| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0360/Э |
| Дугаар | 666 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 666
Д.Г, Ц.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, П.Учралгэрэл, шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 798 дугаар магадлалтай, Д.Г, Ц.У нарт холбогдох 1906067832790 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, П.Учралгэрэл, шүүгдэгч Ц.У нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Хожунба овогт Д.Г,
2.Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Чонос овогт Ц.У нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г, Ц.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Уыг 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ггаас 204.150 төгрөг гаргуулж Ц.Уд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Д.Г, Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г гаргасан гомдолдоо: “...Миний бие 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан... Цахилгааны хулгайг таслан зогсоох, үнийн дүнг ижил тарифаар төлөх бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх шаардлага тавьсаны дагуу У надад өс хонзон санаж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахад минь толгой руу цохиж, хөл рүү өшиглөж гэмтээсэн. Гэтэл энэхүү хэргийг харсан гэрчийн мэдүүлгийг авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Хууль сануулж авсан гэрч Батжаргалын мэдүүлэгт би Уыг цохисон, зодсон, зууралдсан, хараасан, заналхийлсэн тухай байхгүй, ийм явдал болоогүй байхад намайг хилсээр шийтгэсэн.
Дуудлагаар ирсэн цагдаа Золбаяр нь удаа дараа Уыг зөрчлийн хэргээр шийтгэе гэж надаас гуйсан ба энэ яриаг сонссон гэрчийг асуугаагүй. У нь өөрөө гараа хаалганд цохисон гэсэн мэдүүлэг байсаар байтал намайг хилсээр ял шийтгэсэн нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилго, үндсэн зарчимтай нийцэхгүй байгааг нягтлан үзэж намайг цагаатгаж өгнө үү.
Миний бие өөрийн эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж шударга ёс, тэгш зарчим барьж, өөрийн хэмжээндээ шударга ёсыг тогтоож ажиллах гэснээс болж мөнгөтэй, хөрөнгөтэй хүний золиос болж, түүнийг нь олж нягталж харж чадахгүй байгаа хүмүүсийн буруугаас хилсээр шийтгүүлж байна...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч Б.Баярмаа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна.
1.Шүүгдэгч Д.Г нь хохирогч гэх Ц.Уын биед огт гар хүрээгүй байтал бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэмээн гэм буруутайд тооцогдон, торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаардаж байна. Гэтэл хэргийн бодит байдлыг энэ хэрэг дээр тогтоогоогүй. Хохирогч Д.Ггийн мэдүүлэгт дурдсан “Биднийг салгасан” гэсэн үгийг анхан болон давах шатны шүүх нотолгоо болгодог. Гэтэл Ц.Уын дайралт давшилтыг зогсоосныг хэлсэн болохоос бус Д.Г, Ц.У нар нь барилцаж, зууралдсан зүйл огт байгаагүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Д.Г, Ц.У нарын хажууд байсан цорын ганц гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “У гэгч эмэгтэй чамд ямар хамаатай юм, чи гичий зайл гэж хэлээд Г гуайг түлхсэн чинь Г гуай зуурах гэсэн богино гартай учраас хүрэхгүй байх шиг байна лээ, тэгсэн У гэгч эмэгтэй түүнийг хөл рүү нь өшиглөөд авахаар нь би “чи одоо яаж байгаа юм бэ, өөрийнхөө ээж шиг хүнийг ингэж болохгүй, арай дэндэж байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь тэр хүүхэн больсон, тухайн үед тэр эмэгтэй арай дэндүү улаан галзуу дайрч байсан” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгээс үзэхэд Д.Г нь Ц.Уыг зодож цохисон байдал тогтоогдохгүй, харин Ц.У нь Д.Гг түлхсэн, өшиглөсөн байдал тогтоогдож байна. Ц.У нь Д.Ггийн биед халдаж, түүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тодорхойлох хэсэгт Ц.Уын хохирогчоор өгсөн “...Би хаалга хаах гээд Гг түлхсэн чинь надад гар хүрлээ гээд намайг хойш цохиж унагасан. Ингээд би хаалга хаах гээд цааш түлхсэн чинь нэг эрэгтэй нь гар утсаараа бичлэг хийж, гурвуулаа намайг хэл амаар доромжлоод байсан. ...Би арай гэж хаалганы бариулаас татаад хаалга хаах гэсэн чинь миний гар руу цохиод гэмтээсэн” гэсэн мэдүүлгийг Д.Гг яллах үндэслэл болгосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Ц.Уын энэхүү мэдүүлгээс өөр Д.Гг буруутгах нотлох баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж дүгнэх боловч гэрч Ж.Бын мэдүүлгээр Д.Г Ц.Уын биед халдаагүй болно.
Харин гэрчээр мэдүүлэг өгсөн эргүүлийн цагдаа Э.З нь Д.Г, Ц.У нарын хооронд маргаан үүсээд дууссаны дараа хэргийн газарт дуудлагаар ирсэн тул хэн нь хэнийгээ зодож цохисон талаар мэдүүлэх боломжгүй юм. Иймд Д.Г нь бусдын биед халдсан үйлдэл тогтоогдоогүй гэж үзнэ.
2.Шүүх Д.Гг гэм буруутайд тооцохдоо шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгодог. Ц.Уын биед учирсан гэмтэл Д,Ггийн үйлдлээс үүссэн болох нь тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т: “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу мэтгэлцүүлэн, яллах өмгөөлөх чиг үүрэг хэрэгжүүлэгч нарыг тэгш эрхтэй орлцуулан, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтад үндэслэн Д.Г, Д.У нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.” гэж дүгнэсэн.
Гэтэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэрч Ж.Б, Э.З нарыг оролцуулаад шүүх хуралдааныг явуулах боломжтой гэсэн саналыг гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид мөн энэ саналыг гаргасан, анхан шатны шүүх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хэлэхдээ “...Бие биедээ гэмтэл учруулаагүй, тэгсэн мөртлөө өөрөө өөртөө гэмтэл авсан ийм нөхцөл байдал байгаа... Хохирогчоор хэн аль нь мэдүүлэг өгсөн. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Г, У нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан гэмт хэргийн шинжийг хангаж байсан учир Г, У нарыг яллагдагчаар татсан,... гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэсний дагуу шүүгдэгч нарын гэм буруутайг нотолж чадаагүйг гэрчилж байна. Бүр тодруулбал Д.Ггийн үйлдлээр Ц.Уын биед гэмтэл, хор уршиг учирсан гэдгийг улсын яллагч тогтоож чадаагүй атлаа түүнийг гэм буруутайд тооцох санал гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүхээр хэлэлцсэн хэргийн үйл баримт, бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч П.Учралгэрэл гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Д.Г нь Ц.Утай таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түлхэх, гар руу нь цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болсон.
Гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан Ж.Б, дуудлага мэдээллийн дагуу очиж шалгасан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Сүлд 113 чиглэлийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.З, хохирогч Д.Ггийн удаа дараагийн мэдүүлэг зэргээс үзэхэд Д.Г нь Ц.Уыг зодож цохисон болон түүний биед халдсан байдал тогтоогдохгүй, харин Ц.У нь Д.Гг түлхсэн, өшиглөсөн байдал тогтоогдож байна. Мөн хохирогч Ц.Уын удаа дараагийн мэдүүлэг өөр хоорондоо болон бусад гэрчийн мэдүүлэгтэй илт зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл хэрэгт Д.Гг буруутгах буюу яллах талын нотлох баримт нь зөвхөн шинжээчийн дүгнэлт байдаг бөгөөд бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 798 дугаар магадлалын Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч Ц.У гаргасан гомдолдоо: “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн байрандаа зургийн ажил гүйцэтгэж байсан бөгөөд СӨХ-ийн захирал Д.Ггийн яриад байгаа шиг хүн зодож цохиогүй юм. Гэвч уг асуудлыг үнэн зөвөөр гэрчлэх хүмүүс нь бүгд Д.Ггийн ажилчин, түүнтэй хамаарал бүхий этгээдүүд байсан бөгөөд мэдүүлгийг нь үнэн зөв талаар маргах нотлох баримтгүй болж байна. Учир нь уг асуудлыг гэрчлэх байсан гар утасны бичлэгийг Д.Ггийн ажилчид нь устгасан гээд өгдөггүй, цагдаа нь үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээж авахгүй зэрэг байдлаас Ц.У миний бие өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлж чадсангүй. Гэтэл мөрөөрөө өрөөндөө өөрийнхөө зургийг хийж байсан намайг ямар ч үндэслэлгүйгээр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаанаар өдөөн хатгаж, улмаар харьцахгүй гээд хаалгаа утсаар татаад хаахаар, тас татаад орж ирээд ажил хийлгэхгүй зориуд ийм хэрэг өдүүлж үйлдлээ. Д.Ггийн ярьж байгаа шиг миний бие үгийн зөрүүгүй хүн зодож цохидог гэвэл өнөөдрийг хүртэл олон эрүүгийн хэрэг үүсч ял шийтгэл авсан байх бизээ. Гэтэл Д.Г нь өөрийн ажилчинтайгаа нийлж камер байхгүйг далимдуулж ийм үндэслэлгүй гүтгэлгээр намайг шүүхэд яллагдагчаар татуулж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.7-д “Байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдэх” гэж заасан бөгөөд Д.Г нь байнга тог цахилгаан тасалж, үйл ажиллагаа явуулахгүй намайг дарамталж байдаг хүн билээ. Улмаар тог цахилгаан таслуулахгүй байх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар Д.Г өөрөө хэрэгт баримтаар гаргаж өгсөн байна. Мөн Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасны дагуу Ц.У миний бие Д.Гд өөрт учирснаас илүү хохирол учруулаагүй байна. Түүнчлэн Д.Г нь өрөөнд орж ирж элдэв авир гаргаж, харьцахгүй гээд хаалга хаахаар тас татаад орж ирж байгаа нь өөрийнх нь мэдүүлэг, шүүх хурал дээр хэлсэн үг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.
Өөрөөр хэлбэл би өрөөнөөсөө гаргахгүй бол эд хөрөнгө эвдэж сүйтгээд, улмаар элдвээр харааж доромжлоод байсан тул гаргах гэж ноцолдсоноос өөр үйлдэл хийгээгүй билээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 798 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлалаас Ц.У надад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгч Э.Золбоо гаргасан тайлбартаа: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр талууд хоорондоо маргалдсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнөөр эргүүлийн цагдаа н.Золбаяр очиж асуудлыг шалгасан ба хавтаст хэргийн 70 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ намайг очиход Д.Г хаалга хаалгахгүй байсан талаар Ц.У хэлж байсан гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Д.Ггийн мэдүүлэгт “...тэгэхээр нь хаалгыг нь нээгээд яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэж өөрөө хэлсэн” гэж, мөн хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд н.Батжаргал “...хаалгаа дотроос нь мяндсан утсаар уясан байсныг татаад дээрх асуудал болсон” гэж, хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Д.Ггийн мэдүүлэгт “...дотроосоо уяагаар уясан, уяа нь тасарсан ба Ц.У гарч ирсэн” гэж мэдүүлдэг.
Уг хэрэг нь Ц.Уын санаачлагаар биш, Д.Г орон байранд нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, уулгалан довтлох, тухайн хүнийг хүсээгүй харилцаанд оруулахаар удаа дараа үйлдэл хийж байсан болох нь харагдаж байгаа юм. Үүнийг гэрчлэх гэрчийн мэдүүлгийн тухайд Д.Ггийн өөрийнх нь холбоотой этгээдүүд мэдүүлэг өгсөн байдаг. Харин цахилгаанчин гэж хүний утсан дээр бичлэг хийгдсэн боловч прокурорын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт камерийн бичлэгийг устгасан гэж хэлээд гаргаж өгдөггүй. Д.Г нь прокурорт гомдол гаргахдаа манай жижүүр н.Батжаргал байгаагүй бол алуулах байсан ч байж магадгүй юм гэж гомдлоо бичдэг. Үл ялих маргаанаас болж хүн алах нь байж болохгүй асуудал бөгөөд Д.Ггийн мэдүүлэг өгөх байдал зэргээс үзэхэд хүч нэмэгдүүлсэн хэллэг хэрэглэдэг байдал ажиглагддаг.
Талууд хоорондоо гэмтэл учруулсан гэдгийг тогтоосон байна. Талуудын хоорондоо гэмтэл учруулсан үйлдэл, сэдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.У нь өөрт учирсан хохирлоос илүүгүй хохирлыг Д.Гд учруулах замаар “аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх үндэслэл байна. Хэргийг шалгаж байсан мөрдөгч, прокурор уг асуудлыг шалгаж тогтоохыг хүсээгүй, зөвхөн талууд хоорондоо гэмтэл учруулсан, өмнө нь маргаантай байсан байна, хоорондоо маргалдсан байна гэдэг асуудлыг ярьж хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн. Ц.У нь шударгаар үүргээ хүлээж Д.Ггийн хохирлыг барагдуулсан. Ц.Уын хувьд өөрийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байхад Д.Г гаднаас орж ирсэн нь түүний хувийн байдалд халдсан байна гэж үзэж “аргагүй хамгаалалт” хэрэглэжээ гэж үзэх үндэслэл болсон байна. Иймд Ц.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь бие биенийхээ эрүүл мэндэд халдсан үйлдлээс шалтгаалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, П.Учралгэрэл, шүүгдэгч Ц.У нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Г, Ц.У нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Г, Ц.У нар нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт орших Палаззо төвийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон бөгөөд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г, Ц.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Уыг 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул “Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” талаар шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, П.Учралгэрэл, шүүгдэгч Ц.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Түүнээс гадна прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо Ж.Б, Э.З нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан ыг товлон зарлах тухай 993 дугаартай шүүгчийн захирамжид /хх-142/ гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгаагүй, түүнчлэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүхэд хандаж гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаагүй /хх-151/, өөрөөр хэлбэл гэрчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг шүүгдэгч, өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх оролцогчийн эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 798 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, П.Учралгэрэл, шүүгдэгч Ц.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР