Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/0119

 

“ЭТ” ХХК-ийн гомдолтой, ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ

холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:   Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                               М.Батсуурь,

                                                                  Х.Батсүрэн,

                                                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                                   П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:    Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0125 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагч Т.Ч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулан, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0300308 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах;

2. Хэргийн нөхцөл байдал: “ЭТ” ХХК нь онгоцны суудал захиалах, билет борлуулах, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар дотоодын “МИАТ” ТӨХК-ийн гадаад улс руу нисэх онгоцны тийз борлуулах, суудал захиалах үйлчилгээ нь “нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэх үндэслэлээр 199,222,044 төгрөгийн төлбөр тогтоосон байна. Гомдол гаргагч хуулийн этгээдээс “адилхан үйлчилгээ үзүүлж байхад өөр өөр хандаж, дотоодын “МИАТ” ТӨХК-иар дамжиж байгаа тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлж, гадаадын компаниар дамжих тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй байгаа нь тэгш оролцох эрхийг зөрчиж, “МИАТ” ТӨХК-ийн билетийг Монгол компани борлуулах боломжгүй болголоо, манай компани агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тул Олон улсын гэрээний дагуу татвараас чөлөөлөгдөнө, зөрчлийг зөвшөөрөхгүй, маргаантай байхад хялбаршуулсан журмаар шийдсэн, санаатайгаар зөрчил гаргаагүй болон нэмэгдсэн өртгийн албан татвар илүү төлөлтөө батлуулсан байхад торгууль алданги хүлээлгэж байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “гадаадын авиа компанитай зуучлалын гэрээ байгуулаагүй, гадаад улсаас орлого хүлээж аваагүй тул экспортын үйлчилгээ гэж үзэхгүй, зуулчлалын үйл ажиллагаа байх тул татвараас чөлөөлөгдөхгүй” гэж маргасан.

3. Анхан шатны шүүх: ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0300308 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “экспортод гаргасан” гэх нөхцөл заасан, энэ нь тээвэрлэлт үйлчилгээ экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлж байгаа “МИАТ” ТӨХК-д хамаарах ёстой, харин гомдол гаргагчийн “МИАТ” ТӨХК-тай борлуулалтын агентын гэрээ байгуулан, билет борлуулах үйлчилгээг энэ ойлголтод хамааруулахгүй, зуучлалын үйл ажиллагаанд хамаарч байна” гэж дүгнэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг “...гомдол гаргагчийн эрхэлдэг нислэгийн тийз борлуулах ажил, үйлчилгээ нь “МИАТ” ТӨХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тийзийг авиа компаниас тогтоосон үнээр хэрэглэгчид борлуулж, уг орлого нь авиа компанийн орлогоор бүртгэгддэг, тийз борлуулагчийн хувьд орлогоо авиа компаниас авсан шимтгэлийн орлогоор тодорхойлдог зуулчлалын үйлчилгээ байна” гэх үндэслэлээр хэвээр үлдээж, гомдол гаргагч хуулийн этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

5. “ЭТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4 дэх хэсгийг дүгнэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэж олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн гэрээгээр хийгдэж буй тээвэрлэлтийн үйлчилгээ нь экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжид хамааралтай гомдол гаргагч татвар төлөгч “ЭТ” ХХК-нд хамаарахгүй гэж, харин давж заалдах шатны шүүх тийз борлуулагчийн хувьд орлогоо авиа компаниас авсан шимтгэлийн орлогоор тодорхойлдог зуучлалын үйлчилгээ байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4 дэх хэсэг хамаарахгүй гэж хуулийг зөрүүтэй тайлбарласан.

7. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д “Иргэний хуулийн 39 дүгээр бүлэгт заасан зуучлах /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан. Тодруулбал, гомдол гаргагч компанийн нислэгийн тийз борлуулах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоор болсон. Харин гомдол гаргагч “ЭТ” ХХК-ийн нислэгийн тийз борлуулах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахдаа 10 хувиар, эсхүл 0 хувиар ногдох эсэхийг хоёр шатны шүүх дүгнээгүй бөгөөд гомдол гаргагч компанийн дотоодын авиа компанийн дотоод нислэгийн тийз борлуулах үйлчилгээ болон дотоодын авиа компанийн гадаад нислэгийн тийз борлуулах үйлчилгээг бүхэлд нь Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д заасан зуучлагч болон зуучлуулагчийн орлогод хамааруулж 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн.

8. Гомдол гаргагч компанийн дотоодын авиа компанийн дотоод нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагчийн болон зуучлуулагчийн орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д зааснаар 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа. Харин дотоодын авиа компанийн гадаад нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагчийн болон зуучлуулагчийн орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт зааснаар 0 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан гомдол гаргагчийн үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах аргачлалыг салбарын хэмжээгээр 2 удаа тодорхойлж өгсөн Татварын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-4/1560, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01-4/2138 тоот бичгийн нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шийдсэн нь хуульд нийцэхгүй байна. Энэ тоотуудад заасан аргачлалыг тийз зуучлалын бүх байгууллага өнөөг хүртэл мөрдөж байна.

9. Гомдол гаргагч татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудас үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд хамааруулж шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж гомдлын нэг хэсгээ тодорхойлсон. Гэвч давж заалдах шатны шүүх хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдлийг зөвтгөхдөө “гомдол гаргагчийн төлөөлөгчид танилцуулсан, холбогдогчийн эрх, үүрэг танилцуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” гэж дүгнэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, гомдол гаргагч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч нар нь төлбөр төлүүлэхээр тогтоосон хуульд нийцэхгүй байхад хоёр шатны шүүх шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын элсэн орсон Олон улсын гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ. Чикагогийн конвенц-олон улсын гэрээний 15 дугаар зүйлд конвенцод нэгдэн орсон аливаа улс орон нь тухайн орон руу нисч орсон, нисч гарсан, дамжин өнгөрсөн агаарын хөлөг, эсхүл түүний бүхээгт байгаа хүн, ачаа тээш зэрэг хөрөнгөнд аливаа татвар ногдуулах эрхгүй. Нөгөө талаар Монгол Улсын элсэн орсон Олон улсын агаарын тээврийг либералчлах тухай олон улсын гэрээний 10 дугаар зүйлд “...шударга бусаар алагчлахгүй байх” заалтыг зөрчиж байгааг давж заалдах шатны шүүх үнэлээгүй байна. Тухайлбал, зөвхөн дотоодын “МИАТ” ТӨХК-ийн зуучлалд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдож, бусад Эйр Чайна, Кореан Эйр, Туркиш Эйрлайн, Аэрофлот зэрэг гадаадын авиа компаниудад үзүүлсэн тийзний зуучлалын үйлчилгээг татварын байгууллага нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувьд хамаарна гэж хүлээн зөвшөөрч байгаа нь “алагчилж” байгаа баримт мөн.

11. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь тогтоогдож байгаа давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, дотоодын “МИАТ” ТӨХК-ийн гадаад улс руу үйлдэх нислэгийн билет борлуулах, онгоцны суудал захиалах үйлчилгээ нь 0 хувиар албан татвар ногдох урьдчилсан нөхцөл болох “экспортод гаргасан үйлчилгээ” гэдэгт хамаарахгүй байхын зэрэгцээ гадаад улсын нутаг дэвсгэрт, гадаадын компанид үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхгүй юм.

14. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д заасан “Иргэний хуулийн Гучин ёсдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх” гэдэгт буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зохицуулалтад хамаарч, борлуулалтын шимтгэл буюу зуучлалын орлогод 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохоор байна.

15. Иймээс гомдол гаргагч хуулийн этгээдийн “адилхан үйлчилгээ үзүүлж байхад өөр өөр хандаж, “МИАТ” ТӨХК-иар дамжиж байгаа тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлж, гадаадын компаниар дамжих тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй байгаа нь тэгш оролцох эрхийг зөрчиж, “МИАТ” ТӨХК-ийн билетийг Монгол компани борлуулах боломжгүй болгосон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, хуулиар албан татварын тэг хувь хэрэглэх нөхцлийг тусгайлан зааж, зөвхөн тухайн бараа, ажил үйлчилгээг экспортод гаргасан тохиолдлыг хамааруулахаар ялгаатай зохицуулсан нь тэгш байдлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

16. “Олон улсын гэрээг буруу тайлбарласан” гэх үндэслэлийн тухайд: Олон улсын иргэний нисэхийн тухай  конвенцийн 15 дугаар зүйлд “хэлэлцэн тохирогч аль ч улс хэлэлцэн тохирогч өөр улсын агаарын хөлөг, хөлгийн бүхээг дэх хүн эсхүл хөрөнгөд зөвхөн нутаг дэвсгэрээр нь дамжин нисэн өнгөрөх, эсхүл нутаг дэвсгэр рүү нь нисэн орох, нутаг дэвсгэрээс нь нисэн гарах эрхийн төлөө ямарваа нэгэн хөлс, татвар бусад хураамж ногдуулахгүй” гэж заасан бөгөөд гомдол гаргагч хуулийн этгээд нь улс хоорондын агаарын тээврийн үйлчилгээ буюу нислэгийн үйл ажиллагаа эрхлээгүй, харин дотоодын “МИАТ” ТӨХК-тай борлуулагч агентын гэрээ байгуулан нислэгийн тийзийг борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа тул энэхүү маргааны үйл баримтад дээрх олон улсын гэрээг хэрэглэхгүй.

17. Харин гомдол гаргагчийн “санаатайгаар зөрчил гаргаагүй, удаа дараа татварын албанаас асууж, татварын тэг хувь хэрэглэгдэх тухай албан бичиг хүлээн авч, энэ дагуу тайлан гаргаж, нэмэгдсэн өртгийн албан татвар илүү төлөлтөө батлуулсан тул торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” тухай тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

18. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан, энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд гэм буруу тогтоогдохгүй байна.

19. Тодруулбал, Гааль татварын ерөнхий газрын Стратеги хөгжлийн газрын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01-4/1560 дугаар “дотоод авиа компанийн гадаад нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагчийн болон зуучлуулагчийн орлогод тэг хувиар албан татвар ногдоно” гэх албан бичгийг татвар төлөгчид хүргүүлсэн; мөн хариуцагч татварын байцаагч нар “ЭТ” ХХК-ийн 2016-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21180046 дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан, ингэхдээ маргааны үйл баримтад холбогдох үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын тэг хувь хэрэглэж илүү төлөлтийг баталгаажуулсан, үүний улмаас татвар төлөгч тухайн татварыг тэг хувь хэрэглэж тооцсон зэргээр захиргааны байгууллага нь удаа дараагийн үйл ажиллагаагаар гомдол гаргагчид итгэл үүсгэсэн тул гомдол гаргагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй байна.

20. Хариуцагчийн “татварын улсын байцаагчийн актыг шууд удирдаж буй нэгжийн дарга хүчингүй болгох эрхтэй, энэ дагуу 21180046 дугаар актыг хүчингүй болгосон” гэх тайлбар нь “ЭТ” ХХК-ийн 2016-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтөд “нэмэгдсэн өртгийн албан татварыг тэг хувиар ногдуулсан” гэх зөрчилд шийтгэл буюу торгууль алданги хүлээлгэх үндэслэл болохгүй, энэ талаарх “… татварын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй, …гомдол гаргагчийн гэм буруу байхгүй байхад хариуцлага хүлээлгэсэн” гэх гомдол үндэслэлтэй.

21. Иймээс маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс нөхөн төлбөр болох 165 581 432 төгрөгийг хэвээр үлдээж, торгууль 24 219 927 төгрөг, алданги 9 420 685 төгрөг, нийт 33 640 612 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгож, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0125 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын, татварын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0300308 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг 33 640 612 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилж, гомдол гаргагч “ЭТ” ХХК-ийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                М.БАТСУУРЬ

                                                                                     Х.БАТСҮРЭН

Д.МӨНХТУЯА

П.СОЁЛ-ЭРДЭНЭ