| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2022/00993/И |
| Дугаар | 207/МА2023/00044 |
| Огноо | 2023-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 207/МА2023/00044
2023 05 11 207/МА2023/00044
Б.Г, Д.Б нарын
нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК,
Ш.Р нарт холбогдох
иргэний хэргийн тухай
О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .......................... дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Г, Д.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК, Ш.Р нарт холбогдох,
О аймаг Б сумын 7-р баг, Д хотхон ................байрны ...тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Рийн нэхэмжлэгч Д.Б, Б.Г нарт холбогдуулан О аймаг Б сумын 7-р баг, Д хотхон ................байрны ...тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Б.Г, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж /цахим/, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О аймаг Б сум Д баг О хотхон .......... тоот байрнаас барилга барьсан ажлын хөлс төлбөрт тооцон 2 орон сууц авахаар болж, 20...оны 07 дугаар сард бартерын гэрээ байгуулсан. Үүний дараа барилгын ажил дуусаж байр ашиглалтад орсон хойно тухайн байрны ...тоот орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан ба орон сууцыг тухайн компани 2015 он хүртэл оффисын зориулалтаар ашигласан бөгөөд нэхэмжлэгч бид нар 2015 онд орон сууцандаа нүүж орж байсан. Орон сууцандаа орсноос хойш өнөөдөр хүртэл амьдарч байгаа бөгөөд орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхөөр талууд тохиролцсон. Мөн 20 тоот орон сууцыг өгөхөөр хэлцэл хийсэн боловч гэрээг байгуулаагүй. Сүүлдээ тухайн байрыг өөр хүнд өгөх болсон, тухайн хүнээс ирэх мөнгөөр тооцоогоо дуусгая гэснийг зөвшөөрсөн бөгөөд тухайн 20 тоотыг худалдан авсан гэх Д гэх хүн бидэнд 14.000.000 төгрөгөнд тооцон хашаа байшингаа өгсөн. Энэ хугацаанд Т ХХК нь гэрчилгээ гарна, түр хүлээж бай гэх зэргээр гэрчилгээг өгөөгүй удсан. Уг орон сууцыг 58.000.000 төгрөгт тооцож авсан. Гэтэл гэнэт Ш.Р гэх хүн нэхэмжлэлийн шаардлага бидэнд холбогдуулан гаргасныг танилцахад Т ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэх баримт гаргаж өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Манайхыг тухайн байрыг авахад ийм гэрээ байгааг нь мэдэгдээгүй, 2021 онд хөрөнгө оруулагч гэж өөрийгөө танилцуулж байсан Р өөрийгөө гэрээтэй гэж огт хэлээгүй, хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тухай огт хэлээгүй, харин хөрөнгө оруулагч учраас эдгээр байрыг мэдэлдээ авч байна гэх үгийг анх утсаар 2021 оны 09 дүгээр сард ярихдаа хэлж байсан. Төлбөрт тооцсон гэж орон сууцыг өөртөө шилжүүлэн авсныг нэхэмжлэл ирэхэд олж мэдлээ. Тухайн хөрөнгө оруулалтын маргаанд миний орон сууцыг надад огт мэдэгдэхгүй авч, бидний эрх ашгийг хохироосон үйлдэл нь хууль бус гэж үзэж байх тул нэхэмжлэгч биднийг 20...оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бартерийн гэрээ болон 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Т ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу О аймаг Б сум Д баг О хотхон ............ тоот байрны ...тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... мөн бид нэхэмжлэлийн шаардлагыг О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэгээг хүчингүй болгох, Т ХХК болон Ш.Р нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 23-нд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ш.Р, нарын хооронд 2014 оны 05 сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж шүүхэд гаргасан хариу болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т ХХК болон Ш.Р нарын хооронд байгуулсан 830,000,000 төгрөгийн асуудал, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй яаж уялдаж холбогдоод байгааг анхаарч хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан захиалан бариулах гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг урьд нь гаргаж байсан бөгөөд хэрэгт байж байгаа нэг асуудал дээр хоёр шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хоёр иргэний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авсан гэхэд эргэлзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагадаа ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй байхад хүлээн авсан нь хууль зөрчиж байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Г, Д.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ............................. дугаартай захирамжаар Ш.Рийг хамтран хариуцагчаар татсан билээ. Иймд Б.Г, Д.Б нарыг миний өмчлөлийн Үл хөдлөх хөрөнгийн 0008105...дугаартай гэрчилгээ бүхий ....................... дугаарт бүртгэлтэй О аймаг Б сум Д баг ................ ............ тоот байрны ...тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00267 дугаар шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар О аймаг Б сум Д баг О хотхон ............ тоот байрны ...тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О аймаг Б сум Д баг О хотхон ............-р байрны ...тоот сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Т ХХК болон Ш.Р нарын хооронд байгуулсан захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О аймаг Б сум Д баг ................ ............ тоот байрны ...тоот орон сууцнаас нэхэмжлэгч Б.Г, Д.Б нарыг албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г, Д.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.586.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Жы улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Г, Д.Б нараас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.Жд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Г, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.10 ны өдрийн .......................... тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 -р хэсэгт хариуцагч Т ХХК болон Ш.Р нарын хооронд 2013.10.23-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээгээр худалдан авч, өмчлөгч болсон байна гэх дүгнэлт үндэслэлгүй буюу хариуцагч нар энэхүү гэрээг 2013.10.23-нд байгуулаагүй, харин 2020.08.27-нд гэрээ гэх баримтаар хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөрөөс 361.660.000 төгрөгөнд тооцож, 9 ширхэг байр Ш.Рийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсны 3 дугаарт маргаан бүхий ...тоот орон сууц орж байгаа талаарх нотлох баримтыг, мөн 2020.04.27-ны өдрийн гэрээ 310.000.000 төгрөгөнд тооцож, 375мк үйлчилгээний талбайг 35.000.000 төгрөгөөр тооцохоор 70.000.000 төгрөгөнд өөр хөрөнгө тооцохоор буюу ...тоот байхгүй байгаа баримтаар тухайн орон сууцыг эзэмшлээс нь чөлөөлж худалдахаар талууд тохиролцсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, улмаар 2013.10.23-ны өдрийн огноотой орон сууц захиалан байгуулах гэрээг 2020.08.31-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар Д.С-ын 2013 онд энэ гэрээг байгуулаагүй 2020 онд л байгуулсан, огноог өөрөөр бичсэн нь үнэн гэх тайлбар бүхий нотлох баримт хэрэгт авагдсан байхад 2013.10.23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх заалтыг хэрэглэхдээ хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөгч мөн эсэхэд, ямар хэлцлээр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан болох, уг шилжүүлсэн хэлцлүүд хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт 2013.10.23-ны өдөр хариуцагч Ш.Р орон сууц худалдан авах гэрээ хийсэн гэх байдал үгүйсгэсэн баримтуудыг тал бүрээс бодитоор судлаагүй бөгөөд худалдах худалдан авах гэрээг 2013 онд хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. 2-т хариуцагч Ш.Р 2012.07.05-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр 500.000.000 төгрөг хариуцагч оронзонболдод өгсөн гэх ба уг гэрээний дагуу оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг авахаар талууд тохиролцсон байна. Гэтэл 2014.05.13-ны өдөр талууд 830.000.000 төгрөг зээлж авсан мэт хууль зөрчсөн, дүр эсгэсэн зээлийн гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2014.05.13-ны өдөр хариуцагч нар 830.000.000 төгрөг өгч, аваагүй буюу хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг биелүүлэхгүй байсан тул хүү тооцож 830.000.000 төгрөг болж, тооцоо нийлээд, зээлийн гэрээ байгуулсан юм гэх талуудын тайлбарыг шүүх гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1.-т заасан зээлийн гэрээний шинж нотлогдоогүй буюу 2014.05.13-ны өдөр зээлдэгчийн өмчлөлд 830.000.000 төгрөг огт шилжүүлээгүй болох нь хэрэгт нотлогдсон. Энэ нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх заалтыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзнэ. Энэхүү хэлцлийн хүчин төгөлдөр бус байх үндэслэл нотлогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 3-т Б.Г, Д.Б нар Т ХХК-тай 2012.07.10-ны өдөр бартерын гэрээ, мөн 2014.03.20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр ...тоот орон сууцыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч 2015 оноос амьдарч эхлэн, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэх холбогдох баримтыг гаргаж өгсөн ба тэднийг амьдарч байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч албадан гаргах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн орон сууцны үнэ болох 57.780.000 төгрөгийг бүрэн төлсөн. Төлсөн хэлбэр нь барилгыг барих болон барилгын материал нийлүүлж, техник хэрэгслийг ашиглуулж бартер хийж, ажлаа бүрэн хийж гүйцэтгэсний үнэнд орон сууцыг өмчлөлд нь шилжүүлсэн болох нь 2014.03.20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээгээр нотлогдоно. Харин 2020.08.27-нд гэрээ гэх баримтаар хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөрөөс 361.660.000 төгрөгөнд тооцож, 9 ширхэг орон сууц Ш.Рийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсны 3 дугаарт маргаан бүхий ...тоот орон сууцыг хэдэн төгрөгөнд тооцон авсан нь тодорхойгүй буюу 361.600.000 төгрөг гэж тодорхойлсон хэсгийг орон сууцны тоонд хувааж үзэхэд 1 орон сууцыг дундажаар 40.177.000 төгрөг гэж тооцоологдож байх ба хэрэгт авагдсан зарим баримтаас харахад 40.600.000 төгрөгөнд тооцон эзэмшилд шилжүүлсэн гэх зэргээс зөрүүтэй, мөн 2020.04.27-ны гэрээ дүгнэсэн гэх актаар 7 ш орон сууцыг 31.000.000 төгрөгөөр тооцсон баримт, 2020.08.27-ны өдрийн гэрээ гэх баримтад нэмж дурдсан 375 мк үйлчилгээний талбайг 35.000.000 төгрөгөөр тооцохоор, 70.000.000 төгрөгөнд өөр хөрөнгө тооцож, эзэмшиж зарахаар тохиролцсон гэх үнийн дүнгээс харахад авсан гэх 500.000.000 төгрөгөөс илүү буюу нэмсэн гэх 12, 20 тоот байруудын үнэ оролцохгүйгээр дээрх тооцоолол гарч байгаа нь үндэслэлгүйгээр бусдын эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгө рүү халдаж эрх ашгийг нь хохироосон, мөн эдгээр байрны эзэмшигч нарыг чөлөөлөхөөр талууд гэрээ хийсэн нь хууль зөрчсөн байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Эдгээр зарахаар эзэмшүүлсэн гэх хөрөнгийн үнэ хөрөнгө оруулсан гэх 500.000.000 төгрөгнөөс илүү гарсан /100.000.000 төгрөг өгсөн гэх/ үнэ бүхий орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авсан нь нотлогдож байхад хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 4-т 2014.05.13-ны өдөр талууд 830.000.000 төгрөг олгосон гэх зээлийн гэрээг үндэслэн тусгай тэмдэглэл хийлгэсэн тухайд 830.000.000 төгрөг олгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байхад уг үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн нь хуульд нийцээгүй буюу Улсын бүртгэлийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т урьдчилан тэмдэглэл хийхдээ гэрээ хэлцлээ хавсаргахыг заасны дагуу хавсаргасан гэх 2014.05.13-ны өдөр 830.000.000 төгрөгийг олгосон гэх зээлийн гэрээ нь хууль зөрчиж дүр эсгэсэн, хуульд заасан зээлийн гэрээний шинжийг зөрчсөн гэрээ буюу Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бусд тооцох хэлцэл учир Улсын бүртгэл хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. 5-т 2020 онд тухайн орон сууцны үнэ дангаараа 95.000.000-105.000.000 төгрөгийн үнэ хүрэх үед жинхэнэ өмчлөгч эзэмшигч нарын эрх ашгийг хохироож, гэрчилгээг нь зориуд гаргаж өгөхгүй байсан ах дүүс гэх оронзонболд болон Ш.Р нарын үйлдэл хэд хэдэн өмчлөгч, эзэмшигч нарын эрх ашгийг хохироосны нэг нь нэхэмжлэгч нар юм. 6-д Б.Г, Д.Б нар Т ХХК тай 2012.07.10-ны өдөр бартерын гэрээ, мөн 2014.03.20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 57.780.000 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож буюу орон сууцны үнийг бүрэн төлсөнд тооцож, хөрөнгийн өмчлөгч болсон гэх үндэслэлээр орон сууцыг эзэмшсэн үйл баримтад хариуцагч нар маргадаггүй бөгөөд орон сууцны жинхэнэ өмчлөгч Б.Г, Д.Б нар мөн тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн .......................... тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч Б.Г, Д.Б нар нь хариуцагч Т ХХК, Ш.Р нарт холбогдуулан О аймгийн Б сумын 7 дугаар баг, Д хотхон ................байрны ...тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Ш.Р нь нэхэмжлэгч Д.Б, Б.Г нарт холбогдуулан О аймгийн Б сумын 7 дугаар баг, Д хотхон ................байрны ...тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар О аймаг Б сум Д баг О хотхон ............ тоот байрны ...тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О аймаг Б сум Д баг О хотхон ............-р байрны ...тоот сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Т ХХК болон Ш.Р нарын хооронд байгуулсан захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О аймаг Б сум Д баг ................ ............ тоот байрны ...тоот орон сууцнаас нэхэмжлэгч Б.Г, Д.Б нарыг албадан чөлөөлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх байтал нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй гэж дүгнэн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, О аймгийн Б сумын Д багийн ................ ............ тоот байрны ...тоот орон сууцнаас нэхэмжлэгч Б.Г, Д.Б нарыг албадан гаргахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагч Т ХХК нь ................ ............ тоот байрны ...тоот орон сууцыг орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Бийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тухайн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хариуцагч Ш.Рийн нэр дээр гарсан нь эргэлзээтэй, улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 4.586.350 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .......................... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 4.586.350 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У
ШҮҮГЧ Б.О
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б