Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2023/00037

 

2023 04 20 207/МА2023/00037

 

 

 

Г банк ХХК-ийн О салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн О салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 25.006.252 төгрөг тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Э нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн О салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч М-ийн Б /РД:..................../ нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г банктай ......................... дугаарт зээлийн гэрээ байгуулан 14,450,000.00 /Арван дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 48 /Дөчин найман сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ............................ дугаарт зээлийн гэрээ байгуулж,зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 10,000,000.00 /Арван сая/ төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 21,712,698.38 төгрөг болгон дахин зээл авсан болно.Мөн 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр .........................-В дугаарт зээлийн гэрээ байгуулж зээлийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан болно. Зээлдэгч М.Б- нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа богөөд зээл төлөх хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болох бөгөөд банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ......................... Үндсэн өр 16,271.909.56 төгрөг, үндсэн хүү 8,367,546.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 366,796.14 төгрөг, 25,006,252.52 төгрөгийг М овогтой Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...2017 оны 09 дүгээр сарын 27-нд Улаанбаатар дахь Г банкны зээлийн төвөөс 15 000 000 төгрөгийн цалингийн зээл авч амьдрах хашаа байшин авсан. Эргэн төлөлийн графикийн дагуу төлж байсан боловч дэлхий нийтэд ковид 19 цар ахал гарч хөл хорио хийгдэж хил хаагдсан нүүрс тээврийн ажил удаан хугацаагаар зогссон. Энэ хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар түр хөдөлмөрийн чадвар алдаж ажлаасаа гарсан. 2022 оны 06 дугаар сард эргэн ажилдаа орсон боловч хятадад ковид хууль хатуу Цагаанхадны боомтоор орж, гарах шинжилгээ, очерт орох, тусгаарлалтанд орох зэрэг хүндрэл ихтэй үндсэн төлбөр 16 271 909 төгрөг, үндсэн хүү 8 367 546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 366 546 төгрөг, нийт 25 006 252 төгрөг нэхэмжлэл хүлээн авлаа. Миний бие одоогоор Цагаанханданд 2 сар тусгаарлагдаж 1 ч ачаанд ороогүй байна. Энэ нь ковидын шинжилгээ 14 хоног тутамд авах хойш тусгаарлагдаж байгаа машины жолооч нараас тогтмол эерэг шинжилгээ гарч тээвэр хойшлогдсоор байна. Зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүүгээс хасуулах хүсэлт гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэхдээ тусгай академын захирал Б.Э хүүнээс 2.000.000 төгрөгийг хасах шийдвэр гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Одоо маш их хэмжээний хүү бодогдчихоод байгаа. Ажилтай хүн огт байхгүй, ганц тэтгэврээрээ амьдарч байсан боловч тэтгэврээ барьцаалаад зээл авчихсан. Одоо ямар ч орлогогүй болсон учраас зээлээ төлөх төлбөрийн чадваргүй болчихоод байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг баримтлан хариуцагч М.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 18 822 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гбанк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.183.774 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 981 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Б-гаас 252 062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Э нар давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн дагуу талууд 2017 оны 09 сарын 27 -ны өдөр ........................ тоот гэрээ, 2018 оны 12 сарын 13 -ны өдрийн ........................А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2021 оны 02 сарын 24 -ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ ........................В тоот гэрээнүүдийг байгуулсан. Тус гэрээ нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн ажиллагааны тухай хуулийн 20 дүгээр зүйлд заасны дагуу ... зээлийн гэрээний 2.2 т заалтанд Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төдөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд зээл, зээлийн хүүг төлнө... гэж заасан мөн зээлийн гэрээний хугацаа нь 2023 оны 04 сарын 05 өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд банк нь хариуцагчаас бүрэн шаардан авах эрхтэй байна. Шүүхийн шийдвэрт ........................... тоот зээлгшн гэрээг цуцалж, хариуцагч М.Б-гаас зээлийн гэрээнш үүрэгт 18.822.478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.183.774 төгрөг хэрэгсэхгүй болгосугай... гэж заасан нь хуулийг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ...Шүүх 223 дугаар зүйлийн 223.2 -д заасан гүйцэтгээгүйгээс төлбөрийг үүрэг ёсоор анз авах эрхээ алдсан гэж дүгнэлээ... гэх хэсэг нь 453 дугаар зүйлийн 453.1 хэсгийн зөрчсөн байх тул 2023 оны 01сарын 12 өдрийн Дугаар 142/ШШ2023/.............. тоот анх шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн О салбар нь хариуцагч М.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 25.006.252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М.Б- нь зээлийн хүүнээс хасуулна, өндөр тогтоосон гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч М.Б- нь Г банк ХХК-ийн О салбартай 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14.450.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 10.000.000 төгрөгийг нэмэгдүүлж авсан, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан өөрчлөлт тус тус оруулсан, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч М.Б- нь үндсэн зээлд 8.178.090 төгрөг, хүүнд 12.672.349 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16.743 төгрөг нийт 20.867.184 төгрөг төлсөн байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагч М.Б- нь авсан зээлээ графикийн дагуу төлж байтал дэлхий нийтэд Ковид цар тахал гарч, хөл хорио тавигдаж хил хаагдсанаас нүүрс тээврийн ажил зогссоноос цалин хөлс, орлогогүй болж зээлээ графикийн дагуу төлж чадахгүй байдалд орсон, зээлийн хүү хэт өндөр байна, хүүнээс хасуулмаар байна гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Хариуцагч М.Б- нь 2020 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийг графикийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байна.

Шүүх зээлийн гэрээний үүрэг дээрх хугацаанаас зөрчигдөж эхэлсэн байхад нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн гэрээний хугацаа хэтэрч хүү нэмэгдсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж шаардсан хүүгийн 50 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох, нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 223 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч М.Б- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тул хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч банк нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар дуусгавар болгон хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжилсэн хүүнээс 2.000.000 төгрөгийг хасаж тооцохоор татгалзсан нь хуулинд харшлахгүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд банкинд 1.800.000 төгрөг төлсөн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч М.Б-гийн нийт төлөх үнийн дүнгээс нийт 3.800.000 төгрөгийг хасч 21.206.251 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн О салбар нь хариуцагч М.Б-г зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болох бөгөөд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ........................ дугаартай зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй шаардлагыг шийдвэрлэж шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тухай зарчмыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/ дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451.1., 452.1., 453.1.-д зааснаар хариуцагч М.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 21.206.251 төгрөг гаргуулж Г банк ХХК-ийн О салбарт олгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгөөс татгалзсныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч М.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 263.981 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Э нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.890 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У