Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00134

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01680 дугаар шийдвэртэй,                                        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1536 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.400.000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 179.122.911 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, Г.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 3 сарын 07-ны өдөр УБТЗ-ын Зүүн хараа дахь Ачааны вагон депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын бетон шал өнгөлөх ажил гүйцэтгэх АҮГ/18/04 тоот гэрээ байгуулсан. 2018 оны 04 сарын 03-ны өдөр УБТЗ ХНН-ийн их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Эрдэнэмөнхөд хийгдсэн байгаа бетон шал нь шаардлага хангахгүй байгаа талаар хүсэлт хүргүүлж, захиалагч тал хүсэлтийг хүлээн авч ажиллаж чадахгүй гэдгээ уулзалтаар илэрхийлэн, гэрээнд өөрчлөлт оруулж бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах болгон гүйцэтгэхийг шаардсан бөгөөд технологи өөрчлөлтөд нэмэлт зардал төлөөгүй. Барилгын шалны ажлын норм дүрэм зөрчсөн бетон цутгагдсан шалыг будах нь чанарт сайнаар нөлөөлөхгүйг удаа дараагийн мэдэгдсэн ба захиалагчийн хүсэлтийн дагуу будах ажлыг дуусгасан. Захиалагч тал ажлаа хүлээн авахаас татгалзаж, норм дүрэм зөрчин цутгасан шалны доголдлоо манай байгууллагад нялзааж өдийг хүртэл үлдэгдэл төлбөрийн асуудал шийдэхгүй байгаа тул гэрээний дагуу нийт 3 200 м.кв талбайн 1 м.кв-ыг 35.000 төгрөгөөр буюу 112.000.000 төгрөгөөр хийхээр тохирсон, үүнээс гэрээний санхүүжилтэд 68.600.000 төгрөг төлж, үлдэгдэл 43.400.000 төгрөг төлөөгүй. Гүйцэтгэлээр 2 800 м.кв-ыг 35.000 төгрөгөөр тооцоход 98.000.000 төгрөг болж байгаа, үүнээс санхүүжилт хийгдсэн 68.600.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 29.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын шүүхэд гаргасан тайлбарт: ...******* ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр АҮГ/18/014 тоот гэрээг байгуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зүүн хараагийн ачааны вагон депод болсон хуралд тус компанийн төлөөлөгч О.Батжаргал оролцсон ба хурлын шийдвэрээр шалыг эпокси будгаар будахаар тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах ажил болгож, гэрээний үнийн дүндээ багтаан гүйцэтгэхээр талууд харилцан зөвшилцсөн. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр УБТЗ ХНН-ээс ажлын явцыг шалгах техникийн комисс томилогдон газар дээр нь ирж ажлын явцтай танилцаад будгийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанарын үзүүлэлт муу гэж зөрчлийг арилгуулахаар ******* ХХК-д албан шаардлага хүргүүлэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу тус компанид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн УБТЗ-ын Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсээс 21/73 тоот албан бичгээр зөрчлөө арилган гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллахыг шаардан, нэмэлтээр 10 хоногийн хугацаа өгсөн боловч зөрчлөө арилгаагүй. Гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 28-09-021/138 дугаар дүгнэлтийг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* замын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...******* ХХК нь ажлын гүйцэтгэлд захиалагч талыг хяналт тавих боломжоор хангалгүй, шалыг будсаны дараа ажлаа гүйцэтгэсэн талаар мэдэгдсэн ба ажил нь хүлээн авах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээний 4.5-д зааснаар ажлын доголдлыг арилгуулах шаардлагыг гүйцэтгэгчид 2018 оны 5 дугаар сарын 09-нд 21/73 албан тоотоор мэдэгдэж, доголдлыг арилгуулахаар 10 хоногийн хугацаа өгсөн. Гэтэл гүйцэтгэгч тал 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18/42 албан бичгийн хариуд гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх, засварын үнийг дахин тохиролцох талаар санал ирүүлсэн. Иймд УБТЗ ХНН нь ******* ХХК-ийн захирал Б.Энхцэцэгт 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10/1216 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан дүгнэлт гаргуулсан. Дээрх нөхцөл байдлын улмаас УБТЗ ХНН өөрсдийн хүч, хөрөнгөөр шалны будгийг дахин бүрэн хусч, өнгөлгөө хийж будахаар шийдэлд хүрч, уг шалны ажлыг өөрийн салбар нэгж болох Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэн, 122.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төсөвлөснөөс гүйцэтгэлээр 109.813.271 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д заасны дагуу захиалагч талын шал будах ажлыг дахин хийхэд зарцуулсан 110.522.911 төгрөг болон гэрээний гүйцэтгэлээр ******* ХХК-д олгосон 68.600.000 төгрөг буюу нийт 179.122.911 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бетон шалыг резинэн будгаар будах ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө хариуцагч талд ...тасалгааны температур +18 градус байх, дээврээс ус дусахгүй байх, талбайг бүрэн чөлөөлөх..., анхаарах зүйл: будгийн ажлын явцад ус, чийгнээс хамгаалж, будаг механикаар норох, усанд идэгдэх... гэх шаардлагыг болон анхааруулгыг мэдэгдэж, албан бичгээр шаардлага тавьсан. Уг шаардлагыг хангаж ажиллахгүй тохиолдолд ажлын үр дүнд муугаар нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан. Мөн тухайн цаг үед уг барилгын дээврийн ажил хийгдэж байсан бөгөөд, дээврээс ус гоождог байсан. Будгийн ажлыг хийж эхлэхээс өмнө талуудын төлөөлөгчид уулзалтын үеэрээ будгийн ажлыг эхлэхээс өмнө дээрээс гоожиж буй усны асуудлыг шийдэж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь уг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэх боломжийг бүрэн олгоогүй хэрнээ ажил гүйцэтгэхийг шаардсаны дагуу будгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч талын хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй эс үйлдэхүйн улмаас ажлын үр дүнд хожим доголдол гарсан. Бид ажил гүйцэтгэхийн өмнө дээрх шаардлагыг болон будгийн зааврыг өөрийн байгууллагын и-мэйл хаягаас хариуцагч тал руу илгээж Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д заасны дагуу ажил гүйцэтгэхээс өмнө, ажил гүйцэтгэх явцад доголдол бий болох нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж, хариуцагчид мэдэгдэн, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байсан боловч хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээний дагуу ажлын хөлсийг үе шаттайгаар авч ажил хийгдэж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр захиалагч талын н.Эрдэнэмөнх даргад хийгдсэн байгаа бетон шал шаардлага хангахгүй байгааг хэлэхэд бетон шал өнгөлөх ажлыг будах болгож өөрчилсөн. Гэрээний үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэж тохирсон. Будгийн ажил хийж байхад дээвэр засварлагдаагүй байсан учир бороо орж, шалан дээр ус тогтож, ажлын чанарт нөлөөлж, сөрөг үр дагавар шууд бий болсон. Ажлын доголдол бий болсон нь захиалагч талаас шалтгаалсан. Бетон шал болон будгийн ажилд ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Дээврээс ус дусч байгааг засуулж, заалны температурыг тохирсон хэмжээнд байлгахгүй бол ажилд доголдол үүсэх талаар сануулаад байхад дарга нар нь удахгүй ирэх гэж байгаа учраас заасан хугацаандаа яаралтай хий гэж хүссэн учраас хийж дуусгасан. Энэ үүсч байгаа нөхцөл байдал манайд хамааралгүй учир бид хүлээн зөвшөөрөөгүй, албан бичгээр үүнийгээ илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01680 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 29 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 103 794 621 төгрөг гаргуулан хариуцагч “УБТЗ” ХНН-т олгон, сөрөг нэхэмжлэлээс 75 328 290 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 053 565 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 304 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 676 923 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1536 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676 930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ доголдол нь захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч тал шалны будгийн ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө захиалагч талын эрх бүхий албан тушаалтнуудтай 2018 оны 4 сарын 04-ний өдөр уулзсан бөгөөд уг хурлаар дээврээс ус алдаж байгааг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажлын үр дүнд муугаар нөлөөлөх буюу доголдол үүсэх эрсдэл байгааг хариуцагч тал мэдэж байсан бөгөөд ажлын үр дүнд муугаар нөлөөлөх эрсдлийг арилгахаар үүрэг хүлээсэн. Уг хурлын дараа нэхэмжлэгч тал дээврээс ус гоожих эрсдэлийн талаар буюу ажил гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсийг анхааруулан дахин албан бичиг хүргүүлэн шаардлага тавьж байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 б-д заасны дагуу ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөх ажил гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаан нөхцөл байгаа талаар захиалагчид мэдэгдэж байсан, захиалагч тал дээврээс ус гоожиж байгаа талаар анх мэдэж байсан, ус алдаж байгааг зогсоох үүргийг хүлээсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт буюу талуудын хурлын тэмдэглэл, албан бичгүүдээр тогтоогддог. Харин хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасны дагуу ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас шалны будаг хатаж амжаагүй байх үед усанд норж будаг хууларсан. Энэ нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа бус хариуцагч талын өөрийн буруутай, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж будгийн ажлын үр дүнд доголдол бий болсон. Будгийн ажил эхлэхээс өмнө гэрээний талууд хуралдсан бөгөөд тус хурлаар шийдвэрлэсэн асуудалд “ус алдаж байгааг зогсоох”-оор шийдвэрлэсэн байдаг. Дээврээс ус алдаж будгийн ажил хийсэн шалан дээр ус тогтсон талаар хариуцагч буюу УБТЗ ХХН тал маргаагүй. Мөн анхан шатны шүүх “...Барилгын дээврээс ус алдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй...” болохыг шийдвэрт дурьдсан. Будгийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа дээврээс ус алдаж шалан дээр ус тогтсон байгаа талаарх өнгөт гэрэл зурагнууд хэрэгт цугларсан бөгөөд мөн энэ талаар гэрч О.Батжаргал мэдүүлэг өгсөн. Хариуцагч талын буруутай, хайхрамжгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас ажлын үр дүнд доголдол бий болсон. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Мөн 2018 оны 5 сарын 07-нд УБТЗ ХХН-с техникийн комисс ажилласан байх бөгөөд гаргасан дүгнэлтэндээ 2935м2 талбайн будаг хөндийрсөн, барзайлт үүссэн, тэгш бус 265 м2 талбайн будаг хэвийн байна гэж захиалагч дүгнэлт гаргажээ. Гэтэл шалны нийт цэвэр талбай 2800 м2 юм. Будаг хөндийрсөн гэх 2935м2 талбайг баримтжуулсан нотлох баримт байхгүй байгаа ба УБТЗ ХНН нь шалны ажил дахин гүйцэтгэсэн зардалд нийт 3200м2 талбайн шалны будгийг газ /хий/, кислород /хүчил/, шал тэгшлэгч машинаар шалны будгийг хуулсан хэмээн мөнгө нэхэмжилж байгаа нь тоо, тооцооллын хувьд үндэслэлгүй байна. Ажлын үр дүнд доголдол гарах болсон шалтгаан нөхцөл нь дээр дурдсанаар хариуцагч буюу захиалагч талын өөрсдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй. Мөн тухайн үед барилгын дээврийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн байгууллагын буруутай үйлдэл бий. УБТЗ ХХН дахин ажил гүйцэтгэсний зардлыг нэхэмжлэгч талаас бус үүрэгт ажилдаа хайнга хандсан өөрсдийн эрх бүхий албан тушаалтан болон тухайн цаг үед барилгын дээврийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн хуулийн этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж нэхэмжлэгч ******* ХХК-иас 103.794.621 төгрөг гаргуулж УБТЗ ХХН-д олгохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 29.400.000 төгрөг шаардсан үндсэн нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ “...гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн тул ажлын хөлсийн үлдэгдэл...” гэжээ.

Хариуцагч УБТЗ ХНН нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан 179.122.911 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ “...гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой тул урьдчилж шилжүүлсэн 68.600.000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардалд 110.552.911 төгрөг нэхнэ...” гэсэн байна.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэл, үйл баримтыг тодруулаагүйгээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал  бүрэн тогтоогдоогүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга тодорхой бус байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

1. Зохигчийн хооронд 2018.03.07-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК нь УБТЗ ХНН-ийн Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын 3200 м.кв талбайн бетон шал өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэх, УБТЗ ХНН ажлын хөлсөнд 112.000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний зүйл “бетон шал өнгөлөх” ажил байсан боловч тухайн бетон шалны чанараас шалтгаалж талууд ажлыг “бетон шал будах” болгон өөрчилсөн, нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэсэн хэдий ч уг ажилд доголдол үүссэн, хариуцагч доголдлыг бусдаар арилгуулсныг зохигч маргаагүй байна.

Доголдол үүссэн шалтгааныг нэхэмжлэгч, “бетон шалны чанар муу байсан, урьдчилан сануулсан боловч барилгын дулааныг зохих температурт байлгах, дээврээс ус гоожиж байгааг зогсоох арга хэмжээг захиалагч аваагүйгээс будаг ховхорсон” гэж,  хариуцагч “...ажил гүйцэтгэгч нь ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй, ажлын чанарт муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг мэдэгдээгүй” гэж тайлбарласнаас үзвэл захиалагчийн эсхүл ажил гүйцэтгэгчийн хэний буруугаас доголдол үүссэн болох нь маргааны зүйл болсон байна.

а/. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ******* ХХК нь ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн  бол УБТЗ ХНН-с хөлс шаардах эрхтэй.

******* ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу түүний гүйцэтгэсэн ажил нь бүхэлдээ ашиглах боломжгүй бол УБТЗ ХНН нь гэрээнээс татгалзаж хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах, үлдэх хөлсийг төлөхөөс татгалзах, харин ажлын зарим хэсэг доголдолтой бол өөрийн зардлаар доголдлыг арилгахыг ажил гүйцэтгэгчээс шаардах эсхүл доголдлыг бусдаар арилгуулж зардлаа төлүүлэх эрхийн аль нэгийг  хэрэгжүүлэх боломжтой.

Шүүх нэхэмжлэгчийн “ажлыг ямар нэгэн доголдолгүй зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж  ажлын хөлс шаардсан үндсэн нэхэмжлэлийн, хариуцагчийн “ажлын гүйцэтгэл нь бүхэлдээ доголдолтойн улмаас ажлыг шинээр гүйцэтгүүлсэн” гэж зардал буюу хохирол шаардсан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлүүд эсрэг агуулгатай байхад эдгээр нэхэмжлэлийн аль алиныг хангаж шийдвэрлэсэн нь зөрчилдөөнтэй болсон, маргааны үйл баримтыг, тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөөгүйгээс гадна ажлын хөлсөнд өмнө шилжүүлсэн 68.600.000 төгрөгийг буцаан гаргуулах болон уг нэхэмжлэлтэй зэрэгцүүлэн бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг шаардаж буй үндэслэлийг тодорхой болгоогүй байна. Иймд нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 б/. Хариуцагч нэхэмжлэгчид хандаж, ажлыг шинээр гүйцэтгүүлэх шаардлага гаргасан, нэхэмжлэгч тухайн доголдол гарахад буруугүй тул доголдлыг арилгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх агуулгатай хариу өгсөн баримтууд хэрэгт авагджээ.

Зохигч, ямар шалтгаанаар доголдол үүссэн талаар маргаж байгаа тохиолдолд ******* ХХК-ийн гаргасан зөрчлөөс тухайлбал, ажлыг технологийн дагуу хийгээгүйгээс бетон шалны будаг ховхорсон гэх шалтгаант холбоо тогтоогдох учиртай бөгөөд шүүх энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх үүрэгтэй.

 Ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, өөрөөс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргийг ажил гүйцэтгэгч, ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцлийг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүргийг захиалагч тус тус хүлээнэ.

Бетоны чанараас шалтгаалж талууд гэрээгээр тохирсон “бетон шал өнгөлөх” ажлыг “бетон шал будах” ажлаар сольсон бөгөөд бетоны бүтэц цутгалт нь барилгын норм, дүрэмд нийцээгүй болохыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд заасан байна.

Түүнчлэн шал будах ажил технологийн дагуу явагдаагүй гэж дээрх дүгнэлтүүдэд тусгагджээ.

 Зохигч “бетон өнгөлөх ажил”-ыг “бетон шал будах ажил”-аар солихоор шийдвэрлэсэн тухай ажлын хэсэг оролцсон 2018.04.04-ний өдрийн хурлын тэмдэглэлд ******* ХХК-ийн төлөөлөгч дулааныг нэмэх шаардлагатай, дээврээс ус гоожихыг зогсоохыг шаардаж байсан нь тусгагдсан байх бөгөөд шал будах ажил гүйцэтгэж байх үед дээврээс ус гоожсныг зохигч маргаагүй байна.

Мөн гүйцэтгэсэн ажлын талаархи УБТЗ ХНН-ийн ажлын хэсгийн 2018.05.24-ний өдрийн тэмдэглэлд “...бетон шал будах ажлыг дахин гүйцэтгэх шаардлага бий болсон, бетон шалны тэгшилгээ муугаас бетон шалыг дахин цутгаж өнгөлөх, ...эсхүл галд тэсвэртэй будгаар будуулах бол бетоны маркийг өндөрсгөх шаардлагатай, ...будаг ердийн ашиглалтын явцад ховхорно, жил бүр будна ...энэ чигээр нь ашиглаад дараа жилээс засвар хийе” гэсэн саналууд гарч байснаас үзэхэд доголдол үүссэн нь бетоны чанар байдалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй байна.

Ажлын гүйцэтгэлийн талаар гаргасан УБТЗ ХНН-ийн 2018.05.07-ны өдрийн техникийн комиссын актад нийт 2935 м.кв ажлын гадаргуун будаг хөндийрсөн, барзайлт үүссэн гадаргуу тэгш бус, 265 м.кв талбайн будаг хэвийн, нийт талбайн 91.5 хувь гэж тэмдэглэгдсэн, 2018.05.24-ний өдрийн тэмдэглэлд нийт талбайн 50 хувиас дээш хэсэг ховхорсон гэж бичигдсэн байх тул гүйцэтгэсэн ажил бүхэлдээ, эсхүл зарим хэсэг доголдолтой гэж үзэх эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус болжээ.       

 “Бетон шал будах” ажлын үр дүн ямар хэмжээнд доголдолтой, уг доголдол нь бетоны бүтэц цутгалт анхнаасаа тэгшилгээ муу, чанаргүй байдалтай холбоотой эсэх, эсвэл дээврээс ус гоожсон, эсхүл ажлын гүйцэтгэлийг техникийн дагуу гүйцэтгээгүй аль нөхцөл байдлаас шалтгаалсныг тодруулж, дээрх ач холбогдол бүхий байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Эдгээр нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй, “******* ХХК будгийн ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй, урьдчилан анхааруулах үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

2. Шүүх дээрх байдлыг тодруулж зохигчийг мэтгэлцүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01680 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1536 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 676.930 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                              ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ