Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 152/2016/0090/Э |
Дугаар | 04 |
Огноо | 2016-01-19 |
Зүйл хэсэг | 145.4., |
Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 04
Б.Ганболдод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, ялтан Б.Ганболд, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, прокурор Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Ганболдод холбогдох эрүүгийн 201620000246 дугаартай хэргийг ялтан Б.Ганболд, өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Хяргас сумын Дэлгэр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1305 дугаартай тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 05 хоногийн хорих ялын өршөөн хэлтрүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 08-ны өдрийн 357 тоот “Ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар, 17 хоногийн хорих ялыг өршөөж суллагдсан, Савар овогт Батцэнгэлийн Ганболд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн нутагт оршин суух хохирогч Л.Сэр-Одын гэрт нэвтрэн орж, монетон ээмэг, бөгж хулгайлж, нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 07-ны шөнө Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн нутагт оршин суух хохирогч Ц.Батсайханы гэрт нэвтрэн орж iphone-6 загварын гар утас хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Савар овгийн Батцэнгэлийн Ганболдыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдод 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Шүүгдэгч Б.Ганболдоос гаргуулах хохирол, төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдын эзэмшлийн нокиа 32-20 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Ганболд давж заалдах гомдолдоо: Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие сонсгол муу, бөөрний архаг дутагдалтай, байнгын эм чийн хяналтанд байдаг тул эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж, ялыг багасгаж, дэглэмийг өөрчилж өгнө үү гэв.
Ялтан Б.Ганболдын өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах гомдолдоо: Б.Ганболд нь урьд үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлж ялаа биечлэн эдэлсэн атал Монгол Улсын эрх зүйн бодлого алдагдаж ялтай байдал дуусаагүй гэж хүндрүүлэх үндэслэлээр онц хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдон шийтгүүлж эрх зүйн байдал нь дордоод байна. Иймд Б.Ганболдын холбогдсон хэргийн нөхцөл, эрх зүйн байдлыг нь харгалзан дэглэмийг нь хөнгөрүүлж өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүх ялтан Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 10 жил 10 хоногийн хорих ялыг оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөрүүлж хорих ял оногдууулах нөхцөл байдалд хамаарахгүй байгаа болно. Мөн ялтан Б.Ганболд онц хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн тул түүний хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Б.Ганболд нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн нутагт оршин суух хохирогч Л.Сэр-Одын гэрт 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө нэвтрэн орж, монетон ээмэг, бөгж хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан, мөн хохирогч Ц.Батсайханы гэрт 2016 оны 8 дугаар сарын 07-ны шөнө нэвтрэн орж, Iphone-6 загварын гар утас хулгайлж, 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
-Хохирогч Л.Сэр-Одын “...Шөнийн 03 цагийн үед манай хүүхэд уйлахад эхнэр сэрээд харахад зуухны дээд талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхыг хараад намайг дуудаж сэрээсэн. Би босоод тэр хүнийг татаж "та яагаад манай гэрт хэвтэж байгаа юм. Нялх хүүхэд уйлаад байна. Та гэрээс гар гэж" хэлэхэд тэр хүн "танай гэрийг гэрэлтэй байхаар нь чинь ороод ирлээ" гэж хэлсэн. Би тэр хүнийг ...татаж босгоод гэрийн үүд хүртэл яваад гэрээс ...гаргачихаад хаалгаа цоожлоод унтсан. ... Б.Ганболд тэр шөнө бид нарыг сэрэхээс өмнө голын орны шкаф дээр байсан түрийвчийг аваад дотор нь байсан ээмэг бөгжийг авчихсан байсан юм байна лээ.” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,
-Хохирогч Ц.Батсайханы “...Би Б.Ганболдтой уулзаж миний гар утсыг яаж авсан талаар асуухад "шөнө танай гэр рүү ороход хоёр хүн унтаж байсан. Тэгээд намайг орж ирэхийг мэдэхгүй унтаад байхаар нь урд талын ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан" гэж хэлсэн. /хх-ийн 74/ гэх мэдүүлэг,
-Гэрч Ч.Чогсоогийн ”2016 оны 8 дугаар сарын 08-ны орой би хүү Л.Сэр-Од, бэр С.Цэцэгбал болон нялх ачтайгаа Улаангомоос ирсэн. Тэгээд бид нар гэр орондоо ирээд хоол ундаа хийж идээд би гэртээ ороод унтаж амарсан. Л.Сэр-Одын гэр манай хашаанд хамт байдаг юм. 8 дугаар сарын 09-ний өглөө босоход Л.Сэр-Од, С.Цэцэгбал хоёр шөнө манай гэрт нэг согтуу орж ирээд хэвтэж байсныг гаргаж явууллаа. Мөн бэрийн түрийвч гоожуурын хажууд шалан дээр хэвтэж байхыг дээшээ тавьсан гэдгийг С.Цэцэгбал хэлсэн юм. С.Цэцэгбал Улаангомд төрөхдөө надад ээмэг, бөгж түрийвчээ надад өгөхөөр нь ээмэг бөгжийг түрийвч дотор цахилгаантай халаасанд нь хийсэн юм. Тэгээд С.Цэцэгбалын түрийвчийг үзэхэд ээмэг бөгж нь байхгүй байсан юм. Б.Ганболд гэдэг залуу манай бэрийн ээмэг бөгжийг хулгайлсан байдаг түүнийг нэг сумынх болохоор танина" гэх мэдүүлэг / хх-ийн 20 тал /,
-Гэрч Д.Уранчимэгийн “...Б.Ганболдыг хүний ээмэг, бөгж хулгайлсан талаар сүүлд цагдаа нараас сонссон. Сүүлд нь Б.Ганболдоос "чи яагаад айлаас ээмэг бөгж хулгайлсан юм" гэж асуухад "би согтуу явж байгаад андуураад нэг айл руу орчихсон байна лээ. Тэгээд гарахдаа ээмэг, бөгжийг аваад гарсан" гэж хэлсэн. Б.Ганболд нь нэг их хулгай хийгээд байдаггүй. Архи л уухаараа ингээд хулгай хийгээд байх юм” гэх мэдүүлэг / хх-ийн 17 тал /,
-Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр Батцэнгэл, хүү Алтангэрэл нар гэрээс гарч тоосгоо хуччихаад орж ирэхдээ эсгий завсар нэг ийм гар утас гээд нэг гар утас авч орж ирсэн. Би юун гар утас юм гээд аваад үзэхэд саарал өнгийн хавтгай гар утас байсан. ...Б.Ганболд "өчигдөр орой бороо орлоо. Та нар хашаанд байсан тоосгоо юугаар хучсан вэ?" гэж надаас асуухаар нь би "амбаарт байсан эсгийгээр хучлаа" гэж хэлэхэд Б.Ганболд "эсгий завсар нэг юм байсан та авсан уу" гэж хэлсэн. Би Б.Ганболдоос юу байсан юм гэж асуухад гар утас байсан юм. Би тэр гар утсыг олж авсан юм гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа би Улаангом явах болоход Б.Ганболд надад нөгөө гар утсыг өгөөд "та энэ гар утасны кодыг тайлуулаад ир" гэж хэлсэн. Тэгээд би тэр гар утсыг аваад Улаангом руу орж зах дээр байх гар утасны засварын газарт орж нэг эрэгтэй хүнд үзүүлж "энэ гар утасны кодыг тайлуулах гэсэн юм" гэхэд тэр эрэгтэй хүн үзчихээд "одоо бол тайлах боломжгүй. Та надад өгчихөөд маргааш ирээд ав. Би хонуудаар кодыг нь тайлах гээд оролдоод үзье" гэж хэлэхээр нь эгч нь завгүй байна. Одоо хөдөө явах гэж байна гээд аваад явсан. Тэгээд гэрт нөгөө гар утас байж байхад нэг өдөр цагдаа ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал /,
-Гэрч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэр гар утсыг манай том охин Алтангэрэл аваад гэрт оруулж ирээд энэ юун гар утас вэ гэж ярилцаж байгаад ширээн дээр тавьчихсан. ...Тэгээд хэзээ хойно нөгөө эсгий завсар байсан гар утсыг Б.Ганболд хулгайлж авч ирээд эсгий завсар хийчихсэн болж таарсан" гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б.Ганболдын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Б.Ганболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Ялтан Б.Ганболд, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Анхан шатны шүүхээс түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээний ялыг оногдуулсан байх бөгөөд Б.Ганболд нь урьд нь бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа дахин давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ял эдлэх дэглэмийг мөн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ганболд, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.