Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 111/2018/0026/З |
Дугаар | 221/МА2019/0233 |
Огноо | 2019-04-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0233
2019 оны 04 сарын 24 өдөр Дугаар 221/МА2019/0233 Улаанбаатар хот
Н.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О нарыг нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Э-н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дугаартай захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2019/0002 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-с Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дугаар захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Н.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар П.Э-т нэмэлтээр олгосон 155 м.кв талбайг эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж маргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг үнэлэхдээ бодит байдалд нийцүүлээгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Э нь маргаан бүхий 590 дугаар захирамжийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан н.Д-с хуулбарлан авснаар мэдсэн, энэ нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 399 дүгээр хариу хүргүүлэх тухай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Т.Н-н албан тоотоор давхар нотлогдож байгаа.
Маргаан бүхий 155 м.кв газар нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд мухар гудамж байсныг хааж авсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангахаар заасан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад Н.Э-д болон иргэдэд газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах гэж байгаа талаар мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт явуулаагүй уг газрыг шууд олгосон байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан байхад мөн л сумын Засаг даргаас санал аваагүй хурлын 71 дугаар тогтоол гарган маргаан бүхий газрыг П.Э-т олгосон байна. Энэ нь 2019 ноы 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын албан тоотод Номгон баг “Г” дэлгүүрийн зүүн талд байрлалтай 155 м.кв газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газрыг эзэмшүүлэхдээ санал аваагүй болно гэх албан тоотоор нотлогдож байна.
Дээрхээс үзвэл маргаан бүхий 590 дугаар захирамж нь өөрөө хууль зөрчиж гарсан, иргэн Н.Э-н Гоо марал эмийн сангийн хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, эрх ашгийг зөрчсөн байхад шүүх шалгах боломжгүй гэж тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн маргаан бүхий газарт үзлэг хийхэд 1 метр гаруй өндөртэй, 30 см орчим өргөнтэй цементэн хашаа барьсан байх ба хашаанд ямар нэгэн орох гарах хаалга, орц гарц байгаагүй нь үзлэгээр тодорхой харагдаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа арын хаалгаар хогоо ачуулдаг, бохир соруулдаг байсан П.Э маргаан бүхий газарт хашаа хатгаснаас болж хог ачуулахад болон бохирын асуудал шийдэхэд хүндрэл гарч, зун үерийн ус орж муу усны сав дүүрснээр бохир хальсан учир үерийн уснаас хамгаалж 2018 онд хаалт хийсэн гэж тайлбар өгсөн байхад үүнд дүгнэлт хийгээгүй дээр хэргийн газрын үзлэг хийхдээ Гоо марал эмийн сангийн урд талын байрлал, арын хашаа руу яаж ордог, хогоо яаж ачиж, бохироо яаж соруулдаг тал дээр бүрэн дүүрэн үзлэг хийж, дүгнэлт хийсэн бол илүү бодит байдалтай нийцэх байсан атал зөвхөн ар талыг үзэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай харагдаж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2019/0002 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч Н.Э-с “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дугаар захирамжийг П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “... П.Э-н 222,3 м.кв газар дээр нэмж 155 м.кв талбайг эзэмшүүлэхээр” шийдвэрлэжээ.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримт болох “нийтийн эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлэхээр шилжүүлсэн, бусдын эзэмшил газрын орц гарцыг хаасан” гэх үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “миний эзэмшиж буй “Гоо марал” эмийн сангийн газар нь 235 м.кв талбайтай ... П.Э нь уг гудамжийг хааж хашаа хатган, мухар гудамж болгосон. Үүнээс үүдэн ... багагүй хэмжээний хохирол хүлээсэн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг холбогдох нотлох баримтыг үндэслэн шалгаж, тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 590 дүгээр захирамжаар П.Э-т нэмж газар эзэмшүүлсэн нь, мөн тэрээр эзэмшлийн газраа хаалт хийсэн нь нэхэмжлэгч Н.Э-н эзэмшлийн газрын орц, гарцыг хааж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон байх бөгөөд хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Н.Э-д газар эзэмшүүлэх тухай гэрчилгээ, нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл шүүх нөхцөл байдлыг бүрэн шалгаж, тогтоогоогүй байна.
Гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс өмнө нэхэмжлэгч одоо эмийн сан байгаа газарт газар эзэмших эрхтэй байсан эсэх, маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...”, 21.4-д “сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж зааснаас үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газарт газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд дээрх журмын дагуу газар эзэмшүүлэх зохицуулалттай байна.
Гэтэл гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, улмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор тус аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа маргаан бүхий газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгажээ.
Иймд дээрх журмын дагуу газар эзэмшүүлэх эрх олгогдсон эсэх, энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэл болсон эсэхэд дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Түүнчлэн, маргаан бүхий газрыг хүсэлт гаргасан этгээдэд эзэмшүүлснээр ойр орчмын газар эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдөх нөхцөл үүсэх эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэргээлгэхээр шаардаж буй эрх, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ