож үзвэл 36,000,000 төгрөгөөс илүү дүнтэй гарч байх тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно. 

 

8.Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 34-р байр, 52 тоот хаягт байрлах, 48.19 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд О.Д-ын бие даасан шаардлагын тухайд нэхэмжлэгч О.Д- нь гуравдагч этгээд О.Д-тай 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий 52 тоот орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан. /1хх-ийн 145-р тал/

 

8.а.Гэвч дээрх гэрээ нь бичгээр хийгдсэн боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Бүртгэлээр үүсдэг өмчлөх эрхийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд өмчлөгч болдог зарчимтай ба гуравдагч этгээд О.Д-ын хувьд гэрээ байгуулагдах цаг хугацаанд маргаан бүхий 52 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 52 тоот орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч О.Д-гээс, хариуцагч Э.У-д, хариуцагч Э.У-гаас хариуцагч Н.Б-эд тус тус хэлцлийн дагуу шилжиж, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх бөгөөд 52 тоот орон сууцны эцсийн өмчлөгч нь хариуцагч Н.Б- байна. Улсын бүртгэл үнэн, зөв байх зарчмын хүрээнд нэхэмжлэгч О.Д-, гуравдагч этгээд О.Д- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хариуцагч Н.Б-ийн өмчлөх эрхийг няцааж чадаагүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/01654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Д-гээс төлсөн 861,541 төгрөг, гуравдагч этгээд О.Д-аас төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН

   Г.ДАВААДОРЖ