Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01396

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдийн 102/ШШ2023/01687 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн хариуцагч М-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд нийт 179,122,911 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр АҮГ/18/04 тоот гэрээг байгуулж, У--ын Зүүн хараа дахь ачааны вагон депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын бетон шал өнгөлөх ажлыг гүйцэтгэх гэрээ хийсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс засварын ажил эхэлсэн. Бетон шалны байгаа байдал нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь илтэд мэдэгдсэн. Ингээд яаралтай хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талбай дээр хуралдуулсан байдаг. Бетон нь чанарын шаардлага хангахгүй учраас өнгөлгөөнд орж чадахгүй шал байна. Үүнийг будах нь зүйтэй юм байна гэдэг талаар хоёр тал маргахгүйгээр шийдээд будах ажил эхэлсэн байдаг. Будгийн ажил дөнгөж дууссаны дараа борооны ус дээврээс гоожиж шалны будагнууд хөндийрч ховхорч эхэлсэн. Захиалагч талаас манайд уг шалны ховхорсон будгийг засаад өгөөч гэдэг шаардлага тавьсан. Бороо дууссаны дараа эвдрэл гэмтэлтэй, шалны будаг ховхорсон эвдрэл гэмтлийн зардлын асуудлыг шийдвэрлэж хийх нь зүйтэй гэдэг байдлаар манайх ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Манайхтай нийт 3,200 м.кв талбайн 1 м.кв-ыг 35,000 төгрөгөөр буюу 112,000,000 төгрөг ба гэрээний санхүүжилт 68,600,000 төгрөг орсон үлдэгдэл 43,400,000 төгрөг ороогүй. Гүйцэтгэлээр 2,800 м.кв-ыг 35,000 төгрөгөөр тооцон 98,000,000 төгрөг болж, санхүүжилт хийсэн 68,600,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл төлбөр болох 29,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил

гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хүчин төгөлдөр байдалд талуудын аль нэг нь маргадаггүй. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу бүх ажлуудаа хийгээд ажлаа хүлээлгээд явсан. Гэтэл харамсалтай нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаа буюу тухайн обьектын дээвэр нь нүхтэй учраас ажлаа хийж дууссаны дараа орсон борооноос болж тодорхой хэмжээний нүхжилт үүссэн. Энэ нь бидний үйл ажиллагаатай хамааралтай зүйл биш юм. Иймд ажлын хөлсийг шаардах эрхтэй тул хариуцагчаас 29,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр АҮГ/18/04 тоот гэрээг байгуулж, бетон шал өнгөлөх ажлыг хийхээр болсон. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зүүн хараагийн ачааны вагон депод болсон хуралд тус компанийн төлөөлөгч О.Батжаргал оролцсон ба хурлын шийдвэрээр шалыг эпокси будгаар будахаар тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах ажил болгож, гэрээний үнийн дүндээ багтаан гүйцэтгэхээр талууд харилцан зөвшилцсөн. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “У-” ХНН-ээс ажлын явцыг шалгах техникийн комисс томилогдон газар дээр нь ирж ажлын явцтай танилцаад будгийн ажил гүйцэтгэл нь хангалтгүй, чанарын үзүүлэлт муу байх тул зөрчлийг арилгуулахаар “Т-” ХХК-д албан шаардлага хүргүүлэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу тус компанид 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн У--ын их барилга хөрөнгө оруулалтын хэлтсээс 21/73 тоот албан бичгээр зөрчлөө арилган гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллахыг шаардан, нэмэлтээр 10 хоногийн хугацаа өгсөн боловч зөрчлөө арилгаагүй. Гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан 2018 оны 06 дугаар сарын 29-нд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 28-09-021/138 дугаар дүгнэлтийг гаргуулсан. Дээрхи дүгнэлтээр хөндлөнгийн шинжээч Н.Сарантуяагаар ажлын гүйцэтгэл нь доголдолтой буюу уг шалны будаг ховхорсон асуудалд нэхэмжлэгч талыг буруутай болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Т-” ХХК нь ажлын гүйцэтгэлд захиалагч талыг хяналт тавих боломжоор хангалгүй, шалыг будсаны дараа ажлаа гүйцэтгэсэн талаар мэдэгдсэн ба ажил нь хүлээн авах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээний 4.5-т зааснаар ажлын доголдлыг арилгуулах шаардлагыг гүйцэтгэгчид 2018 оны 05 дугаар сарын 09-нд 21/73 албан тоотоор мэдэгдэж, доголдлыг арилгуулахаар 10 хоногийн хугацаа өгсөн. Гэтэл гүйцэтгэгч тал 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18/42 албан бичгийн хариуд гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх, засварын үнийг дахин тохиролцох талаар санал ирүүлсэн. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь “Т-” ХХК-ийн захирал Б.Энхцэцэгт 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10/1216 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан дүгнэлт гаргуулсан. Дээрх нөхцөл байдлын улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам өөрсдийн хүч, хөрөнгөөр шалны будгийг дахин бүрэн хусч, өнгөлгөө хийж будахаар шийдэлд хүрч, уг шалны ажлыг өөрийн салбар нэгж болох Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэн, 122,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төсөвлөснөөс гүйцэтгэлээр 109,813,271 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсэгт заасны дагуу захиалагч талын шал будах ажлыг дахин хийхэд зарцуулсан 110,522,911 төгрөг болон гэрээний гүйцэтгэлээр “Т-” ХХК-д олгосон 68,600,000 төгрөг буюу нийт 179,122,911 төгрөгийг “Т-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бетон шалыг резинэн будгаар будах ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө хариуцагч талд тасалгааны температур +18 градус байх, дээврээс ус дусахгүй байх, талбайг бүрэн чөлөөлөх, будгийн ажлын явцад ус чийгээс хамгаалах шаардлагатайг, уг шаардлагыг хангаж ажиллахгүй тохиолдолд ажлын үр дүнд муугаар нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж байсан. Мөн тухайн цаг хугацаанд тухайн барилгын дээврийн засварын ажил хийгдэж байсан бөгөөд дээврээс ус гоождог байсан. Ингээд бид захиалагчийн төлөөлөгчтэй уулзаж, будгийн ажлыг эхлэхээс өмнө дээврээс гоожиж буй усны асуудлыг шийдэж ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь уг шаардлагыг хангаж ажиллаагүй. н.Сарантуяагийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй, барилгын ямар норм дүрмийн шаардлага хангаагүй гэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн хэргийн 95 дугаар талд авагсан дүгнэлт нь Төмөр зам бетон цутгах ажлыг өөрсдөө хийхдээ норм дүрмийн алдаатай хийсэн гэдгийг баталж өгдөг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн хариуцагч М-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч М-ын нэхэмжлэгч “Т-” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 179,122,911 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,053,565 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

           

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шинээчийн дүгнэлтийг бүрэн судлаагүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт бүрэн өгөөгүй. Нэхэмжлэгч Т- ХХК-аас шүүхэд бетон шал будах ажлыг технологийн дарааллын дагуу будсан болохыг илэрхийлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, бараа, материалын тооцоо, явцын гүйцэтгэлийн зургуудыг гаргаж өгсөн. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд бетон шалны шав байсан модны оронд нөхөөс чигжээс хийсэн, өнгөлөх машинаар шалаа точилдож өнгөлсөн, цэвэрлэгээ хийсэн, бетон шалны бэхжүүлэгч өнгөлгөө хийсэн, шалны будгийн суурь үе буюу грунт түрхэх ажлыг бүх талбайд хийсэн, дундын тэгшилгээ хийсэн, будах ажлыг хоёр үе хийсэн дээрхээс үзэхэд Т- ХХК нь бетон шал будах ажлыг технологийн дарааллын дагуу гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Хамгийн сүүлийн шатны ажил болох шалны будагны тэмдэг, тэмдэглээг хийж дууссан өдрийн шөнө их хэмжээний бороо орсны улмаас дээврээс борооны ус гоожиж гүйцэтгэсэн ажилд доголдол үүссэн учраас доголдол үүссэн, энэхүү доголдол үүсэхэд захиалагч барилгын дээврийн засварыг хийж дуусгаагүй, дээврээс ус гоожихыг зогсоогоогүй байснаас болсон гэж, гүйцэтгэгч нь дээврээс ус дусч байгааг даруй зогсоох, будгийн хуурай орчинд хийх естой талаар У- ХНН-д удаа дараа мэдэгдэж шаардлага хүргүүлсэн. Хэрвээ У- ХНН шаардлагыг биелүүлсэн бол ажлын гүйцэтгэлд доголдол үүсэхгүй, ажлыг хүлээн авах боломжтой байсан болно. Иймд "Т-" ХХК нь бетон шал будах ажлыг технологийн үе шатны дагуу гүйцэтгэсэн. Т- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд үүссэн доголдол нь У- ХНН- ийн буруутай үйл ажиллагаанаас болсон. У- ХНН-ийн буруутай үйл ажиллагаанаас болж ажлын үр дүнд захиалагчид хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 29,400,000 төгрөг гаргуулж, анхан шүүхийн шийдвэрийн Т- ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. “Т-” ХХК хэрэгт ямар технологийн дагуу ажил гүйцэтгэх талаар баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл 3000 м.кв талбайтай засварын депогийн шалыг резинэн будгаар будсан. Будаг хатсаны дараа бүрэн цэвэрлэгээ хийж, резинэн саарал өнгийн будгаар суурь будаг тавина. 7 хоногийн дараа резинэн ногоон өнгийн будгаар давхарлан будна. 3 дахь будгийг будсаны дараа бороо орсон байдаг. 3 дахь цагаан будаг нь чиглэл заасан тэмдэглэгээ буюу үйлдвэрлэлийн барилга учраас явж болох, болохгүй газруудыг тэмдэглэх байсан. Резинэн материал борооны ус нэвтэрдэггүй.  Тухайн үйлдвэрлэлд ажиллах ажилчдын доороос чийг цохиулахгүй байх зорилгоор резинэн будгаар будуулсан. “Т-” ХХК технологийн дарааллын дагуу чанарын шаардлага хангах ажлыг хийж гүйцэтгээгүй. Борооны ус дуссан бол будсан шалны будаг ховхрохгүй, резин дээр шалбааг болж тогтоно. Харин будаг ховхорч буй нь шалыг будахдаа өмнөх будаг хатсан эсэхийг шалгаагүй улмаас ховхролт үүссэн. “Т-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах 2 талын комисс шалгахад 97 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан тул 2 тал хүлээн зөвшөөрч акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь чанарын шаардлага хангасан, доголдолгүй ажил юм. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Талууд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн техникийн комиссын актаар нийт талбайн 91,7 хувь нь шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд уг актыг үйлдэхэд гүйцэтгэгч талын ажлын ахлагч Б- оролцож хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Захиалагч “У-” ХНН нь ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзаж доголдлыг арилгах талаар ажил гүйцэтгэгчид 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 21/73 тоот албан бичгээр мэдэгдэж шаардлага хүргүүлсэн ба /2хх-87 тал/ шаардлагын дагуу доголдлыг арилгаагүй тул гэрээний 4.3-т заасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон Барилгын зөвлөх инженер, экспертээр дүгнэлт гаргуулан ажлыг 100 хувь дахин хуулж, будах шийдэлд хүрч, өөрийн Барилга, засвар ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэн, дахин зардал гаргасан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.2-т зааснаар захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй. Шалыг резинэн будгаар будах болсонтой холбогдуулан “Т-” ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18/28 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр ажил гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөлүүд болох тасалгааны температур +18 градус байх, дээврээс ус гоожихгүй байх, талбайг чөлөөлсөн байх зэрэг шаардлагыг хариуцагч өгсөн байдаг. /1хх-20тал/ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд /2хх10 тал/ халаалтын доголдол гарч болзошгүй гэж захиалагч тал хананд температур хэмжигч суурилуулж байжээ. Будаг хийх үед шал хуурай байсан, орчны чийгшил хэвийн байсан бөгөөд энэ талаар маргалдахгүй /3хх-20 тал/ мөн фото зургуудаар ажлын байрыг бүрэн чөлөөлсөн нь харагддаг.

 

8.а.Монгол Улсын зөвлөх инженер, эксперт Б.Сарантуяа нь барилгын ажлыг газар дээр нь очиж үзэж бүрэн хусч дахин хийх шаардлагатай талаар зөвлөмж өгч, дүгнэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс газар дээр нь очиж үзсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Сэлэнгэ аймаг дахь Улсын мэргэжлийн хяналтын байцаагч Б.Гэрэлмаа нь дүгнэлтдээ “Т-” ХХК нь бетон шал будах ажлыг хийхдээ гадаргууг бүрэн хатсаны дараа эпокси будгаар будах, будгийг зүлгэж өнгөлөх 2 дугаар үеийг /1мм/ эпокси будгаар будах бэхжүүлэх зэрэг технологи үйл ажиллагаа дарааллын дагуу хийгдээгүй нь “Шалны ажил” /БНбД 31-09-05/ норм дүрмийн 4 дүгээр хэсэгт “Тэгшилгээ үений ажил”-ын 3.1, 1.4.3 дахь заалтуудыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 11 дүгээр хэсэг “Ажил хүлээн авах” заалтад тусгагдсан гадаргуугийн тэгш байдал, нягтрал, зай завсрын чигжээс, шал будах хэсэгтэй нийлсэн хэсгийг зөв хийсэн эсэх зэргийг захиалагчид шалгуулан акт үйлдэж, фото зургаар баримтжуулаад дараагийн үе шатны ажил болох будгийн ажлыг гүйцэтгээгүй нь норм, дүрмийн дээрх заалтуудыг зөрчжээ гэж дүгнэсэн. /1хх-95-97/ Гэтэл уг объектийг байхгүй болсон байхад үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна гэх мэтээр дээрх мэргэжлийн зөвлөх инженер, эксперт болон улсын байцаагчийн гаргасан үндэслэлгүйгээр няцаасан. Гэтэл шүүх хурлын явцад талууд шинжээчдийн дүгнэлтийн талаар маргаагүй бөгөөд хэрэв шалтгаан нөхцөлийг тодруулахад эргэлзээ бүхий байсан бол өөрт хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж эргэлзээг тайлсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан бөгөөд эргэлзээтэй байна гэж дүгнээд шийдвэрийг гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

8.б.Шинжээчдийн дүгнэлтээс харахад шалыг эпокси будгаар будах ажлын явцад гүйцэтгэгч тал өөрсдөө технологийн дагуу ажлаа гүйцэтгээгүйн улмаас будаг хатах явцад барзайлт, хуулралт ихээр үүссэн байна. Хэдийгээр гуйцэтгэгч тал ажлын доголдлоо дээврээс ус алдсантай холбож тайлбарладаг боловч энэ нь ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь доголдолтой болгох үндэслэл болохгүй юм. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын мэдээгээр /2хх-232 тал/ ажлыг гүйцэтгэх хугацаанд /гүйцэтгэгч тал 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс будаж эхэлсэн /1хх 54-55тал/ ба 04 дүгээр сарын 21-нд 4,8 мм, 04 дүгээр сарын 28-нд 5,2 мм хур тунадас орсон байна. Шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Алдар оролцсон бөгөөд гарсан шүүхийн шийдвэрт түүний нэрийг хуралд оролцогчдын нэрст оруулаагүй атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2-т С.Мөнх-Алдарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэл болгон шүүхийн шийдвэрийг илэрхий алдаатай гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Резинэн будаг усанд тэсвэртэй байх ёстой нь үнэн. Будаг бүрэн хатсан тохиолдолд үйлдвэрлэлийн болон ус бороонд тэсвэртэй болно. Гэвч хатаагүй, бэхжээгүй байхад нь бороо орсон. Нэхэмжлэгч талаас борооны уснаас шалтгаалж доголдол үүссэн гэж, хариуцагч технологийн алдаа гаргасан гэж тус тус маргадаг. Тухайн ажил гүйцэтгэх үед нэхэмжлэгч талд шаардлага хүргүүлсэн, шаардлагыг хүлээн авч бетон бэхжүүлэгч түрхсэний дараа шаардлага хангасан бөгөөд хариуцагч талын тайлбарлаж буй шинжээч нарын дүгнэлтэд маргахгүй. Монгол улсын зөвлөх инженер, эксперт Б.Сарантуяа дүгнэлт гаргахдаа Барилгын тухай хуулийг зөрчсөн буюу түүний батламжид барилгын зураг төсөлд эдийн засгийн тооцоолол хийх эрхтэй гэж заасан. Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд тэрээр технологийн чиглэлээр дүгнэлт гаргасан нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн тул дүгнэлт хүчингүй. Мөн нэхэмжлэгч компани 2,800 м.кв талбайд ажил гүйцэтгэсэн атал 3200 м.кв талбайд ажил гүйцэтгэсэн гэж алдаатай дүгнэлт гаргасан нь технологийн норм, дүрмийг мэдэхгүй байгаад оршино. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Т-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн будгийг хуссан байхад Улсын мэргэжлийн хяналтын байцаагч Б.Гэрэлмаагийн дүгнэлтэд “Т-” ХХК-ийн будгийн ажил хууларсан, ховхорсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул тус тус няцаагдаж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.   

2.Нэхэмжлэгч “Т-” ХХК нь М-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд нийт 179,122,911 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Талууд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Т-” ХХК нь Улаанбаатар төмөр замын Зүүн хараа дахь ачааны вагон засварын депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын бетон шал өнгөлөх ажлыг 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч М- нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 112,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 6-9-р тал/

 

3.а.Улмаар талууд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах болгон өөрчилсөн байх бөгөөд хариуцагч М- нь ажлын хөлсөнд нийт 68,600,000 төгрөгийг нэхэмжлэгч “Т-” ХХК-д төлжээ. /1хх-ийн 21, 134-136-р тал/. Нэхэмжлэгч “Т-” ХХК нь “ажлын хөлсийг гэрээгээр 112,000,000 төгрөг гэж тохиролцсон хэдий ч гүйцэтгэлээр 2,800 м.кв талбайн шал будаж, 98,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, захиалагч нь 68,600,000 төгрөг төлсөн тул үлдэх 29,400,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэж тайлбарласан байна.

 

3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар маргасан.

Тодруулбал, нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагчийг “дээврээс борооны ус алдаж байсныг өгсөн зөвлөмж зааврын дагуу зогсоох арга хэмжээ аваагүй, тасалгааны температур +18 градус байх шаардлагыг хангаагүй, ажлыг яаралтай хийж дуусгахыг шаардсаны улмаас будгийн ажилд доголдол үүссэн” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “шалны будгийн ажил анхнаасаа технологийн дагуу хийгдээгүй нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон” гэжээ.

 

3.в.Нэхэмжлэгч “Т-” ХХК нь гэрээт ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусгахаар тохиролцсон байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хоёр талын үйлдсэн техникийн комиссын актад “өргөтгөлийн барилгын шалны будгийг будаж дууссанаас 72 цагийн дараа шалгахад нийт 2,935 м.кв гадаргуун будаг хөндийрсөн, барзайлт үүссэн гадаргуу тэгш бус, 265 м.кв талбайн будаг хэвийн буюу нийт талбайн 91,7 хувь нь шаардлага хангахгүй” гэж дүгнэжээ. /2хх-ийн 101-102-р тал/. Дээрх техникийн комиссын актад гэрээний талуудын хэн аль нь гарын үсгээ зурсан буюу энэхүү баримт нотолгооны ач холбогдолтой.

 

3.г.Мөн зөвлөх инженер, эксперт Б.Сарантуяагийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд “... тэгшилгээ муу болсноос шал барзгар, тэгш биш болсон, гадаргуу дээрх тоос шороог цэвэрлээгүй, чийгшилтэй зарим хэсэгт хатаалт муу хийснээс шаланд хөндийрөлт, хууралт үүссэн, шалны будгийн ажил бүхэлдээ техникийн нөхцөл, чанарын шаардлага хангаж хийгдээгүй, будгийг бүрэн хуулж, чанар технологийн шаардлагын дагуу дахин гүйцэтгэх шаардлагатай” гэж, /1хх-ийн 91-92-р тал/

 

3.д.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд “... засаж тэгшилсэн гадаргууг бүрэн хатсаны дараа эпокси будгаар будах, будгийг зүлгэж, өнгөлөх 2 дугаар үеийг эпокси будгаар будах, бэхжүүлэх зэрэг технологи үйл ажиллагаа дарааллын дагуу хийгдээгүй нь шалны ажил /БНБД 31-09-05/ норм дүрмийн 4 дүгээр хэсэг, “тэгшилгээ үений ажил”-ын 3.1, 4.1, 4.3, мөн дүрмийн 11 дүгээр хэсгийг зөрчсөн гэж, /1хх-ийн 95-96-р тал/

 

3.е.Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... бетон зуурмагт хэрэглэсэн элс, хайрга, дайрга, цемент нь стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторид шинжилгээ туршилт хийж баталгаажуулаагүй, шинжилгээний дүн байхгүй, ил далд ажлын акт бичиг баримтад хавсаргаагүй, цутгалтын үе шатанд сорьц шоо авч бетоны бат бэхийг тогтоолгоогүй нь “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар" БД 52-102-04, “Цутгамал бетон, төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05-ын шаардлагууд болон Барилгын тухай хуулийн 37 дугаар зүийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.12-т заасныг зөрчсөн ... “ гэж тус тус заажээ. /1хх-ийн 140-142-р тал/

 

3.ё.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч “Т-” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т-” ХХК нь ажлын үр дүнгийн доголдлыг хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбон тайлбарласан буюу дээврээс борооны ус алдаж байсныг зогсоох арга хэмжээ аваагүй, тасалгааны температур +18 градус байх шаардлагыг хангаагүй, ажлыг яаралтай хийж дуусгахыг шаардсаны улмаас будгийн ажилд доголдол үүссэн гэх боловч шалны будгийн ажил анхнаасаа технологийн дагуу хийгдээгүй, холбогдох хууль, дүрмийг зөрчиж хийгдсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

3.ж.Ажил гүйцэтгэх гэрээний хувьд эцсийн үр дүн чухал бөгөөд ажил гүйцэтгэгч уг ажлын эрсдэлийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх ёстой бөгөөд захиалагч бий болсон эд хөрөнгийг гагцхүү гэрээнд зааснаар хийгдсэн байгаа тохиолдолд л хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй.

 

3.з.Хариуцагч М- нь нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг зөвшөөрөөгүй, ажлын үр дүн гэрээнд заасан нөхцөлд тохироогүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д даасанаар доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

3.и.Нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн хувьд гэрээт ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн гэх байдлыг эргэлзээгүй баримтаар нотлоогүйгээс гадна гүйцэтгэсэн ажлын талбайн 91,7 хувь буюу дийлэнх хэсэг нь шаардлага хангаагүй болохыг хүлээн зөвшөөрч техникийн комиссын актад гарын үсэг зурсан. Мөн нэхэмжлэгч “Т-” ХХК нь дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хоёр талын үйлдсэн техникийн комиссын актыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй, иймд шал будах ажлыг технологийн дарааллын дагуу гүйцэтгэсэн тул ажлын хөлсийг шаардах эрхтэй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

4.а.Хариуцагч М- нь ажлын хөлсөнд нийт 68,600,000 төгрөгийг нэхэмжлэгч “Т-” ХХК-д төлсөн үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 21-р тал/.

 

4.б.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах ... эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т-” ХХК нь гэрээт ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоор хариуцагч М- нь гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 68,600,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

4.в.Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангаж, нэхэмжлэгч “Т-” ХХК-аас 68,600,000 төгрөг гаргуулж хариуцагч М-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.г.Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 110,522,911 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч талаас уг шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн зарим баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, огноо, үнэ тодорхойгүй байхаас гадна талууд нэгэнт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу захиалагчийн төлсөн мөнгийг ажил гүйцэтгэгчээс буцаан гаргуулж шийдвэрлэсэн тул давхар хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд сөрөг нэхэмжлэлээс 110,522,911 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М-д холбогдуулан гаргасан 29,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Т-” ХХК-аас 68,600,000 төгрөг гаргуулж, хариуцагч М-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 110,522,911 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч “Т-” ХХК-аас 500,950 төгрөг гаргуулж, хариуцагч М-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т-” ХХК-аас төлсөн 304,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-аас төлсөн 1,053,565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ЭНХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                          Г.ДАВААДОРЖ