Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/00428

 

 

 

 

 

2023 03 21 142/ШШ2023/00428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, Уурхайчин баг 3-17-40 тоотод оршин суух, Боржигон овогт Д-ийн С /Регистрийн дугаар: ********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О аймаг Б-Ө сум, Уртбулаг баг, 11 хороолол в20 тоотод оршин суух, Элжигин овогт С-ийн Л /Регистрийн дугаар: ********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 28,950,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонтуяа нар оролцов.

Хариуцагч С.Л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоот байршилтай хашаа байшинг Дүүрэн нэртэй дэлгүүрийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож авсан. Би С.Лас дэлгүүрийг авахад надад 1,000,000 орчим төгрөгний барааг хүлээлгэн өгсөн ба би 2021 оны 09 сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 21-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн банкны зээлэнд 2,980,022 төгрөгийг буюу нийтдээ 24,980,022 төгрөгийг С.Лд шилжүүлсэн. Би ковид цар тахлын улмаас, мөн хувийн ажпаас шалтгаалан дэлгүүрийг ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсч энэ талаар С.Лд хэлэн дэлгүүрийг өөр хүнд зараад мөнгийг нь өгье тэр хүнд дэлгүүрийн эрх бичиг баримтаа шилжүүлж өгч болох уу гэдэг саналыг тавьсан ба С.Л зөвшөөрсөн тул би 2021 оны 10 сарын 19-ний үед Б.Ут 28,000,000 төгрөгөөр зарсан. Гэтэл С.Л, Б.Уаас дэлгүүрээ авахаар нэхэж эхэлсэн ба улмаар цагдаагийн байгууллагад С.Л өргөдөл өгсөн ба уг өргөдлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд дэлгүүр ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч үлдээд байна, иймд би С.Лд өгсөн 24,980,022 төгрөгийг буцаан шаардах эрх үүсээд байна. Мөн би С.Лд 2022 оны 04 сарын 18-ны өдөр 80,000 төгрөг, 2022 оны 01 сарын 03-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140,000 төгрөг, 2022 оны 03 сарын 30-нд 50,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 450,000 төгрөг, 2020 оны 10 сарын 21-нд 1,000,000 төгрөгийг дансаар өгсөн, С.Л өөрийнхөө хүүхдэд өгчих гээд надаас 2019 оны 09 сарын үед 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан, нийтдээ 3,970,000 төгрөгийг авсан. С.Лас дэлгүүр худалдаж авахаар тохиролцож төлсөн болон бусад байдлаар авсан 28,950,022 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Сын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Миний бие гэр бүлийн дундын өмч болох О аймаг, Б-Ө сум, Яргуйт баг, Хөтөлийн 1-5 тоотод байрлах газар, хашаатай дэлгүүрийн зориулалтгай үл хөдлөх хөрөнгө бүхий 1 хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд байхад нь Д.Стэй ярилцаж 50,000,000 төгрөгөөр худалдах болж, улмаар Д.С нь тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхнэр бид хоёрын хамтран авсан Капитрон банкны зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байхаар тохиролцсон. Гэтэл Д.С нь бидний банкны зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй ба тэр ч бүү хэл миний хөрөнгийг бусдад өөрийнх гэж худал хэлж зах зээлийн үнээс хэт бага үнээр зарж байгаа мэтээр хуурч бусдыг залилсан байсан. Миний хувьд түүний худал хэлснээс болж Капитрон банкны зээл төлөгдөөгүй, их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт ороод байгаа ба түүний зальт үйлдлээс болж би маш ихээр хохирч байна. Иймд миний хохирлыг Д.Сээс гаргуулж өгөхийг хүсье. Мөн нэхэмжлэлдээ дурьдаад буй мөнгө өгсөн гэж тайлбарласан нь худал байх бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 11 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 302,700 төгрөг төлсөн баримт /хх-2/, Д.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, С.Лхагвын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр О аймаг дахь Цагдаагийн газар гаргасан өргөдөлийн хуулбар /хх-4/, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Лас авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх-5-7/, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С.Лас авсан гэрчийн мэдүүлэг /хх-8/, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.Уаас авсан гэрчийн мэдүүлэг /хх-9/, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрчийн мэдүүлэг /хх-10/, Дүүрэн хүнсний дэлгүүрийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-11-12/, Сүнбилэг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-13/, галын аюулгүй байдлын зөвшөөрөл /хх-14/, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 418 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол /хх-15/, Д.Сын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-16-21/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-22/, итгэмжлэл /хх-37-38/, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-49-54/, мессеж /хх-55-57/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-31-32/, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт /хх-39/, шүүхэд гаргасан хүсэлт /хх-46/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэл /хх-47-48/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Сын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Лд холбогдуулан 28,950,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хашаа байшин, дэлгүүрийн хамт худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө 28,950,022 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Яргуйт баг Хөтөлийн 1-5 тоотод байршилтай хашаа байшинг Дүүрэн нэртэй дэлгүүрийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид дэлгүүрийг авахад 1,000,000 орчим төгрөгний барааг хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нь 2021 оны 09 сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 21-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн банкны зээлэнд 2,980,022 төгрөгийг буюу нийтдээ 24,980,022 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

Түүнчлэн 2022 оны 04 сарын 18-ны өдөр 80,000 төгрөг, 2022 оны 01 сарын 03-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140,000 төгрөг, 2022 оны 03 сарын 30-нд 50,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 450,000 төгрөг, 2020 оны 10 сарын 21-нд 1,000,000 төгрөгийг дансаар өгсөн, мөн 2019 оны 09 сарын үед 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, нийтдээ 3,970,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь ковид цар тахлын улмаас, мөн хувийн ажпаас шалтгаалан дэлгүүрийг ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсч энэ талаар хариуцагчид дэлгүүрийг өөр хүнд худалдаад мөнгийг нь өгье, дэлгүүрийн эрх бичиг баримтаа шилжүүлж өгч болох уу гэдэг саналыг тавихад зөвшөөрсөн тул 2021 оны 10 сарын 19-ний үед Б.Ут 28,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч үлдсэн мөнгийг бүрэн гүйцэд төлөөгүй, бусдад шилжүүлсний улмаас хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж дэлгүүрийг буцаан авсан байх тул хариуцагчид шилжүүлсэн 28,950,022 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ,225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лас 28,950,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Лас 302,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН