Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01461

 

 

 

 

Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/02011 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ш- ХХК-ийн хариуцагч Г.Ц-, Н.Г- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 300,000,000 төгрөг болон зөвшөөрөлгүй авч явсан шар өнгийн чиргүүлт тавцанг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд нийт 519,181,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн өмгөөлөгч З.Б, гуравдагч этгээд С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ш- ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр экскаваторыг 556,000,000 төгрөгөөр Н.Г-, Г.Ц- нарт худалдахаар амаар тохиролцсон. Тус эксковатор нь барьцаанд байсан тул Г.Ц-, Н.Г- нар нь 161,479,000 төгрөгийг Хөтөлт номгон ББСБ-д төлж экскаваторыг чөлөөлж авсан бөгөөд үлдэх 394,521,000 төгрөгөөс С.А-эд 94,521,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 300,000,000 төгрөг төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд экскаватор худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 300,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Шинэ уран ХХК-ийн эзэмшлийн PN70C100477 арлын дугаартай, 1970 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн чиргүүлт тавцанг С.А- нь Сонгинохайрхан дүүрэг, Эмээлтэд байх эмээгийнхээ хашаанд тавьсан байхад Н.Г- авч явсан нь тогтоосон. Иймд Шинэ Уран ХХК компанийн өмчлөлийн чиргүүлт тавцанг хариуцагч Н.Г-, Г.Ц- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Шинэ Уран ХХК болон С.А-ээс экскаваторыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аман гэрээ хийж, 256,000,000 төгрөгөөр худалдан авсан. Эксковаторыг барьцаанаас чөлөөлөхөд насос нь гэмтэлтэй, ямар ч ажил хийх боломжгүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 61,390,150 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 31,694,500 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14,520,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийж, уг эксковатор манай засварын хашаанд одоог хүртэл байгаа. Ш- ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Чиргүүлт тавцанг Ш- ХХК-ийн хашаанаас хулгайлж авсан гэж нэхэмжлэгч гүтгэж байгаа бөгөөд тавцанг экскаваторын урамшуулал болгон 2,000,000 төгрөгийн төлбөрт авсан. Нэхэмжлэгч нь чиргүүлт тавцанг хулгайд алдсан гэж цагдаад гомдол гаргасныг хэрэг нээн шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Тухайн үед С.А- нь 99119656 утасны дугаараа барьцаанд тавьсан алдах гээд байна нэмээд 6,000,000 төгрөг өгчих Н.Г- ахтай тохирсон трайллерын чиргүүлийн шал өгөхөөр болсон гэж гуйсаар байгаад 256,000,000 төгрөгөөр экскаватор, чиргүүлийн шалыг авсан. Эксковаторыг барьцаанаас чөлөөлөхөд насос гэмтэлтэй, тоногдсон маш их эвдрэл гэмтэлтэй ямар ч ажил хийх боломжгүй эвдрэлтэй байсан. 2020 оны 10 дугаар сарын 13-нд 61,390,150 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-нд 31,694,500 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 5-нд 14,520,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Уг экскаваторыг буцааж, гаргасан бүх зардлаа хүүгийн хамт нийт 519,181,480 төгрөгийг Шинэ Уран ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан хэдий ч уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

4.Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хариуцагч нар экскаваторыг 256,000,000 төгрөгөөр авсан гэдэг нь үндэслэлгүй. Хөтөлт номгон ББСБ тухайн техникийг барьцаанд авахын тулд механикийг мэргэжлийн хүнээр шалгуулаад бүрэн ажиллагаатай, шаардлага хангасан техникийг зах зээлийн үнийн 20 хувиас хэтрэхгүйгээр барьцаалдаг. Н.Г-ийн хүмүүс очиж үзээд болж байна гэж худалдаж авсан. Чиргүүлт тавцанг Н.Г-, Г.Ц- нарт бэлэглэсэн, борлуулсан зүйл байхгүй, тухайн үед хулгайд алдсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулаад хэрэгсэхгүй болсон. Хариуцагчийн ярьсан 9911-тэй дугаар барьцаалж алдах гээд байна, 6,000,000 төгрөг нэмж өгөөч гэх зүйл огт болоогүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц-, Н.Г- нараас гэрээний үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөг, шар өнгийн чиргүүлт тавцанг тус тус гаргуулах нэхэмжлэгч Ш- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш- ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс татгалзаж, 519,181,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Г.Ц-, Н.Г- нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1,728,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,824,057 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Шинэ Уран ХХК-иас 300,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005014 тоот дансанд, шинжээчийн зардалд 3,000,000 төгрөг гаргуулж Хөрөнгө үнээлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000142787 тоот дансанд тус тус оруулж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, шүүх шинжээчийн дүгнэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж шинжээчээр Ашид билгүүн ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, дүгнэлт гаргуулсан атлаа шинжээчийн дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч экскаваторыг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар буюу 256,000,000 төгрөгөөр хариуцагч нарт худалдах шаардлага байхгүй байсан. 556,000,000 төгрөгөөр худалдсан талаар нотлоход дээрх шинжээчийн дүгнэлт чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Ашид билгүүн ХХК нь дээрх хөрөнгийг 608,988,695 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 344,171,800 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд дээрх хөрөнгийг хариуцагч нарт 256,000,000 төгрөгөөр худалдаагүй гэдгийг дүгнэх боломжтой байсан.

6.а.Мөн шүүх шинжээчийн дүгнэлтийг илт үгүйсгэж маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн атлаа шинжээчийн дүгнэлтийн дагуу тус хөрөнгийн биет байдлын талаар шийдвэртээ тусган хариуцагч талд ашигтайгаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Д.Сувдаа нь шүүхэд талуудын хоорондын экскаватор худалдах, худалдан авах гэрээний харилцааны талаар болон төлбөр тооцооны үлдэгдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж байхад тус мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, илт үгүйсгэж дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан фидуцийн гэрээний 2.2-т барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үнийн дүнг 250,000,000 төгрөг гэж тусгасан бөгөөд хариуцагч нарт 256,000,000 төгрөгөөр худалдаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж болохоор байсан. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлж байгаагийн учир шалтгаан нь өөрт ашигтай байдлыг бий болгох буюу ашиг олох хүсэл зориг юм. Нэгэнт тус хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр зарж, борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байхад ямар ч ашиггүй буюу 256,000,000 төгрөгөөр хариуцагч нарт худалдах шаардлагагүй гэдгийг дүгнэж болох байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүх хавтаст хэргийн 57-61 дүгээр талд авагдсан үнэгүй.мн сайтын мэдээлэл буюу тухайн экскаваторын зах зээлийн үнэлгээ, мөн хх-н 63 талд авагдсан экскаватор түрээслэх гэрээ, хх-н 68 талд авагдсан худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй нь учир дутагдалтай байна.

6.б.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримтаар иргэн Д.Алтанхуяг нь тус тавцант чиргүүлийг 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн нь нотлогддог. Улмаар Д.Алтанхуяг нь С.А-эд тус чиргүүлээ худалдсан бөгөөд Ш- ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан тухай хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Энэ тухай хариуцагч нар маргаагүй боловч экскаваторыг нь худалдаж авсан учраас тус чиргүүлийг бидэнд үнэгүй өгсөн гэж маргадаг ба нэхэмжлэгч нь хариуцагч нарт өгөөгүй, худалдаагүй юм. Хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан бөгөөд иргэн Д.Алтанхуягаас тус тавцант чиргүүлийг худалдаж авсан гэдгээ эргэлзээгүй байдлаар нотолж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь тус чиргүүлийг худалдаж авсан үйл баримтыг нотлохын зэрэгцээ 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан болохыг харж болох юм. Гэвч шүүх хэт нэг талыг барьж, дээрх 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэгч Ш- ХХК-ийн өмч хөрөнгө биш тул шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр, тухайн чиргүүлийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу С.А-ийн эмээгийн хашаанд байсан, мөн хариуцагч нар тус газраас очиж авсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ нь С.А- нь тус чиргүүлийг Ш- ХХК-д эзэмшиж, ашиглаж байсныг нотолж буй хэрэг билээ. Мөн хэрэгт авагдсан прокурорын тогтоолуудаар хариуцагч Н.Г-ийг уг тавцант чиргүүлийг хулгайлсан гэх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болохоос биш ямар гэрээний үндсэн дээр хэрхэн яаж өмчлөлдөө шилжүүлсэнийг тогтоогоогүй юм. Мөн хариуцагч нарын зүгээс тус хөрөнгийг Ш- ХХК-аас ямар байдлаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн тухай нотлох баримтаар нотлоогүй. Иймээс ШинэУран ХХК нь тус чиргүүлийг шударгаар эзэмшиж, ашиглаж байсан ньэргэлзээгүй байдлаар нотлогдож байх тул хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Иймд дээрх байдлаар шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хүрээнд Ш- ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө юм уу, С.А-ийн өмчлөлийн эд хөрөнгө юм уу гэж асуухад С.А- нь минийх гэж хариулсан боловч нэхэмжлэгч нь Шинэ Уран ХХК байдаг. Мөн С.А- нь өөрийн эрх зүйн байдлаа ойлгохгүй шүүх хуралдаанд оролцож байгаа нөхцөл байдлыг харуулж байна. Хариуцагчийн зүгээс тухайн эд хөрөнгийг гэрч, шинжээч нар 2,000,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, 250,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Мөн нөхцөл байдлаа нотолсон баримтаа эрх бүхий байгууллага болох Авто тээврийн үндэсний төвд гаргаж өгсөн тохиолдолд 250,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдах эд хөрөнгө гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс тухайн эд хөрөнгийг доголдолтой байсан гэдгийг худалдаж авахдаа мэдсэн учраас засвар хийлгэсний дараа тухайн эд хөрөнгө үнэ цэнээ олсон. Гэтэл тухайн эд хөрөнгө үнэ цэнээ олсны дараа нэхэмжлэгч 7 хоногийн дараа 300,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэж тохиролцсон гэх тайлбарыг гаргадаг. анхан шатны шүүх дээр ярьсан. Харин 7 хоногийн дараа шилжүүлэхтэй холбоотой ямар ч нотлох баримт болон эрх зүйн баримт бичиг байхгүй байхад уг нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд С.А-ийн тайлбарын агуулга: 556,000,000 төгрөгөөр тохиролцож, гэрээг байгуулж, экскаваторыг худалдсан. Хариуцагч талд чиргүүлийг худалдан борлуулсан зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Ш- ХХК нь хариуцагч Н.Г-, Г.Ц- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 300,000,000 төгрөг, зөвшөөрөлгүй авч явсан шар өнгийн чиргүүлт тавцанг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эксковатор худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч гэрээний зүйлийн үнийн талаар харилцан өөр тайлбар гарган маргасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш- ХХК нь эксковаторыг 556,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн бол хариуцагч нар нь 256,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан.

3.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарч, Ашид билгүүн ХХК нь 89-25 УБ улсын дугаартай, эксковаторын зах зээлийн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 608,988,695 төгрөг гэж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 89-25 УБ улсын дугаартай, эксковаторын зах зээлийн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 344,171,800 төгрөг гэж тус тус тодорхойлжээ. /1хх-ийн 237-245, 2хх-ийн 148-168-р тал/

3.б.Талууд гэрээний зүйл болох экскаваторын үнийн талаар харилцан өөр тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд тухайн экскаваторын зах зээлийн бодит үнэ хэд болохыг тогтоох нь ач холбогдолтой байж болохоор байна.

3.в.Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо хэт зөрүүтэй, аль нэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм. Энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгуулах, дахин шинжээч томилуулах хүсэл зориг талуудад байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

4.PN70C100477 арлын дугаартай, 1970 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн чиргүүлт тавцан гаргуулах шаардлагын тухайд тус чиргүүлт тавцан нь гаалиар анх Д.Алтанхуягийн нэр дээр орж ирсэн байна. /2хх-ийн 18-р тал/. Улмаар Д.Алтанхуяг нь гуравдагч этгээд С.А-тэй 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус чиргүүлт тавцанг 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагджээ. /2хх-ийн 16-р тал/

4.а.Гуравдагч этгээд С.А- нь нэхэмжлэгч Ш- ХХК-ийн захирал болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /1хх-ийн 4-р тал/. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь өөрийн үйлдлээр эрх олж, үүрэг хүлээдэг тусдаа эрх зүйн этгээд юм.

4.б.Маргаан бүхий чиргүүлт тавцанг худалдан авах гэрээг С.А- иргэний хувиар байгуулсан байхад нэхэмжлэгч Ш- ХХК нь ямар үндэслэлээр тус хөрөнгийг шаардаж байгаа нь тодорхой бус, гуравдагч этгээд С.А-ийн эрх зүйн байдлыг мөн тодруулах шаардлагатай.

Дээрх тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/02011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн нийт 1,728,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР Г.ДАВААДОРЖ