Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2023/01369

 

 

 

 

 

 

 

 

2023 07 07 210/МА2023/01369

 

 

Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/01947 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК -ийн хариуцагч Л.Л эд холбогдуулан гаргасан орон байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ж ХХК нь 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0000039127 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо , толгойт товчооны гудамж * тоот хаягт байрлах нэгж талбарын 1803103851 дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтын газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Ж ХХК -ийн 100 хувийн хувьцааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эх нутгийн салхи ХХК нь худалдан авч, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчилсөн. Уг өөрчлөлтийн хүрээнд манаачийн орон тоо цомхотгосон боловч өмнө нь уг компанид манаачаар ажиллаж байсан Л.Л нь манай компанийн тодорхой ажил үйлчилгээгээ хэвийн явуулахад саад болж, хуучин манаачийн ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан манай компанийн өмчлөлийн байшинд амьдарч бидний өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байна. Компанийн зүгээс удаа дараа газар чөлөөлөхийг шаардахад хүлээн авдаггүй, үнэ төлбөргүй цахилгаан хэрэглэж, нийтийн зориулалттай бие засах газрын хаалгыг түгжин дангаар хэрэглэж, архи уух зэргээр компанийн ажилтнуудад болон түрээслэгч нарт хүндрэл учруулсаар байна. Иймд эд хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигчийн хууль ёсны эрхийг хангаж Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо , толгойт товчооны гудамж * тоот хаягт байрлах нэгж талбарын 1803103851 дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор барилгын манаачийн байрыг хариуцагч Л.Л ийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би тус компанид 2005 оны 09 дүгээр сараас манаач хийж, өмч хөрөнгийн алдагдал хүлээлгэж байгаагүй болно. Анх надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа амьдрах орчин нөхцөлөөр хангахаар тохиролцсон. Надад өөр очих газар байхгүй. Одоо амьдарч байгаа энэ байр нь компанийн хөрөнгө мөн боловч өмнөх захирал Т.Б-ын дүү Т.А нь шүүхийн маргаан дуустал намайг эндээ амьдарч бай гэж хэлсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо , толгойт товчооны гудамж 12б, 12в, 12г, хб12 хаягт байршилтай авто засвар, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох манаачийн ажлын байрны зориулалт бүхий 1 давхар байрыг хариуцагч Л.Л ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж ХХК -ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Л ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх илтэд хууль бус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж ХХК -ийг Т.Уянга гэгч хүн хууль бусаар авсантай холбоотой маргаан шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Учир нь Л.Л би Ж ХХК -д одоо үүсээд байгаа хувьцаа эзэмшлийн маргаан үүсэхээс өмнө 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан бөгөөд миний энд ажиллах эсэхийг, тус маргаан бүхий хаягт амьдрах эсэхийг өнөөдөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан Ж ХХК шийдвэрлэх боломжгүй. Надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлэх боломжтой байхад эцэслэн шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Т.А-гийн нэхэмжлэлтэй, Т.У-д холбогдох хэргийг шийдвэрлэгдэх хүртэл уг маргааныг түдгэлзүүлэх ёстой байсан гэж тайлбарласан. Гэтэл тухайн хэргийн оролцогч нь Л.Л биш бөгөөд Т.Ариунбилэг түүнийг уг газарт байхыг хүссэн гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т тухайн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт гаргасан. Мөн Л.Л эд холбогдуулан өөрийн өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэхэд хамааралтай гэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Л.Л эд холбогдуулан орон байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн ажиллаж байсан манаачийн орон тоо бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хасагдсан тул компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарлажээ. /хх-1/

Хариуцагч нь татгалзлаа ...хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа амьдрах орчин нөхцөлөөр хангахаар тохиролцсон, өөр амьдрах газар байхгүй, өмнөх захирлын дүү Т.А компанийн хөрөнгө шүүхээр шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд амьдарч бай гэж хэлсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж мэтгэлцжээ. /хх-17/

4. Нэхэмжлэгч Ж ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо , толгойт товчооны 12, 12Б, 12В, 12Г, 12/1, 12/2 хаягт байрлах, нэгж талбарын 1803103851 дугаар бүхий 6739 м.кв талбайтай аж ахуйн нэгжийн газрын эзэмшигч, мөн хаягт байршилтай авто засвар, агуулахын зориулалттай * м.кв талбайтай зургаан ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх5, 49/

4.1. Зохигчид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.Л эзэмшиж ашигласан үйл баримт хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрч Т.А-гийн мэдүүлэг болон талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна. Харин орон байрны эзэмшлийн талаар талууд маргаантай байна.

4.2. Дээрх үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох манаачийн ажлын байрны зориулалт бүхий 1 давхар байрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар ашиглаж байгаа хариуцагч Л.Л ээс орон байрнаас чөлөөлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Өөрөөр хэлбэл, шударга эзэмшигчийн эд хөрөнгө эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байгаатай холбоотойгоор өмчлөгч өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

4.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон учраас шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Хариуцагчийн ...Ж ХХК -ийн хувьцаатай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хэргийг түдгэлзүүлэх боломжтой байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь "Жи Ди Эй" ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Т.Ариунбилэгийн гаргасан тус компанийн хувьцааны маргаан бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/01947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН