Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 95

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ё.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04218 1335 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Ш, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Их засаг" их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл дөрөв, эхнэр, хүүхэд, ахын хамт ... тоотод оршин суудаг, ... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 24-103а тоотод илээр хүч хэрэглэж, буюу хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж иргэн Б.Ц-ын нүүрэн тус газар нь цохиж, зодож эрүүл мэндэд нь “дээд уруулын шарх, цус хуралт, эрүүнд зулгарал, духанд цус хуралт хэлний үзүүрт шарх бүхий” хөнгөн хохирол учруулан, түүний эзэмшлийн “Huawei P” загварын 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б овогт Б.Ш нь:

- 2018 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 24-103а тоотод Б.Ц-ын нүүр лүү гараараа цохиж, тонгойсон байхад нь өвдөглөж, дээрээс нь гараараа цохиж, цагдаад хэлэх юм бол ална шүү хэмээн сүрдүүлж, “Huawei P” загварын 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нь авч явсан,

- түүнчлэн дээр дурдсан хүч хэрэглэн довтлох үедээ хохирогчийн бие махбодод “дээд уруулын шарх, цус хуралт, эрүүнд зулгарал, духанд цус хуралт, хэлний үзүүрт шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Бэлхэд багшийнхаа байшинг барьж байсан юм. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой гэртээ харьж байхад миний гэдэс өвдсөн. Тэгэхээр нь ариун цэврийн цаас авах гээд онгорхой байсан айлын хашаагаар ороод жорлонг онгойлгосон. Гэтэл өмнөөс нэг залуу юу бэ гээд босоод ирэхээр нь би сандарсандаа түүний нүүр лүү гурван удаа цохисон. Тэгээд тэр залуутай танилцаад, түүний гар утсаар гэрэлтүүлж цусыг нь арилгаж өгөөд, хамт тамхи татсан бөгөөд би явахдаа гар утсыг нь мартаад аваад явсан байсан. Тэгээд мөнгөний хэрэг байсан учир тэр утсыг барьцаанд тавьж зээл авсан. Надад хүн дээрэмдэх санаа зорилго байгаагүй бөгөөд гар утсыг нь мартаад аваад явчихсан юм. Түүнчлэн, би тэр залууд нэрээ Д гэж худал хэлсэн нь үнэн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажиллаж байгаад 23:00 цагийн үед хааж ажлаасаа 01 цагийн үед гарч, ...хашаандаа ороод, гэртээ оролгүйгээр үүрч явсан цүнх, пальто хоёроо жорлонгийн булангаас өлгөчхөөд бие засах гээд утасныхаа гэрлийг асаагаад жорлонд жорлонд сууж байтал төд удалгүй гаднаас танихгүй залуу орж ирээд “чимээгүй байгаарай дугарвал ална шүү “ гэхээр нь би өмдөө татаад тэр залууг цааш нь гараараа түлхсэн чинь нөгөө залуу миний уруулын дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон ба байгаа бүх мөнгөө өг гэхээр нь надад 100 төгрөг л байна өөр ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “би анх удаа л ийм зүйл хийж байна“ гээд “танилцъя намайг Д гэдэг, би батлан хамгаалах их сургуульд сурдаг” гээд бид хоёр ганц хоёр үг солиод “чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ” гэтэл юу ч дугараагүй. Тэгээд намайг хамар, уруулаас гарсан цусаа цэвэрлээд дуусаж байтал дахиад уруулын дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон, би доошоо тонгойтол хөлөөрөө өвдөглөөд, дээрээс толгой руу гараараа цохиод байх шиг байсан. Дараа нь миний гар утсыг булааж аваад “гар утасныхаа кодыг тайл” гэхээр нь би хурууны хээгээ уншуулж онгойлгоод өгсөн. Тэр залуу надад хэлэхдээ “би чиний хаана чинь цохих юм бэ, чи намайг танихгүй шүү, цагдаад хэлэх юм бол чамайг ална шүү” гэснээ “доошоо хараад зуу тоол, эргэж харвал ална шүү” гээд цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн16-17дугаар хуудас),

-“...Би дээрэмдүүлсэн гар утсаа эргүүлээд авсан бөгөөд миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-н 18 дугаар хуудас);

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11026 дугаартай “...Б.Ц-ын биед дээд уруулын шарх, цус хуралт, эрүүнд зулгаралт, духанд цус хуралт, хэлний үзүүрт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 41 дүгээр хуудас);

4. Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ш гэх өөрийнхөө цахим үнэмлэхээр дээрх гар утсыг 230,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Надад 280,000 төгрөгийн хохирол учирсан. Би уг гар утсыг барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусахаар нь өөрийн цалин дээрээсээ худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

-“...Тухайн гэмт хэргийн улмаас хураалгасан утасныхаа мөнгийг эргүүлэн авлаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

5. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 цаг болж байхад гаднаас манай дүү Ц орж ирсэн ба хүнд зодуулчихсан нүүр амнаас нь цус гарчихсан, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. Ц хэлэхдээ шөнө 01 цаг 40 минутын үед гэртээ ирээд бие засах гээд жорлонд ороод сууж байтал гаднаас танихгүй залуу орж ирээд зодож, гар утсыг нь дээрэмдсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас);

6. Аривжих-Эстимейт ХХК-ийн гаргасан “Huawei P загварын гар утсыг 550,000 төгрөгөөр үнэлж, хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 35-36 дугаар хуудас);

7. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Б.Ш-ын зургийг 2 дугаарт байрлуулан нэгээс дөрөв хүртэл дугаарласан 4 хүний гэрэл зургийг хохирогч Б.Цэ-т үзүүлж “таныг дээрэмдсэн гэх залуугийн зураг энэ дунд байна уу, хэрэв байвал та тэр зургийг зааж, ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа талаар ярина уу” гэсэн асуулт асуухад Б.Ц “2 дугаартай зурагт байгаа хүн мөн байна, би хараад шууд танилаа, тухайн хэрэг гарах үед миний гар утасны гэрлийг асаагаад намайг дээрэмдсэн залуутай хэсэг хугацаанд юм ярьсан, энэ залуу тухайн үед юүдэнтэй цамц өмссөн байсан бөгөөд нүд нь яг харагдаж байна, би сайн таньж байна” гэж хэлсэн тул түүний 2 дугаартай Б.Ш-ын гэрэл зургийг зааж байгаа байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хавсаргав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-13 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө би 01 цагийн үед Баянхошууны тойрог дээрээс такси бариад Зүүн салааны улаан худаг дээр бууж саадад сууж тамхи татаад байж байтал нэг танихгүй залуу явж байсан. Түүний араас дагаад явтал манай гэрийн ойролцоо байрлах хашаа руу яваад орчихсон. Би тэр залуугийн араас нь явж ороход уг залуу хашааныхаа баруун урд зүгт байрлах жорлон руугаа орсон. Цүнх пальтогоо жорлонгийн гадна талд өлгөөд, бие засах гээд жорлон орсон. Тэгэхээр нь би түүний араас ортол жорлонгийн хаалга нь онгорхой байсан. Нөгөө залуу “юу бэ” гээд босоод ирэхээр нь би сандарсандаа нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. ...тэр залуу гараараа хаагаад доошоо тонгойхоор нь өвдөглөх гэтэл тэр оногдоогүй тэгэхээр нь цамцны юүдэнгээр нь доош нь дарж байгаад жорлонгийн шалан дээр унасан байсан гар утсыг нь аваад кодыг нь гарга гэтэл хуруу мэдрэгчээр ажилладаг гэхээр нь хурууны хээг нь уншуулчхаад доошоо хараад тоол битгий эргэж хараарай гэж хэлчхээд чигээрээ зугтаагаад шууд гэртээ орсон. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Драгоны орчимд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт дээрэмдсэн утсаа өөрийнхөө бичиг баримтаар 230,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. ...Манай хүүхдийн үсний найр болох гээд мөнгөний хэрэг гарсан байсан бас би өөрийнхөө “Iphone 5” загварын гар утсыг барьцаанд тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Хохирогч хавтас хэрэг өгсөн мэдүүлэгтээ Ш-т зодуулаад гар утсаа өгсөн гэж мэдүүлдэг, мөн дахин мэдүүлэгтээ Шинэбаярт зодуулчхаад айж сандраад 10 гаруй минутын дараа Шинэбаяртай ярилцсан гэсэн мэдүүлгийг өгдөг. Тиймээс хохирогч Ц-ын мэдүүлгүүдийн зөрөөг арилгаж нэг мөр болгох ёстой. Мөн дээрэмдүүлсэн гэх гар утас нь Цэрэндондовын эзэмшлийнх гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд үүнийг тогтоох шаардлагатай байсан. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрөөтэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ял сонсгож байгаа нь учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь тухайн үед сандрахдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй. Түүнээс хохирогчийн гар утсыг авахаар дотолсон үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Хэргийн  үнэн зөвийг тогтоосны эцэст ял оногдуулах нь зүйтэй. Тиймээс хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсноор төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт хохирлын дүн хамаарахгүйн дээр хохирогч Б.Ц-ын хэрэглэж байсан гар утас нь өөрийнх нь, эсхүл өөр хүнийх байх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул өмгөөлөгчийн “...Мөн дээрэмдүүлсэн гэх гар утас нь Ц-ын эзэмшлийнх гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд үүнийг нэмж шалгах шаардлагатай...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Ц-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед анх гэрчээр нэг удаа, дараа нь хохирогчоор хоёр удаа мэдүүлэг өгчээ. Хамгийн сүүлд хохирогчоор өгсөн мэдүүлгийн хувьд хэргийн үйл баримтын талаар бус гэмт хэргийн улмаас алдсан гар утсаа буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлжээ. Харин түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болон анх хохирогчоор өгсөн мэдүүлгийн хувьд агуулгын зөрөөгүй байх бөгөөд хохирогчийн мэдүүлэгтээ хэргийн талаар дэлгэрүүлж, үйл баримтыг тодруулж мэдүүлсэн байх тул өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдсан гэж дүгнэв.

Түүнчлэн, хохирогч Б.Ц нь шүүгдэгч Б.Ш-ыг урьд танихгүй, өс хонзон, өр авлага үгүй буюу ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй нэгэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргуулсны үндсэн дээр зохих журмын дагуу мэдүүлэг авч, мөн түүний мэдүүлгийн эх сурвалжийг шалгах үүднээс таньж олуулах ажиллагаа явуулж, гэрэл зургаар давхар бэхжүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан боломжит арга хэрэгслээр бүх талаас нь магадлан шалгажээ.

Мөн өмгөөлөгч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрөөтэй байгаа учир мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээдэггүйн дээр тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болдоггүйг дурдах нь зүйн хэрэг.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүх бүхэлд нь үндэслэлгүй гэж, хэрэгт цугларсан, шуух хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн шүүхийн мэтгэлцээнд тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Ш-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгчийг нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Ш-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ц нь гар утсаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ, иргэний нэхэмжлэгч Н.А нь хураалгасан гар утасныхаа мөнгийг авсан гэдгээ тус тус илэрхийлж мэдүүлцгээсэн байх тул шүүгдэгч Б.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ш нь анх удаа гэмт үйлдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь шунахайн сэдлээр, тодорхой зорилготойгоор, санаатай үйлдэгддэг онцлогтой тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүйн дээр уг нөхцөл байдал нь ихэвчлэн тодорхой нэгэн цаг мөчид гэнэт үүссэн шинжтэй хүмүүсийн үл ойлголцол, хэрүүл маргааны үед, эсхүл болгоомжгүй хэргийн хувьд бий болох нь түгээмэл байдаг.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт тооцон шилжүүлж, шүүгдэгч Б.Ш-ын эдлэх хорих ялын хэмжээг долоон жил дөч хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзаж улсын яллагчийн оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сонгох ялын төрөлгүйгээр хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар доод дээд хэмжээг (ялын интервал) тогтоосон бөгөөд дундаж нь таван жил байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл байдлыг харгалзан ялын дундаж болох таван жилээс багасгаж, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Ш нь нэг үйлдлээр хоёр гэмт хэргийн шинжийг хангасан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул хуульд заасан аргачлалаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ш-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.Ш-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ш-ын биелэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жил дөч хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан дөрвөн жил дөч хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ш-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ш-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА