Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, ялтан Я.Баасанжав, М.Тэрбиш, Б.Жаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, С.Ганхөлөг, Б.Лхагважав, прокурор П.Удвал, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Жаргал нарт холбогдох эрүүгийн 201620000295 дугаартай хэргийг ялтан Б.Жаргал, ялтан Я.Баасанжавын өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан Шангас овогт Мөнхийн Тэрбиш нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр Бага нуур нэртэй газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 11-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 16-03 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Тугтан овогт Баяраагийн Жаргал нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр Бага нуур нэртэй газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 10-06 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Борлууд овогт Ядамсүрэнгийн Баасанжав нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр Бага нуур нэртэй газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тустус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шангас овогт Мөнхийн Тэрбиш, Тугтан овогт Баяраагийн Жаргал, Борлууд овогт Ядамсүрэнгийн Баасанжав нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 3 /гурав/ сар, 10 /арав/ хоног баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тэрбишэд эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног баривчлах ял тус тус шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав, М.Тэрбиш нарт тус тус оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлж, Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 25-58 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын авто машиныг шүүгдэгч Я.Баасанжаваас, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Жаргалаас тус тус хурааж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч Я.Баасанжавын 160.000 төгрөгийн үнэ бүхий Панасоник загварын 24 инчийн зурагт 1 ширхэг, М.Тэрбишийн 53-74 УВЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун нэртэй, улаан өнгийн мотоцикль 1 ширхэг, Б.Жаргалын 32-01 УВХ улсын дугаартай приүс-11 загварын хүрэн улаан өнгийн автомашин тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дундаа залгаастай 4 метр урттай олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Жаргал давж заалдах гомдолдоо: Миний хам гэх М.Тэрбиш нь 2016 оны 10 сарын 24-нд “хүрээд ир, мал ав” гэхээр нь машин хөлсөлж очоод 3 үхэр ачуулсан. Маргааш  гарал үүслийн бичиг аваад орно гэсэн. Гэвч Улаангомд ирсний дараа чи зарж бай гэсэн. Би  энд ирсний дараа хулгайн мал гэдгийг нь  мэдсэн  боловч тэр үед яаж ч чадаагүй. Тухайн үед цагдаад хэлж мэдэгдээгүй нь миний буруу. М.Тэрбиш надад “чи энэ хэргийг даачих.  Ах нь өмнө нь хэрэгтэй байгаа. Чи тэнсэн аваад сална.” гэсэн болохоор  нь би урьд нь ийм байдалд орж байгаагүй болохоор үнэмшсэн. Би ганцаараа 3.100.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан,  мөн Я.Баасанжавын ар гэрийнхэн нь хураагдсан машин авч өг гэж өдөр  болгон дарамталж байгаа тул хэргээ  үнэн зөвөөр хүлээх боломж олгоно уу гэж хүсэж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтан Я.Баасанжавын өмгөөлөгч Ө.Нарантуяа  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг  Я.Баасанжав баттай сайн мэдсэн атлаа тухайн гэмт хэрэг үйлдэхээс татгалзалгүй, харин бүлэглэн гүйцэтгэсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Я.Баасанжав нь Б.Жаргалтай анх 150.000 төгрөгийн хөлсний тээвэр хийхээр тохироод 50.000 төгрөгийг бэлэн  авч Наранбулаг сум руу  Б.Жаргалтай явсан. Эзэнгүй үхрээс үхэр авъя гэхээр сэжиглээд   “Чи  юу хийж байгаа юм бэ энэ үхрийг  ачиж болох  юм уу гэхэд, Б.Жаргал чи ачилцаад л өг, чамд  ямар  ч хамаарал байхгүй” гэхээр нь үхрийг ачиж аймгийн төв ирсэн байдаг. Энэ талаар шүүгдэгч Я.Баасанжав, Б.Жаргал нарын  мэдүүлэг  тохирч байгаа. Я.Баасанжав хулгайн гэмт хэрэг  үйлдэх санаа зорилгогүй, зөвхөн өөрийн  эзэмшлийн машинаараа үйлчилгээнд явж байсан нь тогтоогдсон. Харин  тухайн гэмт хэргийг зохих байгууллагад мэдэгдээгүй байх тул зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангажээ.

Б.Жаргал, М.Тэрбиш, Я.Баасанжав нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр “Бага нуур “ гэх газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч Ч.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үхрүүдээ хайгаад Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг Азрага гэх газарт очиход манай үхрүүд байсан. Би үхрүүдээ бүртгэж, тоолж үзэхэд 3 тооны эр үхэр дутсан байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүд нь надад учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би өөрийнхөө цагаан нүүртэй, хар зүстэй үхрийг буцааж авсан. Харин үлдсэн 2 тооны үхрийн үнэ болох 1.800.000 төгрөг, эрэл хайгуул хийхэд гарсан зардал болох 700.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүд надад бүрэн нөхөн төлсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 29-31-р тал /,

-Гэрч Б.Нямаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын зах дээр хувиараа мал, махны ченж хийдэг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Улаангом сумын зах дээр, ажлаа хийгээд байж байтал Б.Жаргал надтай ирж уулзсан. Б.Жаргал надад "Би хөдөөнөөс 3 үхэр авч ирлээ. Тэр үхрүүдийг зармаар байна. Нас гүйцсэн эр үхрүүд байгаа. Би Наранбулаг сумаас өөрийнхөө үхрүүдийг авч ирсэн" гэж хэлсэн. Би өөрөө мал, махны ченж хийдэг учраас Б.Жаргалын зарна гэсэн үхрийг очиж үзэхээр шийдсэн. Тэгээд Б.Жаргалтай хамт яваад гэрт нь очиход хашаанд 3 тооны үхэр уяатай байсан. Тухайн 3 тооны үхэрт цоохор нүүртэй, хар зүстэй, 5 настай эр үхэр, цоохор нүүртэй, улаан зүстэй, 5 настай эр үхэр, хүрэн зүстэй, 8 настай эр үхэр зэрэг тооны үхэр байсан бас гурвуулаа зүүн чих урдаасаа гөлөм имтэй үхрүүд байсан. Тухайн үхрүүдэд ямар нэгэн тамга болон бирк байгаагүй бөгөөд бие жижигтэй үхрүүд байсан учраас би Б.Жаргалд "Энэ 3 үхэр чинь бие жижигтэй үхрүүд байна. Чи хэдээр зарах вэ гэж асуухад Жаргал "3-ууланг нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр зармаар байна. Надад мөнгөний хэрэг гараад өөрийнхөө үхрүүдийг зарж байна" гэж хэлсэн. Би Б.Жаргалд "Би энэ үхрүүдийг чинь 1.500.000 төгрөгөөр авч чадахгүй. Харин 3-ууланг нийлүүлээд 1.100.000 төгрөгөөр авч болно" гэж хэлэхэд Б.Жаргал нь тухайн 3 үхрийг 1.100.000 төгрөгөөр надад зарахыг зөвшөөрсөн. Би Жаргалд "Би одоо ажилтай байна. Орой гэртээ очоод чам руу ярихаар үхрүүдээ аваад хүрээд ир" гэж хэлчихээд зах гарсан. Би зах дээр байж байгаад өдөр 16:00 цагийн орчимд Б.Жаргал руу залгаж "Би одоо гэртээ харих гэж байна. Чи үхрүүдээ аваад манайд хүрээд ир" гэж хэлээд өөрийнхөө гэрийг зааж өгсөн. Би тэр дороо гэртээ очоод байж байтал Б.Жаргал 3 тооны үхрээ цагаан өнгийн Портер маркийн автомашинд /улсын дугаарыг нь санахгүй байна/ ачаад манай гадна ирсэн. Тухайн портерын жолоочийг би танихгүй. Би Б.Жаргалын авч ирсэн 3 тооны үхрийг буулгаж аваад Б.Жаргалаас "Энэ үхэрний чинь гарал үүслийн бичиг хаана байна" гэж асуухад Жаргал "Би өөрийнхөө малаас авч ирсэн. Гарал үүслийн бичгээ авч амжаагүй. Янз бүрийн асуудал байхгүй болохоор та санаа зовох хэрэггүй" гэж хэлсэн. Би Б.Жаргалаас "Чи арай хулгайн үхэр авч ирсэн юм биш биз дээ" гэж асуухад "Тийм зүйл огт байхгүй. Би өөрийнхөө үхрээс авч ирсэн болохоор та санаа зовох хэрэггүй. Би гарал үүслийн бичгийг нь таньд авч ирээд өгнө" гэж хэлсэн. Тэгээд би Б.Жаргалд урьдчилгаа болгож 500.000 төгрөг өгөөд явуулсан. Би Б.Жаргалаас авсан 3 үхэрнээс улаан зүстэй, 5 настай эр үхэр, хүрэн зүстэй, 8 настай эр үхэр зэргийг нядалж махыг нь хүмүүсд зарсан. Би зах дээр зогсож байгаад мах зарсан учраас ямар ямар хүмүүсд зарж, борлуулсан болохоо хэлж мэдэхгүй байна. Тухайн 2 үхэрний толгой шийрийг нь мөн зарж борлуулсан. Ямар хүн худалдаж авсан болохыг нь одоо санахгүй байна. Харин ширийг нь арьсны ценжэд зарсан. Хэн гэдэг ченжэд зарсан болохоо огт санахгүй байна. Харин Б.Жаргалаас авсан цоохор нүүртэй, хар зүстэй, 5 настай эр үхрийг нядалж зараагүй байсан бөгөөд танай байгууллагад хураалгаад, эзэнд нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг / хх- ийн 32-33-р тал/ болон эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөн байцаагчийн тогтоол, Увс финанс-Аудит ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Үхэр үнэлсэн тухай” 577 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч нарын  мэдүүлэг зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд Я.Баасанжав нь хулгайн гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө  урьдчилан  тохиролцоогүй боловч  Б.Жаргалын бусдын эд хөрөнгө хулгайлах үйлдлийг дэмжиж, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул Я.Баасанжавыг хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх ялтан нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан нарын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, тэдгээрийн мэдүүлгээс гадна хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хуульзүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Я.Баасанжавын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн “Я.Баасанжавын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх, ялтан Б.Жаргалын “...би М.Тэрбишийн  зааж зөвлөснөөр худал мэдүүлэг өгсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх гомдлуудыг тус тус хангах боломжгүй байна.

Ялтан нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 25-58 УВХ улсын дугаартай “Портер” загварын авто машин ашигласан нь тогтоогдсон боловч уг машины эзэмшигч Я.Баасанжав нь гэмт хэрэг гарахаас өмнө уг машиныг “Бэрс капитал” ХХК-тай Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар барьцааны гэрээ /фидуци/ байгуулан барьцаанд тавьсан,  одоогоор уг машин нь уг компани эзэмшилд байгаа, гэрээний хугацаа дуусаагүй  болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул уг машиныг улсын орлогод оруулах боломжгүй байх ба харин уг машины үнийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай байх тул гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “ Шударга ёсны зарчимд “ нийцнэ гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын 5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 25-58 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын авто машиныг Я.Баасанжаваас, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу Я.Баасанжаваас 600.000 /зургаан зуун мянга/, М.Тэрбишээс 600.000 /зургаан зуун мянган/, Б.Жаргалаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг,  гэмт хэрэг үйлдэж олсон 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг Б.Жаргалаас  тус тус гаргуулан улсын орлого болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Жаргал, Я.Баасанжавын өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.