Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 676

 

 

С.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1251 дүгээр магадлалтай, С.Оад холбогдох 1902009340042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй,

2017 оны 09 дүгээр сарын 20-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгүүлсэн, Халх боржгон овогт С.О нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч С.Оад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч С.Оыг сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 13 настай охин О овогт Э, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн 6 настай хүү К овогт Р нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.О гаргасан гомдолдоо: “... Би 461 дүгээр хорих ангид түр хоригдож байхдаа прокурор М.Очбадрахад 2 хүүхэд аюултай байдалд үлдсэнийг бичгээр болон амаар удаа дараа хэлж байсныг шүүх хурлын явцад хүлээн зөвшөөрч байсан. Гэвч одоо хүртэл миний 2 хүүхдэд тустай ямар ч арга хэмжээ аваагүй, зөвхөн намайг яллах, гэм буруутай болгохыг урьтал болгосонд маш их гомдолтой байна. Хэрвээ намайг энд хоригдож байх хугацаанд 2 хүүхдэд маань ямар нэгэн аюул учрах, гэмтэж бэртэх эрсдэл зэрэгт прокурор М.Очбадрахыг шууд холбогдуулах болохоо мэдэгдэж байна.

Миний хувьд хэрэглэсэн дээрээ маргаагүй, буруугаа хүлээж байна. Гэвч хамтран ажиллах гэх тодорхойлолтоор миний эрх зүйн байдлыг доройтуулж ялласанд гомдолтой байна. Өөрийн амьдрал, үр хүүхдийн аюулгүй байдлыг эрсдэл оруулан байж зүтгэсний төлөө нууцын гэсэн ганц үгээр өөрийн үйлдлийг далдалж, эд мөрийн баримтыг миний эсрэг ашигласан. Гэрээ гэх зүйл дээр 13.3 зүйл заалтыг уншиж танилцан гарын үсэг зурсан байтал намайг хамгаалах ямар ч үндэслэл болоогүй нь миний эрх, манай гэр бүлийн аюулгүй байдлыг зөрчиж байна. Монгол Улсын хууль нь өөрөө энэрэнгүй шударга, мөн Монголын хүний эрхийг дээдэлдэг. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзээд эрхийн минь дагуу зөв шийд гаргана гэдэгт гүнээ итгэж байна. Мөн миний 2 хүүхдийн эрх зүйн байдлыг доройтуулахгүйгээр шийдэж өгнө үү. Охин О.Э, хүү К.Р нарын асран хамгаалагчийг тогтоогоогүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хариуцуулсанд гомдолтой. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын мэдэлд гэдгийг өөрчилж, эцэг болох Сэргэлэнгийн асрамжинд өгөх хүсэлтэй. Прокурор М.Очбадрахын шийдвэр нь миний болон 2 хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр болсныг дахин нягтлан шалгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1.С.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн албан хаагч нар санал тавихад нь зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр метамфетамины агууламжтай 20.2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэнээс авч, хаана нууснаа тухайн өдөр зааж өгч, хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олж илрүүлэхэд тусалсан байдаг. Б.О нь хууль зүйн мэдлэггүй иргэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний хэсэгт багтах хамтран ажиллах этгээдээр тогтоох гэсэн ойлголтыг мэдэхгүй. Харин энэхүү ажиллагаа байдаг гэдгийг цагдаагийн алба хаагч нар танилцуулж, хүнээс авсан байж болзошгүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа бол түүнийг гаргаж өгөх санал тавьсаны дагуу нуусан газраасаа гаргаж өгсөн нь хууль зүйн хувьд хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч цагдаа, хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, хууль бус үйлдлийг илчлэхэд оролцож иргэний үүргээ биелүүлэх түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдгийг нотолж байна.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж, үүний үр дүнд С.О гэм буруутай болохоо мэдсэн даруй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг нуусан газраасаа гаргаж өгсөн мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт хамтран ажиллах этгээдээр тогтоосон баримт байхгүй, мөн шүүх хуралдаанд прокурорыг татгалзан гаргах хүсэлт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх шалгах, прокуророос тайлбар авах явцад прокурор М.Очбадрах шүүгдэгч С.О нь хамтран ажиллах саналаа амаар болон бичгээр гаргасан, энэ төрлийн гэмт хэргийн зохион байгуулагч, борлуулагч нартай холбоотой мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгч байсан, харин энэ нь гэмт хэргийн шинжгүй, хамтран ажиллах боломжгүй байсан тул хамтран ажиллах хүсэлтийг хангаагүй гэж тайлбарласан байгаагаас үзэхэд С.О энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, түүнийг таслан зогсооход чинхүү хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байсан, хамгийн гол нь мансууруулах бодис, сэтгэц нөлөөт бодисыг борлуулагч, хэрэглэгч нар авдаг газрын байршлыг Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид гаргаж өгсөн зэргээр тогтоогдож байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд С.Оын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид өгсөн гэх дүрс, дуу бичлэгийг хуулбарласан флаш дискийг нотлох баримтаар шинжлэн судлуулахаар өгөх хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. Уг бичлэгийг шүүх хуралдаанд нотлох баримтаар хэлэлцүүлсэн бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх хангалттай баримтыг С.О гаргаж өгсөн гэдгийг мэдэх боломжтой байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.10-т зааснаар “Хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах” гэж хуульчилсан байдаг. Мөрдөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурорын зөвшөөрөлгүй С.Оын гэрт үзлэг хийсэн. Ийнхүү хойшлуулшгүй тохиолдолд үзлэг хийхдээ IРhonе маркийн гар утсаар бичлэг хийж баталгаажуулсан боловч энэхүү бичлэг нь хавтаст хэрэгт авагдаагүй, энэ бичлэгийг хэрэгт яагаад авагдаагүй талаар прокуророос асуухад мэдэхгүй байгаа нь хардлага төрүүлж, мөрдөгч, прокурор энэхүү хэргийн газар хийсэн 2 бичлэгийг санаатайгаар хавтаст хэрэгт хийгээгүй гэж үзэхээр байна. С.О урьд нь энэ төрлийн хэрэгт ял шийдэгдэж байсан, энэхүү хорт зуршлаас гарах гэж тэмцэж байгаа, өрх толгойлсон 2 хүүхэдтэй эх хүн, тэрээр шууд энэ төрлийн хорт зуршилтай хүмүүсээс зайгаа барих нь түүний амь нас, 2 хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг байнга хэлж байсан. Учир нь шууд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээс татгалзсан зарим нэг хүмүүс эрүүл мэндээр хохирч, амь нас нь хохирсон байдаг гэдгийг өөрөө дурьдаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн зохион байгуулагч нар нь хэрэглэгч, борлуулагч гэсэн 2 төрлийн хэсэгт объектоо хуваадаг. Хэрэглэгч нарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээс татгалзахыг хүлээн зөвшөөрдөггүй, шууд дарамт учруулдаг, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж барьж өгч магадгүй гэсэн үүднээс заналхийлдэг, амь насанд аюултай харилцаа байдаг тул С.О биеийн эрүүл мэндийн улмаас хэрэглэх боломжгүй гэж таарсан хүмүүсээс зайлсхийн, зарим тохиолдолд ганц хоёр сорсон болоод ингэж бага багаар зайгаа авч, зайлсхийн өөрийгөө авч гарахын тулд хүчээр сорох тохиолдол байдгийг өгүүлж байгааг Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн анхааралдаа авч мэдүүлэг авахдаа ч үүнийг тусгаагүй байдаг. Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн хэрэглэгчийн тоо өсч байгаа ч энэ хорт зуршлаас гарах гэж хүсч байгаа бас олон хүн байгаа гэдгийг хуулийн байгууллага нөгөө талаас харах хэрэгтэй гэдгийг өгүүлмээр байна. Хэрэв хэрэглэсэн л бол гээд шийтгээд байвал энэ хэргийн зохион байгуулагч, борлуулагч нар нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй, харин хэрэглэсэн хүмүүс нь шоронд ял эдэлж, гол зохион байгуулагч, борлуулагч нар нь шинэ хэрэглэгчийг үүсгээд, бий болгоод явна гэдгийг одоо ойлгож үүнд шүүх дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хамтран оролцох этгээдээр санал тавьж буй хэрэглэгч бүрийг татан оролцуулж, зохион байгуулагч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулагч нарыг илрүүлэн шинэ хэрэглэгч нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй хэрэглэгчийн тоог дан ганц цагдаагийн байгууллага илрүүлж, мөн хуулийн байгууллага хариуцлага тооцоод таслан зогсоогдохгүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

2.Цагдаагийн мөрдөгч нар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.Оын гэрт үзлэг хийж ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв С.О засраагүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын байнгын хэрэглээтэй байсан бол гэртээ тэрхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг авчрах байсан. Харин өөрт нь тийм ч шаардлагагүй зүйлийг өөрөөс зайлуулж хол мэдэхгүй орон сууцны хогийн савны хажууд нуусан байдаг. Шүүхээс энэхүү нуусан үйлдлийг С.О нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг устгаагүй, эргэж ирж авах байсан гэж таамаг дүгнэж байгаа нь өөрөө шууд тогтсон хөтөлбөргүй нотлох баримт хэрэгт байхгүй. С.О нь хэрэв хаясан л бол Шараа гэгч этгээд түүнийг зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг мэдсэн тул нууж түүнд буцааж өгөх зорилго агуулж байсныг ойлгох шаардлагатай байна.

Мөн цагдаагийн алба хаагчид түүний гэрээс ямар нэгэн зүйл олоогүй бөгөөд С.Оад гүйцэтгэх ажлын шугамаар ажиллаж байгаа гэдгээ хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг хамааралгүй тул нуусан зүйл байвал гаргаж өгөөд уг гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах санал тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.9-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь С.О хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, үүний дагуу цагдаагийн алба хаагч нар хойшлуулшгүй ажиллагаагаар үзлэг хийгдэж байгаа, мөн түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нуусан талаар гэрчээр байцаалт аваагүй ба мөрдөн шалгах ямар ажиллагаанд оролцож байгаа гэдгийг С.О мэдээгүй, энэ талаар цагдаагийн алба хаагч нар түүнд хэлээгүй, ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хүнээс авсан бол түүнийг хаана нуусан болон хаана байгаа талаар асууж хамтран ажиллах санал тавьсанаар тэрээр нуусан газраа зааж өгсөн. С.О нь гэрчээр байцаалт өгч, үзлэг, нэгжлэг хийсэн болон бусад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад ямар нэгэн зүйлийг нуусан талаар хэлэхгүй байснаа эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл үүссэн тохиолдол бий болоход нуусан газраа зааж өгсөн тийм үйл баримт хавтаст хэрэгт байхгүй, харин ч тухайн үйл явц эхлэнгүүт цаг тухайд яаралтай арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагын ажилд саад учруулахгүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа газрыг зааж өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаа явагдахаас өмнө сайн дураараа мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг шилжүүлэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн Тайлбартай нийцэж байгаа тул түүнийг эрүүгийн ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, С.Оыг хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн 3 жилийн хорих ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргаж буй хамтран ажилласан гэх гомдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Оад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутны хамт 20.2870 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхрын хогийн бункерын хоолойн ард нууж, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч С.Оад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу гэмт хэрэг нотлогдсон байдлыг судалж үзэхэд Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь нэр бүхий Монгол Улсын иргэн бусадтай бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт худалдаалж байгаа тухай гэмт хэргийн шинжтэй мэдээллийг нууц эх сурвалжаас хүлээн авч /хх-9/, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн /хх-1/ байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн нэр бүхий мөрдөгч хойшлуулшгүй журмаар С.Оын оршин суух Сонгинохайран дүүргийн 37 дугаар хорооны нутаг, “Содон” хороололд байрлах орон байранд нэгжлэх хийх явцад, тэрээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхарт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нуусан болохоо мэдүүлсний дагуу мөрдөгчид тухайн газарт үзлэг хийж, гялгар уутны хамт 21.6992 грамм жинтэй, метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй бодисыг хураан авсан, мөн өдөр С.Оаас биологийн дээж авч шинжлэхэд тэрээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч С.Оын хувьд өөрийн хууль бус аргаар олж авсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө сайн дураараа цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн, түүнчлэн  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна С.Оыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд заасан журмын дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн Тайлбарт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Оын 13 настай охин О.Э, 6 настай хүү К.Р нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрийн оршин суугаа дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд шүүгдэгч С.Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, мөн түүний насанд хүрээгүй 2 хүүхдийг шүүгдэгчийн эцэг Н.Сгийн асрамжинд өгөх талаар шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1251 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                                 С.БАТДЭЛГЭР           

                                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН