Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01316

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/01613 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Х.Н-ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 22,295,736 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Х-” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Х.Н- нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 4,078,324 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,644,145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,350 төгрөг, нийт 6,743,819 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,921,676.20 төгрөг, хүүгийн төлбөрт 10,454,510.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 912,549.23 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг, нийт 22,295,736.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Болортуяагийн хамт “Х-” ХХК-аас цалингийн зээл болох 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Уг мөнгийг Хайдав гэгч хүнд газар худалдаж авахаар Болортуяа нь 9,000,000 төгрөг авч, 6,743,819 төгрөг төлсөн. Гэтэл миний бие 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял авсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хорих ангиас суллагдсан. Эхнэр Болортуяа хорих ял эдэлж байх хугацаанд хаяад салж явсан. Миний бие төрийн цээрлэлийн дагуу ял эдэлж байсан учир гэрээг цуцлах, төлбөрөө цаг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Мөн энэ хугацаанд ковид-19 цар цахал гарч Монголбанкны бодлогын дагуу зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргах боломж нөхцөл байсныг мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, 2018 оны 02 дугаар сарын 04-өөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанаас зээлийн хүү, алдангиас чөлөөлж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Н-оос 13,058,655.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,237,080.58 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,428.68 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 223,243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “... нэмэгдүүлсэн хүүг зөвхөн зээлдэгчийн гаргасан хүсэлтийг харгалзан тооцохгүй байхаар зохицуулсан. Хариуцагч Х.Н- нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй тул хүүг тооцохгүй байх үндэслэлгүй. Банк хариуцагч Х.Н-ийг эрүүгийн шүүхээр хорих ял авсан талаар мэдэх боломжгүй бөгөөд хариуцагч нь гэмт хэрэгт холбогдсон болон цаашид зээлээ төлөх боломжгүй болох эрсдэлтэй талаар банкинд мэдэгдэж, зээлийн гэрээг цуцлах үүрэгтэй байсан. Зээлийн гэрээний 8.2-т зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул зээлийг эргэн төлж дуусах хүртэл үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус зааснаар зээлдэгч нь зээлийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан шийдвэр гаргаж чадаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх Иргэний хуулийг зөв хэрэглэсэн. Хариуцагч Х.Н- 2018 онд эрүүгийн хариуцлага хүлээснээс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Х- ХХК зээлдэгчийн оршин суугаа хаягт нь очиж үүргийн гүйцэтгэлийг шаардах, эсхүл шүүхэд хандаж байгаагүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийн бүртгэлтэй хаягт тухай бүр очиж байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаа хэтэрч байхар түүнийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийж байгаагүй. Хариуцагч 2023 оны 01 дүгээр сард хорих ангиас суллагдсан ба нэхэмжлэгч 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийг хорих ял эдэлж байгаад суллагдаж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан нөхцөл байдал харагддаг. Учир нь нэхэмжлэгч 3 жилийн хугацаанд хариуцагчийг хайж, эрэн сурвалжлуулаагүй атлаа түүнийг суллагдсанаас сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь хариуцагчид илт хохиролтой нөхцөл байдлыг бий болгосон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газар, Улсын их хурлын тогтоол болон Монголбанкны бодлого гарсан. Ингээд зээлийн гэрээний хугацааг сунгах, эсхүл хүүг зогсоох тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал уг асуудлаар хариуцагчтай хэрхэн холбогдсон нь ойлгомжгүй байдаг. Хариуцагч нь эрүүгийн хариуцлага хүлээж байхдаа нэхэмжлэгч талд хүсэлт гаргах, зээл төлөх, зээлийн гэрээг цуцлах зэрэг хүсэлтийг гаргах боломжгүй байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасан тул хариуцагч Х.Н-ийн хугацаа хэтрүүлсэн нь түүний гэм буруугаас болоогүй. Харин хариуцагч төрийн цээрлэл хүлээсний улмаас зээлээ төлөх боломжгүй байсан. Түүнийг хорих ял эдэлж байх хугацаанд нэхэмжлэгч тал энэ талаар мэдсэн бол зээлийн гэрээг цуцлах, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан. Хариуцагч Х.Н-ид илт хохиролтой нөхцөл байдал үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн. Хариуцагчийн хорих ял эдэлж байгаа болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй байхад нэхэмжлэгч энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгах саналыг талуудын хэн аль нь гаргаагүй юм. Нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар шүүх зөв дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Х.Н-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 22,295,736 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

     3.Талууд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х-” ХХК нь 15,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Х.Н- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 12-15-р тал/

     3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

     3.б.Хариуцагч Х.Н- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6,743,819 төгрөг төлж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,921,676.20 төгрөг, зээлийн хүү 10,454,510.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 912,549.23 төгрөг, нийт 22,288,736.18 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдсон байна. /хх-ийн 22-23-р тал/                

     3.в.Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан байх бөгөөд гэрээний 2.4.4-т “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заажээ. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч “Х-” ХХК нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Х.Н-оос шаардах эрхтэй.

3.г.Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь тусгай зориулалтын үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд хамаарч байхад анхан шатны шүүх өмчлөх эрх шилжүүлэх гэрээний төрөл болох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мэтээр дүгнэж, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.” гэж заасанд нийцээгүй.

     3.д.Хэдийгээр хариуцагч Х.Н- нь шүүхийн шийтгэх тогтоолоор 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хорих ял эдэлж байсан үйл баримт тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

     Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг, хариуцагч Х.Н- нь нэхэмжлэгч “Х-” ХХК-аас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг гэрээний дагуу хүлээсэн буюу талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно.

     3.е.Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х-” ХХК-ийг гэрээний 5.1.5-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн боловч гэрээний дээрх заалт нь зээлдүүлэгчийг үүрэгжүүлсэн агуулгатай заалт биш байна.

     4.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоол болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журамд зааснаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, төлбөр төлөлтийг хойшлуулах асуудлыг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан, гэрээний талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр зохицуулсан.

     4.а.Гэвч хариуцагч Х.Н- нь дээрх Засгийн газрын тогтоол болон журамд зааснаар зээлийн төлбөртэй холбоотойгоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн гэх байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.б.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг  мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул зээл төлөлтийг зогсоолгох талаар мэдэх боломжгүй байсан гэх хариуцагчийн татгалзалд үндэслэн түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй болно.

     5.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Х.Н-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 22,288,736.18 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 7,000 төгрөг, нийт 22,295,736 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     6.Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т баримтлах шаардлагагүй заалт оруулсан байгааг хасах нь зүйтэй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/01613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 13,058,655.6 төгрөгийг ...” гэснийг “22,295,736 төгрөгийг” гэж, “... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,237,080,58 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “олгосугай.” гэж,

2 дахь заалтын “... 56.2 ...” гэснийг “56.1” гэж, “... 223,243 төгрөгийг ...” гэснийг “269,429 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х-” ХХК-аас төлсөн 162,743.29 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЦОГТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                       Т.БАДРАХ

                                                                                          Г.ДАВААДОРЖ