Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Ш /цахим сүлжээгээр/,түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Шын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Шт холбогдох 1808042181335 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Б-н Ш, 1998 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Их засаг” их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

Б.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 24-103а тоотод илээр хүч хэрэглэж, буюу хүч хэрэглэхээр заналхийлэн, довтолж иргэн Б.Цын нүүрэн тус газар нь цохиж, зодож эрүүл мэндэд нь “дээд уруулын шарх, цус хуралт, эрүүнд зулгарал, духанд цус хуралт хэлний үзүүрт шарх” бүхий хөнгөн хохирол учруулан, “Хуавей” загварын 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Б-н Шыг “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Шын биелэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жил дөч хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан дөрвөн жил дөч хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.Шт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь өөрийн гэмт хэргийн гэм бурууг сайтар ойлгож, гэмт хэрэг үйлдэж авсан утсыг хохирогчид өөрт нь өгсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн, миний амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Би гэмт хэрэг үйлдэх үедээ 20 настай буюу өсвөр насан дээр гэмт хэрэг үйлдсэн байдлаа бүрэн ухамсарлан ойлгож, өөрөө морин хуур тоглож өөрийн амьжиргааг залгуулж амьдардаг, бага насандаа гэр бүл болж, гурван настай хүүхэдтэй мөн өөрөө оюутан зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Шын хүүхэд хамгаалах байгууллагад өссөн тодорхойлолтыг танилцуулах хүсэлтэй байна. Хууль хэрэглээний хувьд алдаатай. Анхан шатны шүүхийн тогтоолоор “нийлмэл” гэмт хэрэг гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй. Энэ гэмт хэргийн хохирогчид бий болсон довтолгооны явцад учирсан гэмтэл эд зүйлсийг нь авсан нь довтолгооны явцад үүсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй. Прокурорын яллах дүгнэлтэд дээрмийн гэмт хэрэг гэж дүгнэсэн байдаг. Хохирогчийн эзэмшилд байсан 550.000 төгрөгийн утсыг хөнгөн гэмтэл учруулах явцдаа авсан гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмж нэгтгэсэн байдалдаа хөнгөн ялын зүйлчлэлийг бичээд, хүнд ялын зүйлчлэлийг бичээгүй нь хууль хэрэглээний алдаатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг үндэслэн энэ гэмт хэргийг гэм буруугүйд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчийн гомдолгүй гэх тайлбар, бүтэн өнчин өссөн, нийгэмд эзлэх байр суурь буюу морин хуур тоглодог авьяастай гэх зэргийг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед учирсан хохирол зэргээс тогтоогдсон учраас дээрмийн гэмт хэргээр давхар зүйлчилсэн. Анхан шатны шүүх нийлмэл гэмт хэрэг гэж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн хувьд маргадаг учраас шүүгдэгч Б.Шыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж прокурорын зүгээс үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 24-103а тоот хашаанд иргэн Б.Цын нүүрэн тус газар нь цохиж, зодож дээд уруулын шарх, цус хуралт, эрүүнд зулгарал, духанд цус хуралт хэлний үзүүрт шарх бүхий хөнгөн хохирол учруулж, “Хуавей” загварын 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Шын “...босоод ирэхээр нь би сандарсандаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр залуу гараараа хаагаад доошоо тонгойхоор нь өвдөглөх гэтэл оногдоогүй. Тэгэхээр нь цамцны юүдэнгээр нь доош нь дарж байгаад жорлонгийн шалан дээр унасан байсан гар утсыг нь аваад кодыг нь гарга гэтэл хуруу мэдрэгчээр ажилладаг гэхээр нь хурууны хээг нь уншуулчихаад доошоо хараад тоол битгий эргэж хараарай гэж хэлчихээд чигээрээ зугтаагаад шууд гэртээ орсон. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Драгоны орчимд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт дээрэмдсэн утсаа өөрийнхөө бичиг баримтаар 230.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан.” гэх мэдүүлэг /хх-74-75/,

хохирогч Б.Цын “...гаднаас танихгүй залуу орж ирээд “чимээгүй байгаарай дугарвал ална шүү” гэхээр нь би өмдөө татаад тэр залууг цааш нь гараараа түлхсэн чинь нөгөө залуу миний уруулын дээд хэсэгт гараараа нэг удаа цохиод байгаа бүх мөнгөө өг гэхээр нь надад 100 төгрөг л байна, өөр ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн. ...дахиад уруулын дээд хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би доошоо тонгойтол хөлөөрөө өвдөглөөд, дээрээс толгой руу гараараа цохиод байх шиг байсан. Дараа нь миний гар утсыг аваад “гар утасныхаа кодыг тайл” гэхээр нь би хурууны хээгээ уншуулж онгойлгоод өгсөн.” гэх мэдүүлэг /хх-16-17/,

иргэний нэхэмжлэгч Н.Ариунтунгалагийн “...Б-н Ш гэх өөрийнхөө цахим үнэмлэхээр дээрх гар утсыг 230.000 төгрөгийн барьцаанд тавьсан ... надад 280.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх-20-21/,

гэрч Б.Нямдуламын “...Цэрэндондов ... хүнд зодуулчихсан нүүр амнаас нь цус гарчихсан, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. Цэрэндондов хэлэхдээ ... бие засах гээд жорлонд ороод сууж байтал гаднаас танихгүй залуу орж ирээд зодож, гар утсыг нь дээрэмдсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Цын биед дээд уруулын шарх, цус хуралт, эрүүнд зулгаралт, духанд цус хуралт, хэлний үзүүрт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 11026 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-41/,

“Арвижих-Эстимейт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-35-36/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Б.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Шын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тус тус зүйлчлэн ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн  зохицуулалтад нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно” гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Б.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан, хохирогч Б.Ц “...гомдол саналгүй, ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, мөн тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал болон               “Хүүхдийн баясгалан” ТББ-аас ирүүлсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ш нь нэг үйлдлээр хоёр гэмт хэргийн шинжийг хангасан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул хуульд заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох байжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйлээр оногдуулсан ямар төрлийн ялыг хэрхэн нэмж нэгтгэж байгаагаа тодорхой ойлгомжтой байдлаар бичээгүй байх тул үүнийг магадлалаар зөвтгөсөн болохыг дурдав.

Иймд шүүгдэгч Б.Шын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “Шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус баримтлан Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 10 хоногоор тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Б.Шт оногдуулсан дөрвөн жил дөч хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...Б.Шт оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ