Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01357

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Э- даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/01746 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Э.Н-, Э.Т-, Б.Э- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт Э.Н-ээс 258,129,696 төгрөг, Э.Т-аас 13,000,000 төгрөг, Б.Э-ээс 13,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ц, хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгч Ц.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э.Н- нь 2014 оны 01 сараас 2015 оны 03 сар хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр надаас нийт 60,000,000 төгрөгийг зээлж авсан. Би бүх мөнгийг нь хүмүүсээс зээлж, Э.Н-д өгдөг байсан. Э.Н- нь намайг хэдэн хувийн хамаагүй хүүтэй мөнгө яаралтай зээлээд өг, хүүтэй нь төлнө гэдэг байсан. Дээрх мөнгөний хүү нь 2014 оноос 2022 оныг хүртэл бодогдсон. Тэрээр 2014 оноос 2016 оны 11 сар хүртэл хугацаанд өндөр хүү амлан удаа дараа мөнгө зээлдэг байсан боловч дараах мөнгийг өгөөгүй. Үүнд: 2015 оны 06 сард эхнэр Номингийн ах Э-аас 10,000,000 төгрөг зээлж, хүүтэй нь 16,400,000 төгрөг, 2015 оны 2, 4, 5 сард Золжаргалаас мөнгө зээлж, хүүтэй нь нийт 20,400,000 төгрөгийг, 2015 оны 03 сар, 2018 оны 2-7 сард Э.Н-д өгсөн мөнгийг төлөх зорилгоор “Начин заан” ломбардад олон үйлдлээр эд зүйлүүдээ тавьсны төлбөр 8,631,690 төгрөгийг, 2015 оны 2, 8, 11 сард “Б-” ББСБ-аас зээл авч, Э.Н-ийн төлбөрийг төлөхөд зарцуулсан нийт 59,840,000 төгрөгийг, 2015 оны 12 сар, 2016 оны 1, 4, 6 сард Э.Н-ийн зээл, зээлийн хүү, төлбөрийг төлөхөд н.О-оос зээлж, өгсөн нийт 3,294,000 төгрөгийг, 2015 оны 11 сар, 2016 оны 01 сард н.Хоролгараваас зээлж өгсөн нийт 4,150,000 төгрөгийг, 2016 оны 08 сард М-ээс зээлж өгсөн нийт 1,600,000 төгрөгийг,  2016 оны 05 сард О-аас зээлж өгсөн нийт 1,600,000 төгрөг, 2017 оны 12 сард Буянбаяраас зээлж өгсөн нийт 1,400,000 төгрөг, 2014 оны 3, 5 сар, 7-9 сар, 2015 оны 03 сард Д-оос зээлж өгсөн 53,555,000 төгрөгийг, 2014 оны 11 сард Болор-Эрдэнээс 30,000,000 төгрөг зээлж, зээл болон зээлийн хүүд өгсөн нийт 44,025,006 төгрөг, 2014 оны 4, 5, 9-12, 2016 оны 02 сард Дэлгэрзулаас зээлж, зээл, зээлийн хүү төлбөрийг төлөхөд зарцуулсан нийт 30,620,000 төгрөг, 2015 оны 9, 10, 2016 оны 01 сард О-аас зээлж, зээл, зээлийн хүү, төлбөрийг төлөхөд зарцуулсан нийт 14,250,000 төгрөгийг тус тус өгөөгүй, бүгд 258,129,696 төгрөгийн хохирлыг Э.Н- надад учруулсан. Э.Т- нь Э.Н-, Б.Э- нартай хамтран ажиллаж байхдаа 2014 оны 09 сард надаас 8,000,000 төгрөг, дараа нь 2015 оны 02 сард 5,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг авсан. 13,000,000 төгрөгийг Хантекс буюу Б.Э-ийн компанид ажиллаж байхдаа ажилчдын цалин тавина гэж хэлээд авсан. Тиймээс анх Э.Т-аас нэхэмжилсэн 23,000,000 төгрөгийн 13,000,000 төгрөгийг Б.Э-ээс гаргуулна. Э.Т- 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ мөнгөөр рестораны тоног төхөөрөмжийг урдаас оруулж ирнэ гэж хэлээд авсан. Зээлийн гэрээний дагуу 3 сарын хүү 3,000,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг болсон. Иймд хариуцагч Э.Н-ээс нийт 258,129,696 төгрөг, Э.Т-аас 13,000,000 төгрөг, Б.Э-ээс 13,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Миний болон миний эхнэр Н-, ээж Р.Эийн дансаар төлсөн мөнгийг нэхэмжлэлээс хасаж тооцоход татгалзахгүй гэжээ.

 

2.Хариуцагч Э.Н-ийн тайлбар, татгалзлын агуулга: Би Г.Г-аас 60,000,000 төгрөг зээлж, буцаагаад хүүгийн хамт нийт 130,000,000 төгрөг төлсөн. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч Э.Т-ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2014 оны 11 сарын 20-ны өдөр Г.Г-аас 10,000,000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон бөгөөд миний 5753286644 тоот дансаар 9,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгийг Г.Г-ын эхнэр Н-ы 5059086609 данс, Г.Г-ын 5720499151 данс, Г.Г-ын ээж Р.Эийн 5023404808 дансанд өөрийн нөхөр О.Д- 5753391852 дансаар хүү болох Энхдөлгөөний 5059350097 данснуудаар дамжуулан өнөөдрийг хүртэл нийт 6,120,000 төгрөг, бэлэн мөнгөөр 2,000,000 төгрөг орчим мөнгийг эргүүлэн төлж 1,800,000 орчим төгрөгийн тооцоо үлдсэн. 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Э.Н- түүний нөхөр Б.Э- нарын ажиллуулдаг “Х-” ХХК-ийн Л- рестораны үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор Э.Н- миний 5753286644 тоот дансаар дамжуулан Г.Г-аас 7,500,000 төгрөгийг зээлж авсан. Мөн 2015 оны 02 сард 5,000,000 төгрөгийг Э.Н- нь надаар дамжуулан Г.Г-аас өөрийн бусдад өгөх өрийг төлүүлэхээр зээлж авсан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний бие Э.Т- нь Г.Г-ын нэхэмжлэлтэй 23,000,000 төгрөгийн 9,880,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 13,120,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Иймд миний бие Г.Г-ад 9,880,000 төгрөгийг эргүүлэн төлнө гэжээ.

 

4.Хариуцагч Б.Э-ийн тайлбар, татгалзлын агуулга: “Хантекс” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь би мөн. Гэхдээ компанийн гүйцэтгэх захирлаар Э.Т- ажиллаж байсан. Тухайн үед би санхүүтэй холбоотой асуудлыг огт хариуцаж байгаагүй. Би Э.Т-ыг мөнгө зээлж, ажилчдын цалинг тавь гэж хэлж байгаагүй. Э.Т- ч надад хүнээс мөнгө зээлж байгууллагадаа зарцуулсан гэж тайлан тавьж байгаагүй. Бидний хооронд мөнгөний талаар яриа гарч байгаагүй. Тэгээд 2020 онд цагдаагийн газарт шалгагдаж байхад нь би Э.Н-ээс ийм явдал болсон талаар олж сонссон. Тэрнээс өмнө нь хэн хэдэн төгрөг авсан гэдгийг би мэддэггүй байсан. Би Э.Т-ыг мөнгө олж ир гэж хэлж байгаагүй. Энэ Г.Г-ын надаас нэхэмжилж байгаа 13,000,000 төгрөгийг юунд зарцуулсан гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна. Би Г.Г-аас огт мөнгө зээлж байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.Н-ээс 30,119,000 төгрөг, хариуцагч Э.Т-аас 7,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Г-ад олгож, хариуцагч Э.Н-д холбогдох 228,010,696 төгрөгийн, хариуцагч Э.Т-д холбогдох 6,000,000 төгрөгийн, хариуцагч Б.Э-т холбогдох 13,000,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,736,548.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ээс 308,545 төгрөг, хариуцагч Э.Т-аас 126,950 төгрөг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Э.Н-ээс 30,119,000 төгрөгийг гаргуулж Г.Г-ад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Учир нь Э.Н- нь Г.Г-аас 60,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд аливаа байдлаар хүү тохиролцоогүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул зохигчид хүү авах, өгөх эрх, үүргийг үүсгэхгүй гэж үзэхийн сацуу Э.Н- нь 2014 онд зээлж авсан 60,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд түүнээс ч илүү мөнгийг Г.Г-ад өгсөн. Хэргийн 1 дүгээр хавтасны 37 дугаар талд авагдсан 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г.Г- нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “бараа материалаар 15,950,000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг, 40 дүгээр талд авагдсан мэдүүлгээр “Э.Н- нь 74,000,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг, 42 дугаар талд Г.Г- нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... хүүд 63,950,000 төгрөгийг өгсөн” гэж тус тус мэдүүлсэн. Талуудын хооронд зээлийн харилцаа үүсэх явцад Иргэний хуульд заасан зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2015 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримт нь хэзээ олгосон хэдэн төгрөгийн зээлийн талаар гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүйн сацуу уг зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, мөн уг гэрээг байгуулсан цаг хугацаанаас хойш Э.Н-д мөнгө зээлдүүлээгүй байх тул уг гэрээний үүрэг биелэгдээгүйн сацуу уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

 

6.а.Анхан шатны шүүх 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтыг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж шийдвэрийн шийдвэрийн үндэслэл болгосон атал уг гэрээг Э.Н- болон “Лакс” ХХК-ийн хэн алинтай нь байгуулсан талаар зохигчдоос тодруулаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулаагүй атал зээлийн хүүнд 63,950,000 төгрөгийг авсан талаараа мэдүүлсэн ба уг мөнгийг үндсэн зээлэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын хооронд нэхэмжлэгчээс нийт 60,000,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч Г.Г- 250,000,000 төгрөгийн хохирол төлж байгаа. Г.Г- нь “Лакс” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулаагүй. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  “Ингүүмэл жаргалант аудит” ХХК-ийн тайланд тодорхой дурдсан бөгөөд Иргэний хуулийн 281, 282 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг хүү тохиролцон байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г.Г-, Э.Н- нар тооцоо нийлсэн акт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

   2.Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт Э.Н-ээс 258,129,696 төгрөг, Э.Т-аас 13,000,000 төгрөг, Б.Э-ээс 13,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

   3. Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Э.Н-ээс 258,129,696 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “2014 оны 01 сараас 2015 оны 03 сарыг хүртэлх хугацаанд хариуцагч Э.Н- нь өндөр хүү амлан, нийт 60,000,000 төгрөгийг надаас зээлсэн, би тус мөнгийг хувь хүн болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлж өгсөнтэй холбоотойгоор хохирсон” гэж тайлбарласныг хариуцагч Э.Н- эс зөвшөөрч “60,000,000 төгрөг зээлсэн нь үнэн боловч хүүгийн хамт нийт 130,000,000 төгрөгийг буцаан төлсөн” гэж маргасан байна.

   4.Хоёрдугаар хавтаст хэргийн 192 дугаар талд нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч Э.Н- нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан, тус гэрээнд сарын 10 хувийн хүүтэй, нийт 60,000,000 төгрөгийг сар бүрийн 2, 16, 25, 30-ны өдрүүдэд хүүг тооцон авч байхаар тохиролцжээ. Хариуцагч Э.Н- нь дээрх 60,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөхөө илэрхийлсэн бичгийн баримтууд мөн хэрэгт авагдсан байна. /2хх-ийн 186-190-р тал/

   4.а.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч Э.Н- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

   4.б.Хариуцагч Э.Н- нь нэхэмжлэгч Г.Г-ад 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 48,398,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Хаан банк”-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3 хуудас хавсралт бүхий албан бичгээр тогтоогдсон. /3хх-14-17х/.

4.в.Дээрх 48,398,000 төгрөгөөс 33,300,000 төгрөг нь 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдахаас өмнө төлөгдсөн байх тул анхан шатны шүүх үлдэх 26,700,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 10 хувийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.г.Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Э.Н-, Э.Т- нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор 2016 оны 05 дугаар сарын 03-ны цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /1хх-ийн 8-9-р тал/  

4.д.Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч Г.Г- нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс цагдаад гомдол гаргасан өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 14 сарын хүү 37,380,000 төгрөг, үндсэн зээл 26,700,000 төгрөг, нийт 64,080,000 төгрөгийн үүрэг хариуцагч Э.Н-д үүссэн гэж дүгнэжээ.

4.е.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн, дээрх 64,080,000 төгрөгөөс 33,961,000 төгрөгийг хасаж, хариуцагч Э.Н-ээс 30,119,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-ад олгож, нэхэмжлэлээс 228,010,696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

5.Хариуцагч Э.Т-, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт тус бүр 13,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх талуудын тайлбар, дансны хуулга зэргийг үндэслэн, нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч Э.Т- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч Э.Т-ын хувьд нэхэмжлэлээс 9,880,000 төгрөгийг зөвшөөрч тайлбар гаргасан. /2хх-ийн 9-р тал/

5.а.Анхан шатны шүүх Э.Т-аас 7,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-ад олгож, нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Э-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шийдвэрийн энэ хэсэгт талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй болно.

   6.Хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “эрүүгийн хэрэгт Г.Г-ын хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлээгүй, мөн 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Э.Н-, “Лакс” ХХК-ийн алинтай нь байгуулсныг талуудаас тодруулаагүй” гэжээ.

   6.а.Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Э.Н-, Э.Т- нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор эрүүгийн журмаар шалгуулсан үйл баримт тогтоогдсон хэдий ч Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолоор “иргэний журмаар шийдвэрлүүлэх” маргаан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хаасан байна. /1хх-ийн 8-9-р тал/

   6.б.Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаардаг. Харин эрүүгийн хэргийн явцад цугларсан бусад баримт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт Г.Г-ын хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн хариуцагч Э.Н- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.

   6.в. 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Э.Н-, “Лакс” ХХК-ийн алинтай нь байгуулсныг тодруулаагүй гэх гомдлын тухайд тус гэрээнд нэг талаас Г.Г-, нөгөө талаас Э.Н- /”Лакс” ХХК-ийн захирал/ гэж гарын үсгээ зуржээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг иргэн болон хуулийн этгээд байгуулаагүй харин хоёр иргэний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

6.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг. Хариуцагч Э.Н-ийн хувьд анхнаасаа нэхэмжлэгч Г.Г-аас мөнгө зээлсэн үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргаж байсан буюу гомдолд дурдсан үндэслэлийн талаар татгалзлаа илэрхийлж байсан гэх байдал тогтоогдоогүй болно. Мөн зээлийн мөнгөн хөрөнгийг Э.Н- гэх хувь иргэнийхээ хувьд төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн баримтууд хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/01746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,545 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.Э-

                         ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

  Г.ДАВААДОРЖ