Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             

З.Ганболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, ялтан З.Ганболд, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, прокурор П.Удвал, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолтой, З.Ганболдод холбогдох эрүүгийн 201620000252 дугаартай хэргийг ялтан З.Ганболд, өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, Сонгино-Хайрхан дүүргийн 7 дугаар хороо 30-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 сарын 15-ны өдрийн 448 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, мөн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 340 тоот тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 4 жилийн хорих ялаар, Төв аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2, 123 дугар зүйлийн 123.1.2-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Төв аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу З.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-д зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан ялд нийцүүлэн 2 жил 01 сар хорих ял болгон өөрчилсөн. Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгүүлэн, ялын хугацаа дуусаж, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр суллагдсан, Инжээ овогт Зоригтбаатарын Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт иргэн Т.Дэмбэрэлнямбуу, О.Баярсайхан нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Т.Дэмбэрэлнямбууг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, иргэн О.Баярсайханыг хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Инжээ овогт Зоригтбаатарын Ганболдыг бусдын бие махбодид хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч З.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /тав/ жил, 3 /гурав/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч З.Ганболдод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ганболдын энэ хэрэгт цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Ялтан З.Ганболд, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар давж заалдах гомдолдоо: З.Ганболд нь урьд өмнө нь малын хулгайн хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгэл хүлээж биеэр эдэлж суллагдаж байсан ба  ам бүл-6, настай ээж, өнчин 2 дүү, төрсөн дүүгийн өнчин 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт амьдарч байсан. Урьд нь ял эдэлж, суллагдаж ирээд алдаа дутагдлаа ойлгон, цаашид ажил хийж ээж, өнчин дүү нараа асрахаар тус компанид ажилд орж ажиллаж байх үедээ ажилчидтайгаа архи ууж хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэн уг хэрэгт холбогдсоноо ойлгон гэмшиж байгаа, мөн хохирогчид хохиролоо төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар чанга дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

З.Ганболд нь 2016 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Т.Дэмбэрэлнямбуу, О.Баярсайхан, Д.Төгсбаатар нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт баригдаж байсан цэцэрлэгийн барилгын ажилчдын гэрт архидан согтуурч, улмаар хувийн таармжгүй харилцааны улмаас маргалдаж иргэн Т.Дэмбэрэлнямбуугийн цээжний зүүн талын суга руу хутгалж бие махбодид нь “цээжний зүүн талд суганы орчимд нэвтэрсэн шарх, цээжний зүүн талын хөндий цус хуралт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, хохирогч О.Баярсайханы зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалж хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч Т.Дэмбэрэлнямбуугийн “...Ганболдыг холдуулах гэтэл Ганболд миний зүүн гарны суганы хойд хэсэг рүү 1 удаа хутгалсан. З.Ганболд 2 дахь удаагаа намайг хутгалах гээд гараа далайх үед нь би зүүн гараараа хаахад миний зүүн гарын сарвууны үений дотор тал хутганд зүсэгдсэн. О.Баярсайхан “Чи яагаад хүн хутгалж байгаа юм хэлээд гэрийн янданг хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл З.Ганболд гартаа барьж байсан хутгаараа О.Баярсайханы зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү нь нэг удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг,

-Хохирогч О.Баярсайханы: “...Ганболд хутга барьж орж ирээд " Би та нарыг ална шүү. Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу" гэж хэлээд Дэмбэрэлнямбуугийн нүүрний хэсэг рүү нь зүүн гараараа цохиход Дэмбэрэлнямбуу хойшоо орон дээр унасан. Мөн Ганболд нь Төгсбаатарын толгойны хэсэг рүү нь зүүн гараараа цохиход Төгсбаатар орон дээр унасан. Тэгтэл Дэмбэрэлнямбуу босч ирээд " Чи болиоч. Яагаад байгаа юм бэ" гэж хэлэхэд Ганболд хутгатай гараараа Дэмбэрэлнямбуугийн зүүн суганы хэсэг рүү хутгалсан. Ганболд нь хутгатай гараараа Дэмбэрэлнямбуугийн биеийн зүүн талын хэсэг рүү дахин 1 удаа савах үед Дэмбэрэлнямбуу зүүн гараараа хаагаад хойшоо орон дээр унасан. ...Би Ганболдод хандаж " Чи яагаад хүн хутгалж байгаа юм. Архи уусан бол дуугүй унтаж амар. Чаддаг юм бол намайг хутгалчих " гэж хэлээд Ганболдыг айлгах гээд гэрийн янданг өшиглөсөн. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа миний зүүн талын хөлний гуяны гадна хэсэг рүү нь хутгалсан...” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Төгсбаатарын: “...Баярсайхан " Чи яагаад хүн хутгалж байгаа юм. Чаддаг юм бол намайг хутгалчих" гэж хэлж байсан. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа Баярсайханы баруун хөлний гуяны гадна хэсэг руу хутгалсан...”,

-Гэрч Н.Хонгорын: “...Ганболд ах гартаа хутга барьж орж ирээд "Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу. Би та нарыг ална" гэж хэлээд зүүн талын гараараа Дэмбэрэлнямбуу ахын нүүрний хэсэг рүү нь цохиход Дэмбэрэлнямбуу ах хойшоо орон дээр унасан. Мөн Ганболд ах Төгсбаатар ахын нүүрний хэсэг рүү зүүн гараар цохиод орон дээр унагасан. Төгсбаатар ахыг орон дээр унасны дараа Ганболд ах зүүн гараараа Төгсбаатар ахын нүүр, мөрний хэсэг рүү нь 2 удаа цохисон. Дэмбэрэлнямбуу ах өндийж босч ирээд "Болдоо чи болиоч. Яагаад байгаа юм бэ" гэхэд Ганболд ах хутгатай гараараа Дэмбэрэлнямбуу ахын зүүн талын суганы хэсэг рүү хутгалсан. Ганболд ах 2 дахь удаагаа хутгаа далайх үед Дэмбэрэлнямбуу ах зүүн гараараа хутгыг нь хаагаад хойшоо орон дээр унасан. ...Төгсбаатар ах, Баярсайхан ах 2 Дэмбэрэлнямбуу ахыг хажуунаас нь түшиж босгоод зуухны доод талаар тойрч гэрийн баруун дээд талд орон дээр хэвтүүлсний дараа Баярсайхан ах "Чи яагаад хүн хутгалж байгаа юм. Уусан юмаа зүгээр шингээгээд унт л даа. Чаддаг юм бол намайг хутгалчих" гэж хэлээд гэрийн яндан өшиглөсөн. Энэ үед Ганболд ах гартаа барьж байсан хутгаараа Баярсайхан ахын зүүн талын хөлний гуяны гадна хэсэг рүү нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Т.Дэмбэрэлнямбуугийн цээжний зүүн талд суганы орчимд нэвтэрсэн шарх, цээжний зүүн талын хөндийн цус хуралт, зүүн гарын сарвууны үений дотор талд болон зүүн бугалганы хэсэгт дээрх хэмжээтэй хутгалагдсан шархнууд үүссэн, дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх 523 дугаартай дүгнэлт,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “ О.Баярсайханы биед зүүн гуяны ар дунд хэсэгт хутгалагдсан шарх үүссэн байна. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 520 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд З.Ганболдыг бусдын биед хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт  “шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтай нийцжээ.

З.Ганболдод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй  байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хэргийн үйл баримтыг тодорхой мэдүүлсэн бөгөөд агуулгын хувьд зөрүүгүй байх тул ялтан З.Ганболдын “хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн.” гэх гомдол үндэслэлгүй байна.

Ялтан З.Ганболдод оногдуулсан ял түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул   ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг  хөнгөрүүлэх боломжгүй байна.

Иймд ялтан З.Ганболд түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын “ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан З.Ганболд, өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.