Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 649

 

 

М.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 964 дүгээр магадлалтай, М.Эд холбогдох 1802001120191 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1955 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шувуучин овогт М.Э.

Нийслэлийн Прокурорын газраас М.Эыг:

1.2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү М.Ч, түүний хүү О.А нарын 2006 оны 03 дугаар  сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Аы 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын JTJHYAXOA4034320 дугаартай, 70-02 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн /Lexus LX570/ тээврийн хэрэгслийг 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2.Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Эын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

3.Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон  ажиллах хугацаандаа

-  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82,89 хувь нь төрийн мэдэлд, 17,05 хувь нь иргэдийн нэр дээр, 0,06 хувь нь Монгол Улсын 553 аж ахуйн нэр дээр тус тус бүртгэлтэй байтал гэрээний төсөлд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах талаар зүйл заалт тусгагдаагүй нь Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн тухайн компанид хувьцаа эзэмших, өмчлөх Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэх;

- Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон гадаадын хөрөнгө оруулалттай, компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны 121, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлэх үр дагаварт хүргэх;

- Хөрөнгө оруулалтын гэрээнд:

- 2.5 b-д “Энержи ресурс” ХХК нь борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг өөрөө тогтоож байгаа, мөн “Энержи ресурс” ХХК-ийг өөр хуулийн этгээдээр солих, эрх үүргийг шилжүүлэх эрхтэй”,

- 2.1 с болон 2.1d-д “Энержи ресурс” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцөл, уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлохоор, хайгуулын төлөвлөгөө, тайланг бие даан гүйцэтгэхээр төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргаж, шаардлагатай бүх арга хэмжээг авах бүрэн эрхтэй”

- “Энержи ресурс” ХХК нь Техник эдийн засгийн үзүүлэлт болон уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө бүтээн байгуулалт, холбогдох хөрөнгө оруулалтын нөхцөлийг өөрсдөө тогтоох, уурхайгаас олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, худалдах зэрэг маркетингийн бүх ажиллагааг бие даан зохион байгуулах,

- Цанхийн талбайгаас олборлох боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрийг нийлүүлэх зах зээлийн сонголт, борлуулалтын хэмжээ, үнэ зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байх гэж тодорхойлсон нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг ноцтой зөрчиж, Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан нийтийн өмчийн, өмчлөлийн зүйлд нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад төрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг үнэгүйдүүлсэн шинжийг агуулсан;

- Ажиллагсдыг төслийн компанид шилжүүлэхийн зэрэгцээ хамгийн таатай нөхцөлөөр гадаадын иргэд ажиллах зөвшөөрлийг Засгийн газар олгохоор байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрэх, гэрээний нэг талд хэт давуу, нэн таатай нөхцөлийг олгож, үндэсний ажиллах хүчний хөдөлмөрлөх журамт үүргийг хэрэгжүүлэх боломжийг багасган, хийсэн ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс, орлого олох эрхийг зөрчсөн шинжүүд нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хэм хэмжээ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.8 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчиж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Эын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэмт хэргийг Ц.Эийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн гэх үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Прокуророос шүүгдэгч М.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилж,

шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 15 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Эаас 55.000.000 төгрөгийг гаргуулж Эрчим хүчний яаманд олгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 14.809.900 төгрөгийг шүүгдэгч М.Эаас гаргуулж улсын орлого болгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ч.Эрдэнэбат, Ц.Цэлмэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэлмэг, Д.Оросоо нар хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 430 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 964 тоот магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу түүнийг зөвтгөсөн, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн хоёр үндэслэлээр хяналтын шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Тавантолгойн төсөлтэй холбоотой баримт бичгийг УИХ-д өргөн барьсан үйл явдал нь 2015 оны 04 дүгээр сарын 23-нд болсон учир хэрэг явдал болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байсан. Зөвхөн ганц тохиолдолд буюу М.Эы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд л 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх учиртай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх М.Эы эрх зүйн байдлыг илтэд дордуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж тийнхүү зүйлчилсэн шалтгаанаа М.Эы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэмээн тайлбарлалаа.

Анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...М.Эы Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барьсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг, 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хоёр гэмт хэргийн шинжийг давхар агуулсан бөгөөд М.Эы хувьд хоёр гэмт хэрэгт ял шийтгэгдэхээр нөхцөл байдал үүссэн. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн үйлдлүүдийг нэг зүйл ангид багтаасан нь М.Эы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн учир 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь түүнд ашигтай байна” гэж шийдвэртээ дурьджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлүүдийн аль аль нь үлэмж (хүндрүүлэх бүрэлдэхүүн нь их хэмжээний хохирол шаарддаг) хэмжээний хохирол шаардаж байж гэмт хэрэгт тооцогддог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд М.Эы Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барьсан үйлдэл нь ямар ч хохирол, хор уршиг учруулаагүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Гэтэл шүүхээс М.Эы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцон улмаар 4 жил 6 сар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна хэмээн тавласан тайлбар хийж хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол шаардахгүй утгаараа М.Эы эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийг хэрэглэж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн зүйлийн 1.2-д заасан "...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” учир шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл үүсч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлээр давхар зүйлчилсэн ч М.Эы үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, улмаар ял оногдуулж болохгүй байгаа нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг нь хэнд ч тодорхой байхад эсрэгээр нь буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласнаар М.Эы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэмээн жишимгүй гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй.

Хоёр. Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Шүүхээс М.Эы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн үндэслэлээ анхан болон давж заалдах шатны шүүхээс зөвтгөхийн тулд олон улсын гэрээ, конвенц буюу НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг удирдлага болгосон нь илт үндэслэлгүй байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид “...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосоноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг шаардахгүй юм” гэсэн заалтыг шүүх удирдлага болгож зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэнээ зөвтгөхийг оролджээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлд “Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно”; 2015 оны 1.2 дугаар зүйлд Хууль ёсны зарчмын 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж тус тус заажээ. Түүнчлэн 2015 оны 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчмын 4-т “...энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасныг шүүх илт буруу тайлбарлав. Өөрөөр хэлбэл 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн аль шүүгдэгчид ашигтайг нь сонгон хэрэглэх, зүйлчлэл хийх, гэмт хэрэг гэж үзэх эсэхийг шийдвэрлэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг баримтлах талаар 2002 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2-д тус тус тодорхой заасан байна.

Харин Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ёстой талаар 2015 оны 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд олон улсын гэрээ, конвенцид заасан хэм хэмжээ нь зүйлчлэл хийх, гэмт хэрэгт тооцох, яллах үндэслэл болохгүй юм. Ийм ч учраас Эрүүгийн хуульд бусад хуульд заадагчлан “энэ хуулийн зүйл заалт олон улсын гэрээ, конвенцид заасан хэм хэмжээтэй зөрчилдвөл олон улсын гэрээ, конвенцийг баримтална” гэж заадаггүй, харин ч эсрэгээр зөвхөн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг баримтална гэдгийг 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд хуульчилсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд М.Эы эрх зүйн байдлыг хүндрүүлсэн Эрүүгийн хуулийг хэрэглэсэн шалтгаанаа “Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан” учраас хэмээн буруу тайлбар хийж М.Эы эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж 4 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх аргагүй.

Гурав. Хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарлаж прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн талаар:

М.Эыг 2015 оны 04 дүгээр сарын 23-нд Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Тавантолгойн гэрээний төслийг өргөн барьсан нь “...хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэмт хэргийг Ц.Эийн дэмжлэгтэйгээр үйлдсэн” хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн зүйл заалтыг удирдлага болголгүй прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Уг зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн бол 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэсэн байдаг.

Давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх” гэсэн заалтыг хэрэглэсэн нь хуульд харшлаагүй мэтээр тайлбарлав. Гэтэл анхан шатны шүүх нь М.Эд холбогдох хорлон сүйтгэх үйлдлийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар ч хуулийн заалтыг баримтлаагүй байхад давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийг баримтласан мэтээр магадлал гаргаж өмөөрөх аядав.

Тэгээд ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд “...Шүүх эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нарын хэн нь ч хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарлах санал, хүсэлт тавиагүй байхад шүүх дур мэдэн тусгаарлаж хорлон сүйтгэх үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан нь илт буруу шийдвэр юм.

Дөрөв. Шинжээчийн дүгнэлтийг зөв үнэлж дүгнэхгүй, хуулийг зөв хэрэглээгүй талаар:

М.Эыг албаны хэрэгцээнд өөрийн хамаарал бүхий этгээдээс Лексус-570 автомашин худалдан авч Эрчим хүчний яаманд 130,0 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж шүүх дүгнэсэн.

Шинжээчдийн дүгнэлт алдаатай бөгөөд тухайн автомашины үйлдвэрлэсэн болон Монголд орж ирсэн он, км-ийн заалт нь үнийг тогтооход гол нөлөөтэй байхад шинжээч нар 2019 оны 09 дүгээр сард үнэлгээ хийхдээ “Лексус 570” маркийн автомашины гүйлтийн заалтыг 120150 mile буюу 192240 км гэж үзэж, дүгнэлтээ гаргасан. /Шинжээч Д.Ганбаатар мэдүүлэхдээ “...машинд үнэлгээ хийж байхад 120150 mile буюу 192240 км гэсэн заалттай байсан” гэжээ. / 36хх-150 талд/

Тухайн “Лексус 570” маркийн автомашиныг анх хүлээн авч байсан жолооч Д.Б нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид 2013 оны 05 сард ажилд ороод 2016 оны 12 дугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. УБҮ 70-02 улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг би анх хүлээн авсан ба албан ёсоор актаар хүлээлгэн өгөөгүй ч 13000-14000 майл буюу 20.800-22400 км явсан байсан бөгөөд намайг жолоодох үед ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй” гэжээ. /36 хавтаст хэргийн 68 дахь талд/

Нэгэнт уг автомашиныг албан ёсоор хүлээн авсан акт байхгүй ч анх хүлээн авсан Д.Б жолооч тодорхойлон гэрчийн мэдүүлэг өгсөн байхад яагаад 2013 оны гүйлт болох 13000 майлаар буюу 20.800 км-ээр тооцохгүй, 2019 оны 120150 майлээр буюу 192.240 км-ээр тооцож үнэлгээг гаргасан, яагаад гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, гэрч, шинжээчийн дүгнэлт нь харилцан зөрүүтэй байхад гэрч Д.Бын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн талаар ямар нэгэн тайлбар, дүгнэлт шүүхээс хийсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д “...харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй бол” хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ гэжээ.

Тав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, нотлогдвол зохих зүйлүүдийг бүрэн нотлоогүй, шаардлагатай гэрчүүдийн мэдүүлгийг аваагүй байхад эцэслэн шийдвэрлэсэн.

Тухайлбал, тухайн үеийн ерөнхий сайд Ч.С, ерөнхийлөгч асан Ц.Э, төслийг УИХ-аар хэлэлцүүлээгүй тухайн үеийн УИХ-ын дарга З.Э, БНХАУ-ын “Шинхуа”, Японы “Сумитомо” гэх байгууллагын албан тушаалтнуудаас ямар байдлаар давуу тал олсон талаар мэдүүлэг авах шаардлагатай хэмээн өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ хэмээн хойш тавьсаар байгаад бүрдэл дутуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр УИХ-ын дарга З.Эын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэж ялласан. Гэтэл Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/23 тоот албан бичгийг М.Э биш, Ерөнхий сайд Ч.С гарын үсэг зурж УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Бодит байдал дээр иргэн М.Э нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн нэрээр УИХ-д ямар нэгэн баримт бичиг, УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй бөгөөд тийм эрх хэмжээ, эрх мэдэл байхгүй юм. Хэрвээ уг Засгийн газрын албан тоотоор УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нь гэмт хэрэг гэж үзвэл М.Э биш, Ерөнхий сайд Ч.Сийг уг үйлдэлд холбогдуулан шалгах ёстой байсан болно. Уг тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сээс мэдүүлэг авах, тайлбар авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Иймд УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд асан Ч.Сээс уг асуудлаар мэдүүлэг авч, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох боломжгүй, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан юм. Ерөнхий сайд Ч.Сээс УИХ-ын дарга З.Эын нэр дээр 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр явуулсан Засгийн газрын 1/72 тоот албан бичигт хэрхэн гарын үсэг зурсан, гарын үсэг зурахад ямар нөхцөл байдал бий болсон байсан зэрэг асуудлаар мэдүүлэг авах шаардлагатай байсан болно.

Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хүлээн авсан, тухайн үеийн УИХ-ын дарга З.Эоос огт мэдүүлэг аваагүй. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Эоос Ерөнхий сайд Ч.Сийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоотын талаар мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Гэрч З.Э нь уг төслийг дэмжиж байгаа юм уу, дэмжихгүй байгаа юм уу гэдэг талаар албан ёсоор хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг огт өгөөгүй.

М.Э нь дангаараа Тавантолгойн гэрээний төслийг боловсруулаагүй бөгөөд ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт-III хавстаст хэргийн 12 дахь талд/, ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт гишүүд гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнг шүүх үгүйсгэсэн атлаа яагаад дангаараа шийдвэр гаргасан талаар, ажлын хэсгийн оролцоог хэрхэн дүгнэсэн талаараа шүүх тайлбар, дүгнэлт хийсэнгүй.

Зургаа.Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал тогтоогдож байгааг үнэлээгүй, хуулийг зөв хэрэглээгүй талаар:

Тавантолгойн төслийг Монгол улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын төрийн бодлогын гол зорилт байдаг бөгөөд Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийг харилцан ашигтай нөхцөлөөр л гэрээг байгуулах боломжтой нь энгийн иргэнд ч тодорхой.

Прокурор болон анхан шатны шүүх гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл гэрээний зүйл заалтуудыг түүж аваад М.Эыг яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний нэг ч зүйл заалтыг дурьдсангүй. Монголчуудын 10 жилийн хугацаанд маргалдаж одоог хүртэл тавьж чадаагүй байгаа Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай гол гол заалтуудыг зориуд орхигдуулж ялласан.

Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийг шинжлэх шинжээчийн 2019.10.19-ний дүгнэлтээр “Төсөл хэрэгжсэн бол Тавантолгойн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрс олборлож, боловсруулаад, төмөр замаар бүтээгдэхүүнээ экспортолбол тээвэрлэх өртөг, зардал буурна. Хоёр болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноор нэг улсаас үнийн хараат байдал багасна” гэх мэтчилэн 10 гаруй давуу талыг дурдсан.

Шинжээч нар “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийг тооцон гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй” гэж дүгнэснийг шүүх харгалзсангүй яллаж байгаа нь илтэд үндэслэлгүй.

Долоо. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

1.Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч М.Э нь Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Шүүгдэгч М.Э нь тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулан тооцно.” гэж хууль үйлчлэх хугацааг зааж өгсөн байна. Энэ заалтаас харахад М.Эы үйлдсэн сүүлчийн үйлдэл нь УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн байна. Ийм учраас М.Эд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс тооцогдохоор байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд хамаарахгүй юм...” гэсэн нь үндэслэлгүй юм.

Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс хэрэг тус бүрт нь шинээр тоолно гэж авч үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс буюу гэрээ, баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дууссан цаг хугацаанаас эхлэн тоолоход гэмт хэргийн 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусч байгаа юм. Шүүх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолно гээд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

2015 оны 06 сарын 22-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй хоёр үндэслэл байгаа юм. Үүнд:

А. М.Эы үйлдэл нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр буюу Ерөнхий сайд Ч.С УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн буюу бичиг баримтаа боловсруулж дууссан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. М.Э бол гэрээнийт төсөл, баримт бичиг боловсруулсан хүн, энэ ажил нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр дууссан. Энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ хугацаанаас тоолох юм бол 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял оногдуулсан.

Б. Энэ боловсруулсан төсөл, баримт бичгийг Засгийн газрын хурлаар хэлэлцээд Ерөнхий сайд Ч.С өөрийн гарын үсэг, Засгийн газрын тамга дараад Үндсэн хууль, Засгийн газрын хуульд зааснаар УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн. Энэ өргөн мэдүүлсэн үйлдлийг М.Э хийгээгүй, гарын үсэг зураагүй, Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал. УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн энэ үйлдэл бол Засгийн газрын буюу Ерөнхий сайдын үйлдэл юм. Ерөнхий сайдын энэ үйлдлийн хариуцлага, үр дагаврыг М.Эд хамаатуулах боломжгүй. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарч гэмт хэрэг таслан зогсоогдсон гэж үзээд байна шүүх. Энэ нь Ерөнхий сайд Ч.Сийн үйлдлийг таслан зогсоосон гэж үзэх ойлголт болохоос М.Эы үйлдэлд хамаагүй, түүний үүрэг төсөл боловсруулж өгөөд дууссан.

М.Эд холбогдох үйлдлийн хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс тоолох ёстой, 5 жилийн хугацаа нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусч байгаа юм. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3-т зааснаар таслан зогсоогдсон үе хүртэл тоолно гэхээр 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил 2 сар болж сунаж байна.

Иймд уг асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байх тул Нийслэлийн Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1841000700297 тоот тогтоолоор “автомашинтай холбоотой” асуудлаар иргэн М.Эд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тоггоол хууль зүйн үндэслэлгүй.

2.Иргэн М.Эд “2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Тавантолгойн төсөл”-тэй холбоотой асуудлаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэпг зааснаар бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шалгагдах явцад “дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн бол” Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолно гэж заасан. Харин Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн автомашин”-тай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Учир нь уг асуудал хууль зүйн хувьд “дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн” гэж үзэх үндэслэл биш. Уг асуудал нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тоолж үзвэл 7 жил гаруй хугацааны өмнөх асуудал байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч, “дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн” гэсэн хууль зүйн ойлголтод хамаарахгүй, хуульд нийцэхгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэснийг илт буруу тайлбарлаж ирсэн.

Шүүх шийтгэх тогтоолдоо “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулан тооцно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг зааж өгсөн байна. Энэ заалтаас харахад М.Эы үйлдсэн сүүлчийн үйлдэл нь УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулан ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн байна...” гэсэн хуульд нийцэхгүй дүгнэлт юм.

Учир нь уг хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдаж байдаг. Хуульд заасан тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор уг заалтыг ойлгож хэрэглэх ёстой болохоос хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дураараа хэтрүүлэн тоолох, хэрэглэх үндэслэл болж чадахгүй. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд шүүх эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй бол, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон бол хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан.

Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн үйлдэлд холбогдуулан буруутгаж байгаа бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил болно. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр дууссан гэж үзэж байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэсэн өөрчлөлт орсон байсан, гэтэл заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж өөрчилсөн.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох учиртай. Энэ журмын дагуу тоолох юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ... ” гэсэн нь хуулийг илтэд буруугаар тайлбарлаж байгаа болно.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан.

Энэ зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, эрх чөлөө, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, хүнийг... нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол Улсад шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно, УИХ-ын гишүүн, төр ... бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн үндсэн зарчим, зүйл, заалтыг зөрчсөн гэж иргэдээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргасан байдаг. УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 тоот тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-д “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасан. Иймд уг хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эцэст нь дүгнэхэд М.Эд тулгаад байгаа Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг өргөн барьсан үйлдэл нь (уг төслийг тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.С УИХ-д өргөн мэдүүлсэн) Хорлон сүйтгэх болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир Улсын дээд шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 964 дүгээр магадлал хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт, Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь нэгтгэж ял шийтгэл оногдуулсан атлаа хөнгөрүүлэн зүйлчилсүгэй гэж найруулгын хувьд алдаатай бичсэн байна. Иймд дээрх өөрчлөлтийг оруулж бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Нэг. Шүүгдэгч М.Э нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү М.Ч, түүний хүү О.А нарын 2006 оны 03 дугаар  сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Аы 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, 70-02 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн /Lexus LX570/ тээврийн хэрэгслийг 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг тус тус ноцтой зөрчиж, Төрийн өмчийн хорооны шийдвэргүйгээр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 болон 19, 21, 47 дугаар зүйлүүдэд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дур мэдэн төсвийн мөнгөөр өөрийн хамаарал бүхий этгээдээс Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид 130.000.000 төгрөгөөр худалдан авсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас … байгууллага … -ын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол … учирсан бол” гэх шинжийг агуулжээ.

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд томилогдсон “Гэрэгэ эстимэт” ХХК-ийн шинжээч Д.Ганбаатарыг тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг буруу тогтоосон, үнэлгээнээс хамаарч гэмт хэргийн шинж үгүйсгэгдэх талаар маргаж буй хэдий ч М.Эы албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид тээврийн хэрэгсэл худалдан авахаар шилжүүлсэн 130.000.000 төгрөгөөр тодорхойлогдох ба шинжээчийн тогтоосон үнэлгээний дүнгээс хамаарч өөрчлөгдөхгүйгээс гадна тэрээр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь заалтуудыг зөрчиж, албан тушаалын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй, өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн хүүхдээс тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлдэл нь төсвийн тодорхой санхүүжилтээр тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагаанд бусад хуулийн этгээд тэгш, шударгаар өрсөлдөн оролцох боломжоос гадна төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсанд тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул оршино.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, “шинжээч 2019 оны 09 дүгээр сард үнэлгээ хийхдээ “Лексус 570” маркийн автомашины гүйлтийн заалтыг 120150 mile буюу 192240 км гэж үзэж дүгнэлтээ гаргасан” гэсэн гомдлын хэсгийг судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан бөгөөд шинжээч Д.Ганбаатар нь ижил төстэй, зах зээл дээр борлуулахаар зарлагдсан автомашины мэдээллийг харьцуулалт болгон авч, зохих тохируулгууд хийх замаар 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авсан 70-02 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 75.000.000 төгрөгөөр тогтоохдоо зориуд худал дүгнэлт гаргасан гэж үзэх, түүний гаргасан үнэлгээний дүнг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шинжээч Д.Ганбаатар гаргасан дүгнэлтийнхээ талаар “... Үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн. Ижил төстэй зах зээл дээр зарахаар зарлагдсан 3 автомашины мэдээллийг сонгон авч тохируулгууд хийж үнийг тооцоолсон. Нийт 9 төрлийн тохируулга ашигласан. Үүнд: марк загвар, үйлдвэрлэгдсэн он, Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, ашиглалтын байдал, түлш, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж, хөдөлгүүр, хурдны хайрцаг, нэмэлт тоноглол зэрэг болно. Энэ 9 үзүүлэлтээс Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж гэсэн үзүүлэлтүүд дээр тохируулж хэрэглэсэн. Бусад үзүүлэлтүүд нь харьцуулж буй машинуудтай ижил байсан… Харьцуулалт хийсэн 3 “Лексус-570” загварын машины явсан хэмжигдэхүүнүүд нь ижил болохоор үнэлгээнд нөлөөлөхгүй. Тухайн машины 1 жилд явсан гүйлтийг /километр, mile/ харьцуулалт хийсэн хөрөнгүүдийн 1 жилд явсан гүйлттэй харьцуулж 3-5 хувиар тохируулсан. Энэ нь үнэлгээний үр дүнд материаллаг нөлөө үзүүлэх үзүүлэлт биш юм...” /36хх 150/ гэж мэдүүлсэн ба түүний тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тооцон үнэлж, 70-02 УБҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг худалдан авахаар шилжүүлсэн үнийн дүн болон тухайн автомашины үнэлгээний зөрүүг шүүгдэгч М.Эаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул автомашины үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.

Хоёр. Шүүгдэгч М.Эыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, “Тавантолгойн нүүрсний орд”-д хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслийг тус тус эцэслэн боловсруулахдаа Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төмөр замын тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг хуулиуд, стратегийн ордтой холбоотой Монгол Улсын Их Хурлаас баталсан тогтоолууд, Засгийн газрын цаг үеийн болон хөгжлийн бодлогын шинжтэй шийдвэрүүдийг зөрчиж, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, гэрээнд оролцогч хамтарсан консорциумд илтэд давуу байдал бий болгосон нь Улсын Их хурлын даргын 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд томилогдсон шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтүүд, шүүхийн шийдвэрт тусгагдсан нэр бүхий гэрч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин М.Эы ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээ, УИХ-ын тогтоолын төсөл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас батлагдаагүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжид дурдсан даалгавраас “гэрээ байгуулах” хэсэг нь бүрэн хэрэгжээгүй буюу төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан консорциум нь бодит байдалд гэрээг хэрэгжүүлэх эрхийг олж аваагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх “…М.Эы ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төсөл нь Монгол Улсын Их хурлаар хэлэлцэн батлагдах эсэхээс үл хамаарч тухайн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зорилгоор боловсруулан өргөн барьснаар түүний албан тушаалын хувьд чиг үүргийн бүрэн эрхийн хязгаар нь дуусгавар болох тул энэ хүрээнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийнэ. …М.Эы хувьд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаанд шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах төслийг боловсруулж, уг үйл ажиллагааг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарч таслан зогсоогдсоноор гэмт хэрэг төгссөнд тооцогдоно” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэргийг төгссөн гэмт хэрэг гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

М.Э нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сийн 2014 оны 135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан байна.

М.Эы ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс корпораци” ХХК, “Чайна Шинхуа Энержи компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний төсөл /2хх 123-148/,
  • Монгол Улсын Засгийн газар болон “Энержи ресурс ХХК, “Энержи ресурс корпораци” ХХК, “Чайна Шинхуа Энержи компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх концессын гэрээний төсөл /2хх 150-225/,
  • Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс корпораци” ХХК, “Чайна Шинхуа Энержи компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний төслийг /7хх 21-111/ тус тус Засгийн газар дэмжиж, улмаар Ерөнхий сайд Ч.Сийн гарын үсэг бүхий 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  ЗГ-1/72 дугаартай албан бичгээр “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их хурлын /цаашид УИХ гэх/ тогтоолын төслийн хамт /2хх-101/ УИХ-д өргөн мэдүүлснийг тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Э эс зөвшөөрч, эдгээр гэрээний төслийг судалж, дүгнэлт гаргуулахаар 2015 оны 101 дүгээр захирамжаар УИХ-ын нэр бүхий 10 гишүүнээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулжээ.

УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй” талаар 22 заалт бүхий дүгнэлт гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын дарга болон гишүүдэд тарааснаар М.Эы ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “Тавантолгойн төслийг Монгол улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Прокурор болон анхан шатны шүүх гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл, гэрээний зүйл заалтуудыг түүж аваад М.Эыг яллах атлаа ... Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай заалтуудыг зориуд орхигдуулж ялласан” талаар гаргасан гомдлын дагуу шүүхийн тогтоосон үйл баримтын нотлогдсон байдлыг судалж үзэхэд: 

УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гаргасан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /6хх-189/ болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Б.Донжнинжийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор, Уул уурхайн механик инженер К.Хавалболот, доктор, уул уурхайн эдийн засагч Ш.Халтар, магистр, Уул уурхайн ашиглалтын технологи инженер Б.Улаанбаатар, Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Төлөвлөлт, эдийн засгийн албаны орлогч дарга З.Энхбаяр, мөн албаны хэлтсийн дарга Ө.Батсүх нарын тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /19хх 21-40/, мөн шинжээч Ш.Халтар, К.Хавалболот, Б.Улаанбаатар нарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаярын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 29 тоот тогтоолоор томилогдсон Геологи, уул уурхайн салбарт 10 жил ажилласан, геологи, эрдэс баялгийн менежмент мэргэжлээр магистр, уул уурхайн инженерийн чиглэлээр магистр зэрэгтэй Б.Улаанхүү, Уул уурхайн салбарт 39 жил ажилласан, Монгол улсын зөвлөх инженер зэрэгтэй, доктор (PhD), дэд профессор Х.Жаргалсайхан, Уул уурхайн салбарт 37 жил ажилласан, Монгол улсын зөвлөх инженер, докторант Д.Сүхбаатар, Санхүүгийн салбарт 19 жил ажилласан, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй С.Төгсжаргал нарын тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр /19хх-ийн 105-127/ гэрээнд оролцогч хамтарсан консорциумд илтэд давуу байдал бий болгосон гэж үзэх дараахь нөхцөл байдлууд тогтоогджээ. Үүнд:

1.Ажлын хэсэг нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгарсан консорциумтай хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний төслийг бэлтгэхдээ Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг мөрдөөгүй, түүнийг хэрэгжүүлээгүй.

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах консорциумаар шалгарсан Люксембургын хөрөнгө оруулалттай “Монголиан Коал Корпораци”-н 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болох “Энержи Ресурс корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, мөн “Шенхуа энержи” компани нь гадаадын хуулийн этгээд бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний “Угтвар нөхцөл”-ийн (Н)-д “Чайна Шенхуа Оверсийс Девелопмент энд Инвестмент лимитед” болон дотоодын хөрөнгө оруулагч нар хамтарсан компани байгуулж “Ухаа худаг” ордод үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийг шууд болон шууд бусаар өмчлөхөөр заасан байх тул тус компани нь гадаадын хуулийн этгээдийн бүрэн хяналтад орох нөхцөл бүрдсэн байна.

Энэ нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралт “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компаний Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбарыг судалж үзэх” гэснийг болон Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дүгээр хэсгийн 1 дэх заалт “Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах...” гэсэн заалтыг зөрчсөн.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 1.2-т “Ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх талаар анхаарч ажиллах” гэснийг зөрчиж, 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтад оролцоогүй, “Энержи Ресурс Корпораци” XXK, түүний охин компани болох Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Энержи Ресурс” ХХК-ийг сонгон шалгаруулалтад тэнцүүлсэн.

Хөрөнгө оруулалтын гэрээнд Санхүүжүүлэгч нь гэрээний зүйлийг бусдад шилжүүлэх, “Энержи Ресурс” ХХК-ийг Гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй гэж заасан нь Монголын талд эрсдэл үүсгэх ба гэрээний дээрх заалт биелэх нөхцөл бүрдсэн тохиолдолд эрх, үүргийг шилжүүлэх Гуравдагч этгээд хэн байх нь тодорхойгүй.

Түүнчлэн Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах консорциумаар БНХАУ-ын Шэнхуа компани, Японы Сумитомо компанитай хамтарсан консорциум шалгарсан гэсэн боловч Сумитомо компани нь гэрээнд зөвхөн худалдааны түнш байхаар тусгагдсан, өөрөөр хэлбэл тухайн компани Тавантолгойн ордыг ашиглахад оролцохгүй байгаа нь Монгол Улсын гадаад бодлогод баримталж буй Гуравдагч хөршийн бодлоготой нийцээгүй.

2.Гэрээний Угтвар нөхцөлийн D хэсэг, гэрээний 1.1 (a), (b), 1.2 (a) заалт болон 6.1 (d) заалтуудаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, мөн газар эзэмших эрхээ “Энержи Ресурс” ХХК-д энэ гэрээний нийт хугацаагаар шилжүүлэхээр заасан.

Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн үйл ажиллагаатай холбоотой эрх, зарим үүрэг болон газар эзэмших эрхийг 30 жилээр төслийн компанид шилжүүлж, энэ нь цаашдаа 30 жил сунгагдах боломжтой байгаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл зэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчсөн.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “... Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно...” гэж заасан бөгөөд “Энержи Ресурс” ХХК нь Люксембургын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс корпораци” болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шенхуа Энержи компани лимитед”-ийн буюу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж зохион байгуулагдах учир газар эзэмших эрхгүй болно.

Гэтэл Хамтын ажиллагааны гэрээний 1.2 (а) заалтаар гэрээний хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн газар эзэмших эрхээ “Энержи Ресурс” ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх, мөн Хамтын ажиллагааны гэрээний 5.1 (j) заалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 (а) заалтаар “Төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи Ресурс” ХХК олж авах эрхтэй, Засгийн газар холбогдох байгууллагуудаараа дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийг “Энержи Ресурс” ХХК болон түүний Хамааралтай этгээдэд олгоно” гэж заасан нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хамтын ажиллагааны гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн (E) болон 5.1 (q)-д зааснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрийн Цанхийн уурхайд ажиллаж байгаа ажилчид, Цанхийн талбайтай холбоотой нүүрс борлуулах гэрээ, уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад гэрээг хамааруулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой үүрэг, эд хөрөнгийг “Энержи Ресурс” ХХК-д шилжүүлж, “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-г тусад нь байгуулахаар тохирсон.

Гэтэл төрийн өмчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эд хөрөнгийг “Энержи Ресурс” ХХК-д шилжүүлэх асуудлаар тус компанийн шийдвэр гараагүй байхад “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ” байгуулах нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн.

Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “... аливаа зөвшөөрөл, гарын үсэг, тамга тэмдэг эрх хэмжээ, итгэмжлэл, баримт бичиг ... нэн даруй аливаа болзол нөхцөлгүйгээр “Энержи Ресурс” ХХК-д үзүүлэх үүрэг хүлээнэ” хэмээн гэрээний 6.1(ј)-д заасан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад компаний тухай хуулиар олгосон эрхийг алдагдуулсан, мөн гэрээний 8.1(b)-д “Хөрөнгө оруулагчид болон “Энержи Ресурс” ХХК нь хөрөнгө босгох зорилгоор ... ашиг сонирхол, үр ашгаа хөрөнгө оруулагчид эсхүл санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй”, мөн гэрээний 8.2 (d)-н (v)-д “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг бүхэлд нь шилжүүлэхээр тус тус заасан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хууль ёсны эрхийг хязгаарлаж, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан өөрийн эрх хэмжээнд зохицуулалт хийх эрхийг хориглосон, Монгол улсын эдийн засагт эрсдэл үүсгэхээр болжээ. 

Энэхүү заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх”-ийн 49.1 дэх хэсэгт “....Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно...”, мөн хуулийн 50 дугаар зүйл “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх”-ийн  50.1 дэх хэсэгт заасан “... Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна...” гэснийг тус тус зөрчсөн.

Хөрөнгө оруулалтын гэрээний 24.2 (а)-ийн (ii)-т заасны дагуу Төслийн компани гэрээний үүргээ биелүүлээгүй, энэхүү Гэрээнд зааснаар төслийн компани 2 жилийн дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд Засгийн газар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж тусгажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний 24.2 болон 24.6 дугаар заалтуудаас үзэхэд Гэрээг хугацаанаас нь өмнө ямар ч үндэслэлээр цуцалсан бай гэрээний хэрэгжилтийн хугацаанд ногдох зарцуулсан хөрөнгийг Санхүүжүүлэгч талд нөхөн олгохоор хатуу заагдсан байна. Энэхүү заалтууд нь гэрээний санхүүжүүлэгч тал үүргээ биелүүлсэн, эсхүл ноцтойгоор зөрчсөнөөс үл хамааран нөхөн олговроос хамаарч Засгийн газар их хэмжээний өр төлбөрт унах, гэрээ ямар ч нөхцөлд Засгийн газар гэрээнд заасан үүргээ биeлээгүй бол гэрээ үргэлжлэн хэрэгжихээр болжээ.

3. Хамтын ажиллагааны гэрээний 2.1 дүгээр зүйлийн (b)-д зааснаар “Энержи Ресурс” ХХК нь зөвхөн олборлолт хийх төдийгүй нүүрс баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, ус хангамжийн дэд бүтэц, байгууламж барьж байгуулах, төмөр замын суурь бүтэц болон төмөр замын тээврийн үйлчилгээ, эрчим хүч, ус хангамж, тээвэр худалдаа, борлуулалтын бүх ажиллагаа, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бусад бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой гэж заасан.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.1 дүгээр зүйлийн (b), 2.2 дугаар зүйлийн (а, с)-д зааснаар “Энержи Ресурс” ХХК нь Тавантолгойн ордод нүүрс олборлох, боловсруулах, түүнийг захиран зарцуулах, тээвэрлэх, экспортод гаргах, нүүрс худалдах ... нэмэлт хайгуул хийж тогтоосон нөөцийг ашиглах, олборлох болон дагалдах дэд бүтэц барих үйл ажиллагаа явуулахаар зааснаас гадна ТЭЗҮ болон уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалт, холбогдох хөрөнгө оруулалтын нөхцөлийг өөрсдөө тогтоохоор, уурхайгаас олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, худалдах зэрэг маркетингийн бүх ажиллагаа бие даан зохион байгуулах эрхтэй байх, түүнчлэн Цанхийн талбайгаас олборлох боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрийг нийлүүлэх зах зээлийн сонголт, борлуулалтын хэмжээ, үнэ зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байхаар гэрээнд заажээ.

Мөн гэрээний 5.5-5.9 болон 8.1-8.2-т эрэл хайгуул хийх, түгээмэл тархацтай ашиг малтмал олборлох төмөр зам болон усны эх үүсвэр хайх ашиглах эрх олгогдоно гэх зэргээр төслийн компанид илт давуу эрх олгосон заалтууд нь орд газрын ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, хайгуул хийх эрх нь лиценз эзэмшигчид байх ёстой гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 заалтыг зөрчиж байгаагийн зэрэгцээ “Энержи Ресурс” ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс ямар ч хяналт тавих боломжгүй болгосон байна.

Уг гэрээ хэрэгжсэнээр төслийн компани жилд 30.0 сая тонн нүүрс олборлож, баяжуулан борлуулах үүрэг гэрээгээр хүлээсэн боловч, Цанхийн хэсгийн ямар чанартай, хэддүгээр давхаргын нүүрснээс хичнээн хэмжээтэйг олборлох, чанарыг дундажлах асуудалд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ямар хэмжээний хяналт тавих болон ямар хэмжээгээр санал гарган оролцох талаар гэрээнд тодорхой заагаагүй.  

Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Монгол улсад эдийн засгийн үр өгөөж багатай, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2-ын 2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн.

4.Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, Төслийн компани нь Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулсан бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого, төлж байгаа албан татвар, хураамжаас илүү эдийн засгийн үр өгөөжийг Монголчууд хүртэх боломжгүй, олох орлогын түвшин өнөөгийн бодит түвшнээс бага байх байсан.

Цанхийн баруун, зүүн хэсэг, Ухаа худагийн ордыг ашиглах ТЭЗҮ-ийн тооцоонуудаас борлуулалтын орлого, цэвэр ашиг, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүдийг авч, зохих үзүүлэлтүүдийг судлан үзэхэд Гэрээнд тусгасан “Хамтын ажиллагааны төлбөр” /цаашид ХАТ гэх/-ийн хэмжээ нь цэвэр ашгийн маш бага хувийг, өөрөөр хэлбэл төслийн компани, гадаадын хөрөнгө оруулалтын компанийн авах ашиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгөх ХАТ-өөс өндөр байна.

Тус гэрээ хэрэгжсэн бол богино хугацаанд, өөрөөр хэлбэл жилд 30 сая тн нүүрс олборлон 20,5 сая тн баяжуулсан нүүрс экспортлож байгаа үедээ тогтмол хэмжээний мөнгөн орлого улсын төсөвт татвар, XAT хэлбэрээр төлөх хэдий ч урт хугацаанд буюу ашиглалтын 30 жилд төслийн компани 12 тэрбум долларын ашиг олж, төслийн компаниуд 51:49 хувийн харьцаагаар хувааж авахаар байна. 

Гэрээний дагуу Чалко компанийн өрийг барагдуулах ба энэ хэмжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх төлбөрөөс суутгагдахын зэрэгцээ холбогдох бүх гэрээ, Төмөр замын концесс батлагдан, төмөр зам барих зөвшөөрөл олгогдсон үед 200 сая долларыг жилийн 4,5 хувийн хүүтэйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Засгийн газарт урьдчилгаа болгон өгөхөөр тусгасан ба энэ нь ХАТ-аас суутгагдана.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно” гэж зөвхөн хөрөнгө оруулагчийн татварын орчин, хувь хэмжээг тогтворжуулахаар заасан. 

Мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамааран тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно: 

13.5.1. хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

13.5.2. хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид” гэж заасан байхад Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан гадаадын хөрөнгө оруулагч болох ЧАЙНА ШЭНХУА ЭНЕРЖИ КОМПАНИ ЛИМИТЕД, дотоодын хөрөнгө оруулагч болох ЭНЕРЖИ РЕСУРС КОРПОРАЦИ ХХК, төслийн компани болох ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-иас гадна Хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулагч биш Энержи Ресурс Майнинг ХХК, Энрестехнологи ХХК, Юнайтэд Пауэр ХХК, Ухаа Худаг Ус Хангамж ХХК, Трансговь ХХК компаниудын татварын орчныг тогтворжуулахаар заасан нь хууль зөрчсөн. 

Гэрээнд гүйцэтгэгч талыг Монгол улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага байна гэж хатуу заагаагүй бөгөөд төслийн компани болох “Энержи ресурс” ХХК-ийг дотоодын хөрөнгө оруулагч тал 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр талууд харилцан тохиролцсон байна. Гэвч төслийн компанийг солих нөхцөлд дараагийн компанийн хувьд хувь эзэмшлийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй. 

Ийм тохиолдолд стратегийн чухал ач холбогдол бүхий ордод хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээнд үндэслэн дотоодын аж ахуй нэгж Тавантолгойн ордыг ашиглах, улс орны томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох, ажиллах боломжийг хязгаарлах, Засгийн газар Санхүүжүүлэгч талд энэ талаар арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгоход гэрээний нөхцөл шаардлагууд учир дутагдалтай болжээ. 

5.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж
байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаархи зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдааны 05 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах үүргийг Засгийн газарт өгснийг биелүүлээгүй.

6.Хөрөнгө оруулалтын гэрээний Төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн 2.6 дугаар зүйлд зааснаар Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхийг “Энержи Ресурс” ХХК нь 30 жил 100 хувь өмчилнө гэж заасан.

Төмөр замын өмчлөлийн 51 хувийг 30 жилийн дараа төрд үнэгүй шилжүүлж, 49 хувийг төрд худалдаж авч болно гэсэн нь Төмөр замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт “... Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно...” гэсэн заалттай нийцээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.

Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна” гэсэн заалт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмжүүд, Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг төрийн өмчит “Монголын Төмөр зам” ТӨХК-д олгох тухай Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 тогтоол, “Монголын Төмөр зам” ТӨХК-д төмөр замын суурь бүтцийн концесс олгосон 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч М.Эы “Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолд нийцүүлж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний төсөл боловсруулсан” гэх тайлбар нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Э нь “Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллахдаа “Тавантолгойн нүүрсний орд”-ыг ашиглахтай холбогдон гарсан УИХ-ын болон Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, тэдгээрийн хэрэгжүүлэх асуудлыг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь олгогдсон албаны эрх мэдлээс илүү эрх эдэлж, гэрээний нэг тал болох хамтарсан консорциумд илтэд давуу байдал олгож, тэдний эрх ашгийг хамгаалсан гэрээний төсөл бэлтгэсэн үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 264 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлд гэм буруутайд тооцох нь Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийн хэрэгжүүлэх зорилгод, түүний дурьдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ төрийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй” гэж заасан агуулгад нийцнэ гэж үзэв.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байвал төгссөн гэмт хэрэг гэнэ.”, харин мөн хуулийн 32 дүгээр зүйлийн 32.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.”, мөн зүйлийн 32.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгсөөгүй завдалт гэнэ.” гэж тодорхойлсон бөгөөд М.Эы үйлдлийн улмаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан бодит хохирол учирсан байх шинж тогтоогдоогүй тул түүний үйлдлийг төгсөөгүй завдалт гэж дүгнэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч М.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг үйлдэхээр завдсан, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас … их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч М.Эы үйлдсэн хоёр хэргийг нэгтгэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцсэн гэж үзэв.

Учир нь хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн аутентик тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан тул шүүгдэгч М.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 болон 264 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь ял шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх журмаар түүний жинхэнэ эдлэх ялыг тогтоохгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүний үйлдсэн хоёр гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилж, нэг удаа ял шийтгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлжээ.

Харин хяналтын шатны шүүхээс шүүгдэгч М.Эы “Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллахдаа өөрт нь олгогдсон албаны эрх мэдлээс илүү эрх эдэлж, гэрээний нэг тал болох хамтарсан консорциумд илтэд давуу байдал олгосон гэрээний төсөл бэлтгэсэн үйлдлийг “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэнтэй холбогдуулан түүний үйлдсэн энэхүү гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, улмаар дээрх хөнгөрүүлэн зүйлчилсэн гэмт хэргийг шүүгдэгч М.Эы “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид өөрийн хамаарал бүхий этгээдээс Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 130.000.000 төгрөгөөр худалдан авч, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэгт нэгтгэж зүйлчилж, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн хяналтын шатны шүүхээс шүүгдэгч М.Эы үйлдсэн нэг гэмт хэргийг төгссөн гэмт хэрэг биш, харин төгсөөгүй завдалт гэж дүгнэн, холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сар хорих” ялыг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасан талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, оролцогчийн давж заалдах гомдолд үндэслэл бүхий няцаалт хийсэн байх тул энэ талаар хяналтын шатны шүүх давхардуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Гурав. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар анхан шатны шүүх “Ц.Э, М.Э нар хэрхэн хамтран оролцсоныг хангалттай шалгаж тогтоогоогүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолж ирүүлээгүй” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн зүйл заалтыг удирдлага болголгүй хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд “...Шүүх эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, ...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нарын хэн нь ч хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарлах санал, хүсэлт тавиагүй байхад шүүх дур мэдэн тусгаарлаж хорлон сүйтгэх үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан нь илт буруу шийдвэр юм.” гэсний дагуу тухайн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийн үндэслэлийг шалгаж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдов.

Мөрдөн байцаалтын шатанд М.Эыг “Хүн амын амьдралыг хангах объектыг хорлон сүйтгэхийг завдсан болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах талаар мөрдөгч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр санал /36хх-174/ гаргасны дагуу Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 61 дугаартай тогтоол /36хх-180/ үйлджээ.

Прокурорын 61 дугаартай тогтоолд “Яллагдагч М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэсэн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид тусгаагүй тул дээрх үйлдлийн шинжээр яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэл муутай байна. М.Э … ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Эын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн үйлдэл хийснээр түүний үйлдэл бүрэн төгссөн гэж дүгнэх бололцоотой… 

Мөн М.Э ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Эын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Эийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн тул түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг тус тус хийж,

яллагдагч М.Эд урьд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг”-т зааснаар сонсгосон ялыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгож өөрчилснөөс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Харин Ц.Эид мөн дээр дурдсан үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж,  түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж /36хх-199/, улмаар Ц.Эийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн УБ-Токио чиглэлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарч явсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолоор М.Эд холбогдох хэргээс тусгаарлаж /36хх-227/, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаярын бичсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай яллах дүгнэлтээр /36хх-232/ М.Эд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг”-т оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нь М.Эд холбогдох хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах тухай бичгээр гомдол /37хх-87/ гаргаж, мөн энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Ерөнхийлөгч Ц.Эийн дэмжлэгтэйгээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэх хэрэгт Ц.Эоос мэдүүлэг авах шаардлагатай. Ц.Эоос мэдүүлэг авахгүйгээр энэ хэргийг шийдэх боломжгүй. Ц.Э Монгол улсад ирсэн байхад түүнд холбогдох хэргийг тусгаарласан нь буруу. Хэргийг нэгтгэж шалгах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна” гэсэн тайлбар гаргасныг /38хх-119, Шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэхгүй орхиж, уг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 845 дугаар шүүгчийн захирамжид /38хх-126/ тусгаж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч М.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлаж, прокурорт буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хэргийг буруу тусгаарласан бол”, мөн зүйлийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж заасан үндэслэлд агуулгын хувьд тус тус нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлаж, прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан журмыг ноцтой зөрчөөгүй гэж дүгнэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нарын хяналтын гомдолд дурьдсан “... анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нарын хэн нь ч хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарлах санал, хүсэлт тавиагүй байхад шүүх дур мэдэн тусгаарлаж хорлон сүйтгэх үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан нь илт буруу шийдвэр юм.” гэсэн хэсгийг үндэслэлгүй гэж дүгнэв.

Гэмт хэрэг хамтран оролцсон хэд хэдэн яллагдагчийн үйлдэл оролцоо, гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нь мөрдөн байцаалтын явцад хангалттай шалгагдаж нотлогдсон, тухайн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой үед зайлшгүй шалтгаанаар зарим яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг зааснаар зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж, бусад яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж болно.

Харин гэмт хэрэгт хамтран оролцсон хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход саад учруулж, яллагдагч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэм буруугийн хэр хэмжээг зөв тогтоох боломжгүй гэж шүүх үзвэл тусгаарласан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр нэгтгэж шалгуулахаар прокурорт буцаах эрхийг хуульчлан тогтоосон байна.

Прокуророос шүүгдэгч М.Эыг “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Эийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд Ц.Эийг энэ хэрэгт яллагдагчаар татсан атлаа түүнээс холбогдсон хэргийнх нь талаар мэдүүлэг аваагүй, Ц.Э, М.Э нарын тухайн гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсоныг шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх М.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоож, шүүгдэгч уг хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Эд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, энэхүү тогтоолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч М.Эыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Прокуророос шүүгдэгч Шувуучин овогт М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч М.Эд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хэргийн зүйлчлэлийг нэгтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.”,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч М.Эыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгохыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 964 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эы өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Цэлмэг нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                                           ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                                                 С.БАТДЭЛГЭР

                                             Б.БАТЦЭРЭН

                                             Ч.ХОСБАЯР