Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00008

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн О.Ариунгэрэлтийн  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад   холбогдох

            “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг,  нэхэмжлэгч О.Ариунгэрэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд, гуравдагч этгээд Ж.Бат-Амгалан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат  нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Ариунгэрэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Боловсрол соёлын газрын даргын ажилд 2013 онд томилогдон ажиллаж 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д төрийн албыг төрийн тусгай, төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний алба гэж хуваасан байгаа. Улс төрийн албан тушаал бол сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөж байх ёстой. Харин үүний эсрэг төрийн захиргааны албан тушаалтан улс төр яаж өөрчлөгдөж байлаа ч гэсэн цаашдаа төр тогтвортой байх чиглэлээр байдаг хууль байгаа. Харамсалтай нь энэ хуулийг улс төрчид ойлгохгүйгээр, ойлгосон ч санаатай буюу санамсаргүй байдлаар төрийн жинхэнэ албыг улс төржүүлж байгаад дотроо гүнээ харамсаж байна. Ингээд Боловсрол, соёл урлагийн газар өмнө нь Боловсрол, соёлын газар байсан. Дараа нь Боловсролын газар, хамгийн сүүлд нь Боловсрол, соёл, урлагийн газар болон 3 удаа нэрээ өөрчилсөн. Хэдийгээр нэр өөрчлөгдсөн боловч доторх бүтцэд жижиг өөрчлөлтүүд орж байсан. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Засгийн газрын 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, Боловсрол, соёлын газарт албан үүрэг өгч Боловсрол, соёлын газрыг Боловсрол, соёл, урлагийн газар болгон үүргээ гүйцэтгээд явж байхад 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар захирамж гарган намайг ажилгүй болгосон. Боловсрол, соёлын газар байж байгаад Боловсрол, соёлын урлагийн газар болгоход даргын ажил албан тушаал устаж үгүй болоогүй. Иймд ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан нь хууль бус гэж үзэн Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 1 733 193 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Өнөөдөр Засаг дарга Д.Батлутыг хариуцагчаар татаж түүний гаргасан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн захирамжийг хүчингүйд тооцуулах, энэ захирамж анхнаасаа илт хууль бус байсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Өнөөдөр О.Ариунгэрэлтийн хувьд Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил албан үүргийг гүйцэтгэж байсан. Энэ ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт байгаа. Засаг даргын Б/44 тоот тушаалын үндэслэх хэсэгт нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол гарснаар Боловсрол, соёлын газар Боловсрол, соёл, урлагийн газар болгоод тухайн тамга, тэмдэг, бланкаа өөрчилсөн. Боловсрол, соёл урлагийн газрын даргаар О.Ариунгэрэлт ажиллаж байсан талаарх баримтуудыг авчирч өгсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг барьсан байдаг. Энэ нь Засаг даргын өөрийнх нь эрх хэмжээний асуудал, энэ эрх хэмжээгээрээ тухайн захирамжийг гаргах эрх байсан. О.Ариунгэрэлтийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг барьсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэж заасан байгаа. Өнөөдөр О.Ариунгэрэлтийн хувьд Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор бүтэц орон тоо татан буугдсан юм уу, өөрчлөн байгуулагдсан юм уу, тухайн ажил албан тушаал хасагдсан юм уу гэдэг талаар хариуцагч тал тайлбарлах ёстой. Гэтэл хариуцагч тал юу гэж тайлбарлаж байна гэхээр Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор бүтэц нь өөрчлөгдсөн. Өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч гэдэг төрийн албаны хуулиараа баталгаажих ёстой. Тиймээс Боловсрол, соёл, урлагийн газрын дарга гэдэг орон тоо байхгүй болсон бол Засаг даргын захирамж үндэслэлтэй юм.  Энэ захирамжийн О.Ариунгэрэлтийн ажлаас чөлөөлсөн үндэслэл маань Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх зохицуулалт болж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн захиргааны албан тушаал, түүний ангиллын талаар зохицуулсан байгаа. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;” гэдэг маань Боловсрол, соёл, урлагийн газрын дарга О.Ариунгэрэлт байгаа учраас 7 дугаар зүйлийн 1 бариад засаг дарга энэ захиармжийг гаргах эрх бүхий этгээд мөн. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д “төрийн албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.” гэж зааснаар О.Ариунгэрэлтийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” баталгаагаар хангагдсан байх ёстой. Тэгэхээр Засаг дарга Б/44 тоот захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах заалтыг барьж О.Ариунгэрэлтийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” төрийн жинхэнэ албан хаагч учраас ямар нэгэн бүтэц орон тооны зохицуулалт хийгээгүй байхад О.Ариунгэрэлтийг урлаг гэдэг үг нэмэгдсэнээр шалтаглаад ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.  Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.” Энэ зохицуулалтын дагуу Засаг даргын Б/44 тоот захирамж анхнаасаа илт хууль бус захирамж гарсан. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийг бариад О.Ариунгэрэлтийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар эгүүлэн томилох үндэслэл байна. Тухайн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэв. Засаг даргын Б/44 тоот захирамжийн нэг дэх заалтыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ захирамжийн нэг дэх заалтаас бусад заалтуудыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байна. Мөн цалингийн зөрүү болох 1 733 193 төгрөгийг гаргуулж, өмнө ажиллаж байсан Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар оруулж өгнө үү.” гэв. 

            Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут шүүхэд гаргасан тайлбартаа: “...Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Ожооворын Ариунгэрэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Боловсрол, соёлын газрыг “Боловсрол, соёл, урлагийн газар” болгон өөрчлөн байгуулах, Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Ожооворын Ариунгэрэлтийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтын дагуу мөн өдрөөс төрийн албанаас чөлөөлж түүнд 3 /гурав/ сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн.

            Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсний дагуу шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1а/2810 тоот албан бичгээр “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн “Боловсрол соёлын газрыг” “Боловсрол, соёл, урлагийн газар” болгон өөрчилсөнтэй холбоотойгоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцэд “Урлаг, уран сайхан хариуцсан мэргэжилтэн”, “Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн” гэсэн хоёроос доошгүй ажлын байртай байхаар баталж цалингийн сандаа багтаан ажиллуулах арга хэмжээ авахыг хүсэж шийдвэрлүүлж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна. О.Ариунгэрэлтэд байгууллагын дүрэм, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, ажлын өөрчлөлтийн талаар Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удаа дараа уулзаж мэдэгдэж байсан.

            ... О.Ариунгэрэлт нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт 2016 оны 11 дүгээр сарын 17-нд зарлаж явуулахад сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт” цогцолборын сургуулийн нэгдүгээр байрны гүйцэтгэх захирлаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 тоот тушаалаар ТҮБД-IIV зэрэглэлийн тавдугаар шатлалд хамааруулан 734053 /төгрөг/ ур чадварын нэмэгдэл 20 хувиар олгохоор томилогдон ажлын байраар хангагдан ажиллаж байна.

            Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Иймд Ожооворын Ариунгэрэлтийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.      

        

            Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Ожооворын Ариунгэрэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Боловсрол, соёлын газрыг “Боловсрол, соёл, урлагийн газар ” болгон өөрчлөн байгуулах, Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Ожооворын Ариунгэрэлтийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтын дагуу мөн өдрөөс төрийн албанаас чөлөөлж түүнд 3 /гурав/ сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсний дагуу шийдвэрлэсэн болно. Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1а/2810 тоот албан бичгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн “Боловсрол, соёлын газрыг” “Боловсрол, соёл, урлагийн газар” болгон өөрчилсөнтэй холбоотойгоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцэд “Урлаг, уран сайхан хариуцсан мэргэжилтэн”, “Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн ” гэсэн хоёроос доошгүй ажлын байртай байхаар баталж цалингийн сандаа багтаан ажиллуулах арга хэмжээ авахыг хүсэж шийдвэрлүүлж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна. О.Ариунгэрэлтэд байгууллагын дүрэм, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, ажлын өөрчлөлтийн талаар Засаг даргын орлогч А.Түвшинжаргал 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуудаж уулзаад танилцуулаад саналыг нь авсан.  О.Ариунгэрэлт нь нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллах хүсэлттэй байна гээд өөрөө санал гаргасан. Үүнийг аймгийн Засаг даргад илтгэх хуудсаар мэдэгдсэн байгаа.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хэрэг эрхлэх газрын /2001 албан тоотоор Чиг үүргийн тухай: Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлаг нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тухайн хэрэгжүүлэгч агентлагийн хариуцсан асуудлын чиглэлээр холбогдох хууль тогтоомж, шийдвэр, үндэсний хөтөлбөрт аймгийн Засаг дарга болон орон нутгийн нэгжийн хариуцан хэрэгжүүлэхээр заасан бүрэн эрх, чиг үүргийг эрхлэн хэрэгжүүлж, хариуцсан асуудлаа нутаг дэвсгэртээ зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг Засаг дарга болон харьяалах дээд шатны байгууллагад тайлагнах, хэрэглэгчдийг мэргэжил-арга зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээгээр хангах үүрэгтэй гэж заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тухайн хэрэгжүүлэгч агентлагийн хариуцсан асуудлын чиглэлээрх асуудлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх талаар Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадтай давхардал, хийдэл гаргалгүйгээр Засаг даргад мэргэжил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагийг хариуцсан чиг үүргийн хувьд давхардал, хийдэл гаргалгүйгээр зохион байгуулах нь төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулах, аливаа ажлын эцсийн үр дүнг хариуцах “нэг эзэн”-тэй байлган үр ашиг, үр дүнг сайжруулах үүргийг аймгийн Засаг дарга хариуцдаг. Иймд 0.Ариунгэрэлт нь Орхон Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт 2016 оны 11 дүгээр сарын 17-нд зарлаж явуулахад сонгон шалгаруулалтанд оролцоогүй бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт” цогцолборын сургуулийн нэгдүгээр байрны гүйцэтгэх захирлаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 тоот тушаалаар Төрийн үйлчилгээний зэрэглэлийн тавдугаар шатлалд хамааруулан 734053 /төгрөг/ ур чадварын нэмэгдэл 20 хувиар олгохоор томилогдон ажлын байраар хангагдан ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Иймд Ожооворын Ариунгэрэлтийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Гуравдагч этгээд Ж.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар сонгон шалгаруулалтын журмаар, Төрийн албаны салбар зөвлөлийн тодорхой шалгуурыг давж, мөн авилгатай тэмцэх газарт зохих материалаа явуулж, албан ёсоор тухайн ажлыг хүлээн авч ажиллаж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас шалгалтанд орох эрхийг өгсөн.“ гэв.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хангаж орж ирсэн талаар эргэлзээтэй байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдэд танилцуулахдаа 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 тоот захирамжийг  илтэд хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцож өгнө үү гэсэн шаардлага байсан. Илтэд хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа бол Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илтэд хууль бус болгох заалтуудын аль хэсэгт нь оруулж ирж байгаа нь нэхэмжлэл дээрээ тодорхойгүй байхаар нь шүүх хуралдааны явцад тодорхой болох байх гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсонгүй. Тиймээс нэхэмжлэгч тал илтэд хууль бус гэж шаардлага тавьж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг шүүх хуралдаан дээр гаргаад ирэв үү гэж тодруулахад ерөөсөө илтэд хууль бус учраас хүчингүй болгуулах гэж байгаа гэж тайлбарлаж байна. Тэгээд үзэхээр шүүхийн шийдвэр гаргах гэхээр хоёр шийдвэр гаргах болоод байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 барьж хүчингүй болгох, 106.3.2 барьж илтэд хууль бус болохыг тогтоох гэж заагаад өгсөн.  Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй бол шүүгч 7-14 хоногийн дотор бүрдүүлбэрийг хангах асуудлыг шийдэж, нэхэмжлэлийн шаардлагыг тодотгох асуудал бүрдээгүй юм шиг шүүх хуралдаан хийгдэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж шүүх хуралдаан үргэлжлүүлэх эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гэсэн саналтайгаар оролцож байна.  2016 оны 10 дугаар сарын  06-ны өдрийн Б/44 тоот захирамж гарахдаа  ямар нэгэн хууль зөрчсөн гэж харагдахгүй байна. Боловсрол, соёлын газарт өөрчлөлт орсон байна. Энэ нь Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт маань байгууллагад өөрчлөлт орвол өөр ижил түвшингийн ажил олгох эсхүл тэтгэмж олгох гэсэн заалт байсан. Засаг дарга О.Ариунгэрэлтэд тэтгэмж олгох заалтыг хэрэгжүүлсэн байна. Тухайн байгууллага бүтцийн хувьд өөрчлөлт ороод чиг үүрэг нь хэвээрээ байх юм бол О.Ариунгэрэлт  хэвээрээ ажиллах байж. Гэтэл чиг үүрэг нь өөрчлөгдсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3 дах заалтыг хэрэглэхгүй юм байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл гарч ирсэн юм байна. Нэхэмжлэгч Засгийн  газрын 9 дүгээр тогтоол гарсан ч гэсэн би ажиллаж байсан гэж хэлж байна. Гэвч Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилогдсон тушаал байхгүй байгаа. Харин Боловсрол, соёлын газрын даргаас нь өөрчилж, эргээгээд Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байгаа тушаал шийдвэр байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 тоот захирамжийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрдөг. Тэр өөрчлөлт болж орж ирээд О.Ариунгэрэлтийг ажлаас чөлөөлж байгаа хэсгийг нь  илтэд хууль бус байна гэж үздэг. Энэ нь илтэд хууль бус биш юм.” гэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй байдаг.

             Нэхэмжлэгч О.Ариунгэрэлт шүүхэд гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцох, ажилд эгүүлэн тогтоож цалингийн зөрүүг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг гаргуулах” гэж өөрчилсөн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоол, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1а/2810 дугаартай албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Боловсрол соёлын газрыг Боловсрол, соёл, урлагийн газар болгон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

            Орхон аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/44 дугаартай “Агентлагийг өөрчлөн байгуулах, төрийн албанаас чөлөөлөх, үүрэг гүйцэтгэгчээр томилох, тэтгэлэг олгох тухай” захирамж гарган Орхон аймгийн Боловсрол соёлын газрын дарга О.Ариунгэрэлтийг төрийн албанаас чөлөөлсөн байна.

            Нэхэмжлэгч “өөрийн удирдаж байсан “Боловсрол соёлын газар”-ын нэр “Боловсрол, соёл, урлагийн газар” болж өөрчлөгдсөн болохоос бүтэц, орон тооны хувьд өөрчлөлт ороогүй, улс төрийн шалтгаанаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн” гэж,

            хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч “Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Ожооворын Ариунгэрэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Боловсрол, соёлын газрыг “Боловсрол, соёл, урлагийн газар” болгон өөрчлөн байгуулах, Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан Ожооворын Ариунгэрэлтийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтын дагуу мөн өдрөөс төрийн албанаас чөлөөлж түүнд 3 /гурав/ сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэж маргажээ.

             

            Хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/44 дугаартай захирамж гарган нэхэмжлэгч О.Ариунгэрэлтийг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх  “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэсэн заалтыг баримталсан нь нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэхдээ хэрэглэсэн хуулийн заалт гэж шүүх үзлээ. Аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг баримтлалгүйгээр нэхэмжлэгч О.Ариунгэрэлтийг төрийн алба болох Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ гэж шүүх дүгнэлээ.

             Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/44 дугаартай “Агентлагийг өөрчлөн байгуулах, төрийн албанаас чөлөөлөх, үүрэг гүйцэтгэгчээр томилох, тэтгэлэг олгох тухай” захирамж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 25 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах” үндэслэлүүдийг хуульчилсан байгааг анхаараагүй байна.

            Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт байгууллагын дүрэм, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, ажлын чиг үүргийн өөрчлөлтийн талаар Засаг даргын орлогч удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зохицуулсан, хуулийн заалтыг хэрэгжүүлсэн талаар нотлох баримт байхгүй, “тохиролцох асуудал яригдаагүй” гэж нэхэмжлэгч тайлбарласан болно.  

            Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Орхон аймгийн Боловсрол соёлын газар нь Боловсрол, соёл, урлагийн газар болж чиг үүргийн хувьд өөрчлөгдсөн энэ нь нэхэмжлэгч О.Ариунгэрэлтийн 2016 оны үр дүнгийн гэрээ, гуравдагч этгээд Ж.Бат-Амгалангийн 2017 оны үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр нотлогдож байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

            Гэвч тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй нь хэрэгт  авагдсан 2013 оны Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын зохион байгуулалтын бүтэц /ХХ-61 дүгээр хуудас/, 2017 оны Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын зохион байгуулалтын бүтэц /ХХ-59 дүгээр хуудас/-ээс харагдаж байна.

            Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

            Энэ нь “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт юм.

            “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн  2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд:

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр  байхыг хэлнэ.” гэж тайлбарласнаас үзэхэд маргаан бүхий албан тушаал /ажлын байр/ болох “Орхон аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаал болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр батлагдан ирсэн байхад нэхэмжлэгч О.Ариунгэрэлтийг ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч О.Ариунгэрэлтийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “урлагийн салбар” гэж тусдаа үйл ажиллагаа явуулж байгаад Боловсрол, соёл, урлагийн газартаа нэгдсэн гэж тайлбарласан боловч урлагийн салбарын үйл ажиллагаа эрхэлж байсан байгууллагын удирдах болон бусад ажилтнууд нэгтгэхэд орон тоо нэмэгдсэн, тэдгээр ажилтнуудын эрх зүйн байдал тодорхойгүй байгаагаас үзэхэд тусдаа бие даасан байгууллага байж байгаад нэгтгэгдсэн гэж шүүх үзээгүй болохыг, Боловсрол, соёлын газар нь Боловсрол, соёл, урлагийн газар болсноор тус газарт “Урлаг, уран сайхан хариуцсан мэргэжилтэн”, “Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрыг нэмж, цалингийн санд багтаан ажиллах болсон нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан бичиг болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдсон болохыг, шүүх нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг шүүх хуралдаан хүртэлх хугацаагаар тооцож гаргасныг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ариунгэрэлтийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамж”-ийг хүчингүй болгож, О.Ариунгэрэлтийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.Ариунгэрэлтийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1.908.263 /нэг сая есөн зуун найман мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О.Ариунгэрэлтээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ариунгэрэлтэд олгосугай.

 

            4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА