Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2023/00051

 

2023 05 25 207/МА2023/00051

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Л-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ............................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Л-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 28.950.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г- /цахим/, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

...Д.С- миний бие 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Я баг Х-ийн .................... тоот байршилтай хашаа байшинг Д нэртэй дэлгүүрийн хамт 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож авсан. Би С.Л-ас дэлгүүрийг авахад надад 1.000.000 орчим төгрөгний барааг хүлээлгэн өгсөн ба би 2021 оны 09 сарын 15-ны өдөр 16.000.000 төгрөг, 2022 оны 01 сарын 21-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн банкны зээлэнд 2.980.022 төгрөгийг буюу нийтдээ 24.980.022 төгрөгийг С.Л-д шилжүүлсэн. Би ковид цар тахлын улмаас, мөн хувийн ажпаас шалтгаалан дэлгүүрийг ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсч энэ талаар С.Л-д хэлэн дэлгүүрийг өөр хүнд зараад мөнгийг нь өгье тэр хүнд дэлгүүрийн эрх бичиг баримтаа шилжүүлж өгч болох уу гэдэг саналыг тавьсан ба С.Л- зөвшөөрсөн тул би 2021 оны 10 сарын 19-ний үед Б.У-т 28.000.000 төгрөгөөр зарсан. Гэтэл С.Л-, Б.У-аас дэлгүүрээ авахаар нэхэж эхэлсэн ба улмаар цагдаагийн байгууллагад С.Л- өргөдөл өгсөн ба уг өргөдлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд дэлгүүр ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч үлдээд байна, иймд би С.Л-д өгсөн 24.980.022 төгрөгийг буцаан шаардах эрх үүсээд байна. Мөн би С.Л-д 2022 оны 04 сарын 18-ны өдөр 80.000 төгрөг, 2022 оны 01 сарын 03-ны өдөр 250.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140.000 төгрөг, 2022 оны 03 сарын 30-нд 50.000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 450.000 төгрөг, 2020 оны 10 сарын 21-нд 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн, С.Л- өөрийнхөө хүүхдэд өгчих гээд надаас 2019 оны 09 сарын үед 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, нийтдээ 3.970.000 төгрөгийг авсан. С.Л-ас дэлгүүр худалдаж авахаар тохиролцож төлсөн болон бусад байдлаар авсан 28.950.022 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Д.С-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Миний бие гэр бүлийн дундын өмч болох О аймаг, Б сум, Я баг, Х-ийн .................... тоотод байрлах газар, хашаатай дэлгүүрийн зориулалтгай үл хөдлөх хөрөнгө бүхий 1 хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд байхад нь Д.С-тэй ярилцаж 50,000,000 төгрөгөөр худалдах болж, улмаар Д.С- нь тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхнэр бид хоёрын хамтран авсан К банкны зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байхаар тохиролцсон. Гэтэл Д.С- нь бидний банкны зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй ба тэр ч бүү хэл миний хөрөнгийг бусдад өөрийнх гэж худал хэлж зах зээлийн үнээс хэт бага үнээр зарж байгаа мэтээр хуурч бусдыг залилсан байсан. Миний хувьд түүний худал хэлснээс болж К банкны зээл төлөгдөөгүй, их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт ороод байгаа ба түүний зальт үйлдлээс болж би маш ихээр хохирч байна. Иймд миний хохирлыг Д.С-ээс гаргуулж өгөхийг хүсье. Мөн нэхэмжлэлдээ дурьдаад буй мөнгө өгсөн гэж тайлбарласан нь худал байх бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ,225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-ас 28.950.022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Л-ас 302.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Д.С-ын нэхэмжлэлтэй, С Лхагвад холбогдох 28.950.022 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ............................. дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд: 1-т О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С.Л- өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд С.Л- нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр холбогдож өмгөөлөгчөөр сонгон авч тус хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах болсон бөгөөд өмгөөлөгч миний бие 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09:22 минутанд хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг О аймгийн шүүхийн тамгын газрын цахим хаяг болох ........................... хаягаар хүргүүлсэн юм. Гэтэл хүсэлтийг 04 дүгээр сарын 20-ны хүлээн авч бүртгэж аваагүй нь өмгөөлөгч миний шүүх хуралд биечлэн оролцох эрхийг зөрчсөн юм. Өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн дардаст 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14:10 цагт бүртгэгдсэн байна. Өмгөөлөгч миний бие хүсэлтдээ шүүх хуралдааны товыг авсан өдрүүдийг бичиж явуулсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13:30 минутанд Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралтай байсан юм. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 21-ний 14:00 цагт Д.С-ын нэхэмжлэлтэй, С.Л-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болж өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авч хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үйлдэл нь өмгөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм. Монгол улсын Дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаартай тогтоолын 28-д Хуулийн 168.1.2. дахь заалтын "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн" гэдэгт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдэнд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдэгдсэн 4 хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзаагүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх /өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох гэх мэт/ шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй зэрэг тохиолдол хамаарна гэж заасан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантайг өмгөөлөгч миний бие мэдэгдсээр байхад хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно. 2-т Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй юм. Учир нь анхан шатны шүүх нь өмгөөлөгч миний шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйн улмаас өмгөөлөгч миний анхан шатны шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй юм. Шүүх хуралдаанд биечлэн оролцуулах нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нэг үндсэн шинж юм. Анхан шатны шүүх нь С.Л-д 2023 он 03 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 минутанд болох шүүх хуралд оролцуулахын тулд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хурал хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэх заалтыг зөрчсөн юм. Учир нь С.Л-д шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй, мөн түүний утсаар хурлын товыг дахин мэдэгдээгүй юм. Энэ нь зохигчдыг хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй нөхцөл байдал учир энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно гэж үзэж байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байх тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ............................. дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Жич: Цахим хаягаар хүсэлт илгээсэн баримт, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсыг хавсаргав. Шүүх хуралдаан биечлэн оролцох тул хуралдааны товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.

 

 

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн166.4-т заасан үндэслэлээр давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд ...С.Л-ас дэлгүүр худалдаж авахаар тохиролцож болон бусад байдлаар авсан 28.950.022 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Л- ...нэхэмжлэлд дурдсан мөнгө өгсөн гэж тайлбарласан нь худал байх бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй, түүний зальт үйлдлээс болж хохирсон хохирлыг минь гаргуулж өгнө үү гэх тайлбар гаргаж, маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ,225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-ас 28.950.022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Хариуцагч С.Л-д холбогдох иргэний хэргийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар ...хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч С.Л- өөрөө хүрэлцэн ирээгүй ба өмгөөлөгч Г.Г- нь ...шүүх хуралдааны тов давхардсан, хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг цахимаар хүргүүлсэн байна.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан атлаа энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй орхигдуулсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж болохгүй юм.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын гаргасан ...хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай саналыг сонсны дараа хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасны дагуу шийдвэрлээгүй болох нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээр нотлогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ын шүүхэд гаргасан дээрх хүсэлтэнд шүүх хуралдааны огноог зөрүүтэй байдлаар бичсэн байдал нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж улмаар түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй явдал нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ын гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ............................... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч С.Л-агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О.