Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0189

 

2019 оны 4 сарын 03 өдөр           Дугаар 221/МА2019/0189                            Улаанбаатар хот

М.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0056 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу М.Э-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0056 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.2.1, 27.5, 27.6, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан М.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Э-ыг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, хамгааллын албаны хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны зохицуулалт, урьдчилан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан М.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 570125 /таван зуун далан мянга нэг зуун хорин таван/ төгрөгөөр тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч М.Э нь удаа дараа ажлын хамт олонтой зүй бус харьцаж ажилтан нарыг мэдлэггүй, чадваргүй, ажлаа хийж чадахгүй бол яваарай гэх мэтээр хэл амаар доромжилж ахлахын манлайлал, үлгэр дуурайлал байхгүй, ажлын зохион байгуулалт муу байна гэдэг гомдлыг хэлтсийн даргад ажилтан нараас удаа дараа гаргаж байсан ба 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр албан ажлаа шалтгаангүй тасалсан тул ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцсэн.

Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.5-д шалтгаангүй 2-оос дээш өдөр ажил тасалсан, тухайн сар ажлаас хоцорсон цаг нийтдээ 2 цаг буюу 120 минут хэтэрсэн байвал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авна гэж заасан. М.Э нь 2018 оны 4 дүгээр сард нийтдээ ажлаас хоцорсон минут нь 120 минут хэтэрсэн ба 2018 оны 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд албан ажилдаа ирээгүй. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бөөр өвдөж нуруу хатгаад зовиуртай байсан бөгөөд эмчид үзүүлэх шаардлагатай байсан гэх тухай өдөр эмчид үзүүлээд ямар нэгэн актыг хэлтсийн удирдлагад авчирч өгөөгүй болно. Нэхэмжлэлийн 3-р хэсэгт ажлаас хоцорсон минутаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хэлтсийн даргаас өргөдөлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад ажлаас хоцорч байсан.

Хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/11 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалалд миний оролцоо” сэдэвт чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан тухайн арга хэмжээнд ашиглагдах тараах материалыг бэлэн болгохыг М.Э-д үүрэг болгож өгсөн. Тараах материалд хэлтсээс тодорхой төсөв, мөнгө гаргасан байхад хугацаанд нь хэвлүүлж бэлэн болгоогүйгээс тухайн өдөр ашиглаж чадаагүй болно.

Мөн “Хүслийн түүчээ” хэвлэлийн компанийг 3 байгууллагын үнийн саналыг харгалзан үзэж байгаад хамгийн хямд үнийн саналтайг сонгосон.

М.Э нь шалтгаангүй ажил тасалж, ажлаас хоцорч, хамт олонтой удаа дараа зүй бус харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан ажилдаа идэвхи санаачлагагүй хандсан болох нь Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ёс зүйн хорооны 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №1 дугаартай хурлын дүгнэлт, зохигчийн тайлбар, цагийн бүртгэл зэргээр нотлогддог.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 56 тоот шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Нэхэмжлэгч М.Э нь Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар тус хэлтсийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны зохицуулалт, урьдчилсан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

            Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “М.Э-ыг ажлаас халах тухай” Б/33 дугаар тушаалаар Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч маргажээ.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар зохицуулж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй тодорхой сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зохицуулсан байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас халах, чөлөөлөхөд төрийн жинхэнэ албан хаагч хуулиар тогтоосон нийтлэг үүргээ зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлүүдийг шалгаж тогтоосон байх шаардлагыг Төрийн албаны тухай хуульд заажээ. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчид /нэхэмжлэгчид/ төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хуулийн заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.Э-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон “тус хэлтсийн ажилтан Н.З, Б.Ө, Ц.А, Г.Г нартай зүй бус харьцсан” гэх тухайд:

Дээрх ажилтнууд нь нэхэмжлэгч М.Э-ын талаар гомдол гаргасан, мөн өөрсдөө Ёс зүйн хорооны гишүүний хувиар тухайн гомдлыг хянан хэлэлцэж дүгнэлт гаргахад оролцсон нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон “2018 оны 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан, “04 дүгээр сард нийт 120 минут ажлаас хоцорсон” зэрэг үйл баримтын шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй, “гарын авлага хугацаанд нь хэвлүүлээгүй”, “Хүүдийн эрхийн хууль зүйн хороог одоо болтол байгуулаагүй” зэргийг маргаан бүхий актын үндэслэл болгохдоо, тухайн зөрчилтэй гэх асуудалд нэхэмжлэгчийн оролцоо, буруутай үйл ажиллагаа хэрхэн нөлөөлснийг харгалзаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1[1]-д “... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг зөрчсөн, тухайн зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-т заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл аль үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

 


[1] Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1