Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/01432

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01432

 

 

Б.Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02929 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Л гийн хариуцагч А.Х т холбогдуулан гаргасан 65,535,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч А.Х нь Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 5360292326 тоот данснаас миний эзэмшдэг Хаан банк дахь 5028430118 тоот данс руу шилжүүлсэн зээлд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нийт 9,502,500 төгрөг, хариуцагч А.Х нь Хаан банк дах өөрийн эзэмшдэг 5000994471 тоот данс руу шилжүүлсэн зээлд 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаад нийт 30,833,250 төгрөг, Нэхэмжлэгч Б.Л хариуцагч А.Х аас нийт 38,415,000 төгрөг зээлж, уг зээлийн хүүд 1,920,750 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон. Эргэн төлөх зээл, хүү нийт 40,335,750 төгрөг болно.

Нэхэмжлэгч Б.Л Хаан банк дах өөрийн эзэмшдэг 5028430118 тоот данснаас Хаан банк дах хариуцагч А.Х ын эзэмшдэг 5360292326 тоот данс руу зээлийн эргэн төлөлт болон түүнд шилжүүлсэн мөнгөн дүн 64,017,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Л би Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 5000994471 тоот данснаас Хаан банк дахь хариуцагч А.Х ын эзэмшдэг 5360292326 тоот данс руу зээлийн эргэн төлөлт болон түүнд шилжүүлсэн мөнгөн дүн 46,793,000 төгрөг, нийт 110,810,000 төгрөгийг хариуцагч А.Х т шилжүүлсэн ба хариуцагч А.Х нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл, хүүд надаас авах 40,335,750 төгрөгийг бүрэн авсан атлаа авсан зээлээс хасаж тооцно, яаралтай мөнгөний хэрэг болоод байна. Зээлээс чинь тооцно гэх зэргээр надаас их, багаар авсан мөнгийг миний авсан зээлийн эргэн төлөлтөд хасаж тооцолгүйгээр өөртөө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн 2021 оны 10 дугаар сард А.Х над руу залгаж, ...Чи нэг хүнтэй 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулчих гэхээр нь Н.Птой зээлийн гэрээ байгуулсан ба А.Х аас Н.П руу шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг Н.П над руу шилжүүлж, уг мөнгийг нь би тэр дор нь А.Х ын данс руу буцаан шилжүүлсэн. Гэтэл хариуцагч А.Х нь надаас авсан өмнөх мөнгөө өгөхгүйн тулд өөрөөр хэлбэл тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор дүр үзүүлсэн дээрх гэрээг бодитой хийгдсэн гэрээ мэтээр Н.П гэх этгээдийн өмнөөс өөрийн төлөөлөгч н.Баасандоржоор миний эсрэг нэхэмжлэл гаргаж, надаас 21,000,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо уг хэрэг маргаан нь шүүхийн ажиллагаанд байгаа болно. Хариуцагч А.Х надад 45,275,000 төгрөг зээлсэн гэж байна. Голомт банк дах дансаар 7,000,000 төгрөгийг А.Х аас авсан нь үнэн, үүнийг нэхэмжлэлдээ бичээгүй орхисон байна. А.Х аас 45,275,000 төгрөг зээлснээ зөвшөөрч байна. Нийт 45,275,000 төгрөг авсан, буцааж 110,810,000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 65,535,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч А.Х нь нэг ч удаа нэхэмжлэгч Б.Л аас бэлнээр болон дансаар зээл авч байгаагүй болно. Хариуцагч А.Х нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Нэхэмжлэгч Б.Л нь анх 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Бэл капитал ХХК-аас барьцаатай 2,500,000 төгрөг зээлээр авсан. Тэр цагаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 70,500,000 төгрөгийг Бэл Капитал ХХК-аас тус тус хүүтэй зээлээр авсан. Эргэн төлөлт хийхдээ А.Х миний данс руу болон Бэл капитал ХХК-ийн данс руу шилжүүлж байсан. А.Х миний бие 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Б.Л д өөрийн Хаан банкны данс болох 5360292326 тоот данснаас нэхэмжлэгчийн хаан банкны 5000994471 тоот данс руу хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүнд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 180,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 230,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 250,000 төгрөг, нийт 29,225,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5360292326 тоот данснаас нэхэмжлэгчийн Хаан банкны 5028430118 тоот данс руу зээл олгож эхэлсэн. Үүнд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 9,050,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байна. Мөн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн голомт банкны 1705111611 тоот данснаас нэхэмжлэгчийн голомт банкны 1105172090 тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 115,775,000 төгрөгийг Б.Л руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ 2 дахь хэсэгт А.Х т зээл олгосон гэж байгаа боловч хариуцагч А.Х нь нэг ч удаа нэхэмжлэгчээс зээл авч байсан тохиолдол байхгүй мөн дансны хуулга ч байхгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгөн дүн нь ор үндэсгүй хүнийг гүтгэсэн ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримт хэргийн материал дунд байхгүй болно. Учир нь Б.Л нь А.Х надаас авсан зээлээ эргэн төлөлт хийсэн тул ямар ч үндэслэлгүй мөн шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Х аас 63,271,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л д олгож, нэхэмжлэлээс 2,263,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 510,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 474,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, хариуцагч Б.Л гийн өмнөөс Бэл капитал ХХК-д түүний авсан зээлийн хүүг төлдөг байсан, ийнхүү төлөхдөө хариуцагч эхнэр Ч.Сарантуяагийн дансаар дамжуулан гүйлгээ хийсэн байдаг. Б.Л Бэл капитал ХХК-аас 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 12 удаагийн үйлдлээр 70,500,000 төгрөг авсан/фидуцийн гэрээ байгуулж байгуулахгүйгээр, үүнээс өөрийн хувийн данс руу дамжуулан 12,000,000 төгрөг төлсөн, одоо Бэл капитал ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, үлдэгдэл төлбөрийг хариуцагч өөрийн эхнэрийн дансаар дамжуулан "Бэл капитал" ХХК руу төлсөн, нийт дүн 39,792,000 төгрөг, уг мөнгө Ч.Сарантуяагийн дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч А.Х өөрийн данснаас 9,520,000 төгрөгийг Б.Л гийн Бэл капитал ХХК-аас авсан зээлийн төлбөрт төлсөн. Шүүхийн шийдвэрт дурдсан А.Х ын үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгө гэх 63,271,250 төгрөгийн 49,792,000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Л гийн Бэл капитал ХХК-аас зээлийн төлбөр, түүний хүүд төлсөн мөнгө болох нь хариуцагч болон түүний эхнэрийн дансаар нотлогдож байгаа. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. А.Х нь өөрийн данснаас 9,520,000 төгрөг, эхнэр н.С гийн данснаас 39,792,000 төгрөг буюу нийт 49,792,000 төгрөгийг Б.Л гийн Бэл капитал ХХК-аас авсан зээлийн төлбөрт төлсөн гэх гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад Бэл капитал ХХК-ийн дансны хуулгыг шинжлэн судлахад хариуцагч А.Х болон түүний эхнэр н.С нараас Б.Л гийн зээл төлсөн гэх гүйлгээний утга бүхий баримт байхгүй. Мөн А.Х ын дансны хуулгыг шалгахад Б.Л гийн өмнөөс зээл төлж байсан гэх баримт байхгүй. Хариуцагч нь анх нэхэмжлэлийг гардан авсны дараа хариу тайлбарыг гаргасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар гомдолд дурдсан зүйлүүд нь нотлогдоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь бодит байдалд нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч А.Х т холбогдуулан гаргасан 65,535,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...А.Х аас 45,275,000 төгрөг зээлж авсан нь үнэн, уг зээлээ 110,810,000 төгрөг болгож төлсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу илүү төлсөн 65,535,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж, хариуцагч нь татгалзлаа ...нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй, Б.Л эргэн төлөлт хийхдээ А.Х миний данс руу болон Бэл капитал ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Л гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

5. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл бөгөөд түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж буй байдал юм. Харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа ямар үндэслэлээр тодорхойлж байгаа болохыг тодруулаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгааг зохигчоос тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигчдыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Л нь Бэл капитал ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийг бүрэн төлсөн эсэх үйл баримтыг эрх ашиг нь хөндөгдөж буй тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан мэтгэлцүүлж, тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

7. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/02929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН