“С” ХХК-ийн гомдолтой,
Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх
хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч
Н.Т-д холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлоор,
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Т.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.П, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
- “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай”
Хэргийн нөхцөл байдал:
- 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “С” ХХК-ийн салбар дэлгүүр болох “Имарт Чингис салбар дэлгүүр”-т гал гарсан. Уг асуудлыг гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т шалгаж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гал түймэр гарсан болох нь шинжээчийн дүгнэлт, холбогдох материал, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 буюу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэлийн 1,000,000 төгрөг, хохирлын 426,370,409 төгрөг, нийт 427,370,409 төгрөгийг төрийн сангийн дансанд сайн дураар биелүүлэхийг даалгаж, хохирлын 426,370,409 төгрөгийг “Н” ХХК-ийн Хаан банкны дансанд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
- Гомдол гаргагчаас “... хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг тогтоогүй атлаа буруутай гэж дүгнэсэн, шийтгэл оногдуулахдаа хуулийн зүйл, хэсэг заалтыг тусгаагүй нь захиргааны акт хүчин төгөлдөр бус болох үндэслэл болсон, ... улсын байцаагч хууль буруу хэрэглэж, гэм буруу нь тогтоогдоогүй этгээдээр Иргэний хуулийн харилцаанд оролцогч тал болох “Н” ХХК-п хохирлын төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ...” гэж; хариуцагчаас “... хэрэгт авагдсан материал, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шийтгэл оногдуулсан, ... хөрөнгийн үнэлгээгээр хийгдсэн үнэлгээг шийтгэлийн хуудсандаа оруулсан ...” гэж; гуравдагч этгээдээс “... даатгалын тохиолдол үүссэн тул гэрээний дагуу “С Р Т” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг нэгэнт олгосон, ... шийтгэлийн хуудсанд “Н” ХХК-д хохирлын нөхөн төлбөр болох 426,370,409 төгрөгийг төлүүлэхээр тусгасан нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
- Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг баримтлан “С” ХХК-ийн гаргасан “... гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар ... шийтгэлийн хуудсаар “... “С” ХХК-иас хохиролд 426.370.409 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн хэсэгт холбогдох гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
- Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
- Гомдол гаргагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч;
- Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтуудыг дараах байдлаар зөрүүтэй хэрэглэсэн.
- (1.1) Анхан шатны шүүхээс “С” ХХК-ийг Гапын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д /холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушааптныг томилох/ заасныг зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Уг үндэслэлийг нэхэмжлэгч талаас огт хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа бөгөөд гал гарснаас хойш зөрчил хянан шийдвэрлэх зорилгоор цагдаагийн хэрэг бүртгэл, онцгой байдлын ажиллагаа, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн маргаан хүртэл бүхий л үе шатуудад “С” ХХК чухам ямар зөрчил гаргасныг эцэслэн тогтоогоогүйг галын улсын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 тоот шийтгэлийн хуудас болон шүүхэд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Тухайлбал, галын улсын байцаагч Н.Т нь зөрчил шалган шийдвэрлэхдээ өөрийн зүгээс уг хэрэгт хяналт, шалгалт, шинжилгээ зэргийг огт хийгээгүй байтлаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.
- (1.2) Түүнчпэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 /Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна/, 40.2.3 /захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах/ гэж заасны дагуу “С” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан 11 үүрэг, шаардлагыг яг алийг нь хэрэгжүүлээгүй, 17.2.1 дотроо яг аль төрлийн зөрчлийг гаргасан гэж үзсэн нь “шийтгэлийн хуудас”-аас тодорхойгүй, түүнд хуулийн шаардлагыг хангуулж дурдаагүй, үүнийг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй, ийм зөрчил байхгүй байхад анхан шатны шүүхийн шүүх ийнхүү эрх бүхий албан тушаалтны өмнөөс дүгнэлт хийжээ.
- (1.3) Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь цахилгааны дамжуулагч утсанд шилжилтийн эсэргүүцэл, богино холболт гэх мэтээс үүдэн гэмтэл үүсч улмаар гал гарахад хүргэсэн байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхээс уг гал гарах үндсэн шалтгааныг тогтоох боломжтой шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж, үндэслэсэн байна. Тухайлбал, чухам яг шилжилтийн эсэргүүцлээс, эсхүл богино холболтоос үүдэн гал гарсан эсэх, хэрэв тийм бол нэхэмжлэгч талын ямар буруутай үйлдлийн улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болсныг эрх бүхий байгууллагын хууль ёсны, хүчин төгөлдөр эрх зүйн актаар тогтоогдсон тохиолдолд /энэ нь өөр бусад олон шалтгааны улмаас гал гарсан байж болзошгүй гэсэн утгыг илэрхийлж байна/ бусад үйлдлээс ч болж гал гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байтал ерөнхий байдлаар, тоймлон бусдыг гэм буруутайд тооцсон нь нотлох баримтад дутуу, буруу үнэлэлт өгч шударга ёсны зарчим зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.
- (1.4) Гамшиг судлалын хүрээлэн, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 тоот “Шинжээчийн дүгнэлт”-ийг анхан шатны шүүх үндэслэл болгосон байна. Уг дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр /гаднаас буюу гуравдагч этгээдийн үйлдэл байж болно/ шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг” гэж дүгнэлт гаргасан байна. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх, галын улсын байцаагч нь нэхэмжлэгч талын ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн гал чухам юунаас болж гарсан, хэний ямар буруутай үйлдэл байгааг тогтоох боломжтой дүгнэлтийг эрх бүхий байгууллага болох Геологийн төв лаборатори, төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах боломжтой байсан боловч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 677 тоот албан бичгээр Геологийн төв лабораторийн хүчилтөрөгч тодорхойлдог VARIO MACRO CUBE-elemеntar багаж нь тодорхой шалтгааны улмаас 2019, 2020 онуудад бүрэн ажиллаагүй болно” өөрөөр хэлбэл гал юунаас болж гарсныг шинжлэх боломжгүй байна гэсэн баримтыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт өгөөгүй байна. Магадгүй тухайн үед энэхүү лабораторийн хүчилтөрөгч тодорхойлдог багаж нь ажиллаж байсан бол гал юунаас болж, хэний ямар буруутай үйлдлээс болж гал гарсан болохыг эцсийн байдлаар тогтоох боломжтой болох байсан байх.
- (1.5) Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “С” ХХК нь тухайн барилга байгууламжийн /гал гарсан хэсгийн/ өмчлөгч, уг байгууламжийн түрээслэгч этгээдийн хувьд объектын бүрэн бүтэн, аюулгүй байдал, тухайн объектод үйл ажиллагаа явуулж байгаа болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах үүрэг бүхий субьект ... улмаар зөрчихгүй байх нийтлэг үүрэгтэй” гэжээ. “С” ХХК-ийн хувьд Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдох бөгөөд нөгөө талаар объектын өмчлөгч л бол тухайн объектод гарсан гар түймрийн гэм буруутан, хохирлыг хариуцах этгээд гэж үзэх, тийм хуулийн зохицуулалт байхгүй юм.
- (1.6) Прокуророос шилжүүлсэн хэрэгт “Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5, 14 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулах үндэслэлтэй байна” гэснийг хүлээн авч биелүүлэхдээ шалгалт, шинжилгээ, үзлэг хийгээгүй байтлаа ерөнхийлөн, тоймлон нэхэмжлэгч тал Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлийг зөрчсөн, үүнийг анхан шатны шүүх 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт /нийтлэг журам/ зөрчсөн нь нэхэмжлэгч талын гэм бурууг тогтоож, улмаар гэм буруугийн шалтгаант холбооны улмаас гэм хорын асуудал яригдах нь зүйтэй мэтээр дүгнэсэн байна. Зүй нь нийтлэг журам зөрчих нь эрх зүйн нэг асуудал, харин гэм бурууг тогтоож, шалтгаант холбооны дагуу гэм хорын асуудал үүсэх нь эрх зүйн өөр харилцаа болох тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.
- (1.7) Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс хэрэглээгүй Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэх заалтыг хэрэглэсэн бөгөөд анхан шатанд итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт байхгүй тал дээр давж заалдах шатны шүүх мөн дүгнэлт өгөөгүй. Уг хуулийн заалтын хувьд анхан давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон.
- Хоёр. Хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Энэхүү хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, давж заалдах шатны шүүхийн магадлал 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус гарсан. Тэгэхээр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй Шүүхийн тухай хуулиас өмнө хэрэгжиж байсан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн, тухайн хуулийн үйлчлэлийн хүрээнд шийдвэр, магадлал нь гарсан байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 119 дүгээр зүйлийн 119.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэж тус тус заасан.
- 2012 оны Шүүхийн тухай хууль үйлчилж байх үед гарсан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарны 25-ны өдрийн 387 дугаар тогтоолоор “Эрин интернэшнл” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэсэн зүйл заалтыг “зөрчлийн хэрэг”-т нэг мөр зөв хэрэглэх талаар тайлбар гаргасан байдаг. Тухайн дээд шүүхийн тогтоолд зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа чухам ямар хуулийн зүйл заалтын дагуу зөрчил гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэхгүй байсан учир гомдол гаргагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. “С” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т нийцсэн гэж үзэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарт нийцэхгүй байна.
- Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: (1) Уг захиргааны хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээдээр “Н” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёсгүй байсан. Учир нь, шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг 1,000,000 төгрөгөөр торгосон хэсгийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж шүүх хүлээн авч шийдсэн. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан этгээд биш “Н” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, түүнээс тайлбар, нотлох баримт гаргуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болж, улмаар энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Учир нь, барилгын өмчлөгч нь учир тухайн обьектод гарсан галыг хариуцах ёстой гэдэг үндэслэл томьёоллыг хариуцагч шийтгэлийн хуудас болон шүүхэд тайлбартаа огт дурдаагүй бөгөөд гуравдагч этгээд “Н” ХХК-иас энэ тайлбар үндэслэлийг гаргаж, түүний дагуу шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
- (2) Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхээр 6 хүсэлт гаргасан /хх-ийн 44-р хуудас/. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр 6 хүсэлтээс 1, 2, 3, 5 дахь хүсэлт буюу нийт 4 хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүйгээс ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. 2 дахь хүсэлт нь Хаан банкнаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4-т заасны дагуу “Н” ХХК-ийн “С Р Т” ХХК-д хохирлын төлбөр 419,570,409 төгрөгийг бодитоор шилжүүлсэн эсэх, шилжүүлснээ буцаан авсан эсэх, хэрэв бодитоор шилжүүлээгүй, буцаан авсан бол энэ хэрэгт гуравдагч этгээд болох ёсгүй учир албан ёсны Хаан банкны санхүүгийн анхан шатны баримтыг гаргуулах, арилжааны банканд хяналт тавих эрх бүхий Монголбанкнаас гаргуулах байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- (3) Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/8558 тоот “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр “... 3өрчилд шийтгэл ногдуулах тухай 0034001 дугаартай шийтгэлийн хуудас гаргахдаа холбогдогч “С” ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлийн аль заалт, дэд заалтыг зөрчсөн гэж тогтоосон талаарх тайлбар, нотлох баримт” ирүүлэхийг шаардсан байдаг. Гэтэл хариуцагч Н.Т нь зөрчлийн хэрэгт зохих ажиллагаа хийгээгүй, холбогдогч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан нийт 22 заалтын яг алийг нь зөрчсөнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн анхан шатанд холбогдогчийн сургалт зохион байгуулах, холбогдох галын аюулгүй байдлын ажилтан томилох үүргээ хэрэгжүүлээгүй, харин давж заалдах шатанд цахилгааны шалгалтын хуудас бөглөгдөөгүй байсан, барилгын өмчлөгч бол галын эрсдэлийг хариуцах, гал түймрийн буруутан болох зөрчил үйлдэгч гэж үзэх талаар зөрүүтэй, өөр өөр тайлбар гаргаж байгааг шүүх дүгнээгүй. Харин ч галын байцаагчийн ажлыг шүүх өмнөөс нь хийж Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг баримтлан шийдвэрээ гаргасан.
- (4) Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоос 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахаас татгалзах, хохирлын үнэлгээ шинжээч дахин томилуулах хүсэлт гаргасныг хангах тухай тогтоол гаргасан байсныгаа санаатайгаар өөрчилж, хоёуланг нь хангахаас татгалзсан тогтоол нөхөж үйлдсэн. Уг нөхцөл байдал нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200200939 тоот Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд холбогдогчийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Улмаар зөрчлийн хэргийн хугацаа дууссан гэдгээр прокурорт гомдол гаргах боломж олголгүй шийтгэлийн хуудас ногдуулсан.
- (5) Шийдвэр, магадлалд “С” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б-ын “... манай инженерийн баг шалгалтын хуудсыг өдөр бүр хөтөлж байсан. Яг гал гардаг өглөө цахилгааны шалгалтын хуудас хөтлөгдөөгүй байсан” гэх мэдүүлгийг үндэслэлээ болгожээ. Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “тухайн гал түймэр гарахаас өмнө манай инженерийн баг шалгалтын хуудас хөтлөөгүй байсан. Шалтгаан нь өдөр 13-14 цагийн орчимд хамгийн ачаалал ихтэй үед шалгалтын хуудсыг бөглөдөг” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл галын улсын байцаагч Н.Т зөвхөн өөрт ашигтай байдлаар буюу хэсэгчлэн “тухайн өдөр шалгалтын хуудас бөглөөгүй байсан” гэсэн хэсгийг тасдан авч шүүхэд мэдүүлснийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэлт үйлдээгүй болох нь нотлогдоно.
- (6) Хэрэв инженер цахилгааны шалгалтын хуудас хөтлөх, аюулгүй байдал, ажиллагааг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй ажилтны буруу бол Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “... хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэсний дагуу шийдвэрлэгдэж тухайн ажилтан - иргэн өөрийн эс үйлдэхүйдээ хариуцлага хүлээх болно. Түүнчлэн Имарт Чингис салбарт гал 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн 22 минутад үед гарсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа. Гэтэл цахилгааны шалгалтын хуудсыг зөвхөн өглөө хөтлөх ёстой юу, эсхүл ээлж солилцох үед, орой дэлгүүр хаах үед шалгаж тэмдэглэл хөтөлдөг эсэхийг шүүх тодруулаагүй байж шууд шалгалтын хуудас бөглөх үүргээ тухайн гал гарсан өдөр биелүүлээгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, зөрчил байгаа гэж үзэж байгаа бол хариуцлагыг иргэн хариуцах уу, компани хариуцах уу, мөн яг зөрчил мөн эсэхийг нотлох баримтыг бүрдүүлэх захиргааны хэргийн шүүхийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасан үүргээ шүүх бүрэн хэрэгжүүлээгүйгээс процессын зөрчил болж улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
- (7) Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт товлогдсоныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулгаас өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зөрчлийн хэргийн 5 хавтас, нийт 1151 хуудас материалтай танилцах боломжоор хангаж хойшлуулж өгөх талаар хүсэлт гаргасан байхад шүүгч нь хүсэлтийг шийдвэрлэлгүй, шүүх хуралдааныг шууд товлосон байна. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан хэрэгт ач холбогдол бүхий хүсэлт гаргаж, түүнийг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэрлүүлэх, нэхэмжлэгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч авч оролцох боломжоор хангаагүй, хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш урьдчилсан хэлэлцүүлгийг 7 хоногийн дотор хийх ёстой атал гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй байхдаа товлож, хэргийн оролцогчдын урьдчилсан хэлэлцүүлгийн үед эдлэх эрхийг зөрчсөн. 2020 оны 12 дугаар сарын 01-нд урьдчилсан хэлэлцүүлгээ хэргийн оролцогчдыг байлцуулахгүйгээр хийсэн хирнээ мөн хэлэлцүүлгийн тэмдэглэлээс харвал шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон /хх-ийн 23-р хуудас/. Шүүх хуралдаан товлосон захирамждаа 12.11-нд 10 цагт товлосон зөрүүтэй нөхцөл байдал байдаг.
- Манай компани ч гэсэн гал гарснаас болж их хэмжээний хохирол хүлээгээд байгаа, гэтэл яагаад гал гарсан шалтгаан нөхцөл тогтоогдохгүй, прокурорын тогтоолд хэн нэгний буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй, тогтоогдохгүй байна гэж дүгнэсээр атал хохирсон дээр нь ниргэж, дайны хажуугаар дажин гэж хөрөнгөжих сонирхолтой үндэслэлгүйгээр хэт өндөр хохирол тогтоолгож байгаа гадаадын хөрөнгө оруулалттай “С Р Т” ХХК, зөрчил шүүхийн маргаанаар тогтоогдоогүй байхад тухайн хохирлын төлбөрийг шууд төлсөн гэх “Н” ХХК-ийг өөгшүүлэх шийдвэр гаргаж байгаад нэхэмжлэгчийн зүгээс туйлын гомдолтой байна. Зүй нь Галын аюулгүй байдлын тухай 18.10-т “гал түймрийн хохирлын даатгалын харилцааг даатгалын хуулиар зохицуулна” гэж тусгайлан зохицуулсан зохицуулалт байсаар байтал улсын байцаагч Н.Т нь шийтгэлийн хуудсаар даатгалын нөхөн төлбөрийг гуравдагч этгээд шууд шилжүүлэхээр шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 443.7, мөн Даатгалын хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал, Иргэний хууль болон Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар хэний гэм буруутай үйлдлийн улмаас, ямар гэм хорын хохирол үүссэнээс хамаарч даатгалын нөхөн төлбөрийг төлөх зохицуулалттай. Гэтэл хэний ямар буруутай үйлдлийн улмаас гал гарсныг эцэслэн тогтоогүй байтлаа нийтлэг журам зөрчсөний улмаас гэм хорын асуудал болох даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийтгэлийн хуудас бичсэн эрх зүйн болон хууль хэрэглээний том зөрчил болсон байна.
- Түүнчлэн даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд зааснаар даатгалын хохирол үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий хохирол үнэлгээний байгууллагаар хохирлын үнэлгээг заавал хийлгэсэн байх ёстой. Гэтэл даатгалын хохирол үнэлсэн гэх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээ нь хууль, холбогдох журам, зааварт нийцээгүй болохыг шүүхэд гэрчээр гаргасан тайлбартаа өөрсдөө мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэгт хохирлын үнэлгээг тогтооход шаардлагатай баримт, мэдээ мэдээлэл /Монгол Улсын хилээр импортын бараа, бараа бүтээгдэхүүн оруулж ирэхдээ бүрдүүлсэн гаалийн баримт, үнэ тариф, тухайн бараа бүтээгдэхүүний худалдан борлуулснаас улсад төлсөн татварын тайлан зэрэг хохирлыг бодитой болгоход нэн шаардлагатай/-ийг “С Р Т” ХХК-иас шаардсан боловч, тухайн үед эдгээр албан ёсны баримт, мэдээллийг үндэслэлгүйгээр гаргаж өгөхөөс татгалзсан учраас зөвхөн өөрсдийнх нь гаргаж өгсөн баримт, мэдээллийн хүрээнд хохирлын хэмжээг тогтоосон тухайгаа хохирлын үнэлгээний тайлан болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн байдаг. Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан даатгалтай холбоотой нарийн зохицуулалтыг Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд нэг мөр шийдвэрлээгүйгээс шалтгаалж гэм буруу, шалтгаант холбоо, гэм хорын хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдээгүй байна.
- Галын улсын хяналтын байцаагч Н.Т нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18.10-т заасан даатгалын харилцааг тусгайлан зохицуулсан зохицуулалтыг хэрэглэхгүй, дур мэдэн шууд шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдэд нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасан нь улсын байцаагчийг нэг талаас хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй, нөгөө талаас чухам ямар зорилгоор өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шууд гуравдагч этгээдэд төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасан нь маш их хардлага төрүүлсэн үйлдэл болж байна.
- Иймд, “С” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Шүүхүүд хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг анхаараагүй, хуулийн заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр, магадлал үндэслэл бүхий болоогүй байна.
- Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж зөрчлийн эрх зүй дэх “хууль ёсны” болон “шударга ёсны” зарчмыг тогтоосны дагуу Зөрчлийн тухай хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэлд л хариуцлага тооцох (төсөөтэй хэрэглэхгүй байх) бөгөөд тухайн оногдуулах хариуцлага нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохирсон байх учиртай.
- Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:” гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, мөн зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэсний дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангид заасан аль нэг зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоож гэмээ нь шийтгэл оногдуулах нь “процессын шударга ёсны” зарчмаас үүдэлтэй.
- Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж ерөнхий байдлаар томьёолсон ч зөрчлийн эрх зүйн агуулга, шинжийг тодорхойлж буй материаллаг хууль[1] болох Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ:” гээд 11 төрлийн үүргийг, мөн хуулийн 19 дүгээр зүйлд “Галын аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг шаардлага” тодорхойлохдоо 11 шаардлага тус бүрийг нарийвчлан жагсаасан байхад хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйлд заасан тодорхой ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл ямар нийтлэг шаардлагыг зөрчсөн талаар дурдаагүй атлаа хуулийн “... 17, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй ...” гэж хэт ерөнхий дүгнэж, торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.
- Хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаан дээр “... Гал түймэр гарсан шалтгаан нь гал түймэр гарсан хэсэгт инженер техникийн албаны хариуцдаг хэсэгт байсан /учир/ ...”[2] шийтгэл оногдуулсан гэж үндэслэлээ гаргасан боловч хяналтын шатны шүүх хуралдаанд үүний зэрэгцээ “... галын аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн байгаагүй ...” зэргээр зөрүүтэй тайлбарлаж байгаагаас үзэхэд зөрчлийг тодорхойлж, бүрэн тогтоосон гэж үзэхээргүй, учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т “ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;”, 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна” гэж заасан үүргээ биелүүлж, ажилтнуудаа сургалтад хамруулж байсан[3] зэрэг нь тогтоогдож байх тул хариуцагчийн дурдсан удаах тайлбар үгүйсгэгдэж байгаа; хяналтын журмаар гаргасан гомдлын “... гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, гэм буруутай болохыг тогтоогоогүй ...” гэх хэсэг үндэслэлтэй.
- Гэхдээ хэрэгт авагдаж шүүхүүдийн дүгнэсэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн “Аюулгүй байдал, үнэлгээний нэгдсэн төв”-ийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 дугаартай дүгнэлтэд “... Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгаан хэт ачаалал, богино холболт шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсэж бөмбөлөг үүсдэг ...” гэж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Галын шинжээч нарын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 дугаартай дүгнэлтэд “... гал түймэр нь уг худалдааны төвийн 1 дүгээр давхрын цахилгааны шитний өрөөнөөс үүсвэрлэн гарч улмаар B1 болон 6 дугаар давхар хүртэл цахилгаан дамжуулах утсаар дамжин тархсан байна ... Цахилгаан дамжуулах утсанд цахилгаанаас үүдэлтэйгээр гал түймэр гарсан шинж тэмдэг байна ..., Гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд шилжилтийн эсэргүүцэл, богино холболт гэх мэтээс үүдэн гэмтэл үүсэж улмаар гал гарахад хүргэсэн байх магадлалтай ...” гэж тус тус тэмдэглэсэн; мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан “С” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Манай цахилгааны нийт ачаалал 3.2 мегабатт чадалтай, ерөнхийдөө нийт чадлын манай барилга 30-40 хувийг ажилладаг хангалттай чадалтай гэж үздэг ... Тухайн гал түймэр гарахаас өмнө манай инженерийн баг шалгалтын хуудсыг өдөр бүр хөтөлж байсан. Яг гал түймэр гардаг өглөө цахилгааны шалгалтын хуудас хөтлөгдөөгүй байсан ...”[4] гэж дурдсан зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн (зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох) байхын зэрэгцээ ялангуяа хяналтын шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дурдсан хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
- Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалаар “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.2-т “Хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна” гэж заасан; энэхүү зохицуулалтыг авч үзвэл, Зөрчлийн тухай хуульд заасан хохирол нь уг хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүйг гаргасны улмаас нийтийн эрх зүйн хүрээнд гэм буруу, хохирол хооронд шууд шалтгаант холбоотой үүссэн үр дагавар байх бөгөөд түүнийг шийтгэл оногдуулахдаа арилгах арга хэмжээ авахыг эрх бүхий этгээдэд олгосон гэж үзнэ.
- Гэтэл энэхүү хэргийн гуравдагч этгээд “Н” ХХК-д учирсан гэх 426,370,409 төгрөгийн хохирол нь гомдол гаргагчийн гал түймэр гарсан барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байсан “С Р Т” ХХК-д даатгалын гэрээний дагуу (гомдол гаргагч зарим дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа) болон хөрөнгийн үнэлгээнд шилжүүлсэн төлбөрүүд байх бөгөөд энэ нь нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаанаас шууд үүссэн хохирол гэж үзэж, шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх нь эргэлзээтэй, түдгэлзүүлсэн хугацаанд энэ талаар мөн тодруулах шаардлагатай.
- Иймд, дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 (гурван) сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж;
- Тогтоох нь хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, “2”, “3” гэсэн дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчилж, гомдол гаргагчийн төлөөлөгч Л.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ
[1] Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж зааснаар
[2] I хавтаст хэргийн 165 дахь тал
[3] I хавтаст хэргийн 51-107 дахь тал
[4] Зөрчлийн хэргийн I хавтасны 217-218 дахь тал