Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01317

 

 

Ч.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01382 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Ө-ын хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, алданги 71,300,050 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ч.Ө- нь “А-” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 29-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2021 оны 06 дугаар сард багтаан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 909-2 байрны 11 давхрын 77 тоот орон сууцыг хүлээлгэх өгөх, харин Ч.Ө- нь компанийн дансанд 142,600,100 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд үнийн дүнг компанийн данс руу хугацаанд нь шилжүүлсэн байдаг. Үүний дараа 2020 оны 10 дугаар сард авто машины 2 зогсоол авах санал тавьсан. Тухайн үед тохиролцсон боловч 2021 оны 06 дугаар сард “А-” ХХК нь авто машины зогсоол зарахгүй, зарсан ч нэг автомашины зогсоолыг зарах боломжтой, үнийн хувьд өссөн гэх хариуг өгсөн байдаг. Ингээд талуудын хооронд маргаан үүссэн. Гэтэл уг маргаантай холбоотой орон сууц ашиглалтад ороод улсын комисс хүлээн авчихсан байхад нэхэмжлэгчийг тухайн орон сууцанд нэвтрүүлэхгүй, байрны түлхүүр, ордерыг өгөхгүй байсан. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл болох орон сууцыг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-т заасан алданги 71,300,050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “А-” ХХК нь 2022 оны 05 дугаар сар гэхэд орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олон нийтийн сүлжээнд буюу цахим орчинд Монгол хүмүүн гэсэн хуурамч хаягаас нэхэмжлэгч Ч.Ө- нь компанийн үйл ажиллагаа, нууцтай холбоотой гэрээнд заасан үүргээ зөрчиж, олон нийтэд буруу мэдээлэл тараасан. Үүнтэй холбоотой, борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа тухай гомдол шалгагддаг. Хариуцагч талын зүгээс үндсэн шаардлага болох орон сууц гаргуулах тухайд хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн шаардлага болох алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 3.7 дахь заалт нь шууд утгаар нийт үнийн дүнгийн 0,01 хувийн хэмжээний алдангийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхлээр энэ аргаар алдангийг тооцоод үзвэл 142,600 төгрөг болж байна.

Нөгөө талаас гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан агуулгатай нийцэхгүй байна. Мөн барилга угсралтын явцад ковидын нөхцөл байдлын улмаас барилгын үйл ажиллагаа зогссон. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинж чанартай учраас дээрх хугацааны алданги тооцоолох нь үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Ч.Ө-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1В блок, 11 давхар, 77 тоот хаягт байрлах, 102.59 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч “А-” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “А-” ХХК-аас 142,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,157,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,385,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А-” ХХК-аас 875,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ө-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3.7-д “Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд өгөх үүрэгтэй” гэж заасан. Тодруулбал, талууд гэрээндээ “алданги” гэж тодорхой заасан байхад шүүх “торгууль” гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Иймд хууль хэрэглээний энэхүү арга зүйг баримтлан захиалагчийн хариуцлагыг тогтоосон нөхцөл буюу гэрээний 3.22-той харьцуулан дүгнэлт хийх ёстой. Иргэний хуульд зааснаар талууд аливаа гэрээ хэлцлийг байгуулахдаа эрх тэгш нөхцөлд, шударгаар (аль нэг талаа давуу байдал тогтоохгүй байх) гэрээний нөхцөлөө өөрсдөө тодорхойлох, харин шүүх хуульд заасан хүрээнд зөрчигдсөн эрх чөлөөг сэргээн эдлүүлэх замаар шударга ёсыг мөрдүүлэх учиртай. Энэ үүднээс хандвал захиалагчид хүлээлгэх хариуцлагын агуулга нь мөн гүйцэтгэгчид нэгэн адил мөрдөгдөх нь шударга төдийгүй хууль ёсны юм. Гэрээнд “алданги” гэж тодорхой бичсээр атал шүүх торгууль гэж дур мэдэн тайлбар хийх нь хууль хэрэглээний нэгдмэл байдал, Иргэний хуульд заасан анзын зорилгод нийцэхгүй төдийгүй талууд гэрээний нөхцөлөө өөрсдөө тодорхойлох эрхэд халдсан хэрэг болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гэрээний алдангид нэхэмжилсэн 71,300,050 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ч.Ө- нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, алданги 71,300,050 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь алдангийг эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, мөн гэрээний агуулыг буруу тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

    3.а.Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “А- ХХК нь Хан-Уул дүүрэг, 4-р хороо, 1В блок, 11 давхар, 77 тоот хаягт байрлах, 102.59 мкв талбай бүхий 4 өрөө сууцыг ашиглалтад оруулж, 2021 оны 02 дугаар улиралд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ч.Ө- нь урьдчилгаа төлбөрт 99,000,000 төгрөг, үлдэгдэл 43,600,100 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-нд төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. 

    3.б.Нэхэмжлэгч Ч.Ө- нь орон сууцны үнэ болох 142,600,100 төгрөгийг хариуцагч “А- ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээ, “Голомт банк” ХХК-ийн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-8-р тал/

    3.в.Талууд “орон сууц захиалан бариулах” нэртэй гэрээ байгуулсан байх боловч гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Гэрээний агуулгаас үзвэл ажлын үр дүн биш, хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үндсэн үүргийн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, бэлэн болсон эд хөрөнгө буюу Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар биет зүйлийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

    3.г.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

   3.д.Нэхэмжлэгч Ч.Ө- нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, орон сууцны үнэ болох 142,600,100 төгрөгийг хариуцагч “А-” ХХК-д бүрэн төлсөн үйл баримт тогтоогдсон тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар шаардах эрхтэй. 

3.е.Мөн хариуцагч “А-” ХХК-ийн хувьд тус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Ч.Ө-ыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 1В блок, 11 давхар, 77 тоот хаягт байрлах, 102.59 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч “А-” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

   4.Алданги 71,300,050 төгрөг гаргуулах шаардлагын тухайд гэрээний 3.7-д “гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтооно гэсэнд нийцсэн байна. Мөн             Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгын хувьд талууд гэрээгээр алданги тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

   4.а.Иймд нэхэмжлэгч Ч.Ө- нь хууль буюу гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч “А-” ХХК нь орон сууцыг гэрээний 3.1-т заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйтэй холбоотойгоор алданги төлөх үүргийг нэхэмжлэгч Ч.Ө-ын өмнө гэрээгээр хүлээсэн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

   4.б.Гэрээ хэрэгжих хугацаанд дэлхий нийтийг хамарсан “ковид-19” цар тахал гарч, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоосонтой холбоотойгоор эдийн засгийн төлөв байдал буурсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой.

   4.в.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгах эрхийг шүүхэд хуулиар олгосон тул алданги 71,300,050 төгрөгийг 50 хувиар багасгаж, хариуцагч “А-” ХХК-аас 35,650,025 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ө-т олгож, нэхэмжлэлээс 35,650,025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж,

2 дахь заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д ...” гэснийг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар” гэж, “... 142 600 төгрөг ...” гэснийг “35,650,025 төгрөг” гэж, “... 71 157 450 төгрөгийг ...” гэснийг “35,650,025 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

3 дахь заалтын “... 875 879 төгрөгийг ...” гэснийг “1,207,151 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Ө-аас төлсөн 514,451 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                                            ШҮҮГЧИД                                 Т.БАДРАХ

                                                                                                Г.ДАВААДОРЖ