Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 13

 

 

        Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

        Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Х.Бд холбогдох 1935000160003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 08-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 8-14 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зœйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгүүдэд зааснаар 5 сар баривчлах, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Х.Б/РД:ОЮ92080813/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

     Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын дундуур Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч Ч.Э-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улаангом сумын 10 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ч.Э-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

      1. Шүүгдэгч Х.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын дундуур Улаангом сумын 10 дугаар багийн нутагт өөрийн хамтран амьдрагч Ч.Э-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хамтран амьдрагч Ч.Э-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Би гадуур ажилтай явж байгаад гэрт иртэл Б, С гэх хуурай ахтайгаа нэг шил архи ууж байсан.  Би С, Б нарыг та нар яагаад гэр оронд архи уугаад байгаа юм бэ? Энэ гэр орон чинь архины гэр орон юм уу? гээд уурласан юм. Тэгтэл Б чамд ямар хамаатай юм бэ? гээд маргалдаж байгаад гэнэт босож ирээд намайг гараараа нэг удаа цохиж унагаагаад газар унангуут миний зүүн талын хавирага руу нэг удаа гуталтай хөлөөрөө хүчтэй өшиглөсөн юм. Тэгтэл С, Б-ийг салгангуут би гэрээс гараад зугтаасан ба би тухайн үед цагдаагийн байгууллга, эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөгүй юм. Тэр өдрөөс хойш миний хавирга өвдөөд байсан учир Б-тэй хамт өөрийн 80-34 УВХ улсын дугаартай цагаан өнгийн Приус-10 маркийн машинаар Тариалан сум руу гарч Ц гэх бариачид бариулсан. Тухайн үед би Ц бариачид хэлэхдээ өөрийн нөхөр Б-ээр зодуулсан гэдгээ хэлсэн. Миний зодуулсан зүүн талын нэг хавирага гэмтээд зөрөөгүй хугарсныг барьж өгсөн ба түүнээс хойш хавирага өвдөхөө байгаад эдгэрсэн юм. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Б өглөө 10 цагийн орчим гэрээс гарч яваад хажуу айлын К /иргэний үнэмлэхний нэрийг нь мэдэхгүй байна/ гэх залуутай дэлгүүр орж 750 граммын Хараа нэртэй архи аваад гэртээ ирж уугаад тэр хоёр нэлээд согтоод гэрт унтацгаасан юм. Шөнө 22 цагийн орчим К босож ирээд ус уух гээд манай аяга таваг тачигнуулахад манай нөхөр Б сэрэхээр нь би гэрээс гараад нүүрс хийж аваад зогсож байтал манай нөхөр гарч ирээд аавынхаа гэр лүү орчихоод гарч ирээд намайг гэр лүү ор гэхээр нь би орохгүй гэхэд намайг гэр лүү ор гээд над руу ирэхээр нь би нөхрөөсөө зугтаагаад дээд талын хашаа руу гүйж ороод хашаанд байсан О гэх хөгшин эгчийн гэр лүү ороход О эгч гэртээ ганцаараа байсан ба миний араас манай нөхөр хөөгөөд ирж байхаар нь би О эгчид манай нөхөр ирж байна хаалгаа битгий онгойлгоороо гээд хаалгыг нь дотроос нь барьж байтал манай нөхөр хүчээр татаж онгойлгоод ороод ирсэн. Би нөхөрөөсөө зугатаагаад тэдний гэрийн баруун талын төмөр пүрштэй орон доогуур шургаад ороход манай нөхөр намайг хөлөөрөө өшиглөх гээд чадаагүй ба пүршин доогуур хийдэг модоор миний дээрээс цохих гээд чадаагүй.  Гаднаас О эгчийн охин орж ирээд манай нөхрийг эмэгтэй хүн зодох гэж байна гээд хөөгөөд, түлхээд гэрээсээ гаргасан юм. Би орон доороос гарч ирээд гэрийн хоймор хэсэгт зогсож байтал манай нөхөр дахин орж ирээд намайг зодох гээд хөөтөл дундуур нь О эгч охинтойгоо ороод намайг зодуулаагүй ба би гал нар зөв тойроод гэрийн баруун талд байх гоожуурны хажууд ирээд зогсоход манай нөхөр миний араас ирэхээр нь би нүүрээ хамгаалаад доош тонгоотол манай нөхөр миний хамар луу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөхөд миний хамарыг язарч цус гараад тэр хооронд нөгөө 2 хүн манай нөхрийг гэрээс гаргачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 130-131-р талд/,

    гэрч Ч.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “.....2019 оны 1 дүгээр сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад аавын гэрт хүмүүс байх шиг байхаар нь хүүхдээ хэн байгааг хараад ир гээд явуулахад манай хүүхэд “Б байна” гэж хэлсэн. Би аавын гэр лүү яваад ороход ээж, Б хоёр байсан. Би Б-ийг хөөж гаргаад гэрийн хаалга татаад эргэтэл гэрийн баруун талын орон доороос Б-ий эхнэр мөлхөөд гараад ирсэн. Тэгтэл Б гэрийн гаднаас эхнэртээ хандаж “Чи наадах гэрээсээ гараад ир. Би чамайг өнөөдөр заавал ална” гэж заналхийлээд байсан. Эхнэр нь Б-д хандаж “Чи айлын амгалан тайван байдал битгий алдагдуулаад бай, яв” гэхэд Б эхнэрээ янхан, яатуу, гичий, банзал гэх мэтээр доромжлоод гэрийн хаалга татаж орж ирээд эхнэрээ зодох гээд хөөхөөр нь ээж бид хоёр дундуур нь ороод зодуулаагүй. Тэгтэл Б гэрийн хойморт эхнэрээ хөөж яваад галын урдаас галын төмөр хайч аваад эхнэр лүүгээ шидэхэд тухайн галын хайч эхнэрийг  нь оноогүй ба дахин эхнэрээ зодох гээд дайрахаар нь ээж бид хоёр зодуулахгүй гээд барьж байтал бид хоёрт дийлдэхгүй гэрийн баруун  талын гоожуурын хажууд сууж байсан эхнэрээ өшиглөөд хамрыг нь гэмтээж, эхнэрийнхэн хамраас цус гарч орилоод эхнэр нь уйлахаар нь би Б-ийг арай гэж түлхэж гаргасан. Б эхнэрээ зодож гэмтээчихээд дахин зодож ална гээд дайраад байсан ба би гэрээс түлхээд гаргахад гэрлүү 2-3 удаа орж ирэх гээд дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12-р тал/,

    гэрч А.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Н бид хоёр Э-ийг  зодуулахгүй гээд дундуур нь ороход бид хоёрыг түлхэж эхнэрээ зодох гээд галыг урд байсан галын хайч аваад эхнэрийнхээ араас шидээд оноогүй. Б-ийг гаргах галын дэгээ төмөр авахад Б надаас галын дэгээ төмөр булаацалдаад намайг холдуулаад манай гэрийн баруун тал байх гоожуурын хажууд суусан эхнэрээ өшиглөхөд хамар нь язарч цус ихээр гараад эхнэр нь орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/,

    гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:“.....Манай хүү Б 2018 оны 1 сард билүү 2017 оны 12 сард билүү урьд хамт амьдарч байсан эхнэрээсээ салчихаад Э гэх эмэгтэйтээ хамт амьдран гээд гэртээ дагуулж ирсэн юм. Тухайн үед эхнэр бид хоёр Э-ийн ээж, аавтайн уулзаж хадаг сүү тавьсан зүйл байхгүй. Б, Э нар өөрсдөө сэтгэл санаа нийлж нэг гэрт амьдарч байх 1 жил гаруй хугацаандаа хэрүүл маргаан хийдэг байсан. Гэхдээ Б Э-ийг зодоод байдаггүй 2018 оны хавраас эхлээд Б архи уугаад эхэлсэн. Урд өмнө нь архи тийм их уугаад байдаггүй байсан. Би найзлаж нөхөрлөдөг хүмүүстээ уруу татагдсанаас болоод архи ууж байгаа байх гэж бодож байна. 2018 оны 10-р сард байх манай 2 дахь залуугийн найран дээр маргаан болж Б өөрийн эхнэр Эрдэнэчимэгийг зодчихсон байсан ба би тухайн үед архи уучихсан согтуу байсан учир ямар зодоон болсныг мэдээгүй, Түүнэс болж цагдаа дээр шалгагдаад баривчилгаанд орсон юм. Түүнээс өөрөөр Э-ийг зодож байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

    гэрч П.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байх Ритм бүжгийн кулбын хөгжимчин юм. 2016 онд байх манай бүжгийн клуб дээр Б гээд залуутай танилцаад хуурай ах дүү нар болсон юм. Б нь одоогоос 1 жилийн өмнөөс байх Э гэх өөрөөсөө эгч эмэгтэйтээ танилцаад түүнтэйгээ хамт нэг гэрт амьдарч байгаа. Б-тэй би 2016 оноос хойш найзлаж бид хоёр их дотно учир надад болсон бүх зүйлээ яриад байдаг юм. Б нь Э-тэй хамт амьдарч эхэлснээс хойш бид  хоёр хоорондоо нэг нэгээ хардаад хэрүүл салхаа байсан гэж хэлж байсан. Тэгээд би Б-д өөрт нь чи энэ Э-тэй хэрэлдэж маргалдаж байгаад зодоод гэмт хэрэгт холбогдов оо гэж хүртэл хэлж байсан. Намайг Б-тэй хамт архи ууж байх хугацаанд хэдэн удаа Б Э-тэй маргалдаад гар хүрч байсан юм. 2018 оны зун байх сар өдрийг нь санахгүй байна Б-ий гэрт Б бид хоёр архи уугаад сууж байтал Э гаднаас орж ирээд Б бид хоёр луу муухай хараад үйлдлээрээ дургүйцлээ илэрхийлээд байсан тэгтэл Б Э-ийг чи яаж байгаа юм бэ? Би гэртээ ахтайгаа нэг шил архи уучихаж болохгүй юм уу? гэхэд та нарын уудаг архи гэж юу байдаг юм гээд уурласнаас болоод Б Э-тэй маргалдаад босоод Э-ийн хөл рүү 1 удаа өшиглөхөөр нь би дундуур нь орж салгасан юм.  2018 оны намар байх Б, Э бид нар машинд сууж байтал Б тухайн үед согтуу байсан ба мөн архи уулаа, гадуур явлаа гээд хардаад хэрэлдэж маргалдаж байгаад машин дотор Э-ийн нүүр лүү өшиглөөд авсан. Тэгэхээр нь би салгасан ба тухайн үед Э-ийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл учирч хавдаж язарсан зүйл харагдаагүй юм. 2018 оны 9 дүгээр сарын дундуур байх Б-ий гэрт бид хоёр архи ууж байтал Э гаднаас орж ирээд архи уулаа гээд уурлаад Б-тэй маргалдаад эхэлсэн ба Б Э-тэй маргалдаж байгаад гэнэт босож ирээд Э-ийг нэг удаа гэдэс орчим нь гараараа цохиж унагаагаад зүүн талын хавирага руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь би босоод салгах хооронд Э гэрээс гараад зугатаачихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

    гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 10 дугаар багийн нутаг Тээврийн хороонд аав, төрсөн ах Б нарын гэрийн хажууд нэг хашаанд амьдардаг юм. 2019 оны 1 дүгээр сарын 3-ны орой би авто засварын газар засвар хийж байгаад шөнө 22 цаг өнгөрөөд гэртээ харихад манай эхнэр Э надад хэлэхдээ Э эгчийн хамрыг Б ах өшилж гэмтээгээд ээж, Э эгчийг аваад эмнэлэг явсан гэж хэлсэн юм. Би Б ахыг эхнэрээ ямар шалтгаанаар зодож цохисныг мэдэхгүй ямар шалтгаанаар цохисон талаар асуугаагүй юм. Би засварын газар ажилладаг учир гэрээс эрт гараад орой гэрт харьдаг тул хашаанд юу болсныг дараа нь л мэддэг юм. Манай ах Б нь Э-тэй хамтран амьдарч нэг гэрт ороод нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Б нь 2017 оны өвөл байх сар өдрийн сайн санахгүй байна намайг хадмын гэрт амьдарч байхад намайг ээж дуудаад ах чинь Э-ийг зодоод байна гэхээр нь би аавын хашаанд очиход Б согтуу гэр орныхоо эд зүйлийг эвдэж сүйтгэчихсэн галаа өшигөлчихсөн эхнэрээ зодож байсан. Тэгэхээр би салгаад цагдаад дуудлага өгөх гэхэд эхнэр Э нь цагдаад дуудлага өгүүлээгүй юм. Мөн 2018 оны намар 9-р сард байх намайг Баруунтуруун сум руу яваад ирэх хооронд Б нь эхнэр Э-ийг зодож хавиргыг нь хугалаад тэр хоёр цагдаа, эмнэлэгт мэдэгдэлгүй цагаан өнгийн Приус-10 маркийн машинаар Тариалан сум руу явж Э-ийн хавиргыг бариулсан гэсэн. Мөн 2018 оны 10 дугаар сард байх миний гэрийн бүрлэг болсны маргааш нь намайг хүмүүс хүргэж өгчихөөд ирэхэд эхнэрээ зодоод түүнээс болж цагдаад шалгагдаад баривчилгаанд орсон юм. Ер нь Б нь бага их хэмжээгээр эхнэртэйгээ маргаж эхнэрээ зодоод байдаг. Би яг хэзээ гэдгийг нь сар өдрийг нь санахгүй байна.  Б нь уурласан үедээ гартаа таарсан зүйлээ хүн рүү шууд шиддэг бөгөөд Э, Б хоёр нэлээн хэрүүлтэй байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

      Шүүгдэгч Х.Б-ий мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 9 дүгээр сарын дундуур байх өдрийг нь доторхой сайн санахгүй байна би хуурай ах С-тай хамт гэрт архи ууж байтал эхнэр Э гаднаас орж ирээд намайг С-тай нийлж архи уулаа гээд уурлаад байсан тэгэхээр нь би эхнэрээ би ямар гадуур архи ууж байгаа биш гэртээ архи ууж болдоггүй юм уу? гэхэд намайг хэл амаар доромжлоод хардсан маягтай үг хэллэг над руу яриад байхаар нь гэнэт миний уур хүрээд босоод эхнэрийнхээ гэдэс рүү гараараа нэг удаа цохиход Э газар унахаар нь хавиргыг нь өшиглөөд гэмтээчихсэн ба намайг эхнэрээ зодож байхад С ах салгаж авахад манай эхнэр Э гэрээс гараад зугатаагаад явчихсан. Маргааш нь байх манай эхнэр Э миний зүүн талын хавирга чамайг хавирга руу өшиглөснөөс хойш өвдөөд байна гэхээр нь Э бид хоёр эмнэлэгт очиж үзүүлэлгүй шууд Э-ийн машин болох 80-34 УВХ улсын дугаартай Приус-20 маркийн цагаан өнгийн авто машинаар Тариалан сумр уу гарч Ц гэх бариачид очиж үзүүлэхэд манай эхнэр Эрдэнэчимэгийн зүүн талын хавирга гэмтэж зөрүүгүй хугарсан гэж хэлээд барьж өгсөн ба тухайн бариачид нэг удаа бариулаад манай эхнэрийн хавирга эдгэчихсэн юм.

      2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн орчим гэрээс гараад  манай хороололын К гэх залуутай уулзаад нэг шил архи уухаар болоод К бид хоёр хороололынхоо дэлгүүр орж би өөрийн мөнгөөрөө 1 шил 750 граммын “Хараа” нэртэй аваад манай гэрт бид хоёр ирээд ууж эхэлсэн тухайн үед манай эхнэр Э гэрт байсан ба гэрийн гадна ажил хийгээд байж байсан юм. Надтай хамт архи уусан К гэх залуугийн жинхэнэ нэрийг нь би мэдэхгүй байна. К бид хоёр архи ууж байгаад тэндээ архиндаа согтоод унтчихсан байсан ба би нэг сэртэл К манай гэр дотор босчихсон аяга таваг түчигнүүлээд явж байсан. Гэрт эхнэр байхгүй болохоор би хувцасаа өмсөөд гэрээс гараад хартал манай эхнэр байгаагүй тэгэхээр нь би аавын гэр лүү ороход манай эхнэр байгаагүй.  Аавын гэрээс гарч ирээд гэр лүүгээ явж байтал манай эхнэр хашаа даваад дээд талын хашаа руу орж байхаар би эхнэрийнхээ араас дуудахад цааш гүйхээр нь миний уур хүрээд эхнэрийнхээ араас хөөгөөд дээд талын хашаа руу ороход манай эхнэр Э О гэх манай хөрш эгчийн гэр лүү гүйгээд орсон. Би араас нь О эгчийн хаалгыг татаад гэрт нь ороход О эгч байсан ба манай эхнэр орон доогуур ороод нуугдчихсан тэгэхээр нь би эхнэрээ гаргаж ирэхээр орны урдаас өшиглөөд зогсож байтал нэг мэдэхэд араас нэг эмэгтэй хүн татахад би харсан чинь О эгчийн охин байсан ба намайг согтуу орж ирлээ гээд хөөгөөд гаргасан шиг санагдаж байна. Би О эгчийн гэр лүү дахин ороод эхнэрээ авч гарах гээд эхнэртэйгээ хөөцөлдөж байгаад гэрийн баруун талын гоожуурны орчим өөрийн эхнэр Э-ийг тонгойтол хамар луу нь гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөхөд манай эхнэрийн хамараас цус гарч орилохоор нь би гараад явчихсан. Гэртээ ороход К манай гэрт байхаар нь К-тай хамт тамхи авахаар гараад дэлгүүрээс тамхи авчихаад гэрт ирээд хэвтэж байтал цагдаа нар ирж намайг авч явсан юм. Би энэ хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

     Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ч.Э-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт язарсан шарх, баруун, зүүн бугалганд  цус хуралт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-р тал/-ээр, Баруун 5 дугаар хавирга, зүүн 8 дугаар хавирга хугарч бороолж эдгэрсэн гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р тал/-ээр тус тус тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.1-д : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж зааснаар хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарахаар хуульчилсан байна.

     Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.  

      Шүүгдэгч Х.Б, хохирогч Ч.Э нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамтран амьдрагч нар болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.      

     Шүүгдэгч Х.Б хамтран амьдрагч Ч.Э-ийг зодох үйлдэл нь байнгын шинжтэй болох нь хохирогч Ч.Эийг 2018 оны 09 дүгээр сарын дундуур зодож баруун 5 дугаар хавирга, зүүн 8 дугаар хавиргыг хугалсан, 2018 оны 10 дугаар сарын 11-нд зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ЗШ/210 дугаартай шийтгэвэрээр 11 хоногийн баривчлах шийтгэл авсан,  2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр зодож тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт язарсан шарх, баруун, зүүн бугалганд  цус хуралт гэмтлүүд учруулсан нь тус тус тогтоогдож байгаа тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг үйлдсэн  гэж үзнэ.

    Иймд шүүгдэгч Х.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Х.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

      2. Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

     Шүүгдэгч Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч Ч.Э нь мөрдөн байцаалтанд“Надад Х.Бэс нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

    Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Б овогт Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 480/дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

    3. Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх  ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

      4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ